2023/08/22

Гурван өгүүлбэрээр

  1. Экспортын үзүүлэлтэд жин дарахаас гадна эргээд томоохон эрсдэлд тооцогдож буй нүүрсний талаар тоймлов.

  2. "Монполимет” групп Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болох 260.2 тэрбум төгрөгийг төлж дуусгаснаа мэдээллээ.

  3. “Талх чихэр” ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 75.5 хувиар өсжээ.

Нүүрс өрсөлдөх чадвартай юу?

Эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр улиралд төсөөллөөс давсан нь уул уурхай, тээврийн сэргэлтээс бараг бүхэлдээ шалтгаалсан гэхэд болно. Дан ганц түүхий эдэд суурилсан эдийн засгийн өөдрөг төсөөлөлд найдан төсвөө тодотгож, зардлаа 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд буй нь нүдээ олсон шийдвэр мөн эсэхэд дотоод, гадаадын шинжээчид эргэлзэж байна.

Бүх өндөг нэг сагсанд

Оны эхний долоон сарын дүн мэдээллээс харвал экспортын орлогын 57 хувийг буюу 5 гаруй тэрбум ам.долларыг нүүрс, 1.5 тэрбумыг зэсийн баяжмалын орлого дангаараа бүрдүүлжээ. Өнгөрсөн онд нийт экспортын дүнгийн 84 хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байсан бол 2023 оны эхний долоон сарын байдлаар 86.8 хувь болоод байна. Ерөнхийдөө Монгол Улсын экспортын үзүүлэлтэд өөрчлөлт хөдөлгөөн оруулж буй ганц хүчин зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс болжээ.

Бүтэлгүйтэж болшгүй зорилт

Эдийн засгаа төрөлжүүлэхийн чухлыг ярьсаар байгаа ч таамаглаж болох ирээдүйд уул уурхайн салбар Монголын эдийн засаг, экспортын орлогод жин дарсан хэвээр байх нь эргэлзээгүй. Энэ онд 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж Сангийн сайд мэдэгдсэн. Гэхдээ нүүрсний гарц зорилтот хэмжээнээсээ 10 хувиар л багасахад төлбөрийн тэнцэлд ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэйг “Fitch”-ийн шинжээч анхааруулав.

Хятадын төлөв

Эдийн засгийн өсөлт нь гурван жил дараалан 5-аас доош хувь гарах төлөвтэй байгаа БНХАУ он гарсаар 200 сая тонн давсан нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс бараг 90 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү эрчимтэй нөөц бүрдүүлэлт нь дотоодын нийлүүлэгчдэд хүндээр тусаж, ашиг нь өмнөх оноос бараг 20 хувиар буурахад нөлөөлсөн тул гадаадаас худалдан авалтаа багасгахыг тус улсын Нүүрс тээвэр, түгээлтийн холбооноос дотоодын худалдан авагчдад уриалсан аж.

Наймдугаар сараас сүүлээс БНХАУ-д нүүрсний эрэлт буцаад буурах урьдчилсан таамагтай байгааг Монгол нүүрс ассоциацын Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал өгүүлж байв.

Өрсөлдөөн ширүүснэ

Экспортод гаргасан 5 тэрбум ам.долларын нүүрсээ бид ганцхан зах зээлд борлуулсан. Гэтэл Хятадын экспортын хоригоос гараад буй Австрали улс сүүлийн гурван жил алдагдсан түүхий эдийн гол худалдаагаа нөхөхөөр энэ онд ширүүхэн дайралт хийхээр байна.

Түүнчлэн Хятадын коксжих нүүрсний импортын 80 гаруй хувийг Монголтой хамтран бүрдүүлж буй ОХУ 2025, 2026 онуудад нүүрсний зах зээлд улам том өрсөлдөгч болох магадлалтай тул одоо БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний хэмжээгээ яаж хэвээр хадгалах вэ гэдэг нь Монгол Улсын хувьд том сорилт болохыг эдийн засагч Н.Энхбаяр онцолж байлаа.

Байр суурь

“Төвлөрсөн бус санхүүгийн системийн “Библи” нь биткойн гэж боддог. Нийт нийлүүлэлт болон эрэлтийг нь яг тэр чигээр нь хүмүүсийн эрэлт, нийлүүлэлт бүрдүүлж байдаг.Зах зээлд ердөө 21 сая ширхэг биткойн бий. Би зөв санаж байвал одоо дахин олборлогдох, худалдаанд нээлттэй болох 7 сая биткойн л байгаа байх. Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай зэрэгцээд эрэлт нь өндөр байхад Биткойн бүрэн потенциалдаа хүрэх нь цаг хугацааны л асуудал” хэмээн “X-Meta”-ийн Гүйцэтгэх захирал Дэйв Ли “Bloomberg TV” Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.

Үйлдвэрлэлийн салбарт

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний долоон сард 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.2 хувиар өссөн бол боловсруулах үйлдвэрлэл 32 хувиар өсжээ. ХХААХҮЯ-ын судалгаагаар аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 80.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх байгаа аж.

Эдийн засгийн аливаа эрсдэлд дасан зохицох чадварыг бий болгохын тулд аж үйлдвэрийн парк байгуулах нь нэн чухал байгаа. Тэгвэл сүүлд Дорноговь аймаг дахь “Алтан ширээт”, “Гэрэлт говь” үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосны зэрэгцээ цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн талаарх судалгааг хийж дуусгасан болохыг УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо мэдээлж байв.

ТЧК: Ашиг огцом өсөв

“Талх чихэр” ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагаст 4.9 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 75.5 хувиар өсжээ. Түүнчлэн улсын төсөвт 584.7 сая төгрөг буюу 58.3 хувийн орлогын албан татвар төвлөрүүлсэн байна.

Энэ онд тус компани хэвтэй талхны шугамыг бүрэн автоматжуулан хүчин чадал болон нэр төрлийг 30-40 хувиар нэмэхийг зорьж буйгаа тус компани мэдээллээ.

Эргэн төлөлт

“Монполимет” групп Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болох 260.2 тэрбум төгрөгийг төлж дуусгасныг мэдээллээ. “Монцемент” цогц үйлдвэрийн төслийн хүрээнд тус компани Хөгжлийн банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20 хувьд буюу зээл олгосон үеүдийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг авч байжээ.

Нүсэр IPO

Чип үйлдвэрлэгч “ARM” компани энэ оны хамгийн том IPO-г хийхээр хүсэлтээ гаргалаа. “Softbank”-ийн нэг хэсэг болох тус компанийн нээлттэй арилжаанд “Barclays”, “Goldman Sachs”, “JPMorgan” тэргүүтэй том банкнууд андеррайтераар орох юм.

Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын “Vision Fund” сан нь 30 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээгээд байгаа “Softbank”-ийн Үүсгэн байгуулагч Масаёши Соны хувьд энэ IPO амжилттай болж, 60-70 сая ам.долларын санхүүжилт босгох зорилтдоо хүрэх нь тун чухал болоод байна.

BHP-ийн сул жил

Олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг уул уурхайн компани BHP-ийн бүтэн жилийн цэвэр ашиг шинжээчдийн таамагт хүрсэнгүй. 2023 оны зургаадугаар сараар эцэслэгдсэн 12 сарын хугацаанд тус компанийн ашиг 13.4 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оноос 37 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, эрэлт буурсан нь үүнд гол нөлөө үзүүлжээ. Тайлант хугацаанд компанийн төмийн хүдэр, зэс, нүүрс болон никелийн бизнес тус бүр хоёр оронтой тоогоор буурсан байгаа юм.

Арилжааны шинэ магнат

Өмнө нь "Deutsche Bank"-д ажиллаж байсан нэгэн арилжаалагч өөрийн тоон (quant) арилжааны компаниар дамжуулан дэлхийн тэргүүн баячуудын эрэмбэд шат өгсөж, өөрөө ч зах зээлд улам нөлөөтэй нэгэн болж байна. Алекс Геркогийн хөрөнгийн хэмжээ энэ онд түүний холдинг компани болох "XTX Markets" рекорд дүнтэй ногдол ашиг тараасны дараа огцом өсөж, 10.8 тэрбум ам.долларт хүрчээ. Лондонд төвтэй XTX нь цэвэр ашгаа 50 гаруй хувиар өсгөснөөр 43 настай түүний хөрөнгө бараг хоёр дахин нэмэгдсэн аж.

Арилжааны алгоритмд ашиглагддаг математикийн томъёогоор нэрлэгдсэн тус компани хэдэн их наядаар тоологдох статистикийн загварыг ашиглаж арилжааны олон үйл явцыг автоматжуулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • БНХАУ-ын төсвийн алдагдал I-VII сард 37 хувиар буурав

  • “Xpeng”-ийн улирлын алдагдал шинжээчдийн төсөөллөөс өндөр гарав

Онцлох чарт

Эхний хагас жилийн байдлаар МХБ-ийн "Топ-20" сагсыг “АПУ” ХК 1.3 их наяд төгрөгийн үнэлгээтэйгээр тэргүүлж байгаа бол “Голомт банк” ХК 699.4 тэрбум төгрөг, “Тавантолгой” ХК 678.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй удаалжээ. Мөн “Топ-20” индексийн 39.4 хувийг аж үйлдвэрийн салбар эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 19.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт болсон аж.