- Business newsletter
- Posts
- 2023/09/11
2023/09/11
Гурван өгүүлбэрээр
МХБ-ээр төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжаа есдүгээр сарын 15-ны өдөр явагдана.
Монголбанк ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа нүүрсний экспортыг 40 сая тн байх төсөөлөл гаргажээ.
Жон Ленноны Patek Philippe брэндийн бугуйн цаг олон жилийн турш сураггүй байсны эцэст Женевээс олдсон байна.

Газрын тосны төслүүд
Оны эхний найман сард Монгол Улсын импортын нийт үнийн дүнгийн 21.1 хувийг газрын тосны бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлжээ. Тэгвэл эрчим хүчний бие даасан байдлыг сайжруулах бодлогын тэргүүн эгнээнд буй төслүүдийн явц хэр байна вэ?
Үйлдвэрийн бүтээн байгуулалт
Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 буюу дэд бүтцийн бэлтгэл ажил 92.4 хувьтай байгааг ЗГ сүүлд мэдээлэв. 2017 оноос БНЭУ-ын Экспорт, импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн тус төслийн зээлийн хэлэлцээрийг Сангийн яам саяхан шинэчлэн тохирч, зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгаад байгаа. Дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой гэж тооцоолж буй тус үйлдвэрийн сүүлийн багцын ажлыг эхлүүлэхэд ийнхүү бэлэн болжээ.
Petro Matad-ийн эргэн тойронд
Газрын зөвшөөрлийн асуудлаас шалтгаалж төслийн талбайн хөгжүүлэлт нь эхлэлгүй саатаад байсан “Petro Matad” компани эцэст нь энэ долоодугаар сард Засгийн газраас “Матад-XX” ашиглалтын бүсийнхээ ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Хэдий 2019 онд ордоо илрүүлсэн ч газрын тухай хууль тогтоомжийн хийдэл, зөрчлөөс шалтгаалж тус талбайн газрын зөвшөөрлийн асуудал шийдвэрлэгдээгүй удсаныг компани онцолж байв.

Харин долоодугаар сард хийсэн "Блок 5"-ийн "Velociraptor 1" цооногийн өрөмдлөг хүлээсэн үр дүнд хүрээгүй тул зогсоохоор болсон юм. "Яагаад энэхүү цооног бүтэлгүйтэж, нөөц илрээгүйн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Зөвхөн тухайн цооног л нөөцгүй байсныг тогтоож чадвал ойролцоо газар дараагийн цооногоо өрөмдөх нь тийм ч муу санаа биш" хэмээн компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак өгүүлж байв.
Нутгийн иргэд
Уул уурхайн үйл ажиллагаа бэлчээрт нь нөлөөлж буй малчид, орон нутгийн иргэдтэй "Petro Matad" холбогдож, санал нэгдэхэд ахиц гарч байгааг мэдээлж байна. Нөхөн төлбөр болон шинэ бэлчээрийн тал дээр малчидтай зөвшилцөөд байгааг компанийн Гүйцэтгэх захирал онцолсон юм.

Цаашдын төлөвлөгөө
Компани нүүрс устөрөгчийн хайгуулын хувьд өндөр потенциалтай гэж үзэж буй Монгол орны төвийн бүс нутагт хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр зорьж байна. “Онги V” талбайн үйл ажиллагааг цар тахлын үед түр зогсоосон байсан нь цуцлагдаж, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын хугацааг 2024 оны долоодугаар сар хүртэл сунгахаар тохиролцоод байгаа юм.
Ирэх оны чиглэл
Монголбанк ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа төсвийн орлого, зарлагын дээд хэмжээг 23 их наяд төгрөг, нүүрсний экспортыг 40 сая тонн байхаар төсөөлөл гаргажээ. Мөн Төв банкнаас инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргахтай холбоотой зорилтыг 2024 онд шинээр тусгасан байна.
Ипотек үргэлжлэв
Есдүгээр сарын нэгнээс эхлэн арилжааны банкнууд ипотекийн зээл олголтыг хэвийн үргэлжлүүлж буйг Монголбанк мэдээллээ. 2023 оны хоёрдугаар хагасаас Монголбанк ипотекийн хөтөлбөрөөс гарах зорилтын хүрээнд Засгийн газар, Төв банкны хамтарсан ажлын хэсэг гарч хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Тиймээс дээрх хөтөлбөрийг хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх хүртэл Монголбанк эх үүсвэрийг нь шийдвэрлээд явах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.
Түүхий эдийн бирж
МХБ-ээр төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжаа есдүгээр сарын 15-ны өдөр явагдахаар болжээ. Энэ хүрээнд “Монголросцветмет” ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн захиалгыг хүлээн аваад байгаа аж. Дараагаар нь мөнгө, зэсийг биржээр арилжихаас гадна арилжаалсан ашигт малтмалыг хилээр тусгай гарцаар гаргадаг болгохоор бэлтгэж эхэлжээ.
Том тоглоом
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа учир Тайвань руу халдах боломж нь буурч магадгүй хэмээн яриандаа онцоллоо. Тэрбээр БНЭУ-д “Их 20”-ийн уулзалтад оролцсоныхоо дараа ням гарагт Вьетнамд айлчилж, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цянтай уулзсан байна. Яагаад БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзалгүй 10 сар болсныг асуухад Жо Байден "түүнд шийдвэрлэх дотоод асуудал их байгаа" хэмээн тайлбарлажээ.
Харин Ерөнхийлөгч Ши Жиньпин “Их-20”-ийн уулзалтад оролцоогүй нь Энэтхэгийн нөлөө томорч байгаад эсэргүүцлээ илэрхийлсний дохио байж магадгүй аж.

Бхарат
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди "Их 20"-ийн уулзалтын оройн зоогийн урилга дээр улсынхаа нэрийг “Бхарат” хэмээх эртний санскрит нэрээр сольж бичсэн нь томоохон мэтгэлцээн дагуулаад байна. Төрийн тэргүүний хувьд тэрбээр удахгүй улсынхаа нэрийг албан ёсоор сольж магадгүй гэсэн таамаглал гарсан бөгөөд энгийн иргэдээс улс төрийн өрсөлдөгчид нь хүртэл бүгд энэ тал дээр байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тэгвэл Энэтхэг улс нэрээ үнэхээр солих боломжтой юу? Мөн яагаад Бхарат гэж?
Ali-bye-bye
"Alibaba"-ийн Гүйцэтгэх захирал асан Даниэль Жан тус компанийн үүлэн тооцооллын нэгжийг удирдахаар томилогдоод байсан хэдий ч хэдхэн сарын дараа ажлаа өгөхөөр болсон байна. Энэ нь бизнес дотроо нүсэр хуваалт хийж буй БНХАУ-ын хамгийн том онлайн худалдааны компанид дахин нэг тодорхойгүй нөхцөл байдал үүсгэжээ.
Даниэль Жан “Alibaba” компанийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга гэсэн хавсарсан албан тушаалаа Жак Магийн итгэлт хүмүүс болох Эдди Ву, Жозеф Цай нарт өнгөрсөн долоо хоногт албан ёсоор хүлээлгэн өгч, дээрх албан тушаалыг хүлээн авсан юм.
Алдагдсан цаг
1980 онд Жон Ленноны аллагын өмнөхөн Йоко Оногийн нөхөртөө бэлэглэж байсан "Patek Philippe" брэндийн бугуйн цаг олон жилийн турш сураггүй байсны эцэст Женевээс олджээ. Йоко Оно Леннонд энэхүү цагийг 40 насны төрсөн өдрөөр нь бэлэглэсэн бөгөөд тухайн үедээ Оногийн хуучин жолооч нь цагийг хулгайлсан байж магадгүй гэсэн сэжиг байсаар иржээ. Алга болоод олдсон тус цаг нь цуглуулагчдын хувьд шүтээнээс өөрцгүй бөгөөд удахгүй дэлхийн хамгийн өндөр үнэтэй цаг болох магадлалтай аж.


BloombergTV.mn танд санал болгож байна
Газрын ховор элементүүдийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд $14.24 тэрбум хүрнэ
Европт тансаг зах зээлийн үнэлгээ $25 тэрбумаар буурав
Онцлох чарт
