- Business newsletter
- Posts
- 2023/08/30
2023/08/30
Гурван өгүүлбэрээр
ННФ: Тогтвортой хөгжлийн зорилтын чухал салбаруудад төсвийн зарцуулалт бага хэвээр байна.
“TMK Energy”, “Terra Energy” компаниуд хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, зардлаа 50/50 зарчмаар хуваахаар болов.
Байр суурь: Дотооддоо цагаан будаа тариалснаар 40 гаруй сая ам.долларыг эдийн засагтаа авч үлдэх боломжтой.

Төсвийн гүйцэтгэл ба ТХЗ
Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод хамаарал бүхий салбарууд дахь төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн чиг хандлагын судалгааг Нээлттэй нийгэм форумаас танилцууллаа.
Гүйцэтгэл хаана сул байна вэ?
ХАА, хүнс, байгаль орчин, хүйсийн тэгш байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ундны ус ба ариун цэврийн байгууламжийн хангамж гэсэн долоон салбарын хувьд тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхэд ихээхэн сорилт тулгарч буйг судалгаанаас харж болохоор байна.
Биелээгүй төлөвлөгөө
Эдгээр долоон салбарын төсвийн гүйцэтгэл нь дийлэнхдээ төлөвлөгөөнөөс дутуу байсаар иржээ. Тодруулбал төсвийн нийт зарцуулалтын 13.1 хувийг эзэлж буй боловсролын салбарт төсвийн гүйцэтгэл нь дунджаар 11.8 хувиар дутсан байна. Түүнчлэн байгаль орчинд -11.8 хувь, ус ба ариутгах байгууламжид -5.7 хувийн төсвийн гүйцэтгэлийн зөрүү гарчээ.

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэх ахиц дэвшил удаашралтай байгаа нь эдгээр салбарт зарцуулалт дутуу байгаагаас шууд хамаарч байна. Тайлан мэдээллээс харвал ЗГ сүүлийн жилүүдэд төсвийн хэрэгжилтийн зорилтдоо хүрэхэд тогтмол бүтэлгүйтсээр ирсэн бөгөөд ялангуяа цар тахлын 2020 онд нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн зөрүү хамгийн өндөр буюу -8.1 хувь болж байжээ.
Сайжруулах арга зам
Төсөв боловсруулалтад олон нийтийг татан оролцуулах, хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх замаар төсвийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр ажиллах хэрэгтэйг судалгааны дүгнэлтэд онцолжээ. Мөн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн бодлогод анхаарч, ТХЗ-д суурилсан төсөвлөлтийг нэн тэргүүнд авч үзэх, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийн хуваарилалтыг дэлхийн дундажтай ойртуулах нь нэн чухал болохыг дурдсан байна.
Байр суурь
“Монголд цагаан будаа тариалах туршилтын үйл ажиллагааг таван жилийн турш явуулсны үр дүнд 2021 онд анхны ургацаа авч, 2022 онд бататгасан. Бид БНХАУ-ын Хар мөрөн мужийн цагаан будааг Монголд ургуулах бүрэн боломжтойг батлаад байна. Энэ нь нэг га талбайгаас 8 тонн хүртэлх ургац авдаг сортын будаа. Бид дотооддоо цагаан будаа тариалснаар 40 гаруй сая ам.долларыг эдийн засагтаа авч үлдэж, 4-5 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой. Монгол Улсын хэрэгцээг хангахад ойролцоогоор 15-20 мянган га талбайд цагаан будаа тариалах шаардлагатай гэсэн судалгаа бий” хэмээн “Жимекс” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Ганхуяг “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Алдагдалтай хагас жил
Эхний хагас жилд Бодь Даатгал ХК-ийн даатгалын хураамжийн цэвэр орлого 10.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс гурван хувиар буурсан бол нөхөн төлбөрийн цэвэр зардал 6.6 тэрбум төгрөгт хүрч, 10 орчим хувиар өсжээ. Гадаад валютын ханшийн өсөлт, инфляцын нөлөөгөөр нөхөн төлбөрийн хэмжээ тогтмол өссөн нь хохирлын харьцаа нэмэгдэх суурь шалтгаан болж байгааг онцолсон байна.
Чухал хөрөнгө босголт
“Elixir Energy” компани шинээр гаргах 100 сая орчим нэгж хувьцаагаа сүүлийн хаалтаас 14.6 хувиар хямд үнээр буюу 7 центээр үнэлж, хөрөнгө оруулагчдаас 7 сая орчим ам.долларын захиалга бүрэн авснаа мэдэгдлээ. Ингэснээр тус компани Австрали болон Монгол дахь төслүүдээ бүрэн санхүүжүүлэхэд зарцуулах нийт 10.5 саяын ам.долларын хөрөнгө босгож байна.
Захиалгад оролцогчдын хувьд опцион болон шинээр гаргасан хувьцаа авах боломжтой аж. SPP буюу хувьцаа худалдан авах төлөвлөгөөний хүрээнд гаргаж буй опцион нь 12 центийн үнэлгээтэй, гурван жилийн хугацаатай гэжээ.
TMK, Terra-ийн хамтрал
"TMK Energy" компани Монголд коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг "Terra Energy"-тэй хоёр жилийн хугацаатай хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд өрөмдлөгө, чичирхийллийн судалгааны хөтөлбөрт хамтран ажиллаж, зардлаа 50/50 зарчмаар хуваах юм байна.
"Terra Energy" компанийн хувьд "TMK"-ийн нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийн талбайд байрлах "Баруун Ноён уул" нүүрсний уурхайг эзэмшдэг.
Зээлийн хүүг бууруулна
Их удаашралд орсон эдийн засагтаа ташуур өгөхийн тулд БНХАУ-ын Төрөөс чиглүүлж буй ээлжит арга хэмжээ болгож тус улсын Төрийн өмчит томоохон банкнууд ипотек болон хадгаламжийн зээлийн хүүг бууруулах бэлтгэл ажилдаа орлоо. Тодруулбал Төрийн өмчит банкнууд нийт 5.3 их наяд ам.доллароор хэмжигдэж буй тус улсын ипотекийн зээлийн үлдэгдлийн дийлэнхэд нь зээлийн хүүг бууруулахаар болсныг мягмар гарагт мэдээлсэн байна.

Тэгвэл нөгөө талд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгтэнд тооцогдсоноосоо хойш хилийн чанад дахь анхны айлчлалаа БНХАУ-д хийх гэж байна. Тэрбээр ирэх аравдугаар сард болох “Бүс ба Зам” форумд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Биткойны ирээдүй
“Grayscale Investments” биткойны биржээр арилжаалагдах сан байгуулах асуудалд шүүх дээр чухал ялалт байгуулснаар криптовалютын салбар хөрөнгө оруулагчдаас тогтмол олон тэрбум ам.доллар татах нөхцөл бүрдэж байна. Тус компани АНУ-ын Үнэт цаас, биржийн хороог шүүх дээр ялсан нь дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны хувьд эргэлтийн цэг ч болох боломжтойг шинжээчид бичиж байна.
Хиймэл оюун+Залилан
Хакерууд дүрс бичлэг, хиймэл оюуныг хослуулан юу хийж чадах тал дээр кибер аюулгүй байдлын зарим мэргэжилтнүүд санаа чилээсээр өдийг хүрчээ. Наад зах нь захирлын тань "дүрд хувираад", таны нууц үг юу болохыг асууж болно. Өдгөө хиймэл оюунт программ хангамж иймэрхүү бичлэгийг тухайн цаг хугацаанд нь шууд хийж гүйцэтгэх чадалтай болсон тул боссын тань дүрд хувирсан хакер тантай "Zoom"-ээр ярилцах боломжтой гэсэн үг юм.

Кибер гэмт хэрэгтнүүдийн "зэвсэглэл"-д хамгийн сүүлд нэмэгдсэн технологиуд болох дуу хоолой, дүрс бичлэгийг хиймлээр үүсгэх программ хангамж хэр том хохирол учруулж болох тухай нийтлэлийг уншаарай.

BloombergTV.mn танд санал болгож байна
Рианна, Drake, Dr. Dre нарын $11 мянгаар үнэлэгдэх гар хийцийн микрофоныг бүтээдэг бяцхан үйлдвэр
БНХАУ нүүрсний цахилгаан станц байгуулах зөвшөөрөл олголтоо нэмэгдүүлж байна
Онцлох чарт
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "VinFast"-ийн хувьцааны "салхи татуулсан" өсөлт мягмар гарагт гэнэт зогсож, зах зээлийн үнэлгээнээс нь 83 тэрбум ам.доллар арчигдав.
Ашигт ажиллагаанд хүрээгүй, арилжааны идэвх багатай хэвээр буй тус компанийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 44 хувиар унаснаар зургаан өдөр дараалсан өсөлт нь зогсжээ. Хэдийгээр огцом унасан ч "Vinfast”-ийн зах зээлийн үнэлгээ 107 тэрбум ам.доллар буюу "BlackRock" болон "FedEx" зэрэг компаниудаас өндөр хэвээр байгаа юм.
