- Business newsletter
- Posts
- 2023/08/29
2023/08/29
Гурван өгүүлбэрээр
MMC 2024 онд хугацаа нь дуусах бонддоо дахин тендер санал гаргаж, мөн шинэ бонд гаргахаар төлөвлөжээ.
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханшид уналт давамгайлж байна.
Стэнфордыг орхисон 20 настай хоёр залуу Энэтхэгийн ээлжит “юникорн”-ыг босгов.

MMC-ийн эргэн тойронд
Өндөр чанарын коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч “Mongolian Mining Corporation”-ийн бонд болон зээлжих зэрэглэлтэй холбоотой шинэ мэдээллүүдийг багцлан хүргэе.
Тендер санал ба шинэ бонд
Компани 2024 онд хугацаа нь дуусах, 9.25 хувийн хүүтэй бондоо арилжаалах саналыг хөрөнгө оруулагчдад тавьсан байна. Наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар бондын үндсэн төлбөр 350.2 сая ам.доллар байгаа аж.
Үүнээс гадна MMC болон түүний охин компани “Energy Resources” шинэ бонд гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Шинэ бонд Сингапурын биржээр арилжаалагдах төлөвтэй бөгөөд наймдугаар сарын 30-ны өдөр шинэ бондын нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.

Fitch-ийн дүгнэлт
"Fitch Ratings” агентлагаас MMC-ийн "B" ангилалд байгаа урт хугацааны зээлжих зэрэглэлийг “Rating Watch Negative” ангилалд оруулснаа мэдээллээ. Энэ нь зээлжих зэрэглэлийг бууруулахад хүргэж магадгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна гэсэн үг юм.
Гэхдээ MMC бондоо арилжих санал тавьсан нь дефолтоос зайлсхийх гэсэн оролдлого биш гэж “Fitch Ratings” дүгнэсэн байна. Хэдийгээр MMC-ийн 350 сая ам.долларын бондын хугацаа дуусахад хэдхэн сарын хугацаа үлдээд байгаа ч бондын эргэн төлөлтөө амжилттай гүйцэтгэх бүрэн боломжтой гэжээ.
Шалтгаан нь…
Товчхондоо тус компани шинэ бонд гаргахгүй байсан ч үйл ажиллагаанаасаа хангалттай бэлэн мөнгө татах хүчин чадалтай гэж үзсэн байна. 2023 оны зургаадугаар сарын эцсээр компанийн бэлэн мөнгөний баланс 200 сая ам.доллар байсан нь 2022 оны эцсээс 65 сая ам.доллароор өндөр дүн болж байгаа аж. Мөн оны эхний хагаст 516.7 сая ам.долларын борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 385 хувиар өссөн үзүүлэлт болсныг MMC тайландаа дурджээ.
Байр суурь
“Пап Францисын айлчлал нь Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх айлчлал болно. Цөмийн зэвсэгтэй, авторитар дэглэмтэй хоёр гүрнээр хүрээлэгдсэн улсыг сонирхоод, зориод ирж байгаа нь Монголын олон улс дахь нэр хүнд, геополитикийн ач холбогдлыг өргөнө. Оюун санаа ба шашны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Азийн жижигхэн улс гэж харж байна. Энэ бол Азийн католик шашинтнуудад чиглэсэн айлчлал биш. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийгдэж буй Төрийн айлчлал” хэмээн Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Шинэ төмөр замаар
“Тавантолгой төмөр зам” ХХК энэ онд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замуудаар нэг сая тонн ачаа тээвэрлэжээ. Тус компани 2022 оны долоодугаар сараас туршилтын тээвэрлэлтийг эхлүүлж, энэ оны тавдугаар сараас төмөр замын суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулаад байгаа юм.
Хурлын үр дүн
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал болж, Тэргүүн дэд даргаараа С.Баярцогтыг, дэд даргаар Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нарын 15 хүнийг томилов. Мөн АН-ын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах, ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийг батлах, дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Үйлдвэрлэгчдийн хувьцаа
Оны эхний найман сарын хугацаанд МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханшид уналт давамгайлж байна. Тухайлбал “АПУ” ХК-ийн нэгж хувьцааны ханш он гарсаар 16 гаруй хувиар, “Сүү” ХК-ийн нэгж хувьцааны ханш 17 хувиар, “Монос хүнс”-ийнх 16 хувиар, “Түмэн Шувуут”-ынх 3.8 хувиар тус тус буурчээ.
Ерөнхийдөө компаниуд ногдол ашиг хуваарилах болон жилийн тайлангийн дараа ханш нь огцом өсөлтөөсөө эргэн буурах хөдөлгөөн ажиглагддагийг МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай өгүүлж байв.
Эргэлтийн цэг
Шинэ автомашины нийт борлуулалтын 5 хувийг цахилгаан автомашин эзлэх болсон цагт бүх зүйл өөрчлөгддөгийг "Bloomberg Green" шинэ судалгаандаа онцолсон байна. Өнгөрсөн онд цахилгаан автомашины хэрэглээний өсөлтөд анх удаа судалгаа хийхэд шинэ автомашины нийт борлуулалтынх нь 5 хувийг цахилгаан автомашин эзэлсэн тохиолдол 19 оронд гарч байжээ. Таван хувийг босгыг ийнхүү давах нь хэрэглэгчдийн технологийн сонирхол эрчимтэй өөрчлөгдөж, цахилгаан автомашин нийтийн хэрэглээ болоход бэлэн болсны дохио болдог аж.

Тэгвэл энэ оны судалгаагаар дахин Канад, Австрали тэргүүтэй таван орон цахилгаан автомашины шилжилтэд томоохон үсрэлт хийж, 5 хувийн босгыг давсан нь харагджээ.
Найдвар суларсаар
БНХАУ-ын эдийн засгийн төлөв сайжрах шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа тул шинжээчид тус улсын сэргэлтийн төсөөллөө дахин доошлуулж байна. "Bloomberg"-ээс эдийн засагчдын дунд явуулсан судалгааны голчийг харвал БНХАУ-ын ДНБ 2023 онд 5.1 хувиар өсөхөөр байгаа нь өмнөх төсөөлөл болох 5.2 хувиас буурсан үзүүлэлт болов. Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт суларч, экспорт буурснаас үүдэн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй бөгөөд энэ онд "хатуу газардах" магадлал 30 хувь байна "Continuum Economics"-ийн шинжээчид үзжээ.
Zijin Европт
БНХАУ-ын “Zijin Mining Group” 3.8 тэрбум ам.доллар зарцуулж, Сербийн зүүн хэсэгт байрлах зэсийн уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөгөө боловсруулж байна. Хоёр жилийн өмнө 678 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нээж байсан “Cukaru Peki” зэс, алтны уурхайн гүнийг хоёр километрт хүргэхээр зорьж байгаа аж. "Zijin Mining" нь мөн Монголын зэс-алтны “Хармагтай" төсөлд оролцож буй томоохон компаниудын нэг юм.
20-тойдоо “юникорн” босгов
Хүүхэд ахуй цагийн хоёр найз Стэнфордын их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөрийг дундаас нь орхиж, Энэтхэгийн хамгийн залуу "юникорн" буюу 1 тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй стартапыг босгожээ. Аадит Палича, Кайваля Вора нар хүнсний бүтээгдэхүүний шуурхай цахим худалдааны платформ "Zepto"-г байгуулахдаа өсвөр настнууд байжээ.

Өдгөө хоёул 20 настай тэд венчур санхүүжилтийн амаргүй нөхцөл байдлыг сөрж, шинэ хөрөнгө оруулалтууд татаж чадсанаар Энэтхэгт ховорхон байдаг 1.4 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий компанитай болсон байна.

BloombergTV.mn танд санал болгож байна
Jackson Hole: Инфляц тогтворжсоны дараах сорилтууд Төв банкнуудын удирдагчдын санааг чилээж байна
“Didi Global”-ийн салбар нэгжийг худалдан авсны дараа “XPeng”-ийн хувьцааны ханш 16 хувиар өсөв
Онцлох чарт
Танилцуулагдсан эхний хэдэн өдрөө 100 сая гаруй удаа татагдаж байсан “Threads”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өдгөө 60-70 хувиар буурсан тооцоо гарчээ. Мөн тус апп дээр хэрэглэгчдийн өдөрт зарцуулах дундаж хугацаа ердөө 2.5 минут болж буурсан байхад Илон Маскийн апп дээр 30 минут байгаа нь Марк Закербергийн хувьд тун базаахгүй үзүүлэлт болж байна.
