- Business newsletter
- Posts
- 2023/08/25
2023/08/25
Гурван өгүүлбэрээр
Монгол Улсын төсвийн тэнцэл сүүлийн 20 жилийн 15-д нь алдагдалтай байжээ.
Шинжээч: Банкны хувьцаа авахад P/B харьцаа хөрөнгө оруулагчдад илүү оновчтой чиг гаргаж өгдөг.
АНУ-ын экспортолсон хагас автомат төрлийн галт зэвсгийн тоо 2016 оноос хойш хоёр дахин нэмэгджээ.
Нүүрсний рекорд
Наймдугаар сарын 23-ны өдөр Монгол Улс 2,548 автомашинаар 302,502 тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд амжилт болсныг ЗТХЯ мэдээллээ. Сангийн яамнаас энэ онд 50 сая тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд уг зорилттой харьцуулбал гүйцэтгэл 80 орчим хувьд хүрээд байна.
БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд болсон ослын дараа нүүрсний үнэ эргэн бага зэрэг өсөөд буйг “SXCoal” онцолжээ. Нүүрсний олборлолтоор гуравдугаарт бичигддэг Шаньси мужийн уурхайд энэ сарын 21-ний өдөр хий дэлбэрч, 11 хүн амь үрэгдсэн юм.
Шинжээчийн үг
“Зөвхөн ХААН Банкны хувьцааны ханш IPO хийснээсээ хойш өссөн, бусад дөрвөн банк нь буурсан үзүүлэлттэй байна. Хагас жилийн тайлангуудаас нь харвал нэгж хувьцаанд ногдох ашгаар ХХБ хамгийн өндөр буюу 1,820 төгрөг байна. Нэгж хувьцаанд ногдох ашгийг хувьцааны ханшид харьцуулах буюу P/E харьцааг нь үзвэл банкнуудынх ойролцоогоор 8-16 нэгж байгаа. Энэ харьцаа 13-18 хооронд байвал хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой гэсэн логик бий.
Гэхдээ банкнууд эдийн засгийн циклд хамгийн өртөмтгий байдаг учраас P/E харьцааг харж шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Харин үнэ, дансны үнийн харьцаа буюу P/B харьцаа хөрөнгө оруулагчдад илүү оновчтой чиг гаргаж өгдөг” хэмээн “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Дэд захирал, шинжээч Г.Энхбат онцолж байна.
Алдагдлын жилүүд
“Сонгууль болдгоороо болно, төсөв тэлдгээрээ тэлнэ” гэсэн үгээр дөрвөн жилийн цикл бүхий Монгол улсын эдийн засгийг товчхон тодорхойлж болно. Төсвийн сахилга бат сүүлийн жилүүдэд ямар байдалтай байсныг эргэн санацгаая.
20 жилийн 15-д нь…
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 20 жилийн 15-д нь алдагдалтай байсныг албан тоо баримтуудаас харж болохоор байна. Тэр дундаа сонгуулийн жилүүдэд төсвийн зарцуулалт өмнөх жилүүдээсээ огцом нэмэгдэж батлагдаж байжээ.
Тухайлбал, 2011 онд улсын нэгдсэн төсөв 769.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2012 онд алдагдал 1.1 их наяд төгрөг болж нэмэгджээ. Үүнийг төсвийн орлогын өсөлттэй харьцуулахад гурав дахин илүү байгаа юм.
Тогтвортой байдлын тухай “тогтворгүй” хууль
УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, төсвийн сахилга бат, алдагдлын ДНБ-нд харьцах стандартыг тогтоож өгсөн. Гэхдээ УИХ уг хуульд сүүлийн 10 жилийн хугацаанд есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Үүнтэй зэрэгцээд ЗГ төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бонд гаргасаар ирсэн. 2015 оноос хойш ЗГ-ын өр хоёр дахин өсөж, ДНБ-ий 60 хувийг давсан болохыг Эдийн засгийн судалгаа, шинжилгээний төвийн судалгаанд дурджээ.
Өрөөр санхүүжүүлдэг эдийн засаг
Засгийн газар зарлага нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн үзүүлэлтүүд, түүхий эдийн үнэ болон экспортын тоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлдгийг шинжээчид сануулсаар байгаа. Илүү том зургаар харвал эдийн засаг өссөн боловч өрөөр санхүүжүүлж байгааг ЭЗШЭСХ-ийн захирал Б.Түвшинтөгс шүүмжилж байв.
Улаанбаатар бонд
НЗДТГ-аас нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо болон МХБ-д хүргүүлснээ мэдээллээ. “Улаанбаатар бонд” нэртэй, 500 тэрбум хүртэлх төгрөгийн тус бондын андеррайтераар “БиДиСеК ҮЦК” ХК ажиллаж байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэгт зарцуулахаар байгаа юм.
Агаарын тээвэрт
📌 Япон Улсын агаарын тээвэрлэгч “Japan Airlines” компани Токио-УБ чиглэлд анхны захиалгат нислэгээ үйлдлээ. Нислэгээр 124 жуулчин Монгол Улсад ирсэн байна.
📌 Монгол Улстай харилцан нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын хөлөг, карго тээврийн хязгаарлалтыг цуцлахаар болсон талаар ОХУ-ын агаарын тээврийн “Росавиация” агентлаг мэдээллээ. Энэ хүрээнд Монгол-Оросын хооронд долоо хоногт долоон удаа нислэг үйлдэхээр заажээ.
📌 Үүнээс гадна Грек улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдээд байгааг ЗТХЯ мэдээлж байна.
737-ийн ээлжит асуудал
"Boeing" компани "737 Max" загварын онгоцны кабины даралт тохируулах зориулалт бүхий хэсэгт буруу байршилтай нүх өрөмдсөн согог илрүүлснээ мэдээлжээ. Ингэснээр тус компанийн хамгийн өндөр борлуулалттай загварын нийлүүлэлтийн зорилт биелэхэд саад учрах эрсдэл үүссэн байна.
"737 Max"-тай холбоотой ээлжит нэгэн асуудал болж буй дээрх согог нь онгоцны аюулгүй байдалд нөлөөлөхгүй болохыг АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдлагаас мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч нийлүүлэлтийн сүлжээний удаашралын хажуугаар “737” загварынхаа үйлдвэрлэлийн хурдыг нэмэгдүүлэхээр ажиллаж буй "Boeing"-д багагүй хүндрэл учруулах юм.
Хариу арга хэмжээ
“Tokyo Electric” компани Фүкүшимагийн цөмийн гамшигт өртсөн бүс нутаг дахь хаягдал усыг Номхон Далайд цутгаж эхэлсэнтэй холбоотойгоор БНХАУ Японы далайн бүтээгдэхүүний импортод бүрэн хориг тавьлаа. 30 жилийн хугацаа шаардагдах магадлалтай ус шавхах үйл явцыг БНХАУ эрс буруутгаж байгаа бол Японы зүгээс импортын хоригоо нэн даруй цуцлахыг уриалсан байна.
BRICS өргөжинө
Ойрх Дорнод дахь АНУ-ын ойрын холбоотнууд болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Египет улсуудыг BRICS-т гишүүнээр элсэхийг уриад байна. Ийнхүү БНХАУ, ОХУ-ын тойрогт ойртож магадгүй болсон нь дэлхийн геополитикийн асуудлыг улам хурцатгахаар байна.
ӨАБНУ-д болсон BRICS-ийн чуулга уулзалтын үеэр Иран, Аргентин, Этиоп улсуудыг мөн гишүүнээр элсэхийг урьжээ. Дээрх орнууд ирэх оны эхээр тус бүлгийн гишүүд болох магадлалтай аж.
Соёлын экспорт
Тэйлор Свифт, Бейонсе болон "Барбенхаймер" АНУ-ын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж байна. Мега оддын аялан тоглолтууд болон блокбастер кинонууд гуравдугаар улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлтөд 8.5 тэрбум доллар нэмэх төлөвтэйг "Bloomberg" тооцоолжээ. Уран бүтээлчдийн АНУ-д хийхээр төлөвлөсөн 50 гаруй тоглолт нь тус улсын ДНБ-ийг 5.4 тэрбум ам.доллароор дэмжих боломжтой бол "Barbie", "Oppenheimer" зэрэг кинонууд олон улс дахь тасалбар борлуулалтаас 3.1 тэрбум долларыг АНУ-ын хэрэглэгчийн зарцуулалт болон экспортын орлогын үзүүлэлтэд нэмэхээр байгаа аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
АНУ, Их Британи: Евгений Пригожины үхэл захиалгат аллага байсан байж магадгүй
БНСУ-ын Төв банк "Jackson Hole" симпозиумыг угтан бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
Онцлох чарт
АНУ-ын экспортолсон хагас автомат төрлийн галт зэвсгийн тоо 2016 оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Эдгээр борлуулалт нь тус улсын бууны зах зээлд ихээхэн орлого авчирсан ч бүс нутагтаа, ялангуяа АНУ-Мексикийн хил орчимд гэмт хэрэг, буудалцаан нэмэгдэхэд түлхэц болж буйг "Bloomberg" онцолж байна.