- Business newsletter
- Posts
- 2023/09/25
2023/09/25
Гурван өгүүлбэрээр
Эдийн засгийн эрх чөлөөний индексэд Монгол Улс өмнөх оноосоо есөн байр ухрав.
Moody’s: Хятадын эдийн засаг сулрах нь MMC-д тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй
Залуус тусдаа гаралгүй, эцэг эхтэйгээ хамт амьдрахыг өнөөгийн нийгэм хувь хүний бүтэлгүйтэл гэж харахаа больжээ.
Эрх чөлөөт эдийн засаг
Канадын “Fraser” хүрээлэнгийн 1970 оноос хойш жил бүр гаргаж буй Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индексийн энэ оны тайланд томоохон өөрчлөлт гарснаараа онцлог болжээ. Тус индекс анх гарсан цагаас эхлэн тасралтгүй тэргүүлж байсан Хонгконг энэ онд дэлхийн хамгийн чөлөөт эдийн засгийн байр сууриа Сингапурт тавьж өгсөн байна.
Чөлөөт эдийн засгийн шалгуур
Тухайн улсын бодлого, институц нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж буй эсэхийг дүгнэдэг тус индексийн онооны систем нь таван ерөнхий талбарт хуваагддаг. Тэдгээр нь Засгийн газрын хэмжээ, эрх зүйн систем ба өмчлөх эрх, мөнгөний тогтвортой байдал, олон улсад худалдаа хийх эрх чөлөө, зохицуулалтын орчин байна.
Хонгконг яагаад ухрав?
Товчхондоо Хонгконгийн шүүх эрх мэдлийн хараат бус байдал алдагдаж байгаа нь байр ухрахад голлон нөлөөлсөн гэж үзсэн байна. Намын хяналтад, ил тод бус явагддаг БНХАУ-ын шүүхээс ихээхэн ялгаатай Хонгконгийн шүүх тогтолцооны нэр хүнд нь олон улсын бизнесүүд Хонгконг руу татагддаг нэг шалтгаан байв.
Харин 2020 оны зургаадугаар сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш тус бүсийн бие даасан байдал эргэлзээтэй болоод буй.
“Хонгконгийн энэхүү ухралт нь эдийн засгийн эрх чөлөө иргэний болон улс төрийн эрх чөлөөтэй хэрхэн нягт холбоотой байдгийн жишээ юм" гэж “Fraser” хүрээлэнгээс онцолжээ. Харин Хонгконгийн Засгийн газар тус тайланд гарсан шүүх эрх мэдлийнх нь талаарх мэдэгдлийг "Бүрэн үндэслэлгүй, бодит баримтаар нотлогдоогүй" гэж няцаасныг “SCMP” мэдээлжээ.
Монгол энэ жагсаалтад
Нийт 165 улс, бүс нутгийг эрэмбэлсэн тус индексэд Монгол Улс хоёрдугаар зэрэглэл буюу сайн түвшинд, Казахстан, Эль Сальвадор, Уругвай зэрэг улсуудын ардаас 67 дугаарт бичигджээ. Гэхдээ өнгөрсөн оны эрэмбээсээ 9 байр ухрахад Төрийн зохицуулалтын үзүүлэлтээр оноо алдсан нь голлон нөлөөлсөн байна. Хэдий ЗГ-ын хэмжээ, олон улсын худалдааны эрх чөлөөний үзүүлэлтээр байр ахисан ч зээлийн орчин, хөдөлмөрийн зах зээл, бизнесийн орчин дахь зохицуулалтын дарамт нэмэгдсэн гэж үзсэн нь нийт оноог хойш татжээ.
Өнгөрсөн онд Дэлхийн банкны судалгаагаар ажил олгогчдын гуравны нэгээс илүү хувь буюу 35 хувь нь Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдал нь бизнес эрхлэхэд хамгийн том саад учруулдаг гэж үзэж байв. Улс төрийн тогтворгүй байдлыг дагаад хууль, эрх зүйн орчин тогтворгүйжиж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх гол шалтгаан болж байгаа гэдэгт эдийн засагчид санал нэгддэг.
“Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолоход хүндрэлтэй байвал төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалт татахад маш хүндрэлтэй” хэмээн Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жульен Лауренс онцолж байлаа.
Байр суурь
“Хятадын эдийн засаг сулрах нь MMC-д тийм их сөрөг нөлөө үзүүлнэ гэдэгтэй би бүрэн санал нийлэхгүй байгаа. Бидний төсөөллөөр Хятадад гангийн эрэлт, хэрэглээ 2023 онд ч маш тогтвортой байх төлөвтэй. Мэдээж БНХАУ-д үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал гангийн эрэлт, хэрэглээг хязгаарлах боломжтой. Гэхдээ тус улсын төлөвлөсөн дэд бүтцийн зарцуулалтууд, мөн автомашины борлуулалт тэр дундаа цахилгаан автомашины борлуулалт өсөлттэй байгаа нь алдагдлыг нөхнө гэж үзэж байна” хэмээн “Moody’s” агентлагийн Дэд ерөнхийлөгч, Ахлах шинжээч Шаун Шион “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
1,500 юань давав
Есдүгээр сарын 20-ны байдлаар Монголын V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын Ганцмод боомт дээр НӨАТ нэмэгдээд тонн нь 1,520 юань болсон нь долоо хоногийн хугацаанд 90 юаниар, сарын эхнээс 190 юаниар өссөн дүн болохыг “Sxcoal” мэдээлжээ. Хятад улсад дотооддоо олборлолт нь буурч, нийлүүлэлт саарсны хажуугаар коксжих нүүрсний үнэ эрчтэй өссөнөөр эцсийн хэрэглэгчид импортын нүүрс рүү хошуурахад нөлөөлж байна.
“Хориг хамаарахгүй”
ОХУ-ын түлш, шатахууны экспортдоо тавиад буй түр хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй болохыг тус улсын Төрийн Думын дарга В.Володин Монгол дахь айлчлалынхаа үеэр хэллээ. Тус улс экспортын хязгаарлалтын тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасныг онцолжээ.
Хоёр дахь коридор
БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Өрөмч хотоос Монголоор дамжин ОХУ-ын Новосибирск хот хүрэх гурван улсын авто тээврийн коридороор ачаа тээвэрлэж эхэлжээ. Өрөмч хотоос гарсан есөн тээврийн хэрэгсэл бүхий туршилтын тээвэрлэлт энэ сарын 23-нд Ховд аймгийн Булган боомтоор нэвтэрснийг ЗТХЯ-наас мэдээлсэн байна.
Энэ нь БНХАУ, Европын хооронд хийгдэж байгаа худалдааны эргэлтэд оролцох, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, Дундад Азийн орнуудад Монголын бараа бүтээгдэхүүнийг хүргэх нэг чухал гарцыг нээж байгааг онцолжээ.
Тусдаа гарах албагүй…
Тусдаа гарч, бие даан амьдрах нь ихэвчлэн тухайн хүн насанд хүрснийг илтгэх тэмдэг болдог. Хэдий тийм боловч цар тахлын хөл хорио, олон арван жилийн дээд түвшиндээ хүрсэн инфляц, сургалтын төлбөрийн зээлийн огцом өсөлт, тогтвортой бус хөдөлмөрийн зах зээл гэсэн олон дарамт давхацсанаар өнөөгийн залуус өсөж торнисон гэртээ үлдэх нь улам элбэгшиж байна. Гол нь нийгэм үүнийг хувь хүний бүтэлгүйтэл гэж харахаа больжээ.
Bloomberg News-ийн судалгаанд оролцсон америкчуудын бараг 90 хувь нь хүмүүсийг эцэг эхтэйгээ эргэн хамт амьдарсных нь төлөө буруутгах ёсгүй гэж үзжээ. Харин ч энэ нь амьдралд хөлөө олох прагматик арга зам мөн гэдэг дээр тус судалгаанд оролцсон 4,106 насанд хүрэгчийн олонх нь санал нэгдсэн байна.
Нефть ба стагфляц
“Goldman Sachs Group” брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар хүрнэ гэж үзэж байгаа олон улсын байгууллагуудын тоог нэгээр нэмлээ. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг нийлүүлэлтээ танаж, эрэлт дэлхий дахинд нэмэгдсэнээр газрын тосны үнэ гурван оронтой тоонд хүрнэ гэж “Goldman Sachs” төсөөллөө нэмэгдүүлээд байна.
Түүнчлэн “Chevron” компани мөн газрын тосны үнэ ойрын хугацаанд 100 ам.долларын босго хүрэх өндөр магадлалтай гэж үзэж байгаагаа мэдээлсэн юм. Ингэснээр "улс орнууд зөөлөн газардахад хэцүү болж, тун удахгүй стагфляц үүсэх эрсдэлтэй" гэж анхааруулжээ.
Японыг чиглэх урсгал
Иенийн ханш суларч, логистик болон зочлох үйлчилгээний салбарт эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Сингапур энэ онд Японы үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том хөрөнгө оруулагч болсныг "Knight Frank" мэдээлэв. 2023 онд Сингапураас Япон улсын үл хөдлөхийн салбарт ойролцоогоор 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь АНУ, Канад, Арабын Нэгдсэн Эмиратаас давсан үзүүлэлт болжээ. Мөн Японы бага хэмжээтэй зээлийн хүү нь олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж буй бас нэг шалтгаан болж байна.
$2.3 саяын бөмбөрцөг
Ер бусын, нүд бүлтийлгэм дурсгалт газруудаар хэзээ ч дутдаггүй хот бол Лас Вегас. Гэтэл тус хотын үй олон үзэх зүйлсийн дунд хэдэн тэрбум доллароор үнэлэгдэх нэгэн бөмбөрцөг хэн бүхний анхаарлыг өөртөө татаж байна. Гадна фасад нь бүхэлдээ дэлгэцээр бүрхэгдсэн, “The Sphere” нэртэй удахгүй нээгдэх энэхүү цогцолбор нь Нью-Йоркийн хамгийн алдартай үзвэр үйлчилгээний газрууд, мөн спортын хамгийн том хоёр багийг нь эзэмшдэг Жэймс Доланы уран сэтгэмжийн үр дүн юм.
Хугацаа нь хойшилж, зардал нь хуримтлагдах тусам олон хүн энэ төслийг “гамшиг” хэмээн тодорхойлж байлаа. Гэтэл өнгөрсөн долоодугаар сарын 4-нд “The Sphere”-ийн дэлгэц ажиллаж эхэлсний дараа сошиал сүлжээнд жинхэнэ од болж, Доланы компанийн хувьцааг огцом өсгөсөн байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 0.9 хувиар өсөж, ₮6.99 их наяд болов
БНХАУ дахь “iPhone”-ийн хоригийг үл харгалзан худалдан авагч, дамлагчид “Apple”-ийн дэлгүүрүүдийг дүүргэж байна
“Klaviyo”-ийн IPO Харвард төгссөн физикчийг тэрбумтан болгов
Онцлох чарт
Эрэлтийн талын хүндрэлүүдээс шалтгаалж энэ онд үйлдвэрлэлийн металлын үнэ буурах төлөвтэй. Үүнд гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засгийн орчин сул байгаа нь голчлон нөлөөлнө гэж "BloombergNEF" онцолжээ.
Харин эрчим хүчний шилжилтээс үүдэлтэй эрэлт, тэр дундаа цахилгаан автомашин, цэнэг хураагуурын эрэлт 2024 онд зэс, хөнгөн цагааны үнийг өсгөх төлөв ажиглагдаж байгаа юм. Харин БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн хямрал төмөр, гангийн үнэд дарамт болсон хэвээр байх шинжтэй гэж үзжээ.