2023/09/29

Гурван өгүүлбэрээр

  1. Уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг тооцох зарчимд гарсан өөрчлөлтийг энэ дугаарт онцоллоо.

  2. MMC-ийн хувьцаа сүүлийн 52 долоо хоногт 118 хувиар өсөөд байна.

  3. “Улаанбаатар бонд”-ыг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ.

АМНАТ ба алдаа дутагдал

Монголын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) дэлхийн өөр хаана ч байхгүй зарчмаар тооцогддог нь уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байгааг олборлогч, экспортлогч, хөрөнгө оруулагчид хэлж байв.

Тэгвэл харилцан уялдаагүй хууль, зохицуулалтуудын томоохон жишээ болсон энэхүү системд эцэст нь өөрчлөлт оруулаад байна.

Цахим арилжааны үнэд тулгуурлана

Арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг тооцохдоо аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо.

Тодруулбал экспортлогч компаниуд МХБ-ээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг олон улс дахь жишиг үнээр бус биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болж байна.

Өмнөх өөрчлөлтийн балаг

2019 онд Ашигт малтмал, газрын тосны тухай хуульд гэнэтийн өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд борлуулалтын орлогод нь АМНАТ ногдуулдаг болсон. Өөрөөр хэлбэл бүх шатанд нэг л удаа төлөх учиртай тус татварыг экспортлогчоос давхардуулан авах болсны уршгаар өөрийн ордгүй, баяжуулах 20 гаруй үйлдвэр хаагдаж, 1500 орчим иргэн ажил, орлогогүй болсныг "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ мэдээлж байв.

Үүгээр зогсохгүй 2021 оны долоодугаар сараас эхлэн АМНАТ-ийг гэрээний бус зөвхөн олон улсын жишиг үнээр тооцдог болсон нь баяжуулах үйлдвэрүүд бодит орлогоосоо 30-40 хувийн өндөр үнэ төлөхөд хүргэж байжээ. Тодруулбал АМНАТ-ийг тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцохдоо “SXCoal”, “UMetal”, “IndMin” зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн өөр хоорондоо ялгаатай үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байв.

Анхаарах асуудал

“АМНАТ-ийн суурь хувь хэмжээг хуулиар тодорхой, тогтвортой болгох хэрэгтэй байна. Төлбөрийн хэмжээ тодорхойгүй, яаж ч нэмэгдэж болохоор байна” гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимаас энэ оны эхээр зөвлөмж хүргүүлж байв.

Мөн хайгуулын лиценз олгосны дараа гардаг хамгийн том асуудал болох нутгийн иргэдийн эсэргүүцлийг шийдвэрлэхийн тулд АМНАТ-ийн тодорхой хувийг зөвхөн орон нутгийн төсөвт нь тушаадаг, энэ төсвийг хэрхэн захиран зарцуулах талаар иргэдийн нийтийн хурлаар хэлэлцдэг байх хэрэгтэйг онцолжээ.

УБ бонд бүртгэгдэв

277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Улаанбаатар бонд”-ыг Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Хоёр жилийн хугацаатай, жилийн 17.2 хувийн хүүтэй, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй тус бондоос 2.7 сая ширхэгийг санал болгохоор төлөвлөжээ.

Алдагдал, удаашрал

Монголд хайгуулын ажиллагаа явуулж буй “Petro Matad” компанийн алдагдал энэ оны эхний хагас жилд 1.9 сая ам.доллар болж нэмэгдсэн байна. "Цэн тогоруу" ордын бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болсон ч Монгол Улсын ЗГ-аас зөвшөөрөл олгох үйл явц сунжирч байгаа нь хүндрэл дагуулж, эцсийн бүтээн байгуулалтаа өвлөөс өмнө дуусгах төлөвлөгөөнд нь эрсдэл учруулж буйг тус компани тайландаа онцолжээ.

Шинэ таамаглал

Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар энэ оны III улиралд инфляц бага зэрэг өсөж 10.1 хувь, эдийн засгийн өсөлт зургаан хувьд хадгалагдах төлөвтэй байна. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад өсөх хандлагатай байгаа юм.

Гал алдах эрсдэл

Сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж байгаа эрчим хүчний салбар энэ онд 150 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгааг Эрчим хүчний яам мэдээллээ. Гүйцэтгэж чадаагүй засварын ажил, хөрөнгө оруулалт, шийдэгдээгүй нийгмийн асуудал болон бэлтгэн нийлүүлэгчдэд төлөгдөөгүй өр төлбөрийн асуудлууд хадгалагдсаар байгаа аж.

Мөн улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ нөөцөөсөө давж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул тоноглол дээр ямар нэгэн гэмтэл саатал гарвал энэ онд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийж болзошгүйг тус яамнаас анхааруулав.

Apple-аас өрсөв

"Мета" компани бодит ба виртуал орчныг холбогч “Quest 3” төхөөрөмжөө танилцуулснаар технологийн энэ чиглэлд “Apple”-аас өрсөж чадав. “Quest 2”-ийн шинэчлэгдсэн хувилбар болох “Quest 3”-ын нягтаршил 30 хувиар нэмэгдэж, “Qualcomm”-ийн чиптэй болсон байна. Аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах товтой “Quest 3” нь 500 ам.доллароор худалдаалагдах аж.

Путины даалгавар

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өдгөө үүсээд буй түлш, шатахууны хангамжийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газар болон газрын тосны компаниуддаа даалгалаа. Дотоодынхоо бензин шатахууны үнийн өсөлтийг зогсоохын тулд ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт экспортын түр хориг тогтоосон юм.

"Дотоодын шатахууны үнэ өсөж буй энэ үед компаниуд экспортоор дамжуулан ашгаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ бүхэн ойлгомжтой, тэд хийх ажлаа л хийж байна. Бид ч бас өөрсдийнхөө ажлыг хийж байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Ил болсон хэлэлцээ

"Microsoft" компани 2020 онд өөрийн "Bing" хайлтын системийг "Apple" компанид худалдах талаар хэлэлцэж байсан бөгөөд амжилттай болсон бол "iPhone" гар утасны хайлтын системийн үндсэн сонголтоос "Google"-ийг хасахад хүргэх байсныг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Боломж бололцоо хайж, санал солилцох шинжтэй байсан энэ хэлэлцээ дараагийн шатандаа хэзээ ч гараагүй байна.

Тэйлорын хүч

Дуучин Тэйлор Свифт америк хөл бөмбөгийн “Kansas City Chiefs” багийн тоглогч Трэвис Кэлситэй харилцаатай болсон гэх цуу яриа гарснаар тус багийн тоглолтын тасалбар болон Кэлсигийн нэртэй өмсгөлийн борлуулалт суга өсжээ.

Мөн “Chiefs”-ийн өмнөх тоглолтыг Тэйлор Свифт ирж үзсэний дараа энэ ням гарагт “New York Jets”-тэй хийх тоглолтынх нь тасалбарын борлуулалт хоёр дахин өссөн аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

“Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 11 хувиар өсөж, арилжааны идэвх нь дөрөв дахин нэмэгджээ. Пүрэв гарагт тус компанийн хувьцааны ханш 4.46 хонгконг доллар болж өссөн нь 2015 оны зургаадугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Сүүлийн 52 долоо хоногт MMC-ийн хувьцаа 118 хувиар өссөн бол Хонгконгийн “Hang Seng” индекс 1.4 хувиар буураад байгаа юм.