- Business newsletter
- Posts
- 2023/09/22
2023/09/22
Гурван өгүүлбэрээр
ОХУ дизель түлш болон бензиний экспортдоо тодорхойгүй хугацаагаар хориг тавилаа. Цаашид юу болох вэ?
“Asian Battery Minerals” компанийн Монгол дахь никелийн хайгуулын төсөл амжилттай дууссаныг мэдээлэв.
Сингапур анх удаа Хонгконгийг гүйцэж, дэлхийн хамгийн чөлөөт эдийн засаг боллоо
Хугацаа бүгдийг шийднэ
ОХУ дотоодынхоо нийлүүлэлтийг тогтворжуулах үүднээс дизель түлш болон бензиний экспортдоо түр хугацаанд хориг тавьж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь эрэлт оргил үедээ хүрдэг өвлийн улиралд түлшний нийлүүлэлтийг тасалдуулах томоохон эрсдэл авчирч буй ч бодит үр дагавар хэр ноцтой байх нь хориг хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс хамаарахаар байна.
Үр нөлөө
“Vortexa”-ийн статистикаар ОХУ он гарсаар өдөр бүр нэг сая гаруй баррель дизель түлш экспортолж байсан нь Герман улсын хэрэгцээг бүтэн хангахуйц нүсэр хэмжээ юм. Нийлүүлэлтийн тасалдал, мөн түүнээс үүдэх үнийн өсөлт нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн арилжаалагчид, ачааны автомашины жолоочдод нөлөөлөхгүй. Дизелийн төрлийн түлш нь хөлөг онгоц, галт тэрэгний гол түлш болохын зэрэгцээ уул уурхай, газар тариалан, барилгын салбарт өргөн ашиглагддаг. Товчхондоо дэлхийн эдийн засгийн томоохон хэсгийг хөдөлгөдөг түлш аж.
Монгол багтах уу?
ОХУ-ын Засгийн газраас гаргасан хоригийн тогтоолоос харвал олон улсын ЗГ хоорондын хэлэлцээрийн хүрээнд экспортлох бараанд энэ хориг үйлчлэхгүй гэсэн байна. Монгол Улс 2022 онд ОХУ-аас АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцож байсан юм.
Улсын хэмжээнд есдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 108,936 тн дизель түлшний үлдэгдэлтэй байгаа нь 44 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөц болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлж байв.
Том зургаараа
Оросын хориг зарлагдахаас өмнө дэлхий дахинд дизелийн нийлүүлэлт аль хэдийн ноцтой хүндрэлд ороод байв. OPEC-ийн өргөтгөсөн бүлэг гарцаа танасан нь газрын тосны бүтээгдэхүүний эрэлт өсөхтэй давхацсанаар боловсруулах үйлдвэрүүдийн гарц буурч байгаа. Украины дайнаас өмнө Оросын далайгаар тээвэрлэх дизелийн экспорт голчлон Европыг чиглэж байсан бол хориг арга хэмжээнүүдийн дараа Турк, Бразил, Саудын Араб гол худалдан авагчид нь болжээ.
Хэдий томоохон шийдвэр гарсан ч одоогоор зах зээлийн хариу үйлдэл, үнийн хөдөлгөөн төдийлөн их биш байна. Баруун хойд Европын дизель түлшний жишиг үнэ тус мэдээ гарсны дараа баррель нь 37 ам.долларыг давж өсөөд эргэн буурчээ.
Юу хүлээж байна вэ?
“Үргэлжлэх хугацаа нь бүх зүйлийг шийдэхээр байна. Оросын боловсруулах үйлдвэрүүд нөөцлөх савын асуудалд орж, үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүй болох тул магадгүй энэ хориг нэг сар орчим үргэлжлэх болов уу” хэмээн “FGE”-ийн шинжээч Южен Линделл өгүүлжээ.
Хориг есдүгээр сарын 21-нээс хүчин төгөлдөр болсон ч дизелийн бүх нийлүүлэлтээ нэн даруй зогсоохгүй. Тогтоолын дагуу ОХУ-ын төмөр зам болон далайн тээврийн удирдлагаас зөвшөөрлөө авсан тээвэрлэлтүүд хэвийн үргэлжилнэ гэжээ. Энэ нь тус улсын дизель түлшний экспорт гэнэт бус аажмаар буурна гэсэн үг юм.
Байр суурь
“Бид ихэвчлэн богино хугацааны зорилтуудад төвлөрдөггүй. Илүү урт хугацаанд төвлөрдөг. Ирэх 5-10 жилийг хардаг. Дэлхийн гангийн эрэлт сайн хэвээрээ байна гэж бодож байна. Дахин боловсруулагдах боломжууд ч нэмэгдэнэ, энэ бол мэдээж сайн зүйл. Харин төмрийн хүдрийн эрэлт бага зэрэг буурах байх. Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудын эдийн засаг эрчимтэй тэлж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын эрэлт тогтворжих байх гэж бодож байна. Гэхдээ урт хугацаандаа бидний төмрийн хүдрийн олборлолт эрэлттэй байна гэж таамаглаж байна” хэмээн “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм онцолж байв.
Никелийн хайгуул
“Asian Battery Minerals” компанийн Монгол дахь никелийн хайгуулын төслийг амжилттай дуусгаснаа “Getech” компани мэдэгдлээ. Хайгуулын үр дүнг нарийвчлан танилцуулаагүй ч “Asian Battery Minerals” компанийн захирал З.Ган-Очир "Монголд хийж байгаа никелийн хайгуулын төсөлд “Getech”-ийн нарийн шинжилгээ, инновацлаг арга барил үнэ цэнтэй мэдээлэл олоход тусаллаа" гэж онцолж байна. “Asian Battery Minerals” нь дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “BHP” компанийн “BHP Xplor” хөтөлбөрийн хүрээнд хайгуул хийж байгаа аж.
Зорилт 50 хувьд
2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтын гүйцэтгэл сүүлийн байдлаар 47.5 хувьтай байна. БОАЖЯ-ны мэдээллээс харвал есдүгээр сарын 20-ны байдлаар 475 мянга орчим жуулчин хүлээн авснаас гадна өдөрт дунджаар 4,100 орчим жуулчин ирж байгаа аж. Түүнчлэн эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
“Мон бийф" хасагдав
Компанийн хэлбэрээ өөрчилж, хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа буцаан худалдан авч эхлээд буй “Мон бийф" ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хассан байна. Нийт 30 хувиа санал болгож, 2.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байсан тус компанийн 214.2 сая ширхэг хувьцаа МХБ-д бүртгэлтэй байсан. “Мон бийф" энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн татварын дараах алдагдалтай ажилласнаа тайлагнаж байв.
Тэрбумтан төрүүлсэн IPO
Харилцагчид руу автоматжуулсан зурвас, мэйл илгээх нь тийм ч ашигтайд тооцогддоггүй ч Нью-Йоркийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн маркетингийн технологийн “Klaviyo” компанийн тус бизнес төсөөлөл эвдсэн байна.
Эндрю Биалецки компаниа 2012 онд Бостонд байгуулсан цагаас хойш үйл ажиллагаа нь эрчимтэй тэлж, “Summit Partners”, “Lone Pine Capital”, “Shopify” зэрэг компаниудаас хөрөнгө оруулалт татаж чадсан юм. Сүүлд “Klaviyo” нэгж хувьцаагаа 30 ам.доллароор нээлттэй санал болгосноор бүрэн хөрвүүлсэн хувьцааных нь тоогоор бодвол 90 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон байна.
Лхагва гарагийн анхны арилжаан дээр компанийн хувьцааны ханш 9.2 хувиар өсөж 32.75 ам.долларт хаагдсан. Ингэснээр 37 настай Эндрю Биалецки тэрбумтны эгнээ рүү шилжиж байна. Тэрбээр “Klaviyo”-ийн хувьцааны гуравны нэгийг эзэмшсэн хэвээр байгаа тул компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь юм. Түүний эзэмшдэг хөрөнгийн хэмжээ 3.2 тэрбум ам.долларт хүрч байгааг “Bloomberg Billionaires Index”-ээс харж болохоор байна.
Cisco-ийн хэлцэл
“Cisco Systems” компани 28 тэрбум ам.доллароор программ хангамжийн “Splunk”-ийг худалдан авах хэлцэл хийлээ. Энэ нь тус компанийн хийж байсан хамгийн том худалдан авалт болсны зэрэгцээ программ хангамж, хиймэл оюунд суурилсан дата шинжилгээний салбарт хийгдсэн томоохон хэлцэл болж байна. Цахим харилцаа холбооны аварга “Cisco” компани өндөр үнэтэй техник хангамжаас хамааралтай байдлаа бууруулж, программ хангамж, үйлчилгээний салбар луу шилжихээр зорьж байгаа юм.
Хонгконг ноёрхлоо алдав
Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай гэгддэг байсан Хонгконгийн манлайллын эрин дууссаныг Канадын “Fraser” хүрээлэнгээс гаргасан тайланд дурджээ. Азийн санхүүгийн төв болох Хонгконг Дэлхийн чөлөөт эдийн засгийн индекст анх орж эхэлснээс хойш анх удаа хоёрдугаарт орж, Сингапурын дараа бичигдэж эхэлсэн байна. “Fraser” хүрээлэнгээс тус бүсийн шүүх эрх мэдлийн хараат бус байдал алдагдаж байгаа нь үүнд голлон нөлөөлсөн гэж онцолсон байна.
Авсаархан Kia
“Kia” компанийн хамгийн сүүлд танилцуулсан зөвхөн нэг хүний зориулалттай, авсаархан “Ray” цахилгаан автомашины үнэ 27 сая вон буюу 20,500 ам.доллароос эхлэхээр байна. Тус улсын зах зээлд цахилгаан автомашины үнийн өрсөлдөөн эрчээ авч буй энэ үед “Ray” загвар нь тус компанийн санал болгож буй хамгийн хямд үнэтэй цахилгаан автомашин болж байгаа юм.
“Kia” шинэ автомашинаа танилцуулна гэж мэдэгдсэнээс хойш сүүлийн 20 хоногт 6000 гаруй үйлчлүүлэгч “Ray”-ийг урьдчилан захиалсан нь 2023 онд 4000 автомашин борлуулна гэж төлөвлөж байсан төсөөллөөс нь давсан. Нэг бүтэн цэнэглэлтээр 200 км зам туулах чадалтай энэхүү автомашиныг цэнэглэх станцын дэд бүтэц нь шийдэгдсэн хотуудад амьдардаг хэрэглэгчдэд зориулсан аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
БНХАУ гадаад жуулчдыг татахын тулд визийн журмаа зөөлрүүлэв
Ажилтнуудаа хамгийн аз жаргалтай байлгадаг АНУ-ын компаниудыг эрэмбэлжээ
BNEF: Зэсийн эрэлт 2027 он гэхэд дэлхийн хэмжээнд 2.6 хувиар өсөж, 29.8 сая тонн хүрнэ
Онцлох чарт
БНХАУ-ын дотооддоо олборлосон нүүрсний чанар нь буурахтай зэрэгцээд Австрали, ОХУ-аас сайн чанарын нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлж байна. Тухайлбал Австралийн нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн сард 6.69 сая тонн хүрсэн нь 2020 оны долоодугаар сараас хойших дээд дүн болжээ.
“БНХАУ-ын нүүрсний зах зээлд ОХУ, Австралийн эзлэх хувь нэмэгдэж байгаа бол Монголынх тогтвортой хэвээр байна. Харин гол нийлүүлэгч Индонезийн эзлэх хувиас булааж байна” гэж “Fenwei Energy Information Service”-ийн шинжээч Эми Шү мэдэгдсэн юм.