2023/08/17

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол Улсын эдийн засаг хоёрдугаар улиралд 6.2 хувиар өсөв.

  2. Цагаан будааны импорт, үнийн өсөлт, дотоодын тариалалт гээд мэдэх хэрэгтэй бүх зүйлийг энэ дугаараас уншаарай.

  3. JPMorgan, Barclays БНХАУ-ын 2023 оны ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 5 хувиас доошлуулж тогтоолоо.

Өсөлт 6.2%

Нүүрсний экспортын сэргэлтээс шалтгаалсан уул уурхай, тээврийн салбарын эерэг үзүүлэлтийн нөлөөгөөр хоёрдугаар улиралд Монгол Улсын ДНБ 6.2 хувиар буюу төсөөллөөс давж өссөнийг Монголбанк мэдээллээ. Гэхдээ 10 гаруй хувиар өсөж байсан нэгдүгээр улиралтай харьцуулахад саарсан нь хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтүүд, тэр дундаа хаврын улиралд малын хорогдол өндөр байсантай холбоотойг онцлов.

Байр суурь

“Оны эхний хагаст эдийн засаг сулавтар байдаг бол сүүлийн хагаст нэлээн идэвхэждэг. Энэ утгаараа энэ жилийн эдийн засгийн өсөлт 6 орчим хувьтай гарах болов уу гэсэн тооцоолол байна. Мөн хэрэглээний үнийн индекс цар тахлаас хойш 20 сарын дараа анх удаа нэг оронтой тоонд орсон ч 2023 оны төсөвт 1.8 орчим их наяд төгрөгийн тодотгол хийсэн нь инфляцын оны эцсийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөхөөр байгаа. Энэ нь бодлогын хүүг бууруулах орон зайг хумьж байна” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө өгүүллээ.

Бусад чухал тоонууд

📌 Оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр Улсын нэгдсэн төсөвт 12.9 их наяд төгрөг төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 37 хувиар өссөн үзүүлэлт. Харин нэгдсэн төсвөөс гарсан зарлага, тусламжийн дүн 11 их наяд төгрөг болсоноор төсвийн тэнцэл 1 их наяд 360 тэрбумын ашигтай гарч байна.

📌 Биржийн бус зах зээл эхний хагас жилийн байдлаар 29 үнэт цаас гаргагчийн 677.1 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг бүртгээд байна. Ингэснээр 2021 оны IX сард анх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 2.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, 1.4 их наяд төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Импортын хамаарал, эрсдэл

Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцогддог цагаан будааны дотоодын хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч 100 хувь импортын хамааралтай хэвээр байна. Гэхдээ дотооддоо тариалах чиглэлд ч тодорхой ажил хийгдсээр буй.

Статистик юу өгүүлэв?

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цагаан будааны импортын үнийн дүн огцом өссөн үзүүлэлттэй байгааг ГЕГ-аас мэдээллээ. Тухайлбал 2022 онд 33.7 сая ам.долларын цагаан будаа импортолсон нь өмнөх оноосоо 16.2 хувиар, 2019 оноос 42.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

2023 оны эхний долоон сард Монгол Улс Азийн 14 улсаас 26.2 мянган тонн цагаан будааг 16.3 сая ам.доллароор авсан байна. Үүний дийлэнхийг буюу 77 хувийг БНХАУ-аас, 13 хувийг Вьетнам улсаас авчээ.

Экспортлогчид ба үнийн өсөлт

Цагаан будааны гол экспортлогч орнууд дотооддоо нөөц бүрдүүлж, нийлүүлэлтээ танаж эхэлсэн нь үнэ өсөхөд шууд нөлөөлж байна. Азийн цагаан будааны жишиг үнэ наймдугаар сарын 10-ны байдлаар 648 ам.доллар буюу сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрснийг Тайландын цагаан будаа экспортлогчдын холбооноос мэдээлж байв.

Дотооддоо тариална

Дотоодод цагаан будаа тариалах туршилтыг “Жимикс” компани 10 гаруй жилийн хугацаанд хийжээ. Энэ жилээс тус компани туршилтаа зогсоож, Ховд аймагт тариалалт хийх газраа бэлдэж байгаа бөгөөд дараа жилээс тариалж эхлэхээр төлөвлөснийг тус компанийн захирал Ж.Ганхуяг онцоллоо.

Үерийн сургамж

ЗГ-ын хуралдаанаар хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхаар боллоо. Энэ хугацаанд Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-ын 2023 оны намрын чуулганд өргөн мэдүүлэхээр аж. Түүнчлэн бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын чиглэлд үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд ахлахаар болжээ.

Үйлдвэрийн явц

Монгол Улс Энэтхэг улстай хамтарсан газрын тос боловсруулах шинэ үйлдвэрийн эхний шатны гүйцэтгэл 95 хувьд хүрч, II болон III шатны бүтээн байгуулалт ид дундаа өрнөж байгааг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх онцоллоо. Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орохыг мэдээлж буй.

Шинэ iPhone Энэтхэгт

"Apple" компанийн удахгүй танилцуулах “iPhone 15” гар утас Энэтхэгийн Тамил Наду мужид үйлдвэрлэгдэж эхэлжээ. Энэ нь тус компанийн үйлдвэрлэлийн гол бааз болох БНХАУ ба сүүлийн жилүүдэд эрчимжиж буй БНЭУ дахь үйл ажиллагаа хоорондын зөрүүг багасгах томоохон алхам болж байна.

Вашингтон, Бээжин хоорондын зөрчил нь худалдааны нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад улам хүндрэлтэй болгож буй тул “Apple” компани гол бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг арилгах үүднээс үйлдвэрлэлийн баазаа БНХАУ-аас шилжүүлж, төрөлжүүлэх олон жилийн төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Ээлжит сул үзүүлэлт

“Tencent” компанийн орлогын дүн мэдээлэл шинжээчдийн төсөөлөлд хүрээгүй нь эдийн засгийн хүндрэлтэй тэмцэж буй БНХАУ-д технологийн салбарын сэргэлт жигд бус байгаагийн дохио боллоо. Компанийн орлогын өсөлт өнгөрсөн сард төсөөллөөс доогуур буюу 11 хувьтай гарсанд видео тоглоом, үүлэн технологийн гол нэгжүүдийнх нь борлуулалтын өсөлт сул байсан нь нөлөөлжээ. Дашрамд дурдахад “Tencent”-ийн удахгүй танилцуулах хиймэл оюуны модель улсдаа шилдгүүдийн нэгт тооцогдох бөгөөд энэ чиглэлд хийсэн туршилтууд нь “ChatGPT” зэргээс хол илүү түвшинд хүрснийг компанийн зүгээс онцолжээ.

Оны шилдэг IPO

“Sacks Parente Golf" компанийн хувьцааны ханш нээлттэй арилжаалагдсан эхний өдрөө 624 хувиар өсөж, энэ онд АНУ-ын бирж дээр хийгдсэн хамгийн өндөр үзүүлэлттэй IPO болжээ. Гольфийн хэрэгсэл үйлдвэрлэдэг тус компани нийт 3.2 сая ширхэг хувьцаагаа нэгж тус бүрийг 4 ам.доллароор үнэлэн анхдагч зах зээлд санал болгосон бол мягмар гарагийн арилжаагаар нэгж хувьцааны үнэ нь 29 ам.долларт дөхөж хаагджээ. Гэхдээ 2022 онд "Sacks Parente" борлуулалтаас ердөө 190 мянган ам.долларын орлого олсон бөгөөд ашигт ажиллагаанд хараахан хүрээгүй байгааг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээллээс харж болно.

Тансаг галт тэрэг

Хэд хоног явж байж эцсийн өртөөндөө хүрдэг, тасалбар нь олон мянган еврогийн үнэтэй галт тэрэгний үйлчилгээг Италийн төмөр зам хамгийн сүүлд танилцуулжээ. Ийм аялал хүн бүрт таалагдахгүй ч санаачлагчид нь яг үүнийг л хүсжээ. Ирэх оноос эхлэн "La Dolce Vita" унтлагын галт тэрэг Ромоос Сицили хүртэлх 1-3 хоногийн аяллыг хоёр хүний 6,000 еврогийн үнэтэйгээр санал болгож эхлэх аж. Галт тэрэг нэг дор 62 зорчигчийг тээвэрлэж, замдаа Палермо, Венец, Портофино зэрэг хотуудад зогсох бөгөөд хамгийн тансаг купе нь багадаа 25,000 еврогоор үнэлэгджээ.

"Үүнийг төмөр зам дээрх тансаг хөлөг онгоц гэхэд болно" хэмээн 240 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж, тус үйлчилгээг үзүүлж буй "Arsenale" группийн Гүйцэтгэх захирал Паоло Барлетта онцолсон байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 8 өдөр дараалан буурлаа

  • “Монгол базальт” ХК-ийн цэвэр ашиг I хагас жилд өмнөх оны мөн үеэс 2 дахин буурав

Онцлох чарт

Мао Зэдуны үеэс хойш БНХАУ-ын эдийн засаг анх удаагаа гурван жил дараалан 5-аас доош хувийн өсөлттэй гарах төлөвтэйг шинжээчид онцолж байна. Хамгийн сүүлд “JPMorgan”, “Barclays” банкнууд БНХАУ-ын 2023 оны ДНБ-ийн төсөөллөө 5 хувиас доошлуулж тогтоогоод байна.