2023/09/05

Гурван өгүүлбэрээр

  1. Ирэх 20 жилд эрэлт нь огцом өсөх төлөвтэй байгаа газрын ховор элементийн талаар энэ дугаарт онцлов. 

  2. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын шимтгэлийн орлого оны эхний хагаст 22.2 тэрбум төгрөгт хүрчээ.

  3. “Brent” төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа 90 ам.доллар давлаа.

Ховор боломж

Газрын ховор элементүүд нь эрчим хүчний шилжилт, мөн цэрэг зэвсгийн технологи, дэвшилтэт компьютер үйлдвэрлэлд амин чухал хэрэгцээтэй түүхий эдэд тооцогддог тул ирэх 20 жилд эрэлт нь огцом өсөх төлөвтэй байна. БНХАУ-аас бусад орнууд, ялангуяа Монгол Улс үүнд бэлэн үү?

Хятадын “баздаг” салбар

“Ойрх Дорнодод газрын тос байгаа бол Хятадад газрын ховор элемент байна” гэж БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн архитектор Дэн Сяопин 1980-аад онд ирээдүйг харсан мэт хэлж байжээ. 2022 онд дэлхийн газрын ховор элементийн нийт олборлолтын 70 гаруй хувийг тус улс бүрдүүлсэн бол араас нь АНУ, Австрали, Мьянмар зэрэг орнууд нэлээд зайтай орж байна.

БНХАУ зөвхөн олборлолтоор зогсохгүй боловсруулалтаар дэлхийд ноёлдог нь тэдний “давхар барьц” юм. Газрын ховор элементийн хүдрийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой материал болгон боловсруулах дэлхийн нийт хүчин чадлын 85 орчим хувь нь Хятадад ногдож байна.

Ховор биш, гэхдээ л ховор

Хэдий “ховор” гэж нэрлэгдсэн ч энэ төрлийн эрдэс бүтээгдэхүүнүүд дэлхийн царцдаст нэлээд элбэг тархсан байдаг. Тэрхүү 17 элементийг бусад түүхий эдийн л адил олборлож боловсруулдаг боловч ихэвчлэн бага концентрацтай, өөр хоорондоо болон цацраг идэвхт бодисуудтай холилдсон байдалтай олддог тул улс орнууд, компаниуд үйлдвэрлэлээ нэмэхэд өртөг зардлын талаас сорилтууд тулгардаг.

Гол хөзөр

БНХАУ долоодугаар сард үндэсний ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор галлии болон германиигийн бүтээгдэхүүний экспортдоо хязгаарлалт тавихаа мэдэгдэж байв. АНУ-ын технологийн экспортын хоригийн эсрэг хариу арга хэмжээ болгосон энэ хязгаарлалт нь Хятадын хувьд анхных биш.

Хүссэн үедээ нийлүүлэлтээ зогсоож чадах Хятадын энэхүү давамгайллыг сөрж, хамааралтай байдлаа бууруулахын тулд барууны орнууд шийдэмгий алхмууд авч эхлээд байгаа. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас үзвэл чухал ашигт малтмалын салбарт экспорт, импортын хязгаарлалт 2009 оноос хойш тав дахин нэмэгджээ.

Ховор боломж

Монголд газрын ховор элементийн "Хотгор" төслийг хэрэгжүүлж буй “Parabellum Resources” сүүлд тус ордын эрдсийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо 2.2 сая гаруй тонн газрын ховор элементийн оксид илрүүлж байв. ШУА-ийн мэдээлснээр уг эрдэс бүтээгдэхүүний нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 15-д ордог бөгөөд өдгөө улсын хэмжээнд газрын ховор элементийн ашиглалтын 7, хайгуулын 4 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа аж.

Сонирхол ба сорилт

“Газрын ховор элементийг Монголоос газраар тээвэрлэвэл Хятад, Оросоор дайрах л болно. Маш үнэ цэнтэй учраас агаараар тээвэрлэе гэсэн хүмүүс бас байгаа. Хэрвээ Монголдоо тодорхой түвшинд хүртэл баяжуулалтаа хийж чадах юм бол агаараар тээвэрлэх нь эдийн засгийн хувьд боломжтой зүйл” хэмээн Хятад судлаач, доктор Антонио Грасеффо онцолж байв.

Зөвхөн энэ онд л гэхэд АНУ, ХБНГУ, БНСУ газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлтийн чиглэлд Монголтой хамтарч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхол илэрхийлээд байна.

Агентуудын өсөлт

Эхний хагас жилийн байдлаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 311 байгууллага СЗХ-д бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 9.5 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Эдгээр зуучлалын компаниудын худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн шимтгэлийн орлого 22.2 тэрбум төгрөг хүрчээ. Түүнчлэн эхний хагас жилд зуучлалын байгууллагуудын ххуримтлагдсан ашгийн хэмжээ 2.4 дахин, нийт хөрөнгийн хэмжээ 1.9 дахин өссөн байна.

Дулаан хангамжийн төлөв

Монгол Улс 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашигласан тохиолдолд эрчим хүчний хэрэглээ 2020 оноос 55 хувиар буурах тооцоотой гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах төлөвлөгөө”-г боловсруулах төслийн тайландаа онцолжээ. Нөгөөтэйгөөр цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт суурилсан хэвээр байх тохиолдолд эрчим хүчний хэрэглээ 2020 оноос есөн хувиар өснө гэж тооцоолсон байна.

OPEC-ийн тоглоом

“Brent” төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа 90 ам.доллар давлаа. Үүнд OPEC-ийн өргөтгөсөн бүлгийн гол гишүүн орнууд гарцаа үргэлжлүүлэн танах шийдвэр гаргасан нь ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал, Саудын Араб улс 12 дугаар сарыг хүртэл гарцаа өдөрт 1 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан нь дэлхийн даяар инфляцыг эрчимжүүлэх эрсдлийг бий болгож байна. Харин ОХУ экспортоо өдрийн 300 мянган баррелиар бууруулахаар шийдвэрлэсэн байна.

Хятад vs. АНУ

БНХАУ ойрын хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох уралдаанд АНУ-ыг гүйцэх төлөв ажиглагдахгүй байна. "Bloomberg Economics"-ийн одоогийн тооцооллоор БНХАУ-ын ДНБ АНУ-ынхаас давахын тулд 2040 оны дунд үе хүртэл хүлээх шаардлагатай гэжээ. Өмнөх тооцооллоор буюу цар тахлын өмнө бол Хятадын эдийн засаг АНУ-ынхыг ирэх арваны эхэн үед гүйцнэ гэж үзэж байсан юм.

Алтан визийн эзэн

“OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмен Индонез улсын “Алтан виз” буюу 10 жилийн хугацаатай виз авсан анхны хүн боллоо. Сэм Олтмений олон улсад түгсэн нэр хүнд болон Индонез улсад хөрөнгө оруулах боломжийг харгалзан үзсэн талаар тус улсын Гадаадын иргэн харьяатын газар мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Индонез улс дэлхийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг татах бодлого эрчимтэй явуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын гол төв Бали арлаа зайнаас ажиллах боломжтой технологийн мэргэжилтнүүдийн диваажин болгохыг зорьж байна.

Сэрүүцүүлдэг хувцас

Катарт барилга барьж буй олон мянган ажилчин өглөө бүр ажилдаа гарахын өмнө ажлын хувцсаа усанд булхдаг. Хоёр минут үргэлжлэх энэхүү "зан үйл" нь чухал нэгэн үйл явцын эхлэл болдог. Цельсийн 48 хэм хүрдэг зуны халуунд гадаа ажиллах үед ажлын хувцас нь тэдний арьсны хэмийг долоо орчим цагийн хугацаанд найм хүртэлх хэмээр бага байлгах чадалтай.

Ажлын хувцсыг Их Британийн "Techniche UK" хэмээх стартап үйлдвэрлэдэг бөгөөд "StayQool" гэдэг брэнд нэртэй аж. Тусгайлан загварчилсан торон бүтэц бүхий гадартай, ус нэвтэрдэггүй дотортой тус хувцас нь дулааныг шингээж, ууршилтаар дамжуулан гадагшлуулдаг байна. "Хүмүүс зүгээр л гудамжаар алхахдаа мэдрэгчтэй сэрүүцүүлэгч хувцас өмсдөг болох цаг ирнэ” хэмээн тус компанийн Үүсгэн байгуулагч онцолжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • “Arm” компани IPO хийж татан төвлөрүүлэх хөрөнгөө 2 дахин бууруулж, $4.87 тэрбум болгов

  • Шинэ “BRICS-11” гэгдэж буй бүлэг ирээдүйд дэлхийн эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлэхээр байна

Онцлох чарт

Өнгөрсөн 11 дүгээр сард түүхэн дээд цэгтээ хүрсэн литийн карбонатын спот ханш нийлүүлэлт нэмэгдсэнээр энэ онд эрчимтэй буурсан. Гэхдээ урт хугацаандаа литийн эрэлт өндөр байна гэж “BloombergNEF” үзэж байна. Тодруулбал, 2040 он гэхэд литийн эрэлт өнөөгийн түвшнээсээ 16 дахин өндөр байна гэж тооцоолжээ.