2023/08/18

Гурван өгүүлбэрээр

  1. Silver Elephant Mining компани төслийнхөө үйл ажиллагааг дахин эхлүүлэхээр 192 мянган ам.доллар татан төвлөрүүлэв.

  2. Б.Буянхишиг: Дэд бүтцийн болон уул уурхайн томоохон төслүүдийн бондууд амжилттай “нутагшиж” эхэлж байна.

  3. Биткойны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаагаа 26 мянган ам.доллароос буурлаа.

Kincora ба Монголын хууль шүүх

Монголд зэс, алтны хайгуулын "Хүрэл үнэг" төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани Татварын ерөнхий газраас ногдуулсан 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаад байна.

Яагаад ийм байдалд хүрэв?

2021 онд “Kincora Copper”-ийн охин компани болох “Golden Grouse IBEX”-ийн нэгдэн, нийлэх хэлцлийн дараа Монгол Улсын Татварын ерөнхий газраас 2.7 тэрбум төгрөг буюу 800 мянган ам.долларын татвар ногдуулж байсан юм.

Дөрвөн хэсгээс бүрдэх энэхүү татварын гурвыг нь “Kincora Copper” төлөхийг эсэргүүцэж, зөвхөн “Golden Grouse Ibex”-тэй нэгдэх хэлцэлтэй холбоотой татвар буюу 16.2 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрчээ.

Татварын орчин & Гацаа

Гуравдугаар сард татварын асуудлыг Давж заалдах шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосны дараа “Kincora Copper” Дээд шүүхэд хандахаар бэлтгэж эхэлжээ. Тухайн үед компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг дараах мэдэгдлийг хийж байв.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан хуулийн болон татварын ил тод байдал нь хөрөнгө оруулалт татах үндэс суурь болдгийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хэлсээр буй. "Татварын байгууллага нь ашигт малтмалын лицензийн худалдаанд өөрийн үнэлэмжээр татвар тогтоодог эрх мэдэлтэй ганц ч улс дэлхийгээс олоогүй" хэмээн "EuroChamber"-ийн ТУЗ-ийн дарга Оливер Тервалл ярилцлагадаа хэлж байлаа.

Ганц Kincora биш

"Southgobi Resources"-ийн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны алдагдал нь өмнөх оны мөн үеэс 15 дахин өссөнд Монголын татварын тодорхойгүй, тогтворгүй орчин нөлөөлсөн болохыг хэдхэн хоногийн өмнө тайландаа дурдсан. Мөн цаашид татварын албатай тохиролцоонд хүрч чадахгүй байх гэх мэт хүндрэл үүсвэл дампуурал зарлах боломжтойг мөн онцолсон юм.

Байр суурь

“Дэд бүтцийн болон уул уурхайн томоохон төслүүдийн бондууд амжилттай нутагшиж эхэлж байна. Үүний араас дэд бүтцийн урт хугацаатай олон төслүүд гарч ирэх хандлагатай. Энэ чиглэлийн бондыг хөгжүүлэхэд мэргэжлийн оролцогчид, андеррайтерууд, хөрөнгө удирдаж буй компаниуд гол үүрэгтэй. Мэдээж цахилгаан станц бариад 5-10 жилийн дараах үр дүнг хөрөнгө оруулагчид хүлээж дийлэхгүй. Тэгэхээр дэд бүтцийн төслүүдийг зах зээлдээ нутагшуулахын тулд санхүүгийн сайн загварчлалууд хийж, хөрөнгө оруулагчдад боломжийн хэмжээний саналууд тавьж эхлээд байна” хэмээн МҮЦАЭХ-ны Гүйцэтгэх захирал Б.Буянхишиг “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө өгүүллээ.

Ус, агаар мэт санхүүжилт

“Silver Elephant Mining” компани Монгол дахь чулуун нүүрсний “Улаан-Овоо” төслийн үйл ажиллагааг дахин эхлүүлэхэд зарцуулах 192 мянган ам.доллар татан төвлөрүүлжээ. Нийт 640 мянган нэгж эрх арилжсан эхний транчаас компанийн Гүйцэтгэх захирал Жон Лий 54 мянган ам.долларын үнэ бүхий 180 мянган нэгж эрх авсан байна.

Үүнээс гадна тус компани хөрвөх чадварын маш өндөр эрсдэлд байгаа бөгөөд мөнгөн хөрөнгийн хэмжээнээсээ шалтгаалан төлбөр гүйцэтгэх чадамжгүй болох эрсдэлтэйг дурдаж байв. Хоёрдугаар улиралд “Silver Elephant” 1.7 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 4.8 дахин өссөн үзүүлэлт болжээ.

Ажилгүйдэл буурав

Ажилгүйдлийн түвшин өмнөх улиралд 6.6 хувь байсан бол II улирлын эцэст 5.8 хувь болж буурсаныг ҮСХ мэдээллээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 70.9 мянга болж мөн буурсан байна.

Ээлжит тайлангууд

📌 “Айтүүлс” ХК 2023 оны эхний хагас жилд борлуулалтын орлого нь 1.9 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөнийг тайлагналаа. Гэхдээ валютын ханшийн өсөлт, мөн лицензийн төлбөрийн өсөлтөөс шалтгаалан борлуулсан бүтээгдэхүүний өртөг оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн нь компанийн нийт ашиг есөн хувиар буурахад хүргэжээ.

📌 “Мандал даатгал” ХК эхний хагас жилийн байдлаар 28.1 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн нийт хөрөнгө нь 72.1 тэрбум төгрөгөөс давж, цэвэр ашиг 1.7 тэрбум төгрөг хүрсэн байна.

Интервенц айсуй

БНХАУ-ын эрх баригчид юанийн ханшийн огцом савлагаанаас сэргийлэх арга хэмжээ болгож энэ долоо хоногт тус улсын Төрийн өмчит банкнуудыг валютын зах зээл дэх интервенцээ нэмэгдүүлэхийг даалгажээ. Түүнчлэн албаныхан юанийг уналтаас хамгаалахын тулд банкнуудын гадаад валютын нөөцийн дээд хэмжээг багасгах зэрэг арга хэрэгслийг ашиглахаар хэлэлцэж байгаа аж. Юанийн ам.доллартой харьцах ханш 7.35 болж, 2007 оноос хойших хамгийн сул түвшиндээ ойртсоноор Хятадын эрх баригчид дээрх алхмыг авч байна.

Үүнээс гадна Хятадын Төрийн өмчит үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгч компаниуд өргөн хүрээнд алдагдал хүлээж буйгаа анхааруулсан нь тус улсын орон сууцны зах зээлийн хямрал хувийн хэвшлээс улсын санхүүжилттэй компаниуд руу шилжиж эхэлсний дохио болжээ.

Аваргуудын цуглаан

“Softbank”-ийн эзэмшдэг чип үйлдвэрлэгч “Arm” компанийн IPO-д андеррайтераар оролцох банкнуудын бүрэлдэхүүн тодорхой болжээ. Нийт 28 андеррайтерийг “Barclays”, “Goldman Sachs”, “JPMorgan”, “Mizuho” гэсэн дөрвөн банк ахлах бол “Bank of America”, “Citigroup”, “Deutsche Bank” гэсэн 10 банк туслах андеррайтераар орохоор багтжээ.

Их Британид төвтэй “Arm” 8-10 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, үнэлгээгээ 60-70 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа тул есдүгээр сард эхлэх анхдагч арилжаа нь энэ оны хамгийн том IPO болох төлөвтэй аж.

Аюулын харанга

Уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхийн өнцөг булан бүрт мэдрэгдэж буй нийтлэг нэгэн нөлөө нь агаарын хэмийн өсөлт. Энэ зуныг л харъя. Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хамгийн халуун VI, VII саруудыг хүн төрөлхтөн үзлээ. Халуун зунд дассан Багдад, Бээжин, Финикс хотууд энэ онд бүр ч халуун зуныг өнгөрүүлж байна. Түүгээр зогсохгүй одоо өвөл болж байх ёстой Буэнос-Айрес зэрэг хотуудад ч аагим халуун өдрүүд ховор бус болжээ.

Хамгийн хүйтэн өдрүүд өмнөх шигээ хүйтэн биш болж, хамгийн халуун өдрүүд улам халуун болж байгаа нь дэлхий даяар байгаль орчинд ч, аж үйлдвэрлэлд ч хэрхэн хор хөнөөл учруулж буйг харуулах дөрвөн жишээг бид бэлтгэлээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • БНХАУ хэдийгээр үүд хаалгаа нээсэн ч жуулчдын тоо цөөн хэвээр байна

  • МХБ биржээр арилжаалагддаг сан нэвтрүүлэх чиглэлд Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтарна

Онцлох чарт

Биткойны ханш сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаагаа 26 мянган ам.доллароос буурлаа. Эсрэгээрээ дэлхийн Засгийн газрын бондуудын өгөөж сүүлийн 15 жилийн дээд цэгтээ хүрч өссөн байна. Үүнийг дүгнэвэл хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх дүр зураг зах зээлд ажиглагдаж байна.