2023/08/23

Гурван өгүүлбэрээр

  1. ББСБ-уудын олгосон ногоон зээлийн 92 хувь нь тээврийн хэрэгсэлд олгогдож байна.

  2. BNEF: Оны эхний хагаст сэргээгдэх эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалт түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө.

  3. “LinkedIn” нь жирийн хүмүүс цагаа өнгөрүүлж, бодлоо хуваалцдаг талбар болон өөрчлөгдөж байна.

Литийн “галзуу хулгана”

Хэрэв та энэ оны эхээр литийн компаниудын хувьцаа авсан бол мөнгөө нугалж олох эсвэл талыг нь алдах магадлалтай байсан байна. Өөрөөр хэлбэл литийн компаниудын хувьд хувьцааны ханшийн хэлбэлзэл маш өндөр байжээ. Тухайлбал, Монгол дахь литийн төсөлтэй холбоотой БНСУ-ын “Kum Yang” компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 400 хувиар өсжээ.

Мөн Австралийн хөрөнгийн биржид “Liontown Resources” компанийн хувьд он гарснаас хойш 105 хувийн өсөлт үзүүлсэн байна. Харин Аргентин дахь төсөл нь бүтэлгүйтэж, төлөвлөгөө нь зургаан жилээр хойшлоод байгаа “Lake Resources” компанийн хувьцааны ханш 70 хувиар унаад байгаа аж.

Байр суурь

“БНХАУ дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 хувийг удирддаг. Энэ нь Хятад улс дэлхийн нийт газрын ховор элементийн нөөцийн 90 хувийг эзэмшдэг гэсэн үг биш л дээ. Өөр улсуудаас олборлогдсон газрын ховор элементүүдийг Хятад руу боловсруулахаар илгээснээр энэ тоо гарч ирж байгаа. Монгол Улсын хувьд газрын ховор элементийн маш их нөөцтэй. Гэхдээ газрын ховор элементийг Монголоос газраар тээвэрлэвэл Хятад, Оросоор дайрах л болно. Маш үнэ цэнтэй учраас агаараар тээвэрлэе гэсэн хүмүүс бас байгаа. Хэрвээ Монголдоо тодорхой түвшинд хүртэл баяжуулалтаа хийж чадах юм бол агаараар тээвэрлэх нь эдийн засгийн хувьд боломжтой зүйл” хэмээн Хятад судлаач, доктор Антонио Грасеффо “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.

Ногоон зээл ба шалгуур

2022 онд батлагдсан Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн хүрээнд 2030 он хүртэл банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн 10 хувийг, ББСБ-ийн зээлийн үлдэгдлийн 5 хувийг ногоон зээлийн багцаас бүрдүүлэх зорилт тавиад байгаа. Гэхдээ эрх зүйн үүднээс Монголд яг ямар бизнесийг "ногоон" шалгуурыг хангасанд тооцох вэ? Мөн гол хөдөлгөгч хүч нь банкнууд болох уу, ББСБ-ууд болох уу?

Шинэ тоонууд

Хоёрдугаар улиралд 23 ББСБ нийт 58.1 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосноор ногоон зээлийн нийт үлдэгдэл 127.2 тэрбум төгрөг болсныг СЗХ мэдээллээ. Энэ нь ББСБ-ын нийт зээлийн багцын 4.1 хувьтай тэнцэж байгаа юм.

Задлаад харвал…

Тайлант хугацаанд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай тээвэрт 117 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нийт зээлийн үлдэгдлийн 92.1 хувийг дангаараа бүрдүүлжээ. Харин ногоон барилга 5 хувь, эрчим хүчний хэмнэлттэй төсөл 1.9 хувийг нь эзэлсэн бол сэргээгдэх эрчим хүч 293 сая буюу ердөө 0.2 хувийг нь бүрдүүлсэн байна.

Яг бэлэн үү?

Монгол Улс Үндэсний ногоон Таксономийг 2019 онд анх боловсруулж, баталж байсан бол зургаадугаар сард анх удаа санхүүжилтийн Таксономи баталсан билээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс ногоон бондоор санхүүжүүлэхэд бэлэн төслүүд байгаа эсэхэд анхаарах нь зүйн хэрэг. Тэр дундаа санхүүжилт олгох, санхүүжилт хүсэх талуудын хооронд гүүр байхгүй, ойлголтын зааг хэвээр байгаа тул санхүүжилт авах шаардлага хангах төслүүдийг бэлтгэх нь нэн тэргүүнд шаардлагатайг Тос Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь онцолж байв.

Банкнуудын хувьд

Эхний зургаан сарын байдлаар банкнуудын олгосон нийт зээлийн 0.7 хувийг ногоон зээл эзэлж байгааг Монголбанк мэдээлсэн. Сүүлд ХААН банкны зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувь 2.6-д хүрч, өмнөх оноос 2.3 дахин өсөн 243.5 тэрбум төгрөг болсноо тайлагнасан юм. Түүнчлэн ХХБ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор ногоон зээлийн батлан даалт гаргахаар ажиллаж эхэлжээ.

Ашиг дээшээ, хувьцаа доошоо

“Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн цэвэр ашиг эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өсөж, 92.1 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн зээлийн багц нь 2022 оны эцсээс 4.8 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөг болсон байна. Түүнчлэн “Хуримтлалтай Монгол” аянд шинээр хамрагдсан харилцагчдын тоо өмнөх хоёр жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөнийг тус банк онцолжээ. Харин ХХБ-ны нэгж хувьцааны ханш нь IPO хийснээс хойш 1.1 дахин буураад байна.

Ипотек юу болж байна?

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт ерөнхийдөө эргэн төлөлтөөс шалтгаалж буйг зохицуулагч байгууллагууд мэдээлж байна. Долоодугаар сард нийт эргэн төлөлтийн хэмжээ 61.4 тэрбум төгрөг байгаагаас 31.1 тэрбум төгрөг нь МИК хөтөлбөрийн бус зээлийн төлөлт байжээ. Мөн өнгөрсөн сарын эцсийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 6.9 их наяд төгрөг давж, өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2023 оноос эхлэн Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар бодлогодоо тусгасан тул одоогоор ипотекийн зээлийн үйл ажиллагааг ЗГ-т шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Нүүрсний экспорт

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс 1.6 сая тонн нүүрс, оны эхнээс тооцвол нийт 39 сая тонн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээ хоёр дахин өсгөөд байна. Сангийн яам энэ онд 50 сая тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэснээс үзвэл одоогийн гүйцэтгэл 78 хувьтай байна. Одоогоор БНХАУ-ын Ганцмод боомтод Монголын V ангиллын нүүрсний үнэ тонн нь 1,280-1,300 юань байгаа аж.

Уучлаарай, LinkedIn гоё болсон…

Шинэ ажил хайсан үедээ л өөрийн хуудсаа шинэчилдэг платформ гэсэн ойлголттойгоор ихэнх хүмүүс “LinkedIn”-ийг ашигладаг. Гэтэл бусад томоохон платформууд зогсонги байдалд орж, хэний ч хүсээгүй алгоритмаар өөрсдийгөө “булшилж” байгаа энэ үед “LinkedIn” нь жирийн хүмүүс цагаа өнгөрүүлж, бодлоо хуваалцдаг талбар болон өөрчлөгдөж байна.

2016 онд “Microsoft”-д 26.2 тэрбум ам.доллароор зарагдаж байсан тус платформ нэг өдрийн болон сарын хэрэглэгчдийн дундаж тоогоо зарладаггүй. Гэхдээ энэ хавар “LinkedIn”-д хэрэглэгчдийн хуваалцсан контентын тоо 2021 оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өссөн үзүүлэлт гарсныг компанийн зүгээс мэдээлжээ. 20 жилийн настай платформын хувьд өсөлтийн ийм хурд маш ховроос гадна бусад том сошиал компаниудад хүчтэй дохио өгч байгаа юм.

Гурван аваргын өрсөлдөөн

Саяхныг хүртэл зэсийн олборлолтоор өрсөлдөгчгүй байсан “Codelco” компанийн гарц Чили дэх үйл ажиллагааны удаашралаас үүдэн буураад буй энэ үед “BHP” компани Австралийн “OZ Minerals”-ийг худалдан авч, салбартаа тэргүүлэхээр зорьж байна. Мельбурн хотод төвтэй тус компани өнгөрсөн улиралд “Codelco”-оос олборлолтын хэмжээгээр давсан аж.

Харин Америкийн “Freeport-McMoRan” 2022 онд Индонез дэх гүний уурхайн олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор хэсэг хугацаанд нэгдүгээрт бичигдсэн юм. Гэхдээ тус компани уурхайныхаа талаас илүү хувийг шинээр байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу шилжүүлж өгснөөр гарц нь ч дагаад буурчээ.

Хаягдал ус

Япон улс Фүкүшимагийн цөмийн гамшигт өртсөн бүс нутаг дахь цэвэршүүлсэн хаягдал усыг Номхон далайд цутгах ажлыг эртдээ наймдугаар сарын 24 гэхэд эхлүүлэхийг “NHK” мэдээллээ. Далайд асгахаар төлөвлөж буй хаягдал ус нь ойролцоогоор Олимпын наадмын 500 усан сан дүүргэх хэмжээний эзлэхүүнтэй бөгөөд бүрэн шавхахад хамгийн багадаа 30 жилийн хугацаа шаардлагатайг тооцоолжээ.

Амбанигийн амбиц

Азийн хамгийн чинээлэг эрхэм Мукеш Амбани 1.8 их наяд ам.доллароор үнэлэгддэг Энэтхэгийн санхүүгийн салбарт нүсэр шинэ төсөл эхлүүлэхээр болжээ. Түүний “Reliance Industries” даваа гарагт санхүүгийн үйлчилгээний шинэ охин компаниа бүртгүүлж, тус улсын хамгийн том банк бус зээлдүүлэгч болох замаа заслаа.

“Jio Financial Services” нэртэй тус компанийн цаашдын төлөвлөгөө тодорхой болоогүй ч хэтийн зорилго нь онлайн худалдаа, видео стриминг, цахим санхүү, хувьцааны арилжаа зэргийг төвлөрүүлсэн “супер апп” буюу Хятадын “WeChat”-ийн Энэтхэг хувилбарыг бүтээх явдал болохыг ойрын эх сурвалж мэдээлжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • ХААБ II улиралд ₮494.9 тэрбумын бараа, бүтээгдэхүүн арилжаалжээ

  • “Zoom” орлогын төсөөллөө нэмэгдүүлж, видео дуудлагаас өөр үйлчилгээнүүд санал болгохыг зорьж байна

  • "Квант" арилжааны “XTX”-ийн цэвэр ашиг эрс өсөж, үүсгэн байгуулагчийнх нь хөрөнгө $11 тэрбум хүрэв

Онцлох чарт

2023 оны эхний зургаан сард сэргээгдэх эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалт 358 тэрбум ам.долларт хүрч огцом өссөн нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн дүн болоод зогсохгүй бүх цаг үеийн дээд үзүүлэлт боллоо.