- Business newsletter
- Posts
- 2023/09/28
2023/09/28
Гурван өгүүлбэрээр
ЕСБХБ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн энэ оны төсөөллөө 7.2 хувь болгож ахиулав.
“Elixir Energy” компани “Nomgon-10” цооногийг амжилттай өрөмдөж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлжээ.
Aвтомашины автомат жолоодлогын хамгийн боловсронгуй хувилбарыг бүтээснээ "Mercedes" танилцууллаа.
ЕСБХБ-ны төсөөлөл
Олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг хамгийн өндрөөр тогтоосон нь Европын сэргээн босголт хөгжлийн банк байв. Тэгвэл оны хоёрдугаар хагаст тус банкны төсөөлөл хэрхэн өөрчлөгдөв?
Ахиулан тогтоов
БНХАУ-ын зах зээл дэх түүхий эдийн эрэлт, Тавантолгойн уурхайг Хятадтай холбосон шинэ төмөр зам, Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхлэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан ЕСБХБ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн энэ оны төсөөллийг өмнөх төсөөллөөсөө 2 нэгж хувиар ахиулан 7.2 хувьд, 2024 оны төсөөллийг 7 хувьд тогтоожээ.
Мөн аялал жуулчлалын салбар бүрэн сэргэж, зочлохуйн салбар болон ноолуур үйлдвэрлэлийн сайн үзүүлэлтэд дэм болж буйг онцолсон байна. Экспортын өсөлт, уул уурхайн болон аялал жуулчлалын салбар дээрх төсөөллийг бэхжүүлэх магадлалтай ч дэлхийн зээлийн нөхцөл чангарч, БНХАУ-ын эдийн засаг удааширсан нь гол эрсдэл болно гэж үзэж буй аж.
Төв Азийн хувьд
Төв Азийн эдийн засаг 2023 оны эхний хагаст өндөр өсөлт үзүүлсэн нь олон улсын худалдаа, аялал жуулчлал сэргэсний зэрэгцээ ОХУ-аас шилжин ирэгсэд нэмэгдэж, мөнгөн гуйвуулга ихэссэнтэй холбоотой гэж ЕСБХБ тайландаа дурджээ.
Тус бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 5.7 хувиар, 2024 онд 5.9 хувиар өсөх төлөвтэй гэж үзсэн байна.
Бүсийн орнуудын ЗГ-ын зарцуулалт нэмэгдсэн, БНХАУ хилийн хязгаарлалтуудаа цуцалсан, компаниуд ОХУ-аас бизнесээ шилжүүлэх болсон зэргээс үүдэн энэ өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Гэхдээ зээлийн хүү өндөр байгаа нь тус бүс нутагт хөрөнгө оруулалт хийх сонирхол, хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж болзошгүйг онцолжээ.
Хятадын нөлөө их
Мао Зэдуны үеэс хойш анх удаагаа гурван жил дараалан 5-аас доош хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгаа БНХАУ-ын эдийн засаг бүс нутгийн өсөлтөд ихээхэн нөлөөлөхөөр байна.
БНХАУ-ын эдийн засаг нэг хувиар агших нь Монгол Улсын эдийн засаг 0.25 хувиар агшихад нөлөөлөхөөр байгаа судалгаа гарсныг Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат онцолж байв. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилээс хамгийн өндөр хамааралтай улс нь Сингапур, Вьетнам, Камбож зэрэг улс байгаа бол Монгол Улс энэ үзүүлэлтээр дунд хэсэгт бичигдэж байгаа аж.
Байр суурь
“Урт хугацаандаа Elixir Energy-ийн метан хий болон устөрөгчийн төслийн аль алинд нь дамжуулах хоолой шаардлагатай болно гэж бодож байна. Урд хөрш рүү болон дотоодод нийлүүлэлт хийх гэсэн хоёр зах зээл бий. Олон улсын түвшинд авч үзвэл энэхүү дамжуулах шугам нь харьцангуй богино байна. Тэгэхээр инженерчлэлийн хувьд тийм ч их сорилт үүсэхгүй.
“Сибирийн хүч-2” төсөлтэй харьцуулбал Говиос Хятад руу устөрөгч, метан хий тээвэрлэхэд 4,000 километр биш 400 километр л зам туулна. Зардал, техникийн сорилт үлэмж бага. Тэгэхээр зах зээл хөгжихөд хөрөнгийн зарцуулалт, мэргэжилтний нөөц бололцоо бэлэн байна гэж бодож байна” хэмээн “Elixir Energy” компанийн Гүйцэтгэх захирал Нейл Янг “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Өрөмдлөгийн хөтөлбөр
“Elixir Energy” компани Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн талбайдаа “Nomgon-10” цооногийг амжилттай өрөмдөж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлжээ. Эхний ээлжид цооногийн усны гарцыг бий болгосон бөгөөд одоо хий гарган авахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн байна. Харин компанийн “Nomgon-8” болон “Nomgon-9” цооногуудын үйл ажиллагааг хэсэг хугацаанд хязгаарласан байгаа юм.
Давсан орлого
2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд мэдээлэв. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн, нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар болсон нь төсвийн орлого давахад нөлөөлсөн гэжээ.
Төсвийн орлого хэдий нэмэгдсэн ч түүнийг зохистой захиран зарцуулах макро эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгтэйг эдийн засагчид анхааруулсаар байгаа юм.
Нөөц дундарсаар
АНУ-ын түүхий газрын тосны хамгийн том агуулахын нөөц 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн бага хэмжээнд хүрснээр газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн дээд түвшиндээ хүрлээ. Оклахома мужийн Кушинг хот дахь агуулахын нөөц 22 сая баррель хүртэл буурч, үйл ажиллагаанд зөвшөөрөгдсөн хамгийн доод хэмжээнд дөхсөний дараа WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 93 ам.доллар давсан байна.
Түүнчлэн WTI газрын тосны богино хугацааны гэрээний премиум нь баррель тутамд 2 ам.доллар буюу мөн нэг жилийн дээд түвшиндээ хүрсэн нь хумигдмал нөөц фьючерс зах зээлд хэрхэн нөлөөлж буйг харуулжээ.
Meta-ийн ээлж
"Мета" компани өөрийн аппууддаа хиймэл оюунт функцүүд нэвтрүүлж, гурван тэрбум гаруй хэрэглэгчдэдээ "OpenAI"-ийн "ChatGPT"-тэй адил туршлагыг мэдрүүлэхээр болжээ. Ингэснээр "Instagram", "Messenger", "Whatsapp"-ийн хэрэглэгчид генератив хиймэл оюун ашиглан өөрийн гэсэн стикер хийх, зураг засварлах, алдартнуудын нүүр царайг ашиглан чатбот дүрүүд бүтээх боломжтой болох аж.
SpaceX ба Пентагон
“SpaceX” компани “Starshield” хөтөлбөрийнхөө дагуу цэрэг армийг тусгай хиймэл дагуулын холбооны сүлжээгээр хангах анхны гэрээгээ АНУ-ын Сансрын Хүчинтэй байгуулсан байна. Ингэснээр компанийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маскийн ажил үүрэгт батлан хамгаалахын салбар дахь ажиллагаа мөн нэмэгдэж байна. Мөн үүгээр "SpaceX", Пентагоны хоорондох бизнесийн хамтын ажиллагаа бас нэгээр нэмэгджээ. Компани Украины армийг "Starlink" хиймэл дагуулын интернэтээр хангах гэрээг саяхан үзэглээд байгаа юм.
Mercedes ба автомат жолоодлого
"Mercedes" компани автомашины автомат жолоодлогын хамгийн боловсронгуй хувилбарыг бүтээснээ АНУ-д танилцууллаа. Уг технологийн ачаар жолооч цагт 65 км хүртэлх хурдтай явахдаа жолооны хүрдээсээ гар салгалгүй, мөн урдах замаасаа нүд салгалгүй явах шаардлагагүй болсон байна. Номоо уншиж дуусгах, эсвэл яаралтай мэйл бичих шаардлагатай байвал автомашиндаа бүгдийг даатгахад асуудалгүй болжээ.
“Drive Pilot” хэмээх энэхүү систем нь гуравдугаар түвшний автоматжуулалт гэгдэж байгаа бөгөөд үүгээрээ “Tesla”-ийн хоёрдугаар түвшнээс давжээ. Одоогоор АНУ-ын Невада, Калифорни мужуудад "Mercedes EQS 2024" седан болон "S-Class" загварын автомашинуудыг авахдаа 2,500 ам.доллар төлөөд тус системийг нэмэлтээр захиалах боломжтой юм байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Европын Холбоо салхины эрчим хүчний салбараа сэргээх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
“Valve” компани “Counter-Strike” цувралын шинэ тоглоомоо гаргалаа
Онцлох чарт
Дэлхийн шатах түлшний хэрэглээ дээд цэгтээ хүрээд буурч эхлэх өдөр урьд байгаагүй ойрхон ирээд байна.
Гэхдээ арваад жилийн өмнө нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрлээ гэж байсан ч өнгөрсөн онд дахин шинэ рекорд тогтоосныг санах хэрэгтэй.