- Business newsletter
- Posts
- 2023/09/19
2023/09/19
Гурван өгүүлбэрээр
Шинэ бонд гаргаад буй MMC-ийн зээлжих зэрэглэлийг “Fitch” агентлаг ахиуллаа.
Газрын тосны үнэ $100-д хүрэх эсэх нь биш, харин хэзээ $100-д хүрэх нь шинжээч, арилжаалагчдын анхаарлыг татаж байна.
Тулгамдсан асуудлууд нь жил бүрийн өвлийн босгон дээр яригддаг Монголын дулаан хангамжийн сүлжээг онцоллоо.
Хахир өвөл нэгээр дуусахгүй
Эрчим хүчний оргил ачаалал дээд түвшиндээ хүрч, дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажилласан өнгөрсөн өвлийн хүнд үе энэ өвөл биш юм аа гэхэд дахин тохиох эрсдэл бий. Эрчим хүчний найдвартай байдал, дулаан хангамжийн илүү үр ашигтай шийдэл, чиг хандлагын талаар энэ хэсэгт онцолж байна.
Арилдаггүй асуудлууд
Нүүрснээс бараг бүхэлдээ хамааралтай Монгол Улсын дулааны эрчим хүчний салбарт алдагдалтай ажиллагаа, хэт бага тарифф, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг нь тулгамдсан асуудал хэвээр байсаар олон жилийг үдэв. Хамгийн залуу нь 1983 онд баригдсан дулааны цахилгаан станцууд өдгөө Улаанбаатар хотын төвлөрсөн халаалтын системийн 98 хувийг хангаж байна.
Мөн нийслэлийн төвлөрсөн халаалтын сүлжээн дэх дулааны алдагдал 17 орчим хувь байгаа нь ойролцоо уур амьсгалтай хотуудад 6-9 хувь байдагтай харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) тайландаа дурджээ.
Өвөлд бэлэн үү?
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 84.6 хувьтай байгаагаас дулаан хангамжийн бэлтгэл 89.3 хувьд хүрснийг есдүгээр сарын эхээр Нийслэлийн Засаг дарга мэдээлж байв. Зөвхөн өнгөрсөн өвөл дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оноосоо 8.5 хувиар нэмэгдэж, 16.3 сая гкал болсон үзүүлэлттэй байна.
Сэргээгдэхийн боломж
Нүүрснээс урт хугацаандаа татгалзах томоохон сорилтыг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөөрөө давах бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Нартай өдрийн тоо жилд дунджаар 270-300, нарны эрчим хүчний боломжит нөөц жилд 4,774 тераватт/цаг гэх мэт тооцооллууд нь Монголд нарны зайн төвлөрсөн халаалтын системийг нутагшуулах бололцоо сайтайг харуулж байна.
Түүнчлэн газрын гүний дулааны судалгаа, тооцоолол хэдий хангалттай бус ч манай улсад байгалийн халуун рашааны тархац өндөрт тооцогддог. Газрын гүний дулааны төслийн анхны хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж чадвал бараг ямар ч өртөггүйгээр сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтойг Исланд улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Торир Ибсен онцолж байв.
IRENA-аас нийслэлийн халаалтын системийн харьцуулсан үнэлгээг гаргасан тайландаа 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашигласан тохиолдолд эрчим хүчний хэрэглээ 2020 онтой харьцуулахад 55 хувиар буурна хэмээн тооцоолжээ.
Байр суурь
"Өмнө нь финтек компаниуд харилцагчдаа зөвхөн өөрийн гаргасан бүтээгдэхүүнийг л санал болгодог байсан. Харин одоо машин сургалт, хиймэл оюун ашиглан харилцагч бүрийг үнэлж, зан төлөвийг нь тодорхойлж, түүн дээрээ суурилан дараагийн бүтээгдэхүүнээ гаргаж байна. Нэг бүтээгдэхүүнийг 500 мянган харилцагчид санал болгодог байсан бол одоо 500 мянган өөр бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн үг. Товчхондоо финтек компаниуд хиймэл оюунд суурилан хэрэглэгч бүрд тохирсон бүтээгдэхүүнүүд санал болгож эхэлж байна" хэмээн Монголын финтекийн холбооны Гүйцэтгэх захирал Ц.Бямбасүрэн “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Зэрэглэл ахив
"Fitch Ratings" агентлаг Хонгконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй "Mongolian Mining Corporation"-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" ангилалд тогтоолоо. Өнгөрсөн сарын сүүлээр тус компанийн төлөвийг "Rating watch negative" буюу зэрэглэлийг бууруулж болзошгүй ангилалд оруулаад байсан бол ийнхүү "тогтвортой" болгож ахиулсан байна.
Түүнчлэн компанийн 2026 оны есдүгээр сард дуусах шинээр гаргасан бондын зэрэглэлийг мөн "B" түвшинд үнэлжээ. MMC-ийн хуучин бондоо арилжих үйл ажиллагаа амжилттай болсон нь компанийн хөрвөх чадвар болон зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлсөн гэж үзсэн байна.
Тэлэлт үргэлжилнэ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар өссөнийг ҮСХ мэдээлэв. Харин зарлага 12.79 их наяд төгрөг болсноор төсвийн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Хэдийгээр 2023 оны эхний найман сард төсвийн тэнцэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин ашигтай гарсан ч аравдугаар сараас Төрийн зарим албан хаагчдын цалин нэмэгдэж буй тул төсвийн тэлэлт үргэлжлэхээр байгааг эдийн засагчид болон Монголбанк анхааруулж байна.
Лиценз сунгалт
“Silver Elephant” компани Монгол дахь Улаан-Овоо нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа дахин сэргээхээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө сунгажээ. Компани тус уурхайг 100 хувь эзэмшдэг бөгөөд 2007 оноос хойш лицензийг нь эзэмшиж байгаа юм. 2022 оны 12 дугаар сараас 2023 оны тавдугаар сар хүртэл Улаан-Овоо уурхайгаас Эрээн боомтоор 18.8 мянган тонн нүүрс БНХАУ руу экспортолжээ.
Хүнийхээс өөрийнх нь илүү
"Rio Tinto" литийн "дорвитой" үйлдвэрлэгч болохоор зорьж буй ч өнөө цагт бусад уул уурхайн компаниудын адил хэлцэл хийхийн оронд өөрсдөө шинэ орд илрүүлж, уурхайгаа байгуулахыг илүүд үзэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгджээ.
“Бид өөрсдийн төслийг хөгжүүлж, байгаа боломжоо ашиглахыг илүүд үзэж байгаа. Литийн компаниуд одоо маш үнэтэй байна. Бид үүнийг илүү хямд арга замаар хийж чадна гэдэгт итгэж болно" гэж Стаусхолм “Bloomberg”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
"Rio Tinto" Аргентинд 825 сая ам.доллараар литийн уурхай аль хэдийн худалдаж аваад байгаа. Харин Сербид литийн үндсэн төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн жил олон мянган жагсагч гудамжинд гарч эсэргүүцсэний дараа тус улсын ЗГ-аас бүтээн байгуулалтыг нь зогсоосон юм.
$100 давах нь баттай
Брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар баррель нь 95 ам.долларт хаагдсаны дараагаар газрын тосны үнэ 100 ам.долларт хүрэх эсэх нь бус, харин хэзээ 100 ам.долларын босгыг давах нь шинжээч, арилжаалагчдын гол ярианы сэдэв болоод байна. “Өсөлтийн чиглэлд явж байгаа нь баттай” хэмээн энэ талаар “Chevron” компанийн Гүйцэтгэх захирал Майк Вирт онцлоод, эдийн засгийн байдал энэ хэмжээний үнийн өсөлтийг тэсвэрлэж чадна гэж тооцоолж буйгаа дурджээ.
Тансаглалын дээд
Үл хөдлөх хөрөнгийн магнат Жеффри Соффер энэ мөчийг 23 жил хүлээжээ. АНУ-ын Флорида мужид төвлөрдөг төсөл хөгжүүлэгч тэрбээр 12 дугаар сарын 13-нд Лас Вегас хотод 3.7 тэрбум ам.долларын өртгөөр боссон шинэхэн зочид буудал, амралтын газрын цогцолбороо нээх гэж байна. Тус цогцолбор долоон усан бассейн, 36 ресторан, уушийн газартайгаас гадна хамгийн дээд давхартаа тэнгэрийн хаяаг тольдох хувийн клубтэй аж.
“Fontainebleau Las Vegas” хэмээх 67 давхар уг цогцолбор Невада муждаа хамгийн өндөр барилга болж буй. Мөн Швейцарын уран бүтээлч Урс Фишерийн 14 метр өндөр хөшөө үүдний танхимд нь сүндэрлэсэн аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Хүүхдүүдээ Харвардад оруулах хүсэлтэй чинээлэг эцэг, эхчүүд $750 мянгаар зөвлөх үйлчилгээ авч байна
Үхлийн аюултай “Nipah” вирус Энэтхэгт дахин дэгдэж байна
Эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр үзүүлэлттэй байна
Онцлох чарт
“Goldman Sachs”-ийн шинжээчид Японы хувьцаануудын ханшийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүллээ. Ирэх саруудад иений ханш төдийлөн өөрчлөгдөхгүй, тогтвортой байна гэж үзсэн нь үүнд голчлон нөлөөлжээ. Тус улсын эдийн засаг харьцангуй тогтвортой байх төлөвтэй холбоотойгоор “Topix” индексэд бүртгэлтэй компаниудын нэгж хувьцаанд ногдох ашгиийн өсөлтийг 12 хувьд байна гэж тооцсон байна.