- Business newsletter
- Posts
- 2023/08/31
2023/08/31
Гурван өгүүлбэрээр
Mongolian Mining Corporation компанийн шинэ бондын купон 12.5 хувь дээр тогтов.
Rio Tinto Перу дахь Ла Гранха зэсийн төслийнхөө 55 хувийг Канадын First Quantum компанид заржээ.
“OpenAI”-ийн жилийн орлого нэг тэрбум ам.долларт дөхөж байна.

Хүү 12.5%
2024 онд хугацаа нь дуусах бондоо арилжих санал тавиад байгаа “Mongolian Mining Corporation” компанийн шинэ бондын купон 12.5 хувь дээр тогтов. Шинэ бонд Сингапурын хөрөнгийн биржээр арилжаалагдах төлөвтэй бөгөөд “Deutsche Bank”, “Morgan Stanley” зэрэг банкнууд хэлцлийн менежерээр ажиллахаар болсныг мэдээлсэн юм.
Дөрөв дэх бонд
“Лэндмн ББСБ” ХК-ийн нийтэд санал болгож буй 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй “Лэнд Бонд” өрийн хэрэгсэл Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэв. Тус компани ийнхүү олон нийтэд 4 дэх удаагаа нээлттэй бонд санал болгосноор хамгийн олон компанийн бонд гаргасан ХК болж байна.
Байр суурь
“Энэ удаа 9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэх 2 жилийн хугацаатай бонд гаргаж байна. Барьцаанд нь бид компанийнхаа хувьцааг тавьсан. Хувьцааны сүүлийн зургаан сарын жигнэсэн дундаж үнэлгээгээр харвал 14 тэрбум төгрөгийн хувьцааг барьцаалаад байна. Иргэд төгрөгөөр, мөн мэддэг бизнеэстээ хөрөнгө оруулалт хийх дуртай байдаг шүү дээ. Үүнээс гадна тийм ч өндөр үнийн дүнтэй бонд биш болохоор 9 тэрбумыг асуудалгүй босгож чадна гэж найдаж байна” хэмээн “Лэндмн ББСБ” ХК-ийн Дэд захирал Д.Баасандорж “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
Оффис “тэнгэрт хадав”
Цар тахлын өмнө 3.7 сая төгрөгийн ханштай байсан оффисын талбайн нэг м.кв-ын худалдах үнэ цар тахлын дараа 60 хувиар өсөж, 2023 оны зургаадугаар сарын байдлаар 5.5 сая төгрөг болжээ. “Тэнхлэг зууч” агентлагаас гаргасан сүүлийн дөрвөн жилийн судалгаанаас харвал оффисын худалдах дундаж үнэ тасралтгүй өссөөр 2021 оны эцсээр огцом нэмэгдсэн байна.
Цонх үе ирсэн үү?
ЗГ-ын шинэ өрийн хэрэгслүүд гарах хүлээлт, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайн байх дохио зэргээс шалтгаалан АНУ-ын ЗГ-ын бондуудын өгөөж 2023 оны дээд түвшиндээ хүрээд байна. Тэгвэл энэ үед Монголын хөрөнгийн зах зээлд эрсдэл багатай, хөрвөх чадвар өндөр тус бүтээгдэхүүн анх удаа нэвтрэхээр болов.
Монголчуудад нийцүүлэв
“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК Монголын хөрөнгө оруулагчдад АНУ-ын ЗГ-ын 3,6,12 сарын хугацаатай бондууд санал болгож байгаа аж. Монголчуудын хувьд ерөнхийдөө нэг жилээс дээшгүй хугацаанд хөрөнгө оруулах хандлага, зан төлөвтэй байдгийг авч үзээд дээрх хугацаа бүхий бондуудыг илүүтэй сонирхоно гэж үзжээ. Гэхдээ урт хугацаанд хөрөнгө оруулах боломжтой 2,3,5,10,30 жилийн хугацаатай бондууд ч байгааг компани мэдээлж байна.

Бондын зах зээлийн өнгө
Энэ сарын эхээр АНУ-ын Сангийн яам урт хугацаатай бондын үнийн дүнг 96 тэрбумаас 103 тэрбум ам.доллар болгон өсгөсөн нь төсвийн алдагдал өндөр үетэй давхцаж, улмаар “Fitch Ratings” тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж тогтоох шалтгаан болсон юм. Ингэснээр өгөөжийн муруйн налалт ихсэх буюу богино ба урт хугацааны бондын хүүгийн зөрүү улам нэмэгдэх үр дүнд хүргэх магадлалтайг шинжээчид онцолж байна.

Цонх үе
“Миний бодлоор 10 жилийн хугацаатай бондыг одоо л авах цаг. Нэрлэсэн өгөөж нь цаашид доош чиглэлд тэмүүлнэ гэж харж байна” хэмээн “BMO Capital Markets” шинжээч Иан Линген “Bloomberg Surveillance”-д өчигдөр ярилцлага өгөхдөө өгүүлжээ. Түүний тооцооллоор энэ сарын 21-нд жилийн оргил цэгтээ буюу 4.3 хувьд хүрсэн ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2024 оны эхний хагаст 3 хувьд болж буурахаар байгаа аж.
Ашгаа нугалав
2023 оны II улиралд “Мах Импэкс” ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 70.5 хувиар өсөж 29 тэрбум төгрөг болсон бол цэвэр ашиг нь 110 орчим хувиар өсөж 771.3 сая төгрөгт хүрчээ. Өнгөрсөн улиралд тус компани дотоод борлуулалтад 1076.5 тонн нөөцийн мах нийлүүлсэн байна.
Тэрбум долларын орлого
Бизнесүүд "ChatGPT"-ийн ашигладаг хиймэл оюунт технологийг нэвтрүүлснээр Сэм Олтмэний "OpenAI"-ийн жилийн орлого нэг тэрбум ам.долларт дөхөж байна. Сан Францискод төвтэй тус стартап нь сард дунджаар 80 сая ам.долларын орлого олж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ. "OpenAI" нь "ChatGPT"-ийн байгууллагад зориулсан хувилбарыг гаргах, төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэх гэх зэргээр алдартай чатботоо орлогын гол эх үүсвэр болгох замыг зассаар байна.

Хайгуулын дэмжлэг
Энэтхэг улс ногоон эрчим хүчний шилжилтэд шаардагдах түүхий эдийн дотоодын хэрэгцээг найдвартай болгох төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож ирэх дөрвөн сарын хугацаанд чухал ашигт малтмалын 100 гаруй нөөцийн блокийг дуудлага худалдаагаар зарах үйл явцыг эхлүүлэхээр болжээ. Блокууд нь никель, лити, кобальт, цагаан алт, газрын ховор элемент зэрэг эрдэс бүтээгдэхүүний зориулалттай болохыг тус улсын Уул уурхайн яамнаас мэдэгдсэн байна.
Түүнчлэн олон улсын болон дотоодын олборлогч компаниудыг татаж, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд тус улсын Засгийн газраас хайгуулын ажлын зардлын тал хувийг нь нөхөн олгохоор төлөвлөжээ.
Зэсийн том хэлцэл
“Rio Tinto” Өмнөд Америкийн Перу улс дахь Ла Гранха зэсийн төслийнхөө 55 хувийг Канадын “First Quantum” компанид заржээ. Хэлцлийн нийт дүн 105 сая ам.доллар болж байгаа бөгөөд худалдан авагч талаас төслийн хөгжүүлэлт, ТЭЗҮ-д зориулж нэмэлт 546 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байна. Зэсийн арвин нөөцтэй байж болох Ла Гранхад одоогоор 0.51 хувийн зэсийн орцтой 4.32 тэрбум тоннын орд байна гэж тооцоолоод байна.
Тийзээ хэзээ захиалах вэ?
Өвлийн амралтынхаа нислэгийн тийзийг одоо захиалсан нь дээр үү, эсвэл түр азнах уу? Хариулт нь "Google"-д бий. "Google Flights" үйлчилгээний шинээр танилцуулсан "захиалга хамгийн хямд байх үе" функц нь тодорхой чиглэл дэх нислэгийн үнэ хямдрах цонх үе хэзээ тохиох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байна.

Тус үйлчилгээний зөвлөж байгаагаар 12 дугаар сарын сүүлээр, шинэ жил дөхүүлж аяллаа төлөвлөсөн бол багадаа 72 хоногийн өмнө тийзээ захиалбал хамгийн хямд тусахаар байгаа аж. Тухайлбал 12 дугаар сарын 21-нд ниснэ гэвэл эртдээ 10 дугаар сарын 7-нд тийзээ захиалах хэрэгтэй гэжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна
“Gazprom”-ийн Европт хийх нийлүүлэлт багасаж, цэвэр ашиг нь $3.1 тэрбум болж буурав
АНУ-ын ДНБ II улиралд өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөв
“Country Garden” дефолт зарлаж магадгүй байгаагаа анхааруулав
Онцлох чарт
Хэр их хэмжээний зээл авбал хэтэрхий ихэд тооцогдох вэ? Дэлхийн улсуудад энэ талаар тогтоосон хэмжээ байхгүй. Харин АНУ ачаалал даах чадвараа өдгөө утгаар нь шалгаж байна.
Эдийн засаг тэлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, сүүлийн 50 гаруйн жилийн хугацаанд ажилгүйдлийн түвшин хамгийн доод цэгтээ хүрээд байгаа 2023 онд гэхэд л АНУ-ын төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.8 хувьтай гарахаар байгааг Конгрессын Төсвийн Алба мэдээлжээ. Тус улс Дэлхийн хоёрдугаар дайны рекорд үзүүлэлтийг эвдэх хэмжээний өрийн дарамтыг өдгөө үүрч явна.
