2023/09/18

Гурван өгүүлбэрээр

  1. Монголбанк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

  2. АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийг монополын хэргээр шүүхэд өгсөн нь тус компанийг дотроо задрахад ч хүргэж болзошгүй болгов.

  3. 2035 он гэхэд эрэлт нь хоёр дахин нэмэгдэхээр байгаа зэсийн зах зээлийн өнгө энэ онд хэр байна вэ?

Улаан металл, ногоон ирээдүй

Монголын хөрөнгийн биржид мөнгө, зэсийг дуудлага худалдааны системээр арилжаалж эхлэхээр бэлдэж буйг ЗГ мэдээлсэн. Тэгвэл “S&P Global”-ийн тооцоолсноор 2035 он гэхэд эрэлт нь хоёр дахин нэмэгдэхээр байгаа зэсийн зах зээлийн өнгө энэ онд хэр байгааг харцгаая.

Эсрэгцсэн нөлөөллүүд

Ам.долларын чангарал, БНХАУ-ын Төв банкны эдийн засгаа дэмжих арга хэмжээ зэрэгцсэнээр зэсийн үнэ сүүлийн байдлаар харьцангуй тогтворжоод байна. Тодруулбал БНХАУ-ын Ардын банк арилжааны ихэнх банкнуудын заавал байлгах хөрөнгийн харьцааг 25 суурь нэгжээр бууруулах шийдвэр гаргасны дараа зэсийн фьючерс үнэ 0.1 хувиар унаж, тонн нь 8,407 ам.доллар болжээ.

Юань ам.долларын эсрэг суларч байгаа тал дээр Бээжингийн эрх баригчид ямар арга хэмжээ авах эсэхэд арилжаалагчид анхаарал хандуулж байна. Дотоодын мөнгөн тэмдэгт чанга байснаар тус улсын арилжаалагч, үйлдвэрлэгчдийн хувьд импортын өртөг багасах юм. Энэ онд рекорд доод түвшиндээ дөхөөд эргэн сэргэсэн юанийн ханштай зэсийн үнэ ихэвчлэн эерэг корреляцтай байдаг.

Нөөц дээд цэгтээ

Дэлхийн хамгийн том металлын бирж болох Лондоны металлын бирж дээр зэсийн агуулахын нөөц өнгөрсөн лхагва гарагт 5.7 хувиар өсөж, бараг хоёр жилийн хамгийн дээд цэгтээ хүрсэн нь тус металлын эрэлт саарч буйн баталгааг нэмэгдүүлжээ. Дөнгөж гурван сарын өмнө зэсийн нөөц мөн хоёр жилийн доод түвшиндээ хүрч хумигдаж байснаас үзвэл энэ нь нэлээд огцом өөрчлөлт болж байна.

Хятадын эрэлт сэргэж, ногоон технологийн хэрэглээ нэмэгдэж, нийлүүлэлт бага түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэйгээр энэ онд зэсийн үнэд ихээхэн найдлага тавьж байсан арилжаалагчдын хувьд одоогоор тийм ч сэтгэл хангалуун бус байгаа.

Codelco-ийн барцад

Гарц нь эрс буурч, олборлолтын зардал нь нэмэгдэж, төслүүдэд нь саатал гарсантай зэрэгцэн өр нь хуримтлагдсаар буйн улмаас дэлхийн зэсийн хамгийн том ханган нийлүүлэгч “Codelco” одоогийн зээлжих зэрэглэлээ алдах эрсдэлтэй тулгараад байна. Чилийн төрийн өмчит тус компанийн 19 тэрбум ам.доллароор хэмжигдэх нийт өр ирэх дөрвөн жилд 30 тэрбум болж өсөх боломжтойг “Cesco” судалгааны агентлаг тооцоолжээ.

Энэ бүгдээс шалтгаалан тус компани 2023 оны олборлолтын зорилтоо 25 жилийн доод түвшинд хүргэн бууруулаад байгаа бол “BHP” , “Freeport-McMoRan” гэсэн өрсөлдөгчид нь салбарын тэргүүлэгчийн байр суурийг нь авахаар хөдөлж эхэлжээ.

BHP саяхан Австралийн олборлогч “OZ Minerals”-ийг худалдан авсны зэрэгцээ өнгөрсөн улиралд “Codelco”-оос илүү хэмжээний олборлолт хийсэн аж. Тэгвэл өөр нэгэн аварга “Rio Tinto” Перу улс дахь “La Granja” зэсийн төслийнхөө 55 хувийг Канадын “First Quantum” компанид 105 сая ам.долларын дүн бүхий хэлцлээр худалдаад байгаа юм.

Байр суурь

"Эрчим хүчний системийн онцлог, нөхцөл шаардлагатай холбоотойгоор Сайншанд салхин парк зарим үед бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Тухайлбал зуны бага ачааллын үед эрчим хүчний хэрэглээ буурдаг тул шөнийн цагуудад бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж байхгүй. Хоёрдугаарт бодлого тогтворгүй, сайд солигдох бүрд бодлого нь өөрчлөгддөг, залгамж халаа үлддэггүй нь гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжүүлэхэд томоохон сорилт болж байна.

Бид энэ төслийг хөгжүүлсэн туршлагаас харахад Монголын говийн бүс салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд тун таатай орчин. Манай станц сүүлийн таван жилийн хугацаанд хүйтэн цаг агаараас болж ганцхан удаа зогсолт хийсэн" хэмээн “Сайншанд салхин парк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Мягмардорж “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.

Дахин хэвээр хадгалав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Төсвийн тодотголын нөлөө эдийн засагт бүрэн гүйцэд илрээгүй, мөн нөлөөлөл нь хаана саармагжих нь тодорхойгүй байгаа учраас бодлогын хүүгээ хэвээр хадгалж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв.

Хэдийгээр цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэх боловч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг Монголбанк онцолсон юм.

Шинэ терминал

Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын нэгдүгээр хэсэг болох ачаа тээврийн терминал 10 дугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орохоор болсон байна. Боомтын шинэчлэлийг бүрэн хийснээр Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцжээ.

Нэг алхам ойртов

"Jade Gas" компани "Улаан нуур" талбайд 105 км талбайтай газрыг хамрах хоёр хэмжээст чичирхийллийн судалгааг амжилттай гүйцэтгэснээ мэдээллээ. Цуглуулсан дата мэдээллийг боловсруулах ажлыг “Earth Signal” компани хариуцах бөгөөд энэ нь төслийн туршилтыг эхлүүлэхэд шаардлагатай мэдээллийг эцэслэхэд түлхэц болно гэдгийг компанийн зүгээс онцолжээ. "Jade Gas" Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилтын үйлдвэрлэлээ эхлэхэд ойртсоноо зарлаад байгаа.

Хайлтын системийн монопол

Цахим орчин дахь хайлтын бараг 90 хувийг "Google"-ийн хайлтын систем хянадаг. АНУ-ын Засгийн газар “Google” компанийг хайлтын системийн зах зээл дэх монопол байдлаа хадгалж үлдэхийн тулд олон тэрбум ам.доллар төлсөн гэж буруутгаад байгаа юм. Улмаар АНУ-ын Хууль зүйн яам болон мужийн ерөнхий прокурорууд “Google”-ийг монополын хэргээр шүүхэд өгсөн нь 25 жилийн түүхтэй тус компанийг дотроо задрахад ч хүргэж болзошгүй болоод байна.

Эвлэрэх шаардлага

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Мальтад уулзахдаа хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн уулзах товын талаар хэлэлцсэн байна. Хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар 11 дүгээр сард зохиогдох APEC-ийн чуулга уулзалтын үеэр уулзах нь тодорхой болжээ.

Хоёр улсын аль аль нь одоо харилцаа холбоогоо бэхжүүлэх сонирхолтой байгаа юм. Учир нь БНХАУ-ын удирдагчид Хятадын эдийн засгийн удаашралыг арилгахад төвлөрч байгаа бол АНУ-д 2024 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна.

Бондоос илүү

Яг одоогоор бэлэн мөнгө бондоос илүү зөв сонголт болно гэж “Bridgewater Associates”-ийн Үүсгэн байгуулагч, алдарт хөрөнгө оруулагч Рэй Далио үзэж байна. Сингапурт болсон 10 дахь удаагийн “Milken Institute Asia Summit” чуулга уулзалтад оролцох үедээ тэрбээр макро хөрөнгө оруулалтын өнөөгийн орчны тухай асуултад "Бонд гэх мэт өрийн хэрэгсэл эзэмшмээргүй байгаа. Яг одоогийн байдлаар бэлэн мөнгө илүү дээр гэж бодож байна” хэмээгээд бонд нь урт хугацаандаа сайн хөрөнгө оруулалт биш гэж үздэгээ илэрхийлжээ.

$750 мянгын бэлтгэл анги

Хэзээ нэг өдөр эцэг эх бүр Кристофер Римд нэг ижил асуулт тавьдаг болно: Хүүхдээ Харвард юм уу Иелийн их сургуульд оруулахад ямар үнэтэй вэ? Түүний хариулт: 750 мянган ам.доллар.

Энэ бол 7-р ангиасаа эхлэн их сургуульд элсэх бэлтгэлээ хангах хүсэлтэй хүүхдэд өгөх Римийн зөвлөгөөний хөлс бөгөөд тэрбээр “Ivy League”-ийн сургуулиудад хүссэн ангидаа орох чадварт сургах юм. Төлбөрийн хэмжээ нь тухайн найман элит сургуулийн аль нэгт элсэн орж суралцахаас хоёр дахин өндөр үнэ аж.

Гэхдээ төлбөрийн чадамжтай эцэг эхчүүдэд Рим болон түүний Нью-Йоркт төвтэй “Command Education” компанийн ажилтнууд дээд зэрэглэлийн тусгай үйлчилгээгээр их сургуульд нь бэлтгэх аж. Хэрэв онц сурлагатан байвал “менторууд” тэднийг улам ахиулж, хичээлдээ хоцорсон байвал шаардлага тавина. Түүнчлэн B+ эсвэл A- дүнтэй сурагчдыг нэмж сайжруулан, хичээлээс гадуурх үйл ажиллагааг ч төлөвлөж, ахлах ангийн түвшний CV-ийг “Princeton” Их сургуулийн хэмжээнд хүргэнэ гэжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт