- Business newsletter
- Posts
- 2023/09/21
2023/09/21
Гурван өгүүлбэрээр
АХБ-ны Ахлах эдийн засагч С.Болд: Хувийн хэвшил тэлэх орон зайг үүсгэх нь өсөлтийг хүртээмжтэй байлгах суурь
Дэлхийн эдийн засагт үүсээд буй хагарал улам томорсноор гарах боломжит үр дагаварыг онцоллоо.
Ажилтнуудаа хамгийн аз жаргалтай байлгадаг компаниудын эрэмбэд “Disney”, “Apple”, “IBM”-ийн аль нь ч тэргүүлсэнгүй.
Хуваагдмал ирээдүй
Дэлхийн удирдагчид энэ оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотод цуглаад буй энэ үед тэдний үг, үйлдлийг хамгийн ойроос ажиглаж буй бүлэг нь эдийн засагчид болжээ. Геополитикийн тогтворгүй байдлын шинэ эрин эхэлсэн нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох шинэ хэмжүүрийг тэд идэвхтэй хайж байна.
НҮБ-ын санал хураалт ба ГШХО
НҮБ-ын албан ёсны санал хураалт дээр улс орнууд ямар байр суурийг илэрхийлж буй нь эдийн засагчдын анхаарлыг ихээр татах болсон. “Bloomberg Economics”-ийн шинжээчдийн тооцоолсноор 2022 онд дэлхий дахинд нийт 1.2 их наяд ам.доллароор хэмжигдэх гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээс 180 тэрбум ам.доллар нь НҮБ-ын санал хураалтад ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллийг буруутгаагүй болон санал өгөхөөс түдгэлзсэн орнуудын хооронд хийгджээ.
Уг шилжилтийн хөдөлгөгч хүч юу болох нь ойлгомжтой. Цар тахалд туйлдсан Засгийн газрууд үндэсний эрх ашгаа тэргүүнд тавихыг компаниудад шахаж, мөн үйлдвэрлэлээ дотооддоо татахын тулд татаас болон бусад урамшуулал амлах болов. Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард “Өөр хоорондоо өрсөлдөх бүлгүүдэд хуваагдсан дэлхийн эдийн засгийн хагарлыг бид үзэж байна” хэмээн энэ оны эхээр хэлж байв.
Шинэ төмөр хөшиг
Энэ онд ОУВС-ийн судалгааны хэлтэс НҮБ-ын санал хураалтад оролцсон 70 жилийн түүхэд нь суурилан дэлхийн улсуудын геополитикийн үзэл баримтлалыг тодруулж, улсууд хоорондын ГШХО-ын шийдвэртэй харьцуулж шинжилжээ. Үр дүн нь гэвэл газарзүйн байршлын хувьд ойр орнууд бус харин үзэл баримтлал нэгтэй орнуудын хоорондох хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь харагдсан байна.
ОУВС-ийн тусдаа судалгаагаар хэрэв шинэ Төмөр хөшиг бий болж, сөргөлдөгч орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт царцлаа гэж үзвэл урт хугацаандаа дэлхийн ДНБ 7 хувиар буурах үр дагавар гарахыг тооцоолжээ. Энэ нь ХБНГУ болон Францын эдийн засгийг бүр мөсөн арчсантай дүйцэх дүн юм.
Ялагчгүй тоглоом
Дээрх бүгд нь зүгээр л эрдэм шинжилгээний ажлууд биш харин болзошгүй үр дагаварын анхааруулга юм. Банкны зээллэгээс таваарын арилжаа хүртэл бүхий л үйл ажиллагааг хамарсан энэхүү “эдийн засгийн хагарал”-аас үүдэн гарах нөлөө ОУВС-ийн судалснаар бүхэлдээ хар бараан байна.
“Үнэмлэхүй талаас нь харвал үүнд жинхэнэ ялагч олох хэцүү байгаа. Харин эдийн засгийн төлөөс нь нүсэр байх болно. Янз бүрийн таамаг, боломжит хувилбарууд дээр суурилсан тооцооллууд олон бий. Гэхдээ бүгд нэг дүгнэлтэд хүрч байна. Хагарал дунд дэлхийн ДНБ буурах магадлал өндөр” гэж ОУВС-ийн судалгааны хэлтсийн Орлогч дарга Андреа Пресбитеро онцолжээ.
Байр суурь
“Тоон өсөлт бол нэг хэрэг. Харин өрхийн түвшинд, ААН-үүдэд энэ өсөлтийг хүртээмжтэй, мөн тогтвортой байлгахад нөлөөлөх хоёр хүчин зүйл бий. Ажил эрхлэлт 2008 оны хямралаас өмнө 63 хувь байсан бол одоо 54 хувьтай, дөнгөж Covid-ийн өмнөх түвшинд дөхөж ирж байна. Монголд ажиллагсдын тоо дорвитой нэмэгдэхгүй байна. Иймд хөдөлмөрийн зах зээлд ажлын байр ихээр шингээдэг хувийн хэвшил тэлэх орон зайг үүсгэх нь нэн тэргүүний зорилт болно. Үүнтэй салшгүй уялдаатай нэг зүйл нь 25 сарын турш 10 буюу түүнээс дээш хувьд хадгалагдсан инфляцыг бууруулах явдал” хэмээн АХБ-ны Ахлах эдийн засагч С.Болд “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Ерөнхийлөгчийн үг
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ онцолжээ.
НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурдсанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй байгаа аж. Харин Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдээд байгаа.
“Шарк” удирдана
МҮХАҮТ-ын XXI их хурал болж, “Би Тү Брос” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, "Шарк Танк" нэвтрүүлгийн шүүгчээр ажилласнаар нь олны мэдэх Д.Энхтүвшин Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ өгчээ.
“Говь” Казахстанд
“Говь” ХК Казахстан улсад “Gobi Cashmere Kazakhstan” охин компаниа байгуулахаар болсныг мэдээллээ. 1000 ам.долларын дүрмийн сантай байгуулахаар тогтсон тус охин компани нь “Говь”-ийн гадаад зах зээлийн борлуулалтад эерэг нөлөө үзүүлэх боломжтой. 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт борлуулалтын орлогынх нь 20 хувийг гадаад зах зээл бүрдүүлж байгааг тайлагнаж байсан юм.
Өндөрлөг дээр
АНУ-ын Холбооны нөөцийн банк таамаглаж байсны дагуу бодлогын хүүгээ дахин хэвээр үлдээв. Гэхдээ энэ онд бодлогын хүүг дахин нэг удаа нэмэгдүүлж, түүнийгээ илүү удаан хугацаанд барих төлөвтэй байгаа дохиог өгсөн байна. "Бид инфляцыг зорилтот 2 хувийн түвшинд хүргэх хангалттай баталгаа бий болох хүртэл мөнгөний хатуу бодлогын байр сууриа баримталж, тогтвортой байлгахыг эрмэлзэж байна" гэж Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгджээ.
Паспортгүй аялал
Тун удахгүй зорчигчид Сингапурын Чанги нисэх буудалд паспортоо үзүүлэлгүйгээр онгоцонд суух боломжтой болох нь. 2024 оны эхний хагасаас эхлэн тус нисэх буудалд ачаа хүлээлгэн өгөх, гаалиар шалган нэвтрүүлэх, онгоцонд суух зэрэг явах нислэгийн автоматжуулсан үйл явцуудад биометрийн буюу царай, хурууны хээ таних системийг нэвтрүүлэхээр болсныг Сингапур улсын Харилцаа холбооны сайд мэдээлжээ.
Хиймэл оюунт бичээч
Мэй Хабиб хэмээх бүсгүйгээр удирдуулсан "Writer" нь хэлний моделийг (LLM) байгууллагад чиглэсэн үйлчилгээнд ашиглаж, сүүлийн үед хүчээ авч буй компаниудын нэг юм. Тус стартап нь бүтээгдэхүүний танилцуулга, ажлын байрны зар, сошиал пост бичих, мөн дата шинжилгээ хийх, ажил үүргийг автоматжуулах зэрэг хиймэл оюунт функцүүдээр компаниудад үйлчилгээ үзүүлдэг байна. Хамгийн сүүлд тус компани 126 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлж, зах зээлийн үнэлгээ нь 500 сая ам.доллар хүрчээ.
Хамгийн аз жаргалтай ажилтнууд
Ажилтнуудаа хамгийн аз жаргалтай байлгадаг АНУ-ын компаниудын эрэмбэд “Disney”, “Apple”, “IBM”-ийн аль нь ч тэргүүлсэнгүй. “Indeed” ажлын зарын вебсайтаас анх удаа явуулсан тус судалгаанд ачаа тээврийн жолоочдыг амрах цэг, зогсоолоор хангадаг “Love’s” компани хамгийн өндөр буюу 100-аас 83 оноо авчээ.
Зөвхөн мянга ба түүнээс дээш ажилтантай компаниудыг хамруулсан тус судалгаанд нэрээ нууцалсан олон сая ажил эрхлэгч оролцож, АНУ-ын компаниудад ажиллахад аз жаргал, стресс, сэтгэл ханамж, ирээдүйн зорилго нь ямар түвшинд байдаг талаар үнэлэлт дүгнэлтээ өгсөн байна.
Ачаа тээвэр, зочид буудал, логистикийн чиглэлд давхар үйл ажиллагаа явуулдаг ч удирдлагын цомхон бүтэцтэй "Love's” компани 40,500 гаруй ажилтантайгаас 1,500 нь Оклахома хот дахь төв байрандаа ажилладаг байна. Эрэмбийн эхний 20 байрт агаарын тээвэр, зөвлөх үйлчилгээ, түргэн хоолны сүлжээ гээд олон төрлийн компани багтжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт БНХАУ-ын зэсийн зах зээлийн өсөлтийг хойш татав
Азид алдартай “Duffy” чихмэл баавгай “Walt Disney”-д жилийн $500 саяыг авчирч байна
Онцлох чарт
Хятадын авто үйлдвэрлэгчид, цахилгаан автомашинуудыг нэвтрүүлэхэд болгоомжлонгуй хандаж буй Япон улсын зах зээлд “BYD” компани “Dolphin” загвараа анхлан танилцуулжээ. Нэг цэнэглэлтээр 400 км зай туулах чадалтай “Dolphin” загварын үнэ 3.63 сая иен буюу 24 мянга гаруй ам.доллароос эхлэхийг компани мэдээлсэн байна.