2023/09/13

Гурван өгүүлбэрээр

  1. “Apple”-ийн шинээр танилцуулсан iPhone 15 Pro Max-ийн эхлэх үнэ $1,199.

  2. Газрын ховор элемент боловсруулах технологийн чиглэлд БНСУ Монгол Улсад 6.9 сая ам.долларын тусламж үзүүлнэ.

  3. ERD: “Баян хөндий” алтны төслийн анхан шатны ажлууд дуусах дөхөж, төслийн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эхлэхээр болсон.

Apple-тай өдөр

“Apple” компани мягмар гарагт “iPhone” утасны дөрвөн шинэ загвараа танилцууллаа. Удаашралд ороод буй ухаалаг утасны зах зээлд хэрэглэгчдийг эргэн татахын тулд тус компани ямар шинэчлэлүүд санал болгосныг харцгаая.

Эцэст нь USB-C

“iPhone 15”-ын энгийн хувилбарууд хар, шар, ягаан гэх мэт олон өнгийн хувилбартай гарч байгаа бол “Pro” хувилбаруудын их бие титан материалаар хийгдсэнээр илүү хөнгөн, бат бөх болжээ. Мөн “Apple” Европын Холбооны тавьсан шаардлагыг хүлээн авсан тул шинэ утаснуудаа анх удаа USB-C холболтын стандарттайгаар гаргасан юм.

48 мегапиксель

Шинэ iPhone-уудын онцлох өөрчлөлт нь арын камерын систем байв. “iPhone 15” болон “15 Plus”-ийн үндсэн линзийн нарийвчлалыг 12 мегапикселээс 48 мегапиксель болгон ахиулжээ. Харин “Pro” хувилбарууд нь компанийн “Vision Pro” төхөөрөмжид зориулагдсан 3D бичлэг хийх боломжтой болсны зэрэгцээ “Pro Max”-ийн камер нь дүрсийг 5 дахин татах дурантай болжээ.

Үнийн өөрчлөлт

Энгийн хувилбарууд ба “iPhone 15 Pro”-ийн үнэ хуучиндаа буюу 799 болон 999 ам.доллар хэвээр байх бол “Pro Max”-ийн үнэ 100 ам.доллароор нэмэгдэж 1,199 ам.доллар болсон байна.

Бусад бүтээгдэхүүн

Байгальд илүү ээлтэй материалаар хийгдсэнээс бусдаар төдийлөн том өөрчлөлтгүй шинэ “Apple Watch” цагнууд өчигдрийн арга хэмжээгээр мөн танилцуулагдав. Түүнчлэн “iPhone”-ийн шинэ үйлдлийн систем “iOS 17” есдүгээр сарын 18-нд гарахаар товлогджээ.

Хятад дахь саад

БНХАУ-ын Засгийн газрын агентлагууд, Төрийн өмчит компаниудад “iPhone” гар утасны ашиглалтыг хориглож эхэлсэн нь “Apple”-ийн хилийн чанад дахь хамгийн том зах зээл, үйлдвэрлэлийн гол баазад яггүй сорилт учруулаад байгаа. Шинэ бүтээгдэхүүнүүдийн дийлэнх онцлог өмнө нь мэдээлэгдсэн байсан тул хөрөнгө оруулагчдын хариу үйлдэл тийм ч хүчтэй байсангүй, компанийн хувьцааны ханш мягмар гарагт 1.8 хувиар унаж, 176.21 ам.доллар болжээ.

Байр суурь

“Өрхийн хэрэглээнд эрүүл тос түлхүү хэрэглэдэг болсон байна. Харамсалтай нь үйлчилгээний салбар, хоол хүнсний салбарт транс тосны хэрэглээ өндөр хэвээр байна. Хямд өртөгтэй тос транс тослог агуулсан байдгийг ойлгох хэрэгтэй. Үйлдвэрлэхдээ устөрөгч нэмдэг учраас тухайн тос нь өндөр хэмд тэсвэртэй болж, түүгээр үйлдвэрлэсэн маргарин, масло гэх мэт бүтээгдэхүүнүүд нь тасалгааны температурт хатуу төлөвтэй хэвээр байдаг гэх мэт давуу талтай болдог. Иймд хүнсний салбарт олон жил хэрэглэгдэж байна” хэмээн “Танан Экспресс Трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Түмэнбаяр “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Шинэ санхүүжилт

Монголд газрын ховор элемент боловсруулахад туслах технологиор хангах хүрээнд БНСУ 2027 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд есөн тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Харин Монгол Улсын хувьд энэ төсөлд нэг тэрбум воны өртөг бүхий газар, байгууламжаар хангахаар болсон байна. Ирэх 20 жилд эрэлт нь эрс өсөх төлөвтэй газрын ховор элементүүдийн нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 15-д багтдаг юм.

Хөгжүүлэлт бэлэн

“Баян хөндий” алтны төслийн анхан шатны ажлууд дуусах дөхөж, төслийн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эхлэхээр болсныг “Erdene Resource Development” компани мэдээллээ. Компани наймдугаар сарын 15-ны өдөр тус төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг танилцуулахдаа нийт 476,000 унц алт олборлох тооцоолол гаргасан нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болсон юм.

АмЧам-ын зөвлөмж

Эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд "AmCham Mongolia"-аас Засгийн газарт дараах зөвлөмжүүдийг хүргэжээ.

  • Төсвийн орлогыг төсвийн тогтворжуулалтын санд хадгалах байдлаар урт хугацааны хөрөнгө оруулалт хийх

  • Эдийн засгийн бусад салбаруудыг дэмжих чиглэлд зарцуулах

  • Төсвийн зарцуулалтыг ил тод тайлагнадаг байх

Үүнээс гадна өрсөлдөх чадвар өндөртэй салбар болох ноос, ноолуурын салбарт масс үйлдвэрлэл гэхээс илүүтэй нэмүү өртөг шингэсэн премиум үнэ бүхий ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зорилтот зах зээлд гаргах хэрэгтэй гэж үзэж буйг "AmCham Mongolia"-ийн Гүйцэтгэх захирал О.Адъяа хэлж байлаа.

Удаан, гэхдээ найдвартай

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар хувийн галт тэргээрээ Орост хүрэлцэн очоод байгаа. Түүний тансаг зэрэглэлийн галт тэрэг нь сум нэвтэрдэггүй, нийт 90 тасалгаатай бөгөөд Ким дэлбэрэлтээс хамгаалах төмөр хуяг бүхий тусгай тасалгаанд тухалдаг аж. Хэдий хамгийн хурдан унаа биш ч гэлээ БНАСАУ-ын дэглэмийн хамгийн аюулгүй унаанд тооцож, удирдагчид нь олон арван жилийн турш хөлөглөсөөр байна.

Дотор нь тохилог оффисын өрөө, тансаг зоог бэлтгэх танхим мөн бий. Түүнчлэн Кимийн сум нэвтэрдэггүй “Mercedes-Benz” лимузинийг тээвэрлэх тусгай хэсэг ч байгаа гэж хүмүүс ярьдаг аж.

Хомсдол ирнэ

Саудын Араб газрын тосны гарцаа үргэлжлүүлэн танаснаар ирэх улиралд дэлхийн газрын тосны зах зээл өдөрт 3 сая гаруй баррель нийлүүлэлтийн хомсдолд орох төлөвтэй боллоо. Энэ нь магадгүй сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь хамгийн том хомсдол болохоор байна. Тус улсын нийлүүлэлт багасахтай зэрэгцээд эрэлт дээд түвшинд хүрч, газрын тосны үнэ огцом өсөөд байна.

Gen-Z зогсохгүй

БНХАУ-д залуусын ажилгүйдлийн түвшин дээд түвшинд хүрч, ажил эрхлэлт буурсаар байна. Хэдий тийм боловч эдийн засгийн удаашралын үед Хятадын “Gen Z” үеийнхэн аялж, зугаацаж цэнгэхээ зогсоосонгүй. 1995 оноос хойш төрөгсдийн киноны тасалбар, гоо сайхны үйлчилгээ, уушийн газар, спортын тэмцээн уралдаан зэргүүдэд зарцуулах мөнгө энэ он гарсаар тогтмол өссөөр байгаа нь “Mintel” компанийн судалгаанаас харагджээ.

Мессигийн шинэ харш

Нүсэр үнийн дүн бүхий гэрээгээр АНУ-д тоглож буй хөлбөмбөгийн супер од Лионель Месси Өмнөд Флоридад далай руу харсан байршилтай тансаг харш 10.8 сая ам.доллароор худалдаж авч байгаа аж. Л.Мессигийн хөрөнгө оруулалтуудад менежментийн туслалцаа үзүүлдэг Алфонсо Небот Армисен гэх эрхмийн хамаарал бүхий компани тус худалдан авалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Флорида мужийн Форт Лаудердэйл хотын захад байх 975 м.кв талбайтай тус харш нь найман унтлагын өрөө, гурван гаражтай бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард 9 сая ам.долларын үнээр зарагдаж байжээ.

“Medeenomics” подкастын хоёр дахь дугаараар “Mongolian Mining Corporation”-ийн бондуудын талаарх мэдээллийг багцаллаа. ЭНД дарж сонсоорой.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Данийн эм үйлдвэрлэлийн “Novo Nordisk” компани таргалалтын эсрэг ”Ozempic”, “Wegovy” тарилгын эмүүдээрээ томоохон амжилтад хүрч, улмаар Европын хамгийн том компани болжээ.