- Business newsletter
- Posts
- 2023/09/14
2023/09/14
Гурван өгүүлбэрээр
Дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын эрэмбэд Стэнфорд ноёрхлоо хадгалж, Азийн сургуулиуд хүч түрэн орж ирэв.
“Jade Gas” нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилтын үйлдвэрлэлээ эхлэхэд ойртсоноо зарлав.
Тапан Мишра: Монгол 6.5 сая толгой үхэртэй. Тэгсэн атлаа Шинэ Зеланд болон ОХУ-аас хуурай сүү импортолж байна.
Топ бизнесийн сургуулиуд
“Bloomberg Businessweek”-ээс жил бүр тодруулдаг дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын 2023 оны эрэмбийг Стэнфордын Бизнесийн сургууль тав дахь жилдээ дараалан тэргүүлжээ. Оюутнууд, төгсөгчид, ажилтнуудын дунд явуулсан судалгаанд үндэслэн гаргадаг тус жагсаалтаас өөр онцлох зүйлс юу байсныг харцгаая.
Стэнфорд шилдэг нь хэвээр
Дэлхийн хэмжээнд 110 бизнесийн сургууль болон бизнесийн удирдлагын хөтөлбөрийг сургалтын чанар, хүрээлэл, карьерын боломж, ур чадварын хөгжүүлэлт зэрэг шалгууруудаар үнэлэхэд АНУ-д Стэнфорд, Европт SDA Боккони, Азид Хонгконгийн HKUST тус тус хамгийн өндөр оноо авсан байна.
Цахиурын хөндийн технологийн стартапууд, хөрөнгө оруулалтын компаниуд, энтрепренеруудтай холбоо харилцаатай байдал нь Стэнфордыг чиглэх сонирхлыг нэмэгдүүлжээ. Ялангуяа хувийн бизнесээ эхлүүлэхээр нухацтай ажиллаж буй оюутнуудад зориулсан хэд хэдэн тусгай хөтөлбөр санал болгодог нь ихээр нөлөөлж байна.
Тренд шилжилт
Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт бизнесийн бараг бүх сургуулиудад чухал сэдэв болж, үүнийг дагаад шинжлэх ухаан, шинэ технологийн хичээлүүд, салбар хоорондын хөтөлбөрүүд ихээр нэвтэрч буйг “Businessweek” онцолжээ. Сургалтын хөтөлбөр ийнхүү баяжиж байгаа нь ирэх жилүүдэд бизнесийн удирдлагаар төгсөгчдийн мэргэжил сонголт бас өөрчлөгдөхийн дохио болж байна.
Ирээдүй хаашаа?
Санхүүгийн салбарт, тэр дундаа зөвлөх үйлчилгээний компаниудад цомхотгол газар авсан нь 2023 онд бизнесийн удирдлагаар төгсөгчдийн ажлын байрны боломжийг бууруулж байна. Гэхдээ бизнесийн сургуулийн удирдагчдын хэлж байгаагаар өнөөгийн бизнесийн манлайлагчийн хэв маяг хувьсан өөрчлөгдөж буйг даган мэргэшлийн шинэ талбарууд цаашид олноор гарч ирж, шинэ ажлын байрууд ч эрчимтэй бий болсоор байх аж.
2023-24 оны жагсаалтад онцолсноор бизнесийн удирдлагын магиструудын төгсөөд ажилд орж буй топ гурван салбар нь зөвлөх үйлчилгээ, санхүү болон технологи байжээ.
Азийн сургуулиуд
Ази, Номхон далайн бүсийн шилдэг бизнесийн сургуулиудыг эрэмбэлэхэд Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (HKUST) тэргүүлж, дараагаар нь Хятадын болон Энэтхэгийн тус тус хоёр сургууль жагссан байна. HKUST төгсөгчдийн санхүүгийн салбарт авах цалин жилийн 79 мянган ам.доллароос эхлэх бол Шанхайн Санхүү, эдийн засгийн их сургуульд 60 мянган ам.доллар гэж тооцоолжээ.
Жагсаалтаас харвал Хойд Америк, Европын сургуулиудтай харьцуулахад төлбөр харьцангуй бага атлаа сургалтын чанарын эрэмбээр төдийлөн дутахгүй байгаа нь Азийн бизнесийн сургуулиудын давуу тал болж байна.
Байр суурь
“Монголын малын тоо толгой их ч түүнээс хүртэх ашиг шим нь бага байна. Монгол 6.5 сая толгой үхэртэй. Тэгсэн атлаа Шинэ Зеланд болон ОХУ-аас хуурай сүү импортолж байна. Түүнчлэн байгаа бүх малаасаа ашиг шим хүртдэг баймаар байна. Сайн чанарын ноос ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн гаргамаар байна. Тэгэхээр бид чанарыг өсгөхийн төлөө ажиллах хэрэгтэй. Шинэлэг, бүтээлч шийдлүүдийг олж, шинжлэх ухаан, технологи, инновацаар малчдынхаа ахуй амьдрал, мал маллах арга барилыг дээшлүүлэн тогтвортой хөгжлийг дэмжих хэрэгтэй” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцлов.
Эргэн төлөлт
“Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Chalco” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулснаа мэдээлэв. Тус компани 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд “Chalco” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан аж.
Үйлдвэрлэл тун удахгүй
“Jade Gas” компани Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилтын үйлдвэрлэлээ эхлэхэд ойртсоноо зарлалаа. Тус хөтөлбөрийн сүүлийн цооног болох “Улаан нуур-15”-ыг наймдугаар сарын 22-ны өдөр өрөмдөж эхэлсэн бөгөөд 524-551 метрийн гүнээс 25 метр зузаан хийтэй нүүрс илрүүлээд байгаа аж. Цаашид хөндлөн цооногуудаар илүү их хэмжээний хий илрүүлэх төлөвтэй байгааг компани тодотгож байв.
Оргил цэг ойртсоор
Дэлхийн хэмжээнд газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг шатах түлшний эрэлт 2030 он гэхэд бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд цаашид буурах тооцооллыг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг гаргалаа. Энэхүү тооцоолол нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал алхам болж буй ч дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих олон улсын зорилтод хүрэхээргүй байгааг онцолсон байна.
Нарны хавтан, цахилгаан автомашин зэрэг цэвэр эрчим хүчний технологийн эрчимжилт нь эрчим хүчний эх үүсвэрийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээр цэвэр эрчим хүчний инновацууд шатах түлшний ноёрхлыг аажмаар арилгах хүлээлттэй байна.
Энэ оны хамгийн том IPO
Дэлхийн хэмжээнд энэ оны хамгийн том IPO-г хийх хүлээлттэй байгаа “Arm” компани нэгж хувьцааны ханшаа 51 ам.доллароор санал болгохоор тогтсоноор татан төвлөрүүлэх хөрөнгө нь 4.87 тэрбум ам.долларт хүрээд байна. “Softbank”-ийн эзэмшдэг тус компанийн 95 сая ширхэг энгийн хувьцааг хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанд захиалах боломжтой. Хувьцааны арилжаа пүрэв гарагт эхлэх товтой байна.
Диплом хэрэггүй
Их Британид 2021-2022 онд мэргэжлийн зэрэг шаардахгүй гэсэн тодотголтой ажлын зарын тоо хоёр дахин нэмэгдсэнийг “LinkedIn”-ийн судалгаанаас харж болохоор байна. Өнгөрсөн наймдугаар сард тус улсын шилдэг 100 компаниас зарласан ажлын байруудын 90 хувьд мөн дээрх шаардлага байхгүй байсныг хүний нөөцийн “MHR” компани мэдээлжээ. Ур чадвар нэгт үү, диплом нэгт үү гэсэн энэ уралдаанд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн хувьслаас гадна Английн өөрийн нөхцөл байдал нөлөөлжээ.
1.6% нь шоронд
Эль Сальвадор улсын Ерөнхийлөгч Наяиб Букеле гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авч эхэлснээс хойш хоёр хүрэхгүй жилийн хугацаанд тус улсын шоронд хоригдож буй иргэдийн тоо гурав дахин өсөж, 100 мянга хүрчээ. 2022 оны гуравдугаар сараас хойш Эль Сальвадорын албаныхан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байж болзошгүй гэж үзсэн 72 мянга 600 хүнийг баривчлан хориод байгааг тус улсын Хууль зүй, нийтийн аюулгүй байдлын сайд Густаво Виллаторо мэдээлсэн байна.
Энэ нь Эль Сальвадор улс нийт 6.3 сая хүн амынхаа 1.6 хувийг шоронд хориод байгаа гэсэн үг юм. Хүний эрхийн төлөөх байгууллагууд тус улсын Ерөнхийлөгчийн улам авторитари шинжтэй болж буй шийдвэрүүдийг шүүмжилсээр ирсэн ч түүний кампанит ажил нь гэмт хэргийн гаралт эрс буурахад нөлөөлж, нэр хүнд нь ч сальвадорчуудын дунд ихээхэн өсжээ.
“Medeenomics” подкастын хоёр дахь дугаараар “Mongolian Mining Corporation”-ийн бондуудын талаарх мэдээллийг багцаллаа. ЭНД дарж сонсоорой. Шинэ дугаар өнөөдөр нийтлэгдэнэ.
BloombergTV.mn танд санал болгож байна
АХБ Монголын баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх чиглэлд $150 саяын зээл олгоно
“Google” монопол байдлаа хадгалахын тулд жил бүр $10 тэрбумыг зарцуулдаг
Онцлох чарт
Хүнс болон эрчим хүчний үнийг хасаж тооцсон АНУ-ын наймдугаар сарын суурь инфляц өмнөх сараасаа 0.3 хувиар өссөн нь сүүлийн зургаан сарын анхны өсөлт болсон байна. Энэ нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхөө түр азнах ч хатуу бодлогоо сулруулахгүй гэсэн таамгийг бататгасан бол хувьцаа, бонд болон ам.долларын ханшийн хөдөлгөөнд дээрх тайлан тийм ч их нөлөөлсөнгүй.