- Business newsletter
- Posts
- 2023/09/12
2023/09/12
Гурван өгүүлбэрээр
Зах зээлд нүүрсний үнэ хямд байсан нь VIII сард БНХАУ-ын нүүрсний импорт шинэ дээд түвшинд хүрэхэд нөлөөлжээ.
Хүртээмж, хөгжлөөрөө бусад орноос төдийлөн хоцроогүй Монголын үүрэн холбооны салбарыг энэ дугаарт онцоллоо.
Энэ онд эдийн засаг нь 38 хувиар өсөж, бусад орныг хол хаяхаар байгаа Өмнөд Америкийн улстай танилц.

Дижитал шилжилт ба 5G
Монголд хэрэглээ, хүртээмж, хөгжил дэвшлээрээ бусад орноос төдийлөн хоцрохгүй байгаа цөөхөн салбаруудын нэг бол харилцаа холбооны салбар. Дижитал шилжилтийн дунд Монголын харилцаа холбоо, тэр дундаа үүрэн холбооны салбарт зонхилж буй тренд, голлох үзүүлэлтүүдийг онцолбол:
4 сая
Эхний хагас жилд тус салбарын орлого 985.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсөхөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого нэмэгдсэн нь гол жин дарсныг ҮСХ-ны тайлангаас харж болно. Харин үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчид давхардсан тоогоор 4.9 сая, интернэт хэрэглэгчдийн тоо 4.3 сая, мөн өнгөрсөн онд ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 4 сая болж өсжээ.
Өндөр хэрэглээ
2022 онд үүрэн холбооны LTE сүлжээнд нэг хэрэглэгч сард дунджаар 12.8 гигабайт дата хэрэглэсэн гэсэн тооцоог ХХЗХ-оос гаргаж байв. Тэгвэл энэ үзүүлэлт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад дунджаар 10.5 гбайт байгаа аж.
1990-ээд оны эхээр либерал бодлого явуулж, өрсөлдөөнийг чөлөөлсний үр дүнд өнөөдөр Монголын иргэн бүр ухаалаг утастай, интернетэд холбогдох боломжтой болж, утас эзэмших үнэ өртөг нь хамаагүй буурсан болохыг "Онч & Company"-ийн Үүсгэн байгуулагч Д.Ончинсүрэн онцолж байв.

5G юу болж байна
Монголын үүрэн холбооны оператор компаниуд энэ онд багтаан 5G технологийг нэвтрүүлэхээр дэд бүтэц, нэмэлт бааз станцуудаа идэвхтэй бэлдэж байна. Цахим хөгжил, харилцааны холбооны яамнаас мэдээлснээр энэ оны 11-12 дугаар сарын хооронд Дубай хотод болох Дэлхийн радио холбооны их хурлаар эцсийн хэлэлцүүлэг хийх хүртэл Монгол Улсад 5G технологи туршилтын шатандаа байх төлөвтэй аж.
Байр суурь
“Бидний найдаж байгаагаар намар, өвлийн хооронд Засгийн газар 5G сүлжээ нэвтрүүлэгчийн сонголтын явцыг зарлах шийдвэр гаргана гэж хүлээж байна. Монголд үнэндээ дата хэрэглээ саараагүй, өссөөр л байгаа. Ялангуяа орон нутагт өрхийн интернэт хязгаарлагдмал хэвээр байгаа учраас датаны эрэлт, хэрэгцээ цаашид ч өснө гэж бодож байна. Одоогоор манай нэг хэрэглэгчийн сарын дундаж дата хэрэглээ 15-16 GB байгаа нь Японыхоос 1.3-1.5 дахин өндөр байна” хэмээн “Мобиком Корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
Өвлийн бэлтгэл
Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил сүүлийн байдлаар 74 хувьтай явагдаж байгааг холбогдох яам нь мэдээлэв. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг БНХАУ, ОХУ-аас импортолж байгаа бөгөөд наймдугаар сарын эцсийн мэдээллээр нийт импортын 2.1 хувийг цахилгаан, эрчим хүчний импорт бүрдүүлжээ.
Зэс, нүүрсний зах зээлд
Ам.долларын ханш буурахтай зэрэгцээд зэсийн үнэ гурван долоо хоногийн доод цэгээсээ эргэн сэргэлээ. Өнгөрсөн долоо хоногт 3 орчим хувиар буурсан зэсийн үнэ тонн нь 8300 ам.доллар болж өсөхөд БНХАУ-д зэсийн эрэлт өсөх хүлээлт нэмэгдэж буй нь нөлөөлж байна. Гэхдээ тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт металлын эрэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэл хэвээр байгааг шинжээчид онцолжээ.
Тэгвэл БНХАУ-ын нүүрсний импорт наймдугаар сард шинэ дээд түвшинд хүрэхэд зах зээлд нүүрсний үнэ хямд байсан төдийгүй компаниудын худалдан авалт өндөр байсан нь нөлөөлжээ. “SXCoal”-ийн мэдээлснээр тухайн сард БНХАУ нийт 44.3 гаруй сая тонн нүүрс импортолсон нь өмнөх сараасаа 12.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 51 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Харин БНХАУ-ын Монгол Улсаас худалдан авч буй нүүрсний үнэ сүүлийн таван сар дараалан унасан бөгөөд цаашид ч буурах хандлагатай байгааг “Bloomberg”-ийн дата мэдээлэл харуулж байна.
38 хувийн өсөлттэй орон
Газрын тосны орлого нь огцом нэмэгдсэнээр Өмнөд Америкийн Гайана улсын эдийн засаг энэ онд 38 хувиар өсөхөөр байгааг ОУВС тооцоолжээ. Их хэмжээний нөөцтэй газрын тосны офшор ордуудад нь “Exxon Mobil” компани 2015 оноос өрөмдлөг хийж эхэлснээр сүүлийн таван жилийн хугацаанд Гайана улсын эдийн засаг дөрөв дахин тэлээд зогсохгүй энэ хурдацтай өсөлт нь цаашид багагүй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

800 мянга гаруй хүн амтай нь харьцуулбал тус улсын газрын тосны нөөц асар их бөгөөд удалгүй Кувейтийг гүйцэж, нэг хүнд ногдох түүхий газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч болох төсөөллүүд ч гараад байгаа аж. Англи хэлээр ярьдаг Өмнөд Америкийн ганц улс болох Гайана үндэсний баялгийн сан байгуулахаар хууль баталсан төдийгүй боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд зарцуулах төсвөө огцом нэмэгдүүлж байгааг ЗГ нь мэдээлжээ.
Сүүлийн раунд
Энэ долоо хоногт танилцуулагдах АНУ-ын хэрэглээний үнийн индекс бүхний анхаарлын төвд байгааг нэрт эдийн засагч Мохамед Эль-Эриан онцолжээ. Харин “сүүлийн раунд”-даа орж буй инфляцын эсрэг тэмцэл зах зээлийн илэрхийлж буй тоо баримтаас ч илүү төвөгтэй болж магадгүй байна. Харин JPMorgan-ий Гүйцэтгэх захирал Жэйми Даймон АНУ-ын хэрэглээ, бизнесүүдийн үзүүлэлт “давгүй сайн” хэвээр байгааг ярилцлагадаа дурджээ.
Урам хугарав
“Oracle” компанийн үүлэн технологийн борлуулалтын өсөлт хангалтгүй гарснаар тус компани болон дэлхийн технологийн салбарт тавьж байсан хөрөнгө оруулагчдын итгэл эргэн суларч байна. Компанийн хувьцааны ханш тус тайлан гарсны дараа 5 орчим хувиар унасан. Компьютер тооцооллын нөөц хүчин чадал ихээхэн шаарддаг хиймэл оюуны бүтээгдэхүүний өндөр эрэлт “Oracle” компанийн хувьцааны ханш өсөхөд ихээхэн нэмэр болно гэж хөрөнгө оруулагчид найдлага тавьж байсан юм.
11,000 жилийн ял
Ахлах сургуулиа хаяж, виртуал хөрөнгийн "Thodex" биржийг үүсгэн байгуулж байсан Фарук Фатих Озер БНТУ-ын шүүхээс 11,196 жилийн хорих ял сонсжээ. Тэрбээр 2021 онд уналтад орох хүртэл нь компаниа удирдсан бөгөөд улмаар дампуурсных нь дараа Албани руу зугтан гараад байсан юм. Шүүх хурлын үеэр Озер харамсаж гэмшсэн шинж үзүүлээгүй бөгөөд "Би дэлхий дээрх ямар ч байгууллагыг удирдахад хангалттай ухаалаг нэгэн" хэмээн өгүүлжээ.

"Thodex" дампуурснаар хөрөнгө оруулагчдын хүлээсэн нийт хохирлын хэмжээ одоогоор тодорхой бус хэвээр байна. Прокурорын яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 356 сая лира буюу 13 сая ам.доллар гэсэн бол Туркийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 2 тэрбум ам.доллар хүрэх ч боломжтой аж.

BloombergTV.mn танд санал болгож байна
Майк Бак: "Petro Matad" бүх ажлыг дангаараа хийж чадахгүй. Бусад компаниудыг мөн хайгуул хийгээсэй гэж хүсэж байна
Европын Комисс Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.8 хувь болгож буурууллаа
“Meta” цоо шинэ, илүү хүчирхэг хиймэл оюуны системээ ирэх онд танилцуулна
Онцлох чарт
“Apple”-ийн хувьд жилийн хамгийн чухал үе ирээд байна. Жил бүр зохион байгуулдаг “iPhone”-ийн танилцуулгын арга хэмжээ нь борлуулалтын нэн чухал цонх үеийн эхлэл болдог тул шинэ загваруудаараа хэрэглэгчдийг алмайруулж, хүлээлтийг нь биелүүлэх зайлшгүй шаардлагатай.
Тэгвэл энэ удаа компанийн хамгийн их ач холбогдол өгч буй шинэ бүтээгдэхүүн нь “iPhone 15 Pro” загвар болж байна. Калифорни мужийн Купертинод болох танилцуулгын арга хэмжээ өнөөдөр орон нутгийн цагаар 10:00 цагт эхэлнэ.
