2023/09/04

Гурван өгүүлбэрээр

  1. Төлбөрийн тэнцэл оны эхний долоон сард 452 сая ам.долларын ашигтай гарлаа.

  2. MMC шинэ бонд гаргахгүй байсан ч 2024 онд дуусах бондын төлбөрөө бүрэн төлөх боломжтой гэж "Fitch" үзэж байна.

  3. Бодлогын хүү өндөр байгаа энэ үед дэлхийн том компаниуд зөвхөн хүүгийн орлогоос бараг $1 тэрбумыг олж байна.

Хөрөнгийн зах зуны сүүлд…

Энэ онд үнэлгээ нь анх удаа 11 их наяд төгрөг хүрээд байгаа хөрөнгийн зах зээл идэвхжил харьцангуй багатай байдаг зуны саруудын ард хэрхэн гарсныг харцгаая.

Идэвх сул сар

Наймдугаар сард хөрөнгийн биржээр 21.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх сараас 1.6 дахин буурсан үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд “Топ 20” индексийн дундаж 35,707 нэгжид байсан нь өмнөх сарын дунджаас 1,157 нэгжээр буурсан дүн.

Хоёрдогч зах зээл сэргэв

Шинээр бүртгэгдсэн бүтээгдэхүүний тоо наймдугаар сард цөөн байсантай холбоотойгоор анхдагч зах зээлийн арилжааны дүн сул байжээ. Харин хувьцааны хоёрдогч зах дээр хийсэн арилжааны үнийн дүн өмнөх сараас 50 гаруй хувиар өссөн байна.

Нийлүүлэлт хэтэрчээ

Бүтээгдэхүүний чанар сайжирч, хөрөнгө оруулагчдын идэвх өндөр байгаатай зэрэгцэн хөрөнгийн захад нийлүүлэлтийн илүүдэл гарснаар компаниудын хувьцааны ханшид буурах хөдөлгөөн давамгайлж байна гэж салбарынхан үзэж байна.

Зургаан банк IPO хийж, ижил төрлийн бүтээгдэхүүн олноор гарч ирсэн нь үнэд нөлөөлж байгаа ч энэ нь урт хугацааны асуудал биш болохыг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн онцолж байв.

Байр суурь

"Mongolian Mining Corporation-ийн бондоо арилжих санал амжилттай биелбэл Fitch-ийн зүгээс компанийн зээлжих зэрэглэлийг одоо байгаа "Rating Watch Negative" ангиллаас эргээд “тогтвортой” болгож шилжүүлэхээр байна.

Бидний хүлээлт бол компани шинэ бонд гаргахгүй байсан ч 2024 онд дуусах бондын төлбөрөө бүрэн төлөх боломжтой гэж үзэж байгаа. VI сарын эцсийн байдлаар компани 200 гаруй сая ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй байсныг харгалзан үзэж энэхүү тооцооллыг хийсэн. Нэмээд хэлэхэд MMC компани 50 сая ам.долларын зарцуулаагүй хөрөнгөтэй байгааг дурдмаар байна. Бондын төлбөрийг барагдуулсны дараа зарцуулах боломжтой хөрөнгө байна гэсэн үг” хэмээн “Fitch Ratings” агентлагийн Компани хариуцсан хэлтсийн захирал Лаура Жай “Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Төлбөрийн тэнцэл эерэг

Монгол Улсын төлбөрийн тэнцэл долоодугаар сарын эцсийн байдлаар 452.35 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны ижил хугацаанд 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад алдагдал гурав дахин буурав. Төлбөрийн тэнцлийг алдагдалд хөтөлдөг гол үзүүлэлт болох урсгал данс эхний долоон сард 538 сая ам.долларын ашигтай гарахад нүүрс болон бусад голлох эрдэс бүтээгдэхүүний экспорт өссөн, үйлчилгээ, худалдааны алдагдал буурсан нь нөлөөлжээ.

Шинэ нарны станц

10МВт-ын хүчин чадалтай, жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой “Сэрвэн” нарны цахилгаан станц Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ашиглалтад орлоо. АХБ-ны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр байгуулсан уг станц нь жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэх ач холбогдолтой аж.

Папын үг

Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй Төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Тэрбээр өчигдөр Монголд албан ёсоор бүртгэлтэй 12 шашны төлөөлөлтэй уулзсаны зэрэгцээ 3,500-аад сүсэгтэн оролцсон Гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцсон юм. Мөн Пап Францис Гүюг хааны захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг бэлэг болгон өгсөн нь айлчлалын онцлох үйл явдал байв.

Рекорд дахин эвдэгдэв

VIII сарын 31-нд Гашуунсухайт боомтоор 1,512 тээврийн хэрэгслээр 194 мянга 948 тонн нүүрс экспортолсон нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлсэн 30 гаруй жилийн түүхэн дэх нэг өдрийн дээд хэмжээ болов. 2019 онд тус боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гарсан нь рекорд үзүүлэлт болж байсан бол оны эхний найман сарын байдлаар аль хэдийн 23 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм.

Саад арилав уу?

АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж эхэлснээс хойш жил зургаан сарын дараа анх удаа хөдөлмөрийн зах зээлд сулрах төлөв ажиглагдаж, дэлхийн томоохон бондын хөрөнгө оруулагчид чанга бодлогын мөчлөг үүгээр зогсох нь хэмээн таамаглаж эхлээд байна. Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд удааширч байгаа нь мөнгөний бодлогод мэдрэмтгий байдаг ЗГ-ын хоёр жилийн хугацаатай бондыг худалдан авах сэдлийг нэмэгдүүлээд байна.

Хэдий сүүлийн саруудад инфляц саарах хандлагатай байсан ч Холбооны нөөцийн банк бодлогын хүүгийн өсөлтөө зогсооход хөдөлмөрийн зах зээлийн идэвх хамгийн том саад болж байв.

Аваргуудын цуваа

Чип үйлдвэрлэгч "ARM"-ийн IPO-д "Apple", "Nvidia", "Intel", "Samsung" зэрэг томоохон харилцагчид нь стратегийн хөрөнгө оруулагчаар орохоор болсныг гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хөрөнгө оруулагчид тус бүр 25 саяас 100 сая ам.доллароор орох төлөвтэй байгаа аж. “ARM” анхдагч зах зээлийн арилжаагаа есдүгээр сарын 13-нд нээх бөгөөд 7 тэрбум ам.доллар босгож, үнэлгээгээ 70 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

1.6%-ийн ипотек

Хүн амын төрөлтийн түвшин буурч, насжилт нэмэгдэж байгаад хариу арга хэмжээ болгож БНСУ-ын Засгийн газар нялх хүүхэдтэй гэр бүлүүдэд ашигтай хүү бүхий ипотекийн зээл олгохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхэдтэй болсон, мөн өрхийн жилийн орлого нь 130 сая вон болон түүнээс доош гэр бүлүүд 1.6-3.3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах эрхтэй болох аж. Энэ нь арилжааны банкны олгодог зээлээс ойролцоогоор 1-3 нэгж хувиар бага байгаа юм.

Шүдний нийслэл

Өглөө бүр Лос Алгодонесын гудамжуудыг олон зуун жуулчин, зочид дүүргэнэ. Тэдний зорьсон цэг нь хотод байх 350 гаруй шүдний эмнэлэг. “Араа хот” ч гэгддэг тус хот АНУ-ын Аризона мужийн Юма хоттой залгаа, хилийн цаана оршдог. Өнгөрсөн 20 жилд АНУ, Канадын шүдний эмчилгээний өндөр зардал, удаан хүлээлгээс зайлсхийсэн хүмүүс энэ л хотыг зорьдог болжээ.

Энд шүд ломбодоход доод тал нь 50 ам.доллароос эхлэх бөгөөд сувгийн эмчилгээ 250 ам.доллар, титэм суурилуулахад 500 ам.доллар байх аж. Шүдний эрүүл мэндийн даатгалгүй АНУ-ын 69 сая иргэнд дээрх үнэ хангалттай сайхан санал учраас тус хот ирсэн зочдыг “инээмсэглэлтэй буцаадаг” эмчилгээний аялал жуулчлалын том хот болжээ.

Энэ долоо хоногт

Даваа: Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоан, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзаж, Хар Тэнгисийн үр тарианы тээвэрлэлтийн асуудлаар ярилцана.

Мягмар: Монгол Улсын VIII сарын инфляцын дүн мэдээлэл танилцуулагдана. 43 дахь удаагийн ASEAN-ийн чуулга уулзалтын гол арга хэмжээ Жакарта хотноо эхэлнэ.

Лхагва: БНХАУ-ын Хөх хотод дөрөв дэх удаагийн “Монгол-Хятадын экспо” зохион байгуулагдана.

Пүрэв: Евро бүсийн ДНБ, БНХАУ-ын гадаад худалдаа, валютын нөөцийн үзүүлэлтүүд гарна.

Баасан: ХБНГУ-ын инфляц, Япон, ОХУ-ын ДНБ танилцуулагдана.

Онцлох чарт

Юу ч хийхгүйгээр тэрбум доллар олох нууц бий. Тайлан тооцооноос харвал бодлогын хүүгийн өсөлт нь бизнесүүдэд мэдээж муугаар нөлөөлнө. Гэтэл олон том компаниуд сүүлийн 30-аад жилд байгаагүй мөнгөний чанга бодлогын мөчлөгөөс их хэмжээний санхүүгийн ашиг хүртэж байна.