- Business newsletter
- Posts
- 2023/09/08
2023/09/08
Гурван өгүүлбэрээр
MMC 12.5 хувийн хүүтэй шинэ бонд гаргаж, эхний ээлжид 4.3 сая ам.доллар татахаар боллоо.
Монгол Улсын экспортын 5 хүрэхгүй хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.
LED гэрлийн үр ашигтай байдал улам нэмэгдэж, 10 гаруй жилийн дотор орон сууцны гэрэлтүүлэгт ашиглах эрчим хүчний хэрэглээ 50 хувиар буурчээ.

Айсуй сөрөг нөлөө
Оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарахад уул уурхайн салбарын сэргэлт гол жин дарсан билээ. Цар тахлын дараа сэхэл авах бус эсрэгээрээ их удаашралд ороод байгаа БНХАУ-ын эдийн засгийн нөлөөлөл зөвхөн нэг салбарт дулдуйдсан манай улсын эдийн засагт бүр үржигдэж ирэх эрсдэлтэй. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломж хаана гацаж байгааг Монголын банкны холбооны дүгнэлтээс харвал:
Жигд бус сэргэлт
Оны эхний хагаст уул уурхайн салбарыг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан бол боловсруулах, эрчим хүчний салбарт өсөлтийн хурд хангалттай биш түвшинд байжээ. Харин цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбарын сэргэлт удаашралтай байгаа бол барилгын салбарт өсөлт ажиглагдаагүй байна.

Оюу толгойн гүний уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын урсгал хэвийн явагдвал эдийн засгийн өсөлт үргэлжлэх хүлээлт бий болгох ч бусад салбаруудын сэргэлтийг хурдасгах, эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт сөрөг нөлөө дагуулахыг Банкны холбоо онцолж байна.
Түншлэл чухал
Монгол Улсын экспортын 5 хүрэхгүй хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байхад жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар нийт ажлын байрны 70 хувийг бүрдүүлж байгаа нь анхаарах үзүүлэлт. МҮХАҮТ-ын онцолсон шийдэл гэвэл гадаад худалдааг ченжүүд, худалдан авагчдын оролцоогүйгээр хийж, тэр дундаа гадаадад худалдааны төвүүд байгуулах замаар уул уурхайн бус гаралтай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих явдал аж.

Байр суурь
“Олон улсын хэмжээнд төвлөрсөн халаалт нь халаалт, хөргөлтийн системийн хамгийн үр дүнтэй арга. Монголд зарим хүмүүс энэ системийг хэт хуучирсан, удаан гэж таагүй хүлээж авдгийг мэднэ. Гэхдээ олон орон шинээр төвлөрсөн халаалт, хөргөлтийн системд хөрөнгө оруулж байна. Тиймээс Монголын хотуудын хувьд аль хэдийн ийм системтэй нь давуу тал гэж би бодож байгаа. Ингэснээр халаалтын эх үүсвэрийг нүүрснээс бусад нарны эсвэл цахилгаан зэрэг эх үүсвэрүүд рүү шилжүүлэх нь харьцангуй хялбар байх болно” хэмээн Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Ачаалал хэтрэв
Банк санхүүгийн үзүүлэлтүүд хэдий сайн байгаа ч IPO хийсэн банкнуудын хувьцааны ханш уналттай байгаа нь анхаарал татаж буй. Тэгвэл богино хугацаанд ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулагчид их байгаа нь хувьцааны ханшийг бууруулах гол шалтгаан болж байна гэж Монголын банкны холбоо үзжээ.
Цаашлаад Банкны тухай хуульд оруулсан өөрчлөлт болох хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарыг хангахад дотоодын зах зээлийн багтаамж дутмаг байгаа тул энэ ажлыг хойшлуулах нь зүйтэйг онцолсон байна.
Алдагдал асуудал болов
Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан “Шивээ-Овоо” ХК энэ он гарсаар 15 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгааг ЗГ-аас мэдээлэв. Нэг тонн нүүрс олборлох зардал 45 мянган төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг 39 мянган төгрөг байгаа нь алдагдалтай ажиллахад нөлөөлж байгааг албаныхан тайлбарлажээ.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 хувийг хангадаг юм.
Шинэ бонд
“Mongolian Mining Corporation” 12.5 хувийн хүүтэй, 2026 онд хугацаа нь дуусах шинэ бонд гаргаж, эхний ээлжид 4.3 сая ам.доллар татахаар боллоо. Компанийн хэлцэлд “Deutsche Bank” болон “Morgan Stanley” хамтран ажиллахаар сонгогдсон бөгөөд шинэ бондоос нийт 180 сая ам.доллар босгохоор зорьж байгаа аж.
Бяслаг үйлдвэрлэл тэлнэ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс 4500 гаруй тонн бяслагийг 22.3 сая ам.доллароор импортолжээ. Харин дотооддоо бяслаг үйлдвэрлэдэг 10 гаруй компани байдаг бөгөөд тэдний үйлдвэрлэлийн нийт хэмжээ 200 гаруй тонноор хэмжигдэж байна. Харин АПУ ХК энэ зах зээлд орж ирснээр дотоодын бяслагийн үйлдвэрлэл улам тэлэх төлөвтэй. Тус компанийн шинэхэн үйлдвэр нь өдөрт 8 тонн бяслаг үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Хоёр дахь цохилт
БНХАУ саяхан Төрийн байгууллагын ажилтнууд "iPhone" ашиглахыг хориглоод байсан бол одоо Төрийн өмчит агентлагууд, компаниудад энэ хязгаарлалтаа давхар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ мэдээ гарсны дараа "Apple"-ийн хувьцааны уналт үргэлжилж, ердөө хоёр өдрийн дотор зах зээлийн үнэлгээнээсээ 190 тэрбум ам.долларыг алдлаа.

Бүүмерүүд буруутай
АНУ-д орон сууцны эрэлт өсөж буйд “Бүүмерүүд буруутай” хэмээн “Barclays”-ийн эдийн засагчид Америкийн ахимаг насны сая сая иргэдэд хатуу үг шиджээ. Тус улсад "baby boomer" үеийн төлөөллүүд улам олноороо тэтгэвэрт гарч, тусдаа гэр оронтой болж байгаа юм. Гэсэн ч хүн ам буурч байгаа энэ үед одоо байгаа орон сууцнуудыг чөлөөлөх хэмжээний өндөр насанд тэд хүрээгүй. Ийм учраас орон сууцны үнэ тэнгэрт хадсан хэвээр , сул орон сууц ч бага байна гэж тайлбарлажээ.
Шингэн алт
Испанийн оливын тос үйлдвэрлэлийн салбар гэмт хэргийн давлагаанд өртжээ. Тус улсад ган гачиг энэ оны ургацад нөлөөлснөөр оливын тосны үнэ дээд түвшиндээ хүрч, улмаар хулгайн гэмт хэрэг болон хуурамч бүтээгдэхүүний худалдааг гааруулсан байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд савлахад бэлэн болгоод байсан 50 мянга гаруй литр дээд зэрэглэлийн оливын тос Испанийн Кордоба муж дахь үйлдвэрээс алдагджээ. Гэмт этгээдүүд харанхуйг ашиглан 500 мянга гаруй еврогоор үнэлэгдэх хэмжээний тосыг хулгайлсан аж.
Хямд, бас тансаг
“Swatch”-ийн 250 ам.долларын үнэтэй “MoonSwatch” өнгөрсөн онд худалдаанд гарч, олныг хуйлруулж байв. Одоо тэгвэл “BlancpainXSwatch”-ийг цаг иржээ. Тус компани хямдавтар үнэтэй тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэхэд хамтран ажиллах компаниар “Blancplain”-ийг сонгосон байна. Тэд өөрсдийн алдарт “Fifty Fathoms” цагныхаа биокерамикаар хийсэн хувилбарыг 400 ам.доллароор худалдаанд гаргах гэж буй нь эх загварынх нь үнийн талд ч хүрэхгүй хямд үнэ болж байна.

Дэлхийн таван далайг төлөөлж таван өөр өнгө, загвартай гарсан энэхүү бугуйн цаг нь есдүгээр сарын 9-ны өдрөөс эхлэн дэлхий даяар “Swatch”-ийн сонгогдсон салбар дэлгүүрүүдэд худалдаалагдах юм байна.
Medeenomics подкаст мэндэллээ

Эдийн засаг, бизнес, технологи, хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргахад хэрэг болох мэдээллүүдийг тогтмол хүргэх "Medeenomics Podcast" мэндэллээ. Анхны дугаарыг ЭНД дарж сонсоорой.
BloombergTV.mn танд санал болгож байна
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулна
"EcoPro”-ийн хувьцааны ханш 919 хувиар өсөж, шоронд хоригдож буй үүсгэн байгуулагчийнх нь хөрөнгө $5 тэрбум дөхөв
Онцлох чарт
Орчин цагийн LED гэрлийн үр ашигтай байдал улам нэмэгдэж, мөн өрхүүдийн хэрэглээнд хурдтай нэвтэрч байгаагийн нөлөөгөөр 10 гаруй жилийн дотор орон сууцны гэрэлтүүлэгт ашиглах эрчим хүчний хэрэглээ 50 хувиар буурчээ.
Дэлхийн хэмжээнд эрчим хүчний нийт хэрэглээнд гэрэлтүүлгийн эзлэх хувь 2010 онд 25 орчим байсан бол өдгөө 10 хувь хүрэхтэй үгүйтэй болсныг саяхны судалгаанд онцолсон байна.
