- Business newsletter
- Posts
- 2023/08/24
2023/08/24
Гурван өгүүлбэрээр
CU-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн талаар Гүйцэтгэх захирал нь тайлбар өгөв.
Түмэн Шувуут ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагаст 54 хувиар өсжээ.
Энэтхэг улс сарны өмнөд туйлд сансрын судалгааны станцаа газардуулсан дэлхийн анхны улс боллоо.
Хэвийн үзүүлэлт, хямд хувьцаа
Арилжааны банкнуудаас сүүлд “Голомт банк” эхний хагас жилд 78 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаад байгаа. Тэгвэл Монголбанкнаас танилцуулсан банкны салбарын ээлжит тайлангаас онцлох үзүүлэлтүүдийг ойроос харъя.
Актив, пассив зуузай холбов
Банкны салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ долоодугаар сарын эцсийн байдлаар 48 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.1 хувиар өслөө. Харин пассив хөрөнгийн хэмжээ 42.8 их наяд төгрөг болж, 16.3 хувиар өсжээ.
Зээлийн эрэлт нэмэгдэхээр байна
Тайлант хугацаанд банкнуудын зээлийн жилийн өсөлт 8.5 хувьтай байна. Тэр дундаа дотоодод аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл нийт активын 25.3 их наяд төгрөгийг бүрдүүлжээ. Монголбанкнаас арилжааны банкнуудын дунд түвшний менежерүүдийн дунд явуулсан судалгаагаар III улиралд банкнууд зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй бөгөөд шалгуур хэвээр хадгалагдах хүлээлт өндөр байгаа аж.
Хадгаламж сэргэв
2023 оноос банкнууд иргэдийн хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхлээд байгаа. Тэгвэл хугацаагүй хадгаламжийн үлдэгдэл энэ оны эхний саруудад харьцангуй буурч байсан бол долоодугаар сарын эцэс гэхэд 3 их наяд төгрөг болж өсөөд байна.
Хямд хувьцаа
Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн системд нөлөө бүхий банкнуудын хувьцааны ханш өнгөрсөн хугацаанд дийлэнх нь IPO-ний үнээсээ доош орж унаад байгаа. Тэгвэл долоодугаар сард банкнуудын нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 5.6 их наяд төгрөг давж, 24.4 хувиар өсжээ. Банкнуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч хувьцааны ханш нь бууралттай байх нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах гол үзүүлэлт болдгийг “БиДиСек ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж онцолж байв.
Байр суурь
“Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх сонирхол их байдаг байсан бол одоо залуучуудын хувьд түрээсэлж амьдрах сонирхол өндөр болсон. Дотоодын түрээслэгчид тавилгатай, тавилгагүй гэх мэтээр стандарт орон сууц түрээслэх хандлагатай. Харин Монголд оршин сууж буй гадаадын иргэдийн дунд өндөр зэрэглэлийн орон сууц болон хаус түрээслэх эрэлт өндөр байна. Ялангуяа хил нээгдсэнээс хойш БНХАУ-ын иргэд хаус түрээслэж амьдрах нь их байгаа. Үүнийг дагаад хүмүүс сүүлийн үед хауст хөрөнгө оруулалт хийж, бүрэн тохижуулаад түрээслэх хандлага ажиглагдаж байна” хэмээн “Arcus Agency” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Найгалмаа “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
CU-д юу тохиолдов?
CU сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” (CUMN) компани борлуулалтын орлогоо өмнөх оны мөн үеэс 50 хувиар өсгөж, 167.2 тэрбум төгрөгт хүргэснээ тайлагнав.
Компанийн өмнөх санхүүгийн тайлангийн зарим тоо багагүй анхаарал татсан. Тэгвэл нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотой таамаглаагүй үр дүн, нөгөө талаасаа эрчимтэй тэлэлтээс үүдэн хүний нөөцийн дутагдалд орохгүйн тулд энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа түрүүлж хийх стратеги баримталсан нь үүнд нөлөөлснийг компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолсон юм. Мөн ₮170 гаруй тэрбумын өртэй холбоотой тайлбарыг ЭНД дарж үзээрэй.
TUM эхний хагаст
“Түмэн шувуут” ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөж, 5.7 тэрбум төгрөг хүрсэн бол борлуулалт нь 29.7 тэрбумд хүрч, 40 хувиар өсжээ. Тайлант хугацаанд тус компани 54 сая ширхэг өндөг үйлдвэрлэсний сацуу “Түмэн шувуут-2” төслийн хүрээнд өндөглөгч тахианы V байрыг бүрэн ашиглалтад оруулжээ.
Тус компанийн хувьцааны ханш он гарсаар тогтвортой буюу 350 төгрөг орчимд арилжаалагдаж байгаа юм.
Төмөр замын эргэн тойронд
📌 Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбосон төмөр зам энэ дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор байгааг ЗТХЯ мэдээллээ. Бүтээн байгуулалт нь тавдугаар сард эхэлсэн уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэх тооцоолол байгаа.
📌 Гурван жил гаруй саатсаны эцэст Замын-Үүд-Эрээн чиглэлийн төмөр замын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаж, нээхээр болжээ. Хятадын талаас наймдугаар сарын 25-ны өдөр зорчигч тээврийг эхлүүлэх санал хүргүүлсэн байна.
📌ХХБ Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хамтран харилцагчийн ачааны вагоны импортын төслийг санхүүжүүлснээ мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсын гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 12.4 сая еврогийн үнийн дүн бүхий ачааны вагонуудыг Казахстан болон Эстони улсын нийлүүлэгчдээс худалдан авсан байна.
Пригожины үхэл
Владимир Путины 20 гаруй жилийн засаглалыг ганхуулсан томоохон зэвсэгт тэмцлийг зохион байгуулж байсан "Вагнер" хувийн зэвсэгт хүчний удирдагч Евгений Пригожин онгоцны ослоор нас барсан байж болзошгүйг ОХУ-ын агаарын тээврийн удирдлагаас мэдээллээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч түүнийг зориудаар онилсон гэх хардлагыг тэр даруй төрүүлээд байна. Амиа алдсан зорчигчдын дунд “Вагнер”-ийн дэд удирдагч Димитрий Уткин мөн байсныг эх сурвалж мэдээлж байна.
Тус үйл явдалтай холбогдуулан асуусан сэтгүүлчийн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Үйл явдал хэрхэн болсныг мэдэхгүй, гэхдээ үүнд би гайхахгүй байна” хэмээн хариулжээ.
Дийлдэшгүй Nvidia
Технологийн салбар дахь хиймэл оюунт тооцооллын уралдаанд аль хэдийн гялалзаж буй “Nvidia” улирлын орлогын маш өөдрөг төсөөллөө танилцууллаа. Хиймэл оюунт чипийнх нь эрэлт огцом өссөнөөс шалтгаалан энэ улирлын борлуулалтын орлого нь 16 тэрбум ам.долларт хүрнэ гэж мэдээлсний дараа хувьцааны ханш нь 8 гаруй хувиар өссөн байна. Шинжээчдийн хувьд энэ тоог 12.5 тэрбум ам.доллар байна гэж тооцоолж байсан юм.
Аялал жуулчлал цойлно
2033 он гэхэд аялал жуулчлалын салбар 15.5 их наяд ам.долларын зах зээл болж, дэлхийн эдийн засгийн 11.6-аас дээш хувийг эзлэх төдийгүй өсөлтийн хурдаараа дэлхийн ДНБ-ийг гүйцэхээр байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн (WTTC) судалгаа харуулжээ. 2019 онд аялал жуулчлалын зах зээлийн үнэлгээ 10 их наяд ам.доллароор хэмжигдэж байсантай харьцуулахад энэ нь 50 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэтхэгийн ялалт
Энэтхэг улс сарны өмнөд туйлд сансрын судалгааны станцаа газардуулсан дэлхийн анхны улс боллоо. “Чандраян-3” станц лхагва гарагт тус улсын цагаар 18 цаг 4 минутад зорьсон газраа амжилттай газарджээ. Харин сарны өмнөд туйлыг мөн адил зорьсон ОХУ-ын “Луна-25” станц өнгөрсөн ням гарагт хөдөлгүүрийн саатлаас шалтгаалан сарны гадаргууд унаж сүйрсэн юм.
“Чандраян-3” станцын хүргэсэн “Прагян” буюу “мэргэн ухаан” гэсэн утга бүхий нэртэй ровер дараагийн 14 хоногийн хугацаанд сарны гадаргын химийн найрлагыг судалж, мөн усны эх үүсвэр илрүүлэх эрэлд гарах аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Японд хүний дижитал клон, хоолой дууриагч робот эрэлттэй байна
Уучлаарай, гэхдээ “LinkedIn” одоо гоё болсон…