2023/09/01

Гурван өгүүлбэрээр

  1. "UBS" банк "Credit Suisse"-ийн хэлцлээс 29 тэрбумын ашиг олж, банкны салбарын рекордыг эвдэв.

  2. Энэ онд дотоодод аялсан иргэдийн аяллын зардал ₮100 мянгаас ₮2.5 саяын хооронд байжээ.

  3. Пап Францисын түүхэн айлчлалын ач холбогдол, нөлөө юу байх вэ? Энэ дугаарт гол мэдээллүүдийг тоймлов.

Пап Монголд ирлээ

Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис шашны хүлцэл, шашин хоорондын харилцан ойлголцлын эртний түүхтэй Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Хүн амын 2.1 хувь нь христийн шашинтай, тэр дундаа ердөө 1,400 орчим католик шүтлэгтэнтэй улсад найман мянган км зам туулан ирж, дөрөв хоног саатах түүний айлчлалын ач холбогдол, нөлөөний тухай товчхон хүргэе.

Шашны бус Төрийн айлчлал

Пап Францисын айлчлал нь шашны айлчлал бус, харин Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүний хувиар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй Төрийн айлчлал юм. Ромын Папын захидлыг тээсэн анхны элч Монголын эзэнт гүрэнд ирснээс 777 жилийн дараа энэхүү айлчлал тохиож байна. Ватиканд Гүюг хааны захидал эх хувиараа хадгалагдаж байдаг бөгөөд Пап Францис энэ айлчлалаар гэнэтийн бэлэгтэй ирж магадгүйг албаныхан онцолж байгаа.

Монголд юу үлдэх вэ?

Пап Францисыг дагалдан тус улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд тэргүүтэй 200-аад албаны хүн, айлчлалыг сурвалжлахаар олон улсын 150 орчим хэвлэл мэдээллийн ажилтан, түүнчлэн Папыг харж, мөргөлд оролцох гэсэн олон мянган жуулчин ирээд байна. Тиймдээ ч Улаанбаатар хотын хэмжээнд зочид буудал, ресторануудын захиалга дүүрээд байгаа аж.

Пап ба Католикчууд

Монгол дахь айлчлалаа "хүсэн хүлээсэн айлчлал" гэж тодотгосон Пап Францис хүрэлцэн ирснээр дэлхийн 1.3 тэрбум гаруй католик шашинтнуудын анхаарал Монгол улс руу хандана. Папын айлчлалын дараа тухайн улсыг зорих жуулчдын тоо 10-30 хувь нэмэгддэг судалгаа байдгийг Швейцар улсад суугаа элчин сайд Д.Гэрэлмаа онцолж байв.

Айлчлалын хөтөлбөр

Есдүгээр сарын 2-нд Сүхбаатарын талбайд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисыг угтаж авна. Тухайн өдөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, мөн шашны болон олон улсын дипломат төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөгджээ. Харин ням гарагт тэрбээр “Steppe Arena” цогцолборт нийтийг хамарсан мөргөл үйлдэх юм.

IX сарын 1 боллоо

2023 оны хичээлийн жилд урьдчилсан статистикаар дээд боловсролын сургуульд шинээр 25 мянган оюутан, мэргэжлийн боловсролын сургуульд 22 мянган оюутан шинээр элсэн суралцахаар байгааг БШУЯ мэдээлж байна. Тус яамнаас энэ намар 65 их, дээд сургуулийн эрэмбэ чансааг гаргаж, олон нийтэд зарлахаар төлөвлөөд байгаа. Мөн 2025 оноос зөвхөн Их сургууль, коллеж гэсэн хоёр ангилалтай болгох аж.

Хүлэмжийн төсөл

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 1.98 сая ам.долларын “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд Дархан, Сэлэнгэ, Ховд, Төв аймгуудад суурь судалгаа явуулж сонгогдсон аймагт төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм байна.

Улсын хэмжээнд жилд 130 га талбайд хүлэмжийн ногоо тариалдаг ч энэ тоо өвлийн улиралд 30 га болж буурдаг байна. Харин энэ төслийн хүрээнд 5,000 м.кв хүртэлх талбайд хүлэмжийн тариалалт хийгдэх урьдчилсан тооцоо гарчээ.

Дотоодын аялал энэ онд

2023 оны хувьд дотоодод аялагч иргэд 100 мянгаас 2.5 сая төгрөг зарцуулсан тооцоог судлаачид гаргасан байна. Энэ зун орон даяар 860-880 мянган дотоодын жуулчин аялах судалгааг Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо танилцуулж байв. Тухайлбал: нийслэл хот орчимд хамгийн бага үнээр аялахад 182 мянган төгрөг зарцуулж байсан бол хоёр хоолтой гэр, байшинд байрлаад аялах дундаж үнэ 209 мянгаас 261 мянган төгрөг байжээ.

UBS рекорд эвдэв

"UBS" банк "Credit Suisse"-ийг дампуурлаас аварч худалдан авсныхаа үр дүнд хоёрдугаар улирлын ашиг нь банкны салбарын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй гарсныг тайлагнажээ. Тайлант хугацаанд банкны татварын өмнөх ашиг 29 тэрбум ам.доллар болж өссөн нь "UBS"-ийг өөртөө нэгтгэхдээ төлсөн 3.8 тэрбум ам.долларын дүн болон "Credit Suisse"-ийн тайлан тэнцлийн нийт үнэлгээний зөрүүгээс үүдэлтэй аж.

"UBS" өдгөө 5 их наяд ам.доллароор үнэлэгдэх харилцагчийн хөрөнгийг удирдах болсноор дэлхийн хөрөнгийн менежментийн хүчирхэг төлөөлөгчийн байр сууриа улам бататгаж байна.

Супер апп

“X”-ийг бүх зүйлийг багтаасан "супер апп" болгох Илон Маскийн төлөвлөгөөний дараагийн алхам нь дуудлагын үйлчилгээ болохыг танилцууллаа. Тэрбумтны хэлж буйгаар өмнө нь "Twitter" гэж нэрлэгддэг байсан тус платформын хэрэглэгчид утасны дугаараа харуулахгүйгээр видео болон аудио дуудлага хийх боломжтой болох аж. Үүнээс өмнө "X" нууцлалын бодлогоо шинэчилж, хэрэглэгчийн биометрийн мэдээллийг цуглуулна гэдгээ тусгаад байв.

Хуримтлал үүсгэх нас

50-ийн талыг наслахад хүмүүст нэгэн шинэ амьдралын мөчлөг эхлэх мэт сэтгэгдэл төрдөг. Санхүүгийн хувьд ч чухал нэгэн мөчлөг үүгээр эхэлнэ. Тэгвэл Америкчуудын хувьд доод тал нь нэг сая ам.доллартой тэтгэвэрт гаръя гэвэл залуус 25 наснаасаа эхлэн тогтмол хуримтлал үүсгэх хэрэгтэйг “Milken” институтийн шинэ судалгаанд онцолжээ. Шалтгаан нь “Дуслыг хураавал далай”…

Сар, дараа нь нар

Саран дээр станцаа газардуулсан амжилтаа тэмдэглэж дуусаагүй байгаа Энэтхэг улс одоо нарыг судлах хөлгөө сансрын гүн рүү илгээхээр бэлтгэж байна. Тус улсын нарны ажиглалтын анхны станц болох “Aditya-L1” бямба гарагийн өглөө дэлхийгээс хөөрч 125 хоног үргэлжлэх 1.5 сая км-ийн аяллаа эхлүүлэх аж. Станц манай гарагийн хамгийн ойрын одыг саадгүй өнцгөөс ажиглаж, дэлхий болон ойролцоох бусад гарагуудын орчны нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгааг газар дээр нь судлах юм.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • БНХАУ моргейжийн зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 20 хүртэлх хувиар бууруулав

  • “Apple” үйлдвэрлэлийн шилжилт хийхээр 3D принтер туршиж байна

  • TMK Energy: “Гурвантэс XXXV” төслийн 3 цооног сайн үр дүнтэй хэвээр байна

Онцлох чарт

БНСУ-ын экспорт наймдугаар сард хүлээлтээс бага хэмжээгээр буурсан нь дэлхийн худалдааны сэргэлт жигд үргэлжилж магадгүй гэсэн итгэлийг төрүүлээд байна.

Экспорт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар буурсан гэж тус улсын Худалдааны яамнаас гаргасан тайланд дурджээ. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байсан 11.8 хувиас бага үзүүлэлт бөгөөд долоодугаар сарын бууралттай харьцуулахад мөн саарсан дүр зурагтай байгаа юм. Харин нийт импорт нь 22.8 хувиар буурч, гадаад худалдааны тэнцэл 870 сая ам.долларын ашигтай гарсан байна.