2023/08/28

Гурван өгүүлбэрээр

  1. Дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 263.9 тэрбум төгрөг болжээ.

  2. Байр суурь: Монголын зүүн боомтуудаар эрчим хүчний нүүрс худалдан авах сонирхол БНХАУ-д өндөр байна.

  3. Швейцарын нууцлаг тэрбумтан тансаг зэрэглэлийн цаг, үнэт эдлэлийн сүлжээ дэлгүүрээ "Rolex"-т худалджээ.

Гол олборлогчдын хувьцаа

Өнгөрсөн долоо хоногт МХБ-д бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны арилжаа идэвхтэй байлаа.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн” (ERDN) ХК-ийн 55 мянга орчим ширхэг хувьцаа нь эргэлтэд орсноор наймдугаар сарын хамгийн идэвхтэй арилжаа болов. Харин нэгж хувьцааны ханш нь баасан гарагийн арилжаа хаахад 0.74 хувиар буурч 878.84 төгрөг болсноор зах зээлийн үнэлгээ нь 302.5 тэрбум төгрөг рүү буурчээ.

“Тавантолгой” (TTL) ХК-ийн хувьд өнгөрсөн 7 хоногт 4300 гаруй ширхэг хувьцаа нь эргэлтэд орлоо. Наймдугаар сар гарснаас хойш компанийн хувьцааны эргэлт болон ханш нь тогтвортой байгаа юм.

Үйл ажиллагааны хувьд

“Эрдэнэ Ресурс”-ийн "Баян Хөндий" алтны төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын баруун өмнөд хэсэгт байрлах хөндий эрдсийн дүүргийн анхны хөгжүүлэлт болохоос гадна дэлхийн хамгийн өндөр агуулгатай алтны ил уурхайнуудын нэг болохоор байгааг Гүйцэтгэх захирал нь онцолж байв.

Байр суурь

“БНХАУ-ын зүүн хойд мужууд 3,500-4,000 калор бүхий дунд чанарын эрчим хүчний нүүрс худалдан авах сонирхол өндөр байгаагаа илэрхийлж эхэлсэн. Зүүн хилийн Бичигт, Хавирга боомтуудаар дамжуулаад магадгүй одоо бидний гаргаж буй экспортын дүнтэй ч дүйцэхүйц хэмжээний эрчим хүчний нүүрс худалдан авах боломж, сонирхол тэдэнд байх шиг байна. Тэгэхээр бид боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Бичигтийн боомтын өргөтгөлийг яаралтай ашиглалтад оруулах, мөн боомтуудаа автоматжуулах гэх мэтээр санаачилгатай ажиллах хэрэгтэй” хэмээн “Big Mogul Coal & Energy” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх онцолж байна.

Уул уурхайн бусад сонин…

📌Алт-зэсийн “Хармагтай” төсөл Оюутолгойг цахилгаанаар хангадаг Монголын өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээтэй амжилттай холбогдсон болохыг “Xanadu Mines” болон “Zijin Mining” компаниуд мэдэгдлээ. Ингэснээр төслийн бүтээн байгуулалт болон хайгуулын ажлыг ахиулах боломж бүрдэж байна.

📌 Ханги-Мандал боомтоор химийн аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр Хятад, Монголын талууд шийдвэрлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Боомтын үндэсний хорооны дарга холбогдох албаныханд даалгажээ. Энэ төрлийн тээвэрлэлт нь уул уурхай, газар тариалан зэрэг салбарын гол түүхий эдийг үнийн өсөлтөөс хамгаалах, найдвартай ханган нийлүүлэлтийг бий болгох ач холбогдолтойг онцолсон байна.

Орлого сайтай жил

2023 оны эхний хагас жилд зочид буудлын салбарын орлого 221 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 38.1 хувиар өссөн байна. Үүнд гурав болон түүнээс дээш одтой зочид буудлын салбарын орлого 42.3 хувиар, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 25.7 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

ВХҮҮ эхний хагаст

Дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 263.9 тэрбум төгрөг болж, өдрийн дундаж арилжаа 128 сая төгрөг хүрснийг СЗХ мэдээлэв. Тус салбарт эхний хагас жилийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан 211 нэр төрлийн виртуал хөрөнгө арилжаалагдсанаас 81 хувь буюу 170 нь гадаадын виртуал хөрөнгө байжээ.

Хятадад санаа зовох цаг

Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг бүрдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байсан БНХАУ-ын эдийн засаг сүүлийн саруудад огцом удааширч байгаа нь олон улсын зах зээлд аюулын дохио хангинуулж байна. Барилгын материалаас эхлээд электрон бараа хүртэлх бүх зүйлийг Хятадаас импортолж буй бодлого боловсруулагчдын хувьд эдийн засгийн хүндхэн сорилтод бэлтгэж эхлээд байна.

Манайд ирээрэй…

Сүүлийн байдлаар олон улсын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлээс хэдийн 10 гаруй тэрбум ам.доллар буцаан татаад байна. Тэгвэл хямралд ороод буй хөрөнгийн зах зээлдээ хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах төлөвлөгөөт арга хэмжээний хүрээнд БНХАУ 2008 оноос хойш анх удаа хувьцааны арилжааны тэмдэгтийн хураамжаа бууруулжээ.

Сул худалдаа

Эрэлт цар тахлын үеийн дээд түвшнээсээ буурсантай зэрэгцэн БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 сарын 9-д нь уналттай байлаа. Ази, Африк, Хойд Америкаас авах импортын барааны үнэ долоодугаар сард бүгд өмнөх оны мөн үеэсээ бууралттай байсан бөгөөд тэр дундаа Ази, Африкийн импортын бараа үнэ оны эхний долоон сард 14 хувиар буурчээ.

Харин Хятадыг чиглэсэн төмрийн хүдэр, зэсийн хүдэр зэрэг түүхий эдийн биет хэмжээ харьцангуй тэсвэртэй хэвээр. Гэхдээ удаашрал цаашид үргэлжилбэл тээвэрлэлт, нийлүүлэлт суларч, улмаар Ази, Австралийн олборлогчдод нөлөөлөхөөр байна.

Дефляцын дарамт

Тус улсын үйлчилгээний үнийн индекс сүүлийн 10 сарын турш тасралтгүй агшсан байгаа нь экспортын бараа бүтээгдэхүүний үнэ нь мөн уналттай байгааг харуулж байна. Энэ нь өндөр инфляцтай тэмцэж буй дэлхийн бусад орнуудад сайн мэдээ болохын зэрэгцээ газрын тосны үнийн өсөлт эрчимжих магадлал дагаад багасна гэсэн үг юм.

1.9 сая үхэл

БНХАУ өнгөрсөн оны 12 дугаар сард Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо гэнэтийн байдлаар цуцлах шийдвэр гаргасан нь ердөө хоёр сарын дотор 1.9 сая хүний нас баралтад нөлөөлснийг тус улс дахь цар тахлын хор хохирлыг тогтоох зорилгоор хийгдсэн анхны хараат бус судалгааны үр дүнгээс харагджээ. Covid-19-ийн шалтгаант гэж албан ёсоор бүртгэгдсэн нийт нас баралтын тоо дэлхий даяар долоон сая хүрээгүйтэй харьцуулбал энэ нь багагүй цочирдом тоо болсон байна.

Ажил дуусаагүй

Дэлхийн томоохон төв банкууд инфляц тогтворжих хүртэл бодлогын хүүг өндөр түвшинд хэвээр хадгалах шаардлагатайг анхааруулж байна. АНУ-ын Вайоминг мужийн "Jackson Hole"-д болсон энэ жилийн Төв банкны чуулга уулзалтын үеэр АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл болон Европын Төв Банкны Ерөнхийлөгч Кристин Лагард нар өнгөрсөн оноос эхлэлтэй бодлогын хүүгийн түүхэн өсөлтийг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд дор бүрнээ сорилттой тулгарч байгааг илэрхийлжээ.

Өв залгамжлалын төгсгөл

Швейцарын нууцлаг тэрбумтан, 87 настай Йорг Г.Бухерер 1888 оноос хойш түүний гэр бүлд өв дамжсаар ирсэн тансаг зэрэглэлийн цаг, үнэт эдлэлийн сүлжээ дэлгүүрийг "Rolex"-т худалдсан нь тансаг зах зээл дэх гайхшрал төрүүлэм хэлцэл боллоо. Түүний 100 гаруй дэлгүүр нь жилийн 2.3 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг ба энэ нь "Rolex"-ийн нийт борлуулалтын 5 хувийг бүрдүүлдэг гэж "Vontobel"-ийн шинжээч тооцоолжээ. Бухерер нь өв залгамжлах үр хүүхэдгүй нэгэн юм.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • Тэйлор Свифт, Бейонсе, “Barbenheimer” $8.5 тэрбумыг авчрахаар байна

  • “Jackson Hole” эдийн засгийн симпозиумыг утган 5 өдөр өсөөд байсан зэсийн үнэ эргэн унав

Онцлох чарт