2023/09/07

Гурван өгүүлбэрээр

  1. Наймдугаар сард инфляц эргэн хоёр оронтой тоонд орлоо.

  2. MMC-ийн 2024 онд хугацаа нь дуусах бондынхоо 75 хувийг арилжих тендер санал амжилттай болжээ.

  3. Ойрын ирээдүйд хийгдэх, хамгийн өндөр хүлээлттэй байгаа зургаан IPO-г онцоллоо.

Эргээд 2 оронтой тоонд

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлттэй гарснаар 20 сарын дараа анх удаа нэг оронтой тоонд ороод байсан инфляц эргэн хоёр оронтой тоогоор хэмжигдэж эхэллээ. УИХ төсвийн тодотголоор зарцуулалтыг тэлсэн нь бодлогын хүүг бууруулах орон зайг хумьж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлээд байгаа.

Долоодугаар сард инфляц 9.2 хувьтай гарч байсан бол өнгөрсөн сард ийнхүү өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ өндөр хувиар өссөн нь мөн нөлөөлжээ. Наймдугаар сард их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт өөрчлөлт ордгоос гадна хэрэглэгчдийн зарцуулалт харьцангуй нэмэгддэг онцлогтой.

Байр суурь

“Инфляц долоодугаар сард хэдий нэг оронтой тоонд орсон ч төдийлөн бууралт ажиглагдахгүй, тогтвортой хадгалагдаж байна. Монголбанкны өөрийн зорилтот түвшнээс нэлээд өндөр хэвээр байгаа. Мөн судалгаагаар сүүлийн улиралд иргэдийн 71 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байна. Тиймээс одоо инфляц тогтворжлоо гээд мөнгөний бодлогоо зөөлрүүлж, чиглэлийг нь өөрчлөх цаг болсон гэж хэлэхэд арай эрт байна гэж харж байна” хэмээн NRCC-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг “Bloomberg TV Mongolia”-д онцолсон юм.

Цахилгаан шинэчлэл

Энэ онд нийслэлд цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус оруулж ирэхээр төлөвлөснөөс есдүгээр сарын байдлаар 50 гаруй цахилгаан автобус оруулж ирээд байгааг НЗДТГ мэдээлэв. “Нийтийн тээврийн автобусны 50-60 хувь нь цахилгаан автобус байх боломжтой” гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн юм. Хэдий тийм боловч цахилгаан автобусны үнэ дизель автобустай харьцуулахад 60-70 хувиар өндөр байдаг нь олноор оруулж ирэх бололцоонд сөргөөр нөлөөлж буй аж.

Тендер санал

2024 онд хугацаа нь дуусах бондынхоо 75 хувийг арилжих тендер санал амжилттай болсныг “Mongolian Mining Corporation” мэдээллээ. Өөрөөр хэлбэл “Mongolian Mining Corporation” компани тус ам.долларын бонд эзэмшигчдэдээ одоо эзэмшиж буй бондоо компанийн шинээр гаргах бондоор солих санал хүргүүлээд байгаа аж. Тус компанийн мэдэгдлээс харвал дийлэнх хөрөнгө оруулагчид нь арилжихыг зөвшөөрчээ.

Метан хий илрүүлэв

“Elixir Energy” компани Өмнөговь аймагт байрлах “Nomgon IX” төслийн “Big Slope” бүсээс нүүрсний давхаргын метан хий илрүүлснээ мэдэгдлээ. Одоогоор компани “Big Slope”-д нийт 3510 метрийн өрөмдлөг хийж, 259 метрийн зузаантай нүүрс илрүүлээд байна.

Өндөр хүлээлттэй 6 IPO

АНУ-д үргэлжилж буй IPO-ийн “ган гачиг” оны сүүлийн хагаст тайлагдах төлөвтэй. Хувьцааны анхдагч зах зээлд 2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа тохиосон идэвхгүй үеийг дуусгавар болгож, дэлхийн хэмжээнд энэ оны хамгийн том IPO-г чип үйлдвэрлэгч "Arm" хийхээр байна. Тэгвэл ойрын ирээдүйд хамгийн өндөр хүлээлттэй байгаа IPO-нуудаас тоймловол:

Instacart

Хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн стартап “Instacart” энэ сарын 20-нд хувьцааныхаа нээлттэй арилжааг эхлүүлэхээр товложээ. 2012 онд байгуулагдсан тус компани хүнсний цахим худалдаа газар авч байсан цар тахлын үеийн огцом өсөлтдөө дөрөөлөн сүүлийн жилүүдэд нээлттэй компани болоход бэлтгэсээр иржээ.

Reddit

Өдрийн 57 сая хэрэглэгчтэй, бүхий л сонирхлын бүлгийг багтаасан цахим платформ “Reddit” IPO хийх хүсэлтээ 2021 оны сүүлээр гаргажээ. Компани олон нийтийн болсноор анх удаа ашигт ажиллагаанд хүрэхийн зэрэгцээ ихдээ 15 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

Discord

Хүүхэд залуус, видео тоглоом сонирхогчдын дунд алдартай сошиал харилцааны платформ “Discord”-ийн IPO маш өндөр хүлээлт үүсгэж байгаа ч одоогоор тодорхой тов гараагүй байна. Сүүлд 15 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдсэн тус компанийг “Microsoft” 12 тэрбум ам.доллароор худалдаж авах санал 2021 онд тавиад татгалзсан хариу авч байв.

Stripe

Финтекийн шинэ аваргуудын нэг “Stripe” мөн л удаан хугацаанд IPO хийхээр бэлтгэсээр ирсэн ч товоо тодорхойлоогүй хэвээр байна. Тус компани сүүлийн байдлаар 50 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж байна.

Databricks

Дата шинжилгээний программ хангамж үйлдвэрлэгч Databricks хиймэл оюунд давлагааны томоохон төлөөлөгч гэдэгт утгаараа IPO нь өндөр хүлээлттэй байна. Энэ оны эхээр тус компани генератив хиймэл оюунт апп бүтээхэд зориулагдсан хэлний модель болох “Dolly”-гоо танилцуулсан бол зургаадугаар сард жилийн орлого нь 1 тэрбум ам.доллар хүрснээ тайлагнаж байв.

Arm

“SoftBank”-ийн салбар нэгж “Arm” компани IPO-өөс татан төвлөрүүлэх зорилтот дүнгээ өмнөх төлөвлөгөөнөөсөө хоёр дахин буулгаж, 4.87 орчим тэрбум ам.доллар болгоод байгаа ч энэ оны хамгийн том IPO хэвээр үлдэх төлөвтэй. Нэг бүр нь 47-51 ам.долларын үнэтэй 95.5 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоо тус компани мэдээлсэн юм. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 54.5 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байна.

iPhone-гүй орчин

БНХАУ-ын Төрийн байгууллагууд ажилтнуудаа “iPhone” болон бусад гадаад брэндийн ухаалаг утсыг ажил дээрээ ашиглахыг хориглосон тухай мэдээлэл гарсны дараа “Apple” компанийн хувьцаа сүүлийн нэг сарын хамгийн огцом дүнгээр унав. “Wall Street Journal”-ийн мэдээлснээр тус улсын Засгийн газрын зарим зохицуулагч агентлагийн ажилтнууд оффисдоо гадаад брэндийн төхөөрөмж авч ирэхгүй байх зааварчилгаа авсан аж.

Эзэн нь шоронд, компани нь…

Энэ онд өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн хувьцааг доош татах ямар ч хүчин зүйл байхгүй бололтой. Бүр компанийн Үүсгэн байгуулагч нь албан тушаалын давуу байдлаа ашиглан хувьцааны арилжаанд оролцсон гэсэн хэргээр шоронд хоригдсон нь ч нөлөөлсөнгүй.

Тодруулбал, БНСУ-ын цэнэг хураагуурын түүхий эд үйлдвэрлэгч “Ecopro” компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 919 хувь өссөн нь багадаа 10 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компаниуд дундаа хамгийн өндөр өсөлт боллоо.

“Bloomberg Billionaires Index”-ээс үзвэл компанийн Гүйцэтгэх захирал асан Ли Дун Чэ болон түүний гэр бүлийн хөрөнгө энэ онд 4.5-4.9 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Ли Дун Чэ нь хөрөнгийн зах зээлийн хуулийг зөрчсөн хэргээр хоёр жилийн хорих ял, мөн 1.7 сая ам.долларын торгууль төлөх шийтгэл хүлээсэн юм.

Бидний буруугаас

Өнгөрсөн онд Антарктидын зарим нутагт хаан оцон шувууны сүргүүд -50 хэмийн хүйтэн цаг агаар, 160 км/цагийн хурдтай салхийг тэсвэрлэн өвлийн турш дарж бойжуулсан дэгдээхэйнүүдээ бүгдийг нь алдсан тохиолдлууд гарчээ.

Эдгээр шувууд зөвхөн далайн мөсөн тавцан дээр үржилд орж, дэгдээхэйгээ өсгөдөг боловч дэлхийн дулаарал эрчимжсэнээр мөсөн тавцангууд хэт эрт хайлах болжээ. Ингэснээр сэлж сурахад дэндүү нялх дэгдээхэйнүүд далайд живэх болсон байна…

Medeenomics подкаст мэндэллээ

Эдийн засаг, бизнес, технологи, хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргахад хэрэг болох мэдээллүүдийг тогтмол хүргэх "Medeenomics Podcast" мэндэллээ. Анхны дугаарыг ЭНД дарж сонсоорой.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • БНСУ анх удаа “Самурай” бонд гаргаж, 70 тэрбум иен амжилттай татан төвлөрүүлэв

  • БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих хүлээлт нэмэгдэж, компаниудын үнэлгээ эрчимтэй өслөө

Онцлох чарт

Герман улс дөрөвдүгээр сард хамгийн сүүлийн гурван атомын цахилгаан станцаа унтраасан юм. Үүгээр тус улс анх 2002 онд эхийг нь гаргаж, 2011 онд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа баталсан хуулиа хүчин төгөлдөржүүлж, цөмийн эрчим хүчнээс бүрэн ангижрав. Гэтэл энэ цаг үед олон улс эсрэгээрээ цөмийн эрчим хүчний хэрэглээг улам нэмэх чиглэлд ажиллаж байгаа юм.