2023/10/02

Гурван өгүүлбэрээр

Powered by:

  1. “Монголчехметалл” ХХК хайлуур жонш баяжуулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

  2. Биткойны ханш III улиралд 11 хувиар буурснаар энэ онд анх удаа улирлын дүнгээр буурч байна.

  3. Оффисын тавилгын онлайн худалдааны зах зээл 2030 он гэхэд 40 тэрбум ам.доллар хүрнэ.

Хайлуур жонш экспортолно

Хоногт 800 тонн, жилдээ 220 орчим мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай хайлуур жоншны баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулж буйгаа “Монголчехметалл” ХХК мэдэгдлээ. 2.7 сая тонн буюу 20 орчим жил ашиглах нөөцтэй “Чулуут Цагаан дэл” уурхайн хайлуур жоншны баяжмалыг ирэх 11 дүгээр сараас экспортолж эхлэхээр тооцоолжээ.

Ингэснээр хайлуур жоншны нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолж эхэлж байна.

Газрын тосны үйлдвэрийн ахиц

Энэтхэгийн ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн хамгийн сүүлчийн гэрээ (EPC 04) болох лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгуулжээ. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус үйлдвэрийн ажлыг ерөнхий хэлэлцээр байгуулснаас хойш 36 сарын дотор бүрэн дуусгана гэдэгт итгэлтэй байгаагаа БНЭУ-ын “Эм И Ай Эл Интернэшнл” ХХК мэдээлсэн байна.

IPO яав?

“2017-2019 оны хооронд IPO хийсэн нийт 10 компанийг авч үзвэл хувьцааны ханш нь IPO хийсэн үеийнхээсээ уналттай хоёр компани байна. Харин эсрэгээрээ 2021-2023 оны хооронд IPO хийсэн 12 компаниас өсөлттэй хоёр л компани байна. Зах зээл уналттай үед IPO хийсэн компаниудын хувьд цаг үеийн байдал буруу таарсан гэж дүгнэж болно. Иймд бодлогын хүү буурч, хувьцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгслүүд өндөр өгөөжтэй ажиллаж эхэлбэл IPO хийсэн ХК-иудын хувьцаа илүү өндөр өсөх хандлага удахгүй ажиглагдана гэж үзэж байна” хэмээн “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Билэгжаргал онцлов.

Оффисын тавилга, онлайн боломж

Оффисын тавилга сонгож, худалдаж авах нь байгууллагын өнгө төрхөөс эхлээд ажлын бүтээмжид нөлөөлөх чухал хөрөнгө оруулалт тул ихэвчлэн хэдэн өдрийн турш үргэлжлэх том ажил болдог. Тэгвэл тэрхүү цаг, зардлыг хэмнэж, үр өгөөжтэй худалдан авалт хийх боломж ямар түвшинд байгааг сонирхоцгооё.

Үлдэх тренд

Цар тахлаас хойш огцом өссөн дэлхийн цахим худалдааны салбарт хамгийн ирээдүйтэйд тооцогдож буй сегментүүдийн нэг нь өдгөө 30 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж байгаа тавилгын жижиглэн худалдааны зах зээл болоод байна. “Statista”-ийн тооцоолсноор уг зах зээлийн нийт үнэлгээ 2024 оноос хойш жилд дунджаар 4.6 хувиар тэлж, 2030 он гэхэд 40 тэрбум ам.доллар хүрэхээр байгаа аж.

АНУ-ын худалдан авагчдын дунд 2022 онд хийсэн судалгаанаас үзвэл оролцогчдын тэн хагас нь онлайнаар тавилга худалдан авах гол шалтгаан бол амар хялбар байдал гэж хариулсан бол 34 орчим хувь нь хямд үнэ давуу тал болдог гэжээ.

Онлайнаар авах нь…

Гарч явах шаардлагагүйгээр хүссэн тавилгаа сонгон цагаа хэмнэж, овор ихтэй барааг хүргүүлж аван логистикийн асуудлаа шийдэж, эцэст нь мэргэжлийн багаар угсруулаад бүх ажлаа бүтээнэ гэдэг мэдээж нэн тэргүүний давуу тал.

Үүнээс гадна хэрэглэгчийн туршлагын тал дээр онлайнаар худалдан авалт хийх нь биечлэн очихоос илүү зөв сонголт болж байна.

Мөн сүүлийн жилүүдэд онлайн худалдааны салбар технологийн дэвшил, хиймэл оюуны ачаар хэрэглэгч бүрийн сонирхол, хандлагыг мэддэг болж, хүн бүрд тусгайлан бэлдсэн үйлчилгээ санал болгож эхэлсэн нь том ахиц болов.

Айдасгүй сонголт

Онлайнаар худалдан авалт хийх нь бараа бүтээгдэхүүнийг бодитоор харалгүйгээр сонгоно гэсэн үг. Хэрэглэгчдэд таалагдсан бүтээгдэхүүнээ “зайнаас” туршиж үзэх боломжийг олгохоор онлайн худалдаа эрхлэгчдийн гаргаж буй шийдлүүдийн нэг нь BSB-ийн 3D зургийн үйлчилгээ. Тавилгаа авсны дараа өрөө ямар харагдахыг төсөөлөхөд хэцүү байвал BSB-ийн мэргэжлийн дизайнераар 3D зураг гаргуулж, зөвлөгөө авч, оффисоо тохижуулах боломжтой аж.

Оффисын цогц шийдэл

Дээрх бүх давуу талуудыг бүрдүүлж, Монголын зах зээлд оффис мебелийг өргөн сонголттойгоор санал болгож буй онлайн дэлгүүр нь BSB.mn юм.

Төсвийн бодлого

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2024 оны төсөвт хүүхдийн 100 мянган төгрөгийг хэвээр хадгалж, үргэлжлүүлэн олгохоос гадна Төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг мөн үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.

УИХ-аас одоогоор төсвийн төслийн нарийн задаргааг мэдээлээгүй байгаа бөгөөд сонгуулийн жилүүдэд төсвийн зардал огцом нэмэгддэгийг урьд жилүүдийн статистик харуулж буй.

Сул улирал

Салбартаа зах зээлийн үнэлгээгээр тэргүүлдэг Биткойны ханш III улиралд 11 хувиар буурснаар энэ онд анх удаагаа улирлын дүнгээр буурч байна. Эхний хагас жилд тус койны ханш 83 хувиар өссөн бол 2022 онд салбарын томоохон тоглогчидтой холбоотой асуудлуудаас болж 64 хувиар унаад байв.

“Coinshares”-ийн судалгаанаас харвал есдүгээр сарын 15-наар эцэслэгдсэн 9 долоо хоногийн хугацаанд хөрөнгө оруулагчид крипто зах зээлээс хагас тэрбум гаруй ам.долларыг эргүүлэн татжээ.

Саарч эхлэв

Евро бүсийн суурь инфляц энэ оны хамгийн бага дүнгээр өссөнөөр Европын Төв банк чанга бодлогынх нь нөлөөлөл хаана хүрэхийг тодорхойлох хүртлээ бодлогын хүүгээ хэвээр хадгална гэсэн таамаглалыг бэхжүүлэв. Эрчим хүч, хүнсний үнийг хасан тооцсон суурь инфляц наймдугаар сард 5.3 хувьтай байсан бол есдүгээр сард 4.5 хувь болж саарчээ.

Литийн шинэ уурхай

АНУ-ын Эрчим хүчний яам чухал ашигт малтмалын дотоодын нийлүүлэлтийг бий болгох ажлынхаа хүрээнд тус улсад хамгийн их нөөцтэйд тооцогдох литийн уурхайн төслийн хөгжүүлэгч компанид 1 тэрбум ам.доллар зээлэхээр хэлэлцээ хийж байгаа аж. Жо Байдены засаг захиргаа болон “Lithium Americas Corp.” хооронд хийгдэж буй рекорд дээд үнийн дүн бүхий энэ хэлцэл амжилттай болсноор Невада муж дахь Такер Пассын уурхайн хөгжүүлэлтийн зардлын талаас илүү хувийг санхүүжүүлэх юм.

Тураах эм ба онгоцны түлш

Онгоцны жин хүнд байх тусам шатаах түлш нь нэмэгддэг. Авиа компаниудын хамгийн их мөнгө зарцуулдаг хоёр зүйл нь түлш болон ажиллах хүч байдаг бөгөөд тэр дундаа нийт зардлын 25 хувийг нь түлш дангаараа бүрдүүлдэг байна. Тэгвэл саяхны судалгаагаар дундаж зорчигчийн жин 5 орчим кг-аар буурвал “United Airlines” шиг компани жилд 80 сая ам.доллар хэмнэх боломжтой гэж тооцоолжээ.

Гэтэл тэдэнд аз болсон мэт тус тооцооллыг бодит болгоход туслах шинэ төрлийн эмнүүд үйлдвэрлэгдэх болов. Тиймдээ ч “Jefferies”-ийн хийсэн тус судалгаа нь сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа тураах эмнүүдээс хамгийн их ашиг хүртэж магадгүй салбаруудыг тодорхойлох зорилготой байжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • Европын Төв банк: Уур амьсгалын өөрчлөлт бодлогын шийдвэрт сорилт учруулж байна

  • ХХБ: Cүүлийн 5 жилд олгосон ногоон зээлийн багцын хэмжээ жилд дунджаар 27 хувиар өссөн

Онцлох чарт

Дэлхийн ураны зах зээлийн гол ханган нийлүүлэгч Казахстан улс олон улсын цөмийн түлшний худалдааны зохицуулалтад оролцох эрх бүхий 160 орны эгнээнд нэгдэх хүчин чармайлтдаа томоохон ахиц гаргажээ.

Баасан гарагт Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гишүүд тус байгууллагын удирдах зөвлөлд багтддаггүй Казахстан тэргүүтэй 17 орны элсэх хүсэлтийг судлахаар санал нэгдсэн байна.