- Business newsletter
- Posts
- 2023/09/26
2023/09/26
Гурван өгүүлбэрээр
“Түмэн шувуут” IPO хийснээс хойш нэгж хувьцаанд олгох ногдол ашгийн хэмжээ нь 123 орчим хувиар өсжээ.
Хоёр жил гаруй Монголбанкны зорилтот түвшнээс нь хэтэрсэн инфляц саарч, мөнгөний бодлого зөөлрөх орон зай ирэх онд гарах уу?
“Amazon” компани генератив хиймэл оюуны салбарт гол тоглогч болоход нь туслах түншээр “Anthropic”-ийг сонгов.
Өндөрлөгөөс буух уу?
Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан 2024 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг 6+/-2 хувь орчимд тогтворжуулахаар тусгасан байна. Инфляц тогтвортой саарах баталгаа гарч, мөнгөний бодлогыг хэвийн түвшинд хүргэх удаан хүлээсэн мөч ирэх онд тохиох эсэх нь анхаарал татсан хэвээр.
Дунд хугацааны зорилго
2024 онд мөнгөний бодлогоор инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэж Монголбанк мэдээлсэн. Мөн цаашид гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан нь онцлог болов.
Урт удаан тэмцэл
Монголбанк бодлогын хүүгээ өсгөх циклээ 20 сарын өмнө эхэлсэн бол инфляц сүүлийн 27 сарын турш зорилтот түвшнээс нь хэтэрсэн хэвээр байна. Гэтэл УИХ төсвийн тодотголоор зарцуулалтыг тэлсэн нь бодлогын хүүг бууруулах орон зайг хумьж, Төв банк энэ оны эцсийн инфляцын төсөөллөө 9.3 хувь болгон нэмэхэд нөлөөлсөн юм.
Төсвийн тодотголын нөлөө эдийн засагт бүрэн гүйцэд илрээгүй, мөн нөлөөлөл нь хаана саармагжих нь тодорхойгүй байгаа учраас бодлогын хүүгээ хэвээр хадгалж байгааг сүүлийн шийдвэрээ танилцуулах үедээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв.
Ирэх оны саад
Мөнгөний бодлого зөөлрөхөд саад болж буй нэгдүгээр хүчин зүйл нь өндөр инфляц. Гэхдээ тэр дундаа эрэлтийн бус нийлүүлэлтийн шинжтэй, импортоор өдөөгдсөн инфляц оргил үеэ бодвол хэдий эрч нь саарсан ч тодорхой түвшинд байсаар байгааг АХБ-ны Ахлах эдийн засагч С.Болд анхааруулж байлаа.
Төв банк ирэх онд төсвийн орлого, зарлагын дээд хэмжээг 23 их наяд төгрөг, нүүрсний экспортыг 40 сая тонн байхаар төсөөлөл гаргаад байгаа. Нүүрсний экспорт ирэх онд энэ жилийнх шиг өндөр байхгүй байх болгоомжлол байгаа нь инфляц, төлбөрийн тэнцэл, өсөлтийн төлөвт нөлөөлөх учир Монголбанк харьцангуй консерватив бодлого баримтлах шаардлага үүссэнийг тус банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир энэ сард онцолж байв.
TUM ногдол ашгаа тараав
“Түмэн шувуут” ХК өнгөрсөн оны цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашиг хэлбэрээр тараажээ. Тодруулбал нэгж хувьцаанд 10.7 төгрөг буюу нийт 2.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна. Компани олон нийтэд нээлттэй болсноосоо хойш буюу 2019 оноос хойш нийт 6.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосны зэрэгцээ мөн хугацаанд нэгж хувьцаанд олгох ногдол ашгийн хэмжээ нь 123 орчим хувиар өсжээ.
Ипотек VIII сард
Энэ сарын эхнээс хэвийн олгогдож эхлээд байгаа ипотекийн зээлийн үлдэгдэл нийт үлдэгдэл наймдугаар сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өсжээ. Нийт үлдэгдлийн талаас илүү хувь нь МИК-д шилжсэн эх үүсвэр байгаа бол 30 гаруй хувийг нь банкны өөрийн эх үүсвэр бүрдүүлсэн байна.
2023 оноос эхлэн Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар бодлогодоо тусгасан тул одоогоор ипотекийн зээлийн үйл ажиллагааг ЗГ-т шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Өсөх зах зээл
Уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 4.1 хувиар өсөж, үнэлгээ нь 32.8 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байгааг “MarketsandMarkets”-ийн гаргасан шинэ тайланд онцолжээ. Ашигт малтмал, металлуудын эрэлт нэмэгдэж, шинэ уурхайнууд ашиглалтад орж, одоо байгаа уурхайнууд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр байгаа нь үүнд голлон нөлөө үзүүлнэ гэжээ. Тэр дундаа Монгол Улсын “Оюу Толгой”, БНЭУ-ын “Talcher”, мөн БНХАУ-ын “Zongzhai” зэрэг томоохон уурхайнууд үйл ажиллагаа тэлснээр энэхүү зах зээлийн өсөлтөд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа аж.
Корреляц тасрав
10 жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өнгөрсөн мягмар гарагт 2009 оны дээд түвшинд хүрч өссөн бол тухайн өдөр алтны ханш 0.5 хувиар буураад байна. Үүнээс өмнө анх АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж энэ түвшинд хүрч өсөхөд алтны үнэ одоогийн ханшнаасаа хоёр дахин бага байсан юм. Үүнээс дүгнэвэл бодит хүүгийн түвшин болон алтны ханшийн хамаарал алдагдаж байна.
Бондуудын өгөөж цойлж буй энэ үед алтны ханш үнэ цэнээ хадгалахад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг шинжээчид дүгнэсэн байна. Үүнд Төв банкнуудын алт худалдан авалтын хэмжээ өндөр хэвээр байгаа зэргийг дурджээ.
Дуураймал “Amazon”
"TikTok"-ийн орлогын өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болох хамгийн өндөр хүлээлттэй “TikTok Shop” цахим худалдааны платформ зарим зах зээлийн хэрэглэгчдэд нээлттэй болоод байгаа. Гэхдээ одоогоор тус платформд голчлон Хятадад үйлдвэрлэгдсэн хямд бараанууд л дэлгэгджээ.
“TikTok Shop”-ийн үйл ажиллагаа нь “тодорхой бүлэгт чиглэсэн худалдаа байна” хэмээн компани дотооддоо хэлэлцэж тогтсоныг ойрын эх сурвалж мэдээлж байлаа. Гэтэл оронд нь бүх нийтэд нээлттэй худалдааны платформ болж, "Amazon” компанид тулгарч байсантай ижил бэрхшээлтэй нүүр тулжээ.
Барцад дуусаагүй
"China Evergrande Group"-ийн Эх газрын Хятад дахь охин компани дотоодын зах зээлд гаргасан бондын эргэн төлөлтөө хугацаанд нь төлж чадаагүй нь тус компанийн хямралыг улам гүнзгийрүүлж, ирээдүйд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөнд нь дахин нэг тодорхойгүй нөхцөл байдал үүсгэжээ. Тодруулбал “Hengda” үл хөдлөх хөрөнгийн компанийн 547 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн хугацаа есдүгээр сарын 25-нд дуусгавар болсноор дефолт зарласан байна.
Amazon-ийн алхам
“Amazon” компани хиймэл оюуны стартап “Anthropic”-д 4 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, генератив хиймэл оюуны салбарт гол тоглогч болоход нь туслах нэн чухал түнштэй болжээ. Цахим худалдааны аварга тус компани урьд нь тэргүүн эгнээний хамтрагчдынхаа хувьцааг үргэлж худалдан авсаар ирсэн юм.
Тэдгээрийн дунд агаарын тээврийн компани, хүнсний бүтээгдэхүүн түгээгч, цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч ч бий. Харин компани “Anthropic”-т хөрөнгө оруулалт хийхээр болсон нь цаанаа эдгээрээс илүү том зорилго агуулж байгаа нь дамжиггүй.
BloombergTV.mn танд санал болгож байна
“LG Electronics” цахилгаан автомашины эд анги үйлдвэрлэж, орлогоо өсгөхөөр төлөвлөж байна
L'Oreal: 2030 онд гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл $426.8 тэрбумаар хэмжигдэнэ
Онцлох чарт
Нарны эрчим хүч болон цахилгаан автомашины огцом өсөлт энэ онд шинжээчдийн бүхий л өөдрөг төсөөллөөс давж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нэн чухал зорилт биелэх замдаа орсон гэх итгэл найдварыг өгч байна.