2023/08/21

Гурван өгүүлбэрээр

  1. “Төрийн банк”-ны сүүлийн гурван жилийн дундаж цэвэр ашгийн өсөлт нь 71 хувьд хүрэв.

  2. RE/MAX Mongolia: 2023 оны 1-р хагаст нийт 514 тэрбумын борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 15% өссөн үзүүлэлт.

  3. Олон нийтэд нээлттэй арилжаалагдсан эхний өдрөө огцом цойлсон "Vinfast"-ийн хувьцаа дэлхийдээ "эргэн газардав".

Өрхийн орлого ба инфляц

Долоодугаар сард жилийн инфляц 9.2 хувь болж, 2021 оны 11 дүгээр сараас хойш анх удаа нэг оронтой тоонд орсон билээ. Тэгвэл инфляцыг хасаж тооцсон бодит нийт орлогын хэмжээ II улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17 мянган төгрөгөөр өсжээ.

Орлогын бүлгүүд

II улирлын байдлаар дунджаар 300 мянган төгрөг хүртэлх болон 500 мянган төгрөгөөс 900 мянга хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо харьцангуй буурсан бол гурван сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн тоо нэмэгдэж, нийт өрхийн 15.5 хувийг бүрдүүлж байгаа аж.

Зарлага мөн өсөв

Тайлант хугацаанд өрхийн бодит зарлагын хэмжээ 1.28 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар өссөн байна. Нийт зарлагын 65.8 хувь нь хүнсний бус бараа үйлчилгээний зарлага, 22.1 хувь нь хүнсний бүтээгдэхүүний зарлага бүрдүүлжээ.

Байр суурь

“Банкнууд IPO хийж, хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон. Том банкнууд бүгд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байна. Гэхдээ хангалттай их хувь гаргаагүй. Маш бага хэмжээгээр IPO хийсэн. Ингэхээр нээлттэй компани болсон ч хөрөнгийн хувьд төдийлөн өөрчлөгдөхгүй. Тийм ч идэвхтэй арилжигдахгүй байгаа. Гэхдээ л энэ бол нэг алхам урагшилсан явдал болсон. Хэрэв томоохон групп компаниуд банкнуудаа эзэмшээд байвал эдийн засаг эрүүл байхгүй. Тэд улсдаа өөрийн дэд эдийн засгийг бүрэлдүүлээд эхэлнэ” хэмээн ЕСБХБ-ны Санхүүгийн байгууллагуудын хэлтсийн захирал Франсис Малиж “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө өгүүллээ.

Өсөлтөө хадгалсаар

“Төрийн банк” ХК эхний хагас жилд 42.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласнаар сүүлийн гурван жилийн дундаж цэвэр ашгийн өсөлт нь 71 хувьд хүрчээ. Мөн тайлант хугацаанд 2022 оны татварын дараах цэвэр ашгийн 50 хувь буюу 48.1 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилсан байна. Харин "Төрийн банк” ХК-ийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн оны аравдугаар сараас хоёр дахь зах зээлд арилжигдаж эхэлснээс хойш 50 гаруй хувиар буураад байна.

RE/MAX эхний хагаст

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын "RE/MAX Mongolia" 2023 оны эхний хагас жилд нийт 514 тэрбумын борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Компани өнгөрсөн сард нийт 966 үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн эргэлтэд оруулж, 65.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хийсэн байна. Мөн "RE/MAX"-ийн нэг агентад ногдох идэвхтэй листийн тоо өмнөх оны мөн үед 11 байснаас 19 болж 73 хувь өссөнийг компанис онцоллоо.

Зээл, зээл, зээл

БНХАУ-ын Төв банк болон зохицуулагч байгууллагын албан тушаалтнууд банкнуудын удирдлага, зээлдүүлэгчидтэй уулзахдаа эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс зээл олголтоо нэмэгдүүлэхийг дахин даалгажээ. Түүнчлэн орон сууцны моргейжийн зээлийн бодлогодоо тохируулга, оновчлол хийхийг хүссэн нь эрх баригчид эдийн засгийн тааруу төлөвт санаа зовних нь улам нэмэгдэж буйг илтгэж байна.

Долоодугаар сард Хятадын зээлдэгчид сарын дүнгээр 2009 оноос хойших хамгийн бага хэмжээний зээл олгосон нь эдийн засаг дахь сул эрэлт, түүнээс улбаалсан дефляцын дарамт сунжрах эрсдэлтэйг харуулж байна.

Удаан хүлээсэн 2%

Япон улсын үйлчилгээний үнийн өсөлт сүүлийн 30 жилд анх удаа 2 хувьд хүрч өссөн нь тус улсын Төв банкны хувьд удаан хугацаанд хүсэн хүлээсэн дүн мэдээлэл болж байна. Инфляцын өсөлт тогтворжсоны баталгаа ийнхүү гарснаар тус банк мөнгөний бодлогоо хэвийн түвшинд хүргэх боломжтой болох юм. 20 гаруй жилийн турш инфляцыг өдөөх оролдлого хийж байгаа Японы Төв банк сүүлийн арваад жилийн хугацаанд инфляцыг 2 хувьд тогтвортой барих зорилт тавьж, эрчимтэй дэмжлэгийн арга хэмжээ авсаар иржээ.

Хөөрсөн бол бууна

Олон нийтэд нээлттэй арилжаалагдсан эхний өдрөө огцом цойлсон "Vinfast"-ийн хувьцаа дэлхийдээ "эргэн газардаж", тэрбумтан үүсгэн байгуулагчийнх нь нийт хөрөнгийн багагүй хувь нь арчигджээ. Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Nasdaq" биржид гарсан өдрөө хувьцааны ханш нь 255 хувь хүртэл өссөн бол сүүлийн хоёр арилжаагаар энэхүү өсөлтийн талаас илүү хувь нь үгүй болсон байна. Ингэснээр компанийнхаа нийт хувьцааны бараг бүгдийг нь эзэмшдэг Пам Ньят Выонгийн хөрөнгийн хэмжээ 40 гаруй хувиар буурч, 26.2 тэрбум ам.доллар болжээ.

Шинэ "Rolls Royce"

"Rolls Royce" компани гараар угсрагдсан хамгийн сүүлийн үеийн онцгой загвар болох "Rolls-Royce Droptail"-аа танилцууллаа. 1930-аад оны уралдааны дарвуулт завинаас санаа авсан намхан, дэгжин их биетэй, хоёр хүний суудалтай, хураагддаг дээвэртэй энэхүү загвар нь 30 сая гаруй ам.долларын үнэ хүрэх тооцоотой байна. Ердөө дөрвөн ширхэг үйлдвэрлэгдэх "Rolls-Royce Droptail"-ийн эхний хувилбар нь хилэн улаан өнгөтэй “La Rose Noire” болжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

БНХАУ дефляцтай тэмцэж, АНУ-д эрэлт суларснаар 2023 онд ухаалаг утасны нийлүүлэлт дэлхийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хамгийн тааруу үзүүлэлттэй байхаар байна.