2023/09/27

Гурван өгүүлбэрээр

  1. Sxcoal: ОХУ нүүрсний экспортдоо уян хатан тариф тогтоохоор болсон нь Монголын нийлүүлэлтэд эергээр нөлөөлнө.

  2. Хоёр тэрбум давсан хэрэглэгчтэй дэлхийн халал махны зах зээлд нэвтрэх боломж Монголд байна.

  3. АНУ-ын Тагнуулын төв газар “СhatGPT”-тэй төстэй өөрсдийн хиймэл оюунтай болно.

Халал зах зээлийн боломж

70 сая гаруй толгой малтай ч түүнээсээ хүртэх ашиг шим нь бага Монгол Улсад мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулахгүй бол цөлжилт, бэлчээрийн даацын асуудал, зуд болон ган гачгийн учруулах хохирол улам нэмэгдэх эрсдэл бий. Тэгвэл 2.2 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн халал махны зах зээлд нэвтэрч, ХАА-н бүтээгдэхүүнийхээ экспортод эзлэх хувийг нэмэгдүүлэх боломж байсаар байна.

Тэлэх нь баттай зах зээл

Дэлхий даяарх ислам шашинтнуудын өдөр тутмын амьдралын бүхий л үйл нь “халал” (зөвшөөрөгдсөн) болон “харам” (хориглогдсон) гэсэн хоёр туйлын хооронд хязгаарлагдаж байдаг. Хүнсний хэрэглээнд мөрдөх дэг ёс, тэр дундаа махны хэрэглээ нь халал амьдралын хэв маягийн томоохон хэсэг. Малыг төхөөрөхдөө зөвхөн ислам шашинтны гараар, амь таслах тусгай аргаар, бүх цусыг нь шавхаж төхөөрсөн бол тухайн махыг “халал” гэж тооцдог.

Дэлхийн халал бүтээгдэхүүний зах зээл бараг 2 их наяд ам.доллар хүрдэг бол халал махны зах зээл 2021 оны байдлаар 802 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсныг “Straits Research”-ийн судалгаанд дурджээ. Тэгвэл энэ зах зээл 2030 он гэхэд 1.6 тэрбум ам.доллар хүрч, жилийн өсөлт нь 7.4 хувь болж эрчимжих төлөвтэйг тус судалгаанд мөн онцолсон байна.

Үүний гол хөдөлгөгч хүч нь хэрэглэгчийн хүнсний бүтээгдэхүүнд гаргах зардлын өсөлт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, ислам шашинтай хүн амын өсөлт, мөн хөгжиж буй орнууд дахь дундаж давхаргын тэлэлт байх аж.

Экспорт өргөжсөөр

Монгол Улс одоогоор Кувейт, Узбекистан, Саудын Араб, Иран зэрэг улсад халал аргаар боловсруулсан мах экспортолж байна. Сүүлд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират улсад албан ёсоор нийлүүлж эхэлсэн нь өндөр хөгжилтэй Булангийн орнуудын зах зээлд гарах томоохон ахиц болсон юм. Түүгээр зогсохгүй өнгөрсөн наймдугаар сард Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд монгол хонины махны дэлгүүр нээгджээ.

Сорилтууд

АХБ-ны дүгнэснээр Монгол Улсын ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт олон улсын стандартад нийцэхгүй байгаа нь ХАА-н бүтээгдэхүүний гадаад худалдаанд саад бэрхшээл учруулдаг аж.

Үүнээс гадна Монголоос 6,000-7,000 км зайтай орших Булангийн орнуудад мах экспортлоход тээвэрлэлт, хадгалалтын тал дээр хүндрэл учирч буйг салбарынхан хэлж байна.

Байр суурь

“Газрын ховор элемент нь үелэх системийн 17 өөр элементийг хамаардаг. Эдгээр элементийг ердөө нэг эсвэл хоёр нь л хэрэгтэй байлаа гэж бодоход дахин 15 элемент хамт боловсруулах шаардлагатай гэсэн үг. Ингэж байж л өөрт хэрэгтэй тэрхүү нэг элементийг гарган авна. Энэ нь газрын ховор элемент боловсруулалтыг маш өндөр зардалтай болгодог. Монгол Улсын хувьд бусад улс орнуудад адил тулгардаг эдгээр сорилтуудыг давж гарахад юуны өмнө зардлыг бууруулах хүрээнд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа эрхлэх нь зүйтэй” хэмээн BloombergNEF-ийн Уул уурхай, металл хариуцсан тэргүүн Кваси Ампофо “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.

Монголд таатай мэдээ

ОХУ 2023 оны 10 дугаар сарын 1-нээс 2024 оныг дуустал нүүрс тэргүүтэй зарим таваарын экспортдоо уян хатан тариф тогтоохоор болсон нь БНХАУ-ын худалдан авагчид нүүрс авахаар Монгол руу хандах нь нэмэгдэхэд нөлөөлнө гэж “Sxcoal” үзэж байна.

ОХУ нь Хятадын зах зээлд нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээгээр Монголын дараа хоёрдугаарт ордог. Харин шинээр тогтоож буй тариф нь рублийн ханштай уялдаатай байдлаар экспортын ихэнх бүтээгдэхүүний хувьд 4-7 хувь байх аж. Энэ хориг нь өдгөө дээд түвшиндээ хүрээд байгаа Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээнд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Нүүрс угаах үйлдвэр

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolia Energy компани Ховд аймгийн “Хөшөөт” уурхайн талбайд нүүрс угаах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө мэдээлэв. Жилд 5 сая тонн боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 150 сая орчим юань зарцуулна гэж тооцоолжээ. Компанийн одоогийн нүүрс угаах үйлдвэр нь жилд 2 сая тонныг боловсруулах чадалтай бол шинэ үйлдвэр байгуулснаар хүчин чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортод гаргах түүхий коксжих нүүрсний чанар сайжирч, тээврийн зардал буурах ач холбогдолтой аж.

Хиймэл оюуны зах зээлд

“ChatGPT”-ийг хөгжүүлдэг "OpenAI" компани хувьцаагаа худалдаж, компанийнхаа үнэлгээг 80-90 тэрбум ам.долларт буюу энэ оны эхэн үеийн үнэлгээнээс гурав дахин өндөр дүнд хүргэх талаар хэлэлцэж буйг “Wall Street Journal” мэдээлэв. Хэлцлийн хүрээнд компанийн зүгээс шинэ хувьцаа гаргахгүй, харин “OpenAI”-ийн ажилтнууд өөрийн эзэмшдэг хувьцаагаа зарах боломж бүрдэх аж. Мөн энэ онд орлого нь 1 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгааг компани хөрөнгө оруулагчдадаа мэдээлсэн байна.

Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв газар “СhatGPT”-тэй төстэй өөрсдийн гэсэн хиймэл оюунт хэрэглүүртэй болохоор ажиллаж байна. Тодруулбал асар их мэдээлэл бүхий нээлттэй эх сурвалжид дүн шинжилгээ хийж, шинжээчдийн ажлыг хөнгөвчлөхөд хиймэл оюун ашиглахаар болжээ. Энэ нь мөн 2030 он гэхэд хиймэл оюун хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэх зорилттой байгаа БНХАУ-тай өрсөлдөх АНУ-ын Засгийн газрын томоохон кампанит ажлын нэг хэсэг болж байгаа юм.

Эхний IPO

"Alibaba Group"-ийн логистик хариуцсан охин компани "Cainiao Smart Logistics Network" Хонгконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа нээлттэй арилжаалах хүсэлтээ гаргажээ. Ингэснээр БНХАУ-ын цахим худалдааны аварга компанийн бүрэлдэхүүн дундаас анхны IPO-г хийсэн охин компани нь болж магадгүй байна. Компани хувьцаагаа нээлттэй арилжаалснаар багадаа нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх боломжтойг ойрын эх сурвалж мэдээлжээ.

"Alibaba Group" саяхан томилогдсон Гүйцэтгэх захирал Эдди Вугийн удирдлага дор бизнесээ зургаан үндсэн нэгжид хуваан салгах түүхэн шинэчлэлээ ид үргэлжлүүлж байгаа юм.

Ховорхон бүтэлгүйтэл

Apple" компани энэ сарын эхээр гар утасны гэр, ухаалаг цагны оосорт ашиглах шинэ материалаа танилцуулахдаа савхийг орлох шинэлэг бүтээгдэхүүн хэмээн тодорхойлж, "үл мэдэг гялалзахын сацуу хүрэхэд зөөлөн, илэг мэт мэдрэгдэнэ" гэж байв.

Гэхдээ хэрэглэгчид, шүүмжлэгчдэд үнэндээ тэгж мэдрэгдээгүй байна. "Apple"-ийн "FineWoven" гэж нэрлээд байгаа тус материал нь зураас, толбо тогтохдоо амархан, мөн барихад гулгамтгай гадаргатай тул хэрэглэгчдэд төдийлөн таалагдаагүй аж.

Ингэснээр "Apple"-ийн бүтээгдэхүүнийг нүүрстөрөгчийн ялгаралгүй болгох сайтар бодож төлөвлөсөн ажил нь компанийн 2023 оны хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг болох эрсдэлд оржээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нь хямрал үргэлжилж байгаа ч БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө 5 хувьд хүргэх зорилтоо биелүүлэх боломжтой нь "Bloomberg"-ийн эдийн засагчдын дунд явуулсан судалгааны үр дүнгээс харагджээ.

2023 онд тус улсын эдийн засаг таван хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөллөөс 10 суурь нэгжээр буурсан үзүүлэлт бөгөөд одоо Хятадад тулгарч байгаа хамгийн том сорилт бол үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал гэдгийг эдийн засагчид санал нэгтэй онцолсон байна.