- Business newsletter
- Posts
- 2023/09/15
2023/09/15
Гурван өгүүлбэрээр
“Ондо” компанийн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу гэж үзэв.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Хятадын гол түлш болох эрчим хүчний нүүрсний зах зээлийн төлөв ямар байгааг онцоллоо.
“Arm” компани энэ оны хамгийн том IPO-г хийж, 4.87 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсний дараа хувьцааны ханш нь 25 хувиар өслөө.
Нүүрсэнд “цадсан” Хятад
Өнгөрсөн оны өдийд БНХАУ-д ган болж, усан цахилгаан станцуудын ажиллагаа тасалдсанаар эрчим хүчний нүүрсний үнэ эрчимтэй өсөж байв. Тэгвэл яг нэг жилийн дараа, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Хятадын гол түлшний зах зээл хэрхэн өөрчлөгдөж буйг, мөн цаашдын төлөвийг нь багцлан хүргэж байна.
Зах зээлийн өнгө
Өмнөх оны ган гачгаас авсан сургамж, мөн цар тахлын хатуу бодлогоо зогсоосноор эрэлт огцом өснө хэмээн болгоомжилж Бээжингээс олборлогчид, импортлогчдод хангалттай гэхэд багадахуйц хэмжээний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгосон нь эрчим хүчний нүүрсний зах зээлийн сүүлийн нэг жилийн өнгийг тодорхойллоо. Сүүлийн хэдэн долоо хоногт нүүрсний үнийн хөдөлгөөн харьцангуй тайван, бага зэргийн өсөлттэй байсан бөгөөд есдүгээр сарын 14-ний байдлаар Хятадын хойд боомтуудад 5,500 ккалын жишиг нүүрсний үнэ тонн нь 900-920 юаниар зарагдсаныг “Sxcoal” мэдээлэв.
Нүүрсний импорт болон дотоодын олборлолтын хэмжээ аль аль нь рекорд түвшиндээ хүрч, зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн байдалтайгаар тус улс эрэлт оргил түвшиндээ хүрдэг хүйтний улиралтай золгож байна. Ерөнхийдөө намрын улиралд үйлдвэрлэлийн салбарт нь нүүрсний эрэлт нэмэгддэг бол энэ оны хувьд нийлүүлэгчдэд мөнхүү таатай байдал үүсэх шинж тэмдэг цөөн байгаа аж.
Цаг агаарын эрсдэл
“Daiwa Capital Markets” болон “Morgan Stanley”-ийн шинжээчид Хятад улсад хэрэглээ сул байгаа нь нүүрсний үнийн цаашдын өсөлтийг хязгаарлана гэж үзэж байна. Гэхдээ сүүлийн үед давтамж нь нэмэгдэх болсон цаг агаарын ноцтой үзэгдэл дахин гарлаа гэхэд зах зээлийн төсөөлөл орвонгоороо эргэх юм. Үүнээс гадна салбарын өөр нэг шүдний өвчин нь уурхайн ослууд болоод буй. Өнгөрсөн сард Шэньси мужид 11 хүний аминд хүрсэн ослын дараа компаниудын зохицуулалт дахин чангарч, үр дүн нь наймдугаар сарын олборлолтын мэдээгээр гарч байв.
Импорт ба боомтууд
“Citigroup”-ийн үзсэнээр байгалийн хийн үнийн өсөлтийг дагаад дэлхий дахинд нүүрсний үнэ өсөж магадгүй аж. Түүнчлэн юанийн ханш сул байгаа нь Хятад руу нүүрс экспортлох сонирхолд сөргөөр нөлөөлнө гэжээ. Тус улсын эрчим хүчний нүүрсний гол нийлүүлэгч нь Индонез хэвээр бол импортын хоригоос гараад удаагүй байгаа Австралийн нүүрсний нийлүүлэлт дөрөвдүгээр сараас хойш сар бүр тогтмол 5 сая тонн орчимд хадгалагдаж байна.
Харин Монголын хувьд энэ онд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын бараг тал хувийг бүрдүүлж байгаа ч эрчим хүчний нүүрснийх нь импортын 1 орчим хувийг эзэлдэг хэвээр байна. Тэгвэл зүүн хилийн Бичигт, Хавирга боомтуудаар дамжуулан манай улсын одоо гаргаж буй экспортын дүнтэй ч дүйцэхүйц хэмжээний эрчим хүчний нүүрс худалдан авах сонирхол БНХАУ-д байгаа гэж “Big Mogul Coal & Energy” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх онцолж байсан юм.
Маргаан шийдэгдэв
Анхан шатны шүүхээр “Ондо” компанийн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу гэж үзэн, үүрэн холбооны гурван компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Тус компаниас мэдэгдэл хийхдээ үүрэн холбооны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд “Ондо”-той харилцан холболт хийх явцыг удаашруулж байгааг дурдсан байна.
Мөн “Ондо” орон нутагт үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаа бөгөөд Дархан, Эрдэнэт, Өмнөговь гэсэн дарааллаар сүлжээгээ тэлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Төлбөр тооцооны хүндрэл
Бизнес эрхлэгчдийн хувьд гадаадад олсон орлогоо хүлээн авах суваг сайн хөгжөөгүйн улмаас олон улсын төлбөр тооцооны үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байдаг. Иймд Монголбанкны зүгээс “Paypal”, “Stripe”, “Amazon Pay” зэрэг байгууллагатай хамтран ажиллах саналтай байгаа ч Монголын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, мөн энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр байдаг зэрэг хүндрэл учирч буйг онцолжээ.
Өр нэмэгдэв
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй нь I улирлаас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Өрийг бүтцээр нь авч үзвэл дотоодод гаргасан үнэт цаасны үлдэгдэл 22.5 хувиар өссөн бол гадаад өрнөөс мөн л үнэт цаас, зээлийн үлдэгдэл нэмэгджээ. Засгийн газар хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сард “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх 8.65 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргасан юм.
Оны IPO
“Arm” компани энэ оны хамгийн том IPO-г хийж, 4.87 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсний дараа хувьцааны ханш нь 25 хувиар өслөө. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээл нийтээрээ, мөн “Softbank” группийн Үүсгэн байгуулагч Масаёши Соны хөрөнгө өсөж байна.
90 хувийг нь “Softbank” эзэмшсэн хэвээр буй “Arm”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 63.59 ам.долларт хаагдсан. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 65 тэрбум ам.долларыг давжээ. Дашрамд дурдахад компани 700 гаруй сая ам.доллароор үнэлэгдэх хувьцаагаа “Apple”, “Intel”, “Nvidia”, “Samsung”, “TSMC” компаниудад зориулан хадгалаад байгаа юм.
Цикл өндөрлөх үү?
Пүрэв гарагт Европын Төв банк бодлогын хүүгээ 10 дахь удаагаа дараалан нэмэгдүүлж 4 хувь болгов. Эдийн засагчид болон хөрөнгө оруулагчид зээлийн хүүгийн энэ түвшинг одоогийн хатуу бодлогын циклийн оргил цэг гэж үзэж байгаа ч тус банкны Ерөнхийлөгч Кристин Лагард тийм гэж хараахан баталж чадахгүй болохоо илэрхийлжээ.
Австрали дахь хамтрал
Монголд байгалийн хийн болон цэвэр устөрөгчийн салбарт үйл ажиллагаа явуулдаг "Elixir Energy” компани Австралийн “Santos” групптэй мэдээлэл хуваалцах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд Австралийн Квинслэнд мужид байрлах зэрэгцээ хайгуулын талбайнуудынхаа мэдээллийг солилцохоор болсон байна. Тус мужийн Taroom Trough бүсэд “Elixir Energy” компани “ATP 2044”, “Santos” групп “ATP 2056” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.
Тэйлор Свифтийн сурвалжлагч
Тэйлор Свифтийн "Eras" аялан тоглолт нь баяр хөөр, зовлон шаналлаас авхуулаад "Morgan Stanley"-ийн тайлан, АНУ-ын Сенатын сонсгол гээд юм юм дагуулсан нэлээн том үйл явдал болж байна. Одоо бүр энэ тоглолтод зориулагдсан бүхэл бүтэн мэргэжил бий болжээ.
Медиа салбарын аварга "Gannett" компани өдгөө 33 настай алдарт дуучны дэлхий нийтийн соёл, хөгжмийн урлагт үзүүлж буй нөлөөг баримтжуулах "Тэйлор Свифтийн сурвалжлагч"-аар ажиллах хүсэлтэй хүмүүсийг "USA Today", "The Tennessean" сонинууддаа авахаар хайж байгааг мэдээлжээ.
Зайнаас ажиллах зохицуулалт бүхий тус ажлын байр нь цагийн 21.63 болон 50.87 ам.долларын цалинтай. Долоо хоногт 40 цаг ажиллалаа гэж үзвэл "Тэйлор Свифтийн сурвалжлагч" хамгийн ихдээ жилд 100 мянга гаруй ам.доллар олох боломжтой байна.
"Medeenomics" подкастын гурав дахь дугаараар "Тавантолгой" ХК-ийн маргаан дагуулсан тайланг онцоллоо. ЭНД дарж сонсоорой.
BloombergTV.mn танд санал болгож байна
Иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэж, бизнесийн зээл олголт сэргэж байна
Төгрөгийн хадгаламж VIII сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, валютынх 13.1 хувиар өслөө
Дэлхийн шилдэг бизнесийн сургуулийн эрэмбэд Стэнфорд ноёрхлоо хадгалж, Азийн сургуулиуд хүч түрэн орж ирэв
Онцлох чарт
Таваарын үнэ унаж, экспортын орлого нь суларснаар Индонезэд сүүлийн хоёр жилд анх удаа урсгал дансны тэнцэл нь алдагдалтай гарчээ. Үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтворжуулахын тулд тус улсын Төв банк богино хугацаатай бондууд арилжаалж, өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьсон нь рупигийн ханш энэ онд өсөлтөөрөө Азид тэргүүлэхэд түлхэц болсон байна.