- Business newsletter
- Posts
- 2023/09/20
2023/09/20
Гурван өгүүлбэрээр
"Moody's" үнэлгээний агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийг "B3" түвшин рүү ахиулжээ.
Монгол Улсад цахилгаан автомашины тоог гурван жилийн дотор 30 дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Дизель түлшний үнэ огцом өсөж, улс орнууд аж үйлдвэрлэл, ачаа тээврээ хөдөлгөх түлшний хомсдолд орох эрсдэл үүсээд байна
Шуурганы дараа
“Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг сүүлийн өдрүүдэд үнэлгээний хоёр том агентлагаас ахиулаад байна. Өндөр чанарын коксжих нүүрс олборлогч, экспортлогч тус компанийн үнэлгээ сайжрах, буурахад цаашид нөлөөлөх хүчин зүйлсийг багцлан хүргэе.
Төлөв тогтвортой
Компани хуучин бондоо арилжих саналаа амжилттай гүйцэлдүүлж, мөн шинэ бондоо гаргасны дараахан “Fitch Ratings” агентлаг урт хугацааны зээлжих зэрэглэлийг нь "B" ангилалд ахиулан тогтоосон юм. Тэгвэл өчигдөр "Moody's"-ээс мөн зэрэглэлийг нь бууруулж болзошгүй ангиллаас "B3" түвшин рүү ахиулжээ.
Түүнчлэн хоёр агентлаг хоёул MMC-ийн төлөвийг “Тогтвортой” болгосны зэрэгцээ 2026 оны есдүгээр сард дуусах шинээр гаргасан бондынх нь зэрэглэлийг "B" болон "B3" түвшинд үнэлсэн байна.
MMC-ийн хувьд энэ оны эхний хагаст үйл ажиллагаагаа сэргээж, 4.9 сая тонн нүүрс борлуулж, 517 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 385 хувийн өсөлт болсон байна.
Эрсдэл буурсан
Хуучин бондоо амжилттай арилжсан нь тус компанийн хөрвөх чадвар, зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлжээ. 2024 онд хугацаа нь дуусахаар байгаа тус бондын үндсэн төлбөр долоодугаар сарын эцсийн байдлаар 350 сая ам.доллар байв. Харин бондоо хөрвүүлэх санал нь биелснээр үндсэн төлбөр 84 сая ам.доллар болж буурсан бөгөөд компанийн бэлэн мөнгөний баланс уг төлбөрийг бүрэн барагдуулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хангалттай болсныг хоёр агентлаг онцолсон байна.
“Fitch”-ийн тооцоолсноор 2023 онд MMC-ийн борлуулах нийт нүүрсний хэмжээ нь 8.5 сая тонн давах бол “Moody’s”-ийн зүгээс компанийн нүүрстэй холбоотой бүх үйл ажиллагаа үнийн өндөр хэлбэлзлийг үл харгалзан тогтвортой байх төлөвтэй гэж үзсэнийг тус агентлагийн Дэд ерөнхийлөгч Шон Шион мэдээлжээ.
Сөрөг нөлөөлөл
MMC-ийн зэрэглэлийг бууруулахад хүргэж болзошгүй гол эрсдэлүүдийг “Moody's” танилцуулахдаа санхүүгийн тогтворгүй бодлого, хөрвөх чадварын эрсдэлийг голчлон авч үзсэн байна. Мөн компанийн үйл ажиллагаа Монголд төвлөрсөн тул Монгол Улсын ЗГ-ын зэрэглэл буурах тохиолдолд энэ нь MMC-ийн зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэж мэдэгджээ. Сүүлийн байдлаар Moody's-ийн зүгээс Монголын ЗГ-ын зэрэглэлийг "B3" буюу тогтвортой гэж дүгнэсэн юм.
Том зорилт
Монгол Улс 2026 он гэхэд 20 мянган цахилгаан авто машин хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьсныг ЗТХЯ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл одоогоор манай улсад бүртгэлтэй 709 цахилгаан автомашиныг гурван жилийн дотор 30 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Мөн дэд бүтцийн хувьд Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 1000 цэнэглэх станц байгуулах зорилт тавьжээ.
Alipay-д бүртгэгдэв
“Ant Group”-ийн цахим төлбөр тооцооны платформ болох “Alipay+” нэмж Азийн долоон компанийн цахим хэтэвчтэй хамтарч, БНХАУ руу төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр боллоо. Үүнд Монголын “Hipay”, Макаогийн “Mpay”, Сингапурын “Changi Pay” зэрэг цахим платформууд багтаж байна. Ингэснээр 56 улсад үйлчилгээ үзүүлдэг, 1.4 тэрбум хэрэглэгчтэй “Alipay+” үйлчилгээнд Азийн нийт 10 компанийн цахим хэтэвч бүртгэлтэй болж байгаа юм.
Намрын гол тайлангууд
Уул уурхай, олборлох салбарын сэргэлтийн нөлөөгөөр оны эхний найман сард аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 52.8 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд Монгол Улс гадаад зах зээлд 21.0 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 20.1 их наяд төгрөг нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байгаа аж.
Макро эдийн засгийн тооцооллууд 2023 онд:
Мөн энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувиар өсөхөөр байгаа аж. Харин хүнсний ногооны үйлдвэрлэл энэ жил 18.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг Засгийн газар онцолж байна.
Дизелийн хомсдол
Дэлхийн газрын тосны үйлдвэрүүд хангалттай хэмжээний дизель түлш боловсруулах хүчин чадал дутмаг байгаа нь тодорхой болсноор инфляцын шинэ фронт бий болж, улс орнууд аж үйлдвэрлэл, ачаа тээврийг хөдөлгөх түлшний хомсдолд орох эрсдэл үүсээд байна. Хэдийгээр газрын тосны фьючерс үнэ огцом өсөж, баррель нь 95 ам.доллар дөхөөд байгаа ч дизелийн өсөлттэй харьцуулахад энэ нь юу ч биш гэхээр байгаа юм.
Пүрэв гарагийн байдлаар АНУ-д дизелийн үнэ 140 ам.доллар давсан нь жилийн мөн үеийн хамгийн өндөр өсөлт болсон бол Европт зунаас хойш 60 хувиар өсөөд байгаа аж.
Ингээд зогсохгүй байдал улам муудаж болзошгүй байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийг тэргүүлдэг Саудын Араб болон ОХУ дизелийн агууламж өндөр түүхий газрын тосны гарцаа хоёул бууруулсны зэрэгцээ түлшний эрэлт өсөх хандлагатай байдаг оны сүүл үеийг өнгөртөл таналтаа үргэлжлүүлэхээ есдүгээр сарын 5-нд зарласан юм.
Ус агаар шиг IPO
Хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн цахим бизнес "Instacart"-ийн хувьцааны ханш нь арилжааны эхний өдрөө 12 хувиар огцом өссөнөөр дэлхий даяар IPO-уудын сэргэлтэд эрч нэмжээ. 2009 оны санхүүгийн хямралаас хойш IPO зах зээлд хамгийн удаан үргэлжилсэн "ган гачиг"-ийн дараа "Instacart" болон "Arm Holdings" хувьцаагаа нээлттэй арилжаалсан нь хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байсан дэмжлэгийг үзүүлж байна.
Эрэлтийн эерэг төлөв
“iPhone” гар утасны шинэ загваруудын урьдчилсан захиалга өнгөрсөн баасан гарагт дэлхийн 40 гаруй улсад эхлээд байгаа бөгөөд энэ сарын 22-ноос худалдаанд гарна. Гэхдээ үнэ нь 1,199 ам.доллароос эхлэх “iPhone 15 Pro Max” загварын эрэлт өндөр байгаатай холбоотойгоор "Apple" нийлүүлэлт эхлэх товыг нь 11 дүгээр сарын дунд үе хүртэл хойшлуулжээ. Үүнээс гадна “Apple”-ийн шинэ танилцуулсан бүтээгдэхүүнүүд тус компанийн үзүүлэлтүүдийг ирэх он хүртэл хангалттай сайн түвшинд хадгалах төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.
Neuralink-ийн ахиц
Илон Маскийн удирддаг, тархины суулгацын стартап “Neuralink” эмнэл зүйн туршилтад хамрагдах хүмүүсийг бүртгэж эхэлснээр шинжлэх ухааны уран зөгнөл мэт технологи хүн төрөлхтний дунд биеллээ олоход нэг алхам ойртлоо. Энэхүү туршилтад компани нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон, эсвэл Амиотроп хажуугийн склерозтой (ALS) өвчтөнүүдийг хамруулах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Хүмүүст техник төхөөрөмжийг оюун санаагаараа удирдах боломжийг олгох уг технологийн аюулгүй байдал, ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт хийхээр мөн төлөвлөснөө “Neuralink” онцолжээ.
Түүнчлэн энэхүү технологийг хөгжүүлэх болсон анхны зорилго нь “Хүмүүсийг компьютерын курсор эсвэл кейбордыг дан бодлоороо удирдах чадвартай болгох явдал” хэмээн дурдсан байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Якоб Стаусхолм: Литийн салбарт хэлцэл хийхийн оронд өөрсдөө шинэ орд илрүүлж, уурхай нээх нь илүү
ЭЗХАХБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа
“Fitch Ratings” дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө өсгөж, 2.5 хувь болгов
Онцлох чарт
Дэлхийн нийт өрийн хэмжээ 2023 оны эхний хагаст 10 их наяд ам.доллароор нэмэгдсэнээр хоёр жил гаруй хугацаанд буурч байсан дэлхийн эдийн засагт эзлэх хувь нь дахин дээш чиглэлтэй болсныг Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс мэдээллээ.
Өрийн хэмжээ 307 их наяд ам.доллар болж дээд түвшиндээ хүрээд байгаа бөгөөд ялангуяа өнгөрсөн арван жилийн хугацаанд 100 их наяд ам. доллароор өссөнийг тус байгууллага мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. Сүүлийн байдлаар АНУ, Япон, Их Британи, Франц улсууд өрийн хэмжээгээр тэргүүлж байна.