2023/08/16

Гурван өгүүлбэрээр

  1. Оны эхний хагаст MMC-ийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 385 хувиар өссөн байна.

  2. Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 4,800 багшийн сул орон тоо гарна.

  3. JPMorgan болон Barclays БНХАУ-ын 2023 оны ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 5 хувиас доошлуулж тогтоов.

MMC анхаарлын төвд

Хил гаалийн нөхцөл байдал сайжирснаар гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд олборлолт явуулдаг компаниудын хагас жилийн тайланд өсөлт, сэргэлт зонхилж байна. Тэр дундаа коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч “Mongolian Mining Corporation”-ийн хувьд тайлант хугацаанд борлуулсан нүүрсний хэмжээгээ бараг тав дахин өсгөжээ.

Борлуулалт: Эхний хагас жилд MMC нийт 516.7 сая ам.долларын борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 385 хувиар өссөн үзүүлэлт болов. Нүүрсний борлуулалтын үнэ тонн тутамдаа 161.8 ам.доллар болсон нь өмнөх оноос 20 гаруй ам.доллароор нэмэгдсэн дүн юм.

Ашигт ажиллагаа: Өнгөрсөн оны мөн үед компани 19.9 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад ашигт ажиллагаа нь сэргэж, эхний зургаан сарын хугацаанд 225.1 сая ам.долларын ашиг олсон байна. Гэхдээ компанийн захирлуудын зөвлөл 2023 оны эхний хагас жилийн ашгаас ногдол ашиг тараахгүй байхыг зөвлөжээ.

Харин Хонгконгийн хөрөнгийн бирж дэх хувьцааных нь хөдөлгөөнийг харвал:

ERD, MMC-ийн хамтрал: “Erdene Resource Development” компани Баян хөндий алтны төслийнхөө санхүүжилтийг MMC-тэй хийсэн стратегийн түншлэлийн үр дүнд хангаж чадсанаа мэдээллээ.

Тус төслийн шинэчлэн хийсэн ТЭЗҮ-ийн судалгааны үр дүн эерэг байсан бөгөөд 2025 онд төслийн олборлолт эхэлснээр Монголын хамгийн гол алт олборлогч болохоос гадна дэлхийн хамгийн өндөр агуулгатай алтны ил уурхайн нэг болно гэж ERD тайландаа онцолжээ.

ЛэндМН-ийн сэргэлт

Эхний хагас жилд “ЛэндМН ББСБ” ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 390.4 хувиар өсөж, 8.3 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт зээлийн багц нь 86.4 тэрбум төгрөг болж, 95.2 хувиар өсжээ. Тайлант хугацаанд компани эх үүсвэрээ 52.2 тэрбум төгрөгт хүргэснээс гадна зээлийн багцад нь эзлэх чанаргүй зээлийн хувь өмнөх оноос 20.8 хувиар буурч 4.7 хувь болсон байна.

Том тоо

Монголд кабелийн телевиз хэрэглэгчдийн тоо хоёрдугаар улирлын эцэст нэг сая болж, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн бол үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчид давхардсан тоогоор 4.9 сая, интернэт хэрэглэгчдийн тоо 4.3 сая болж тус тус өссөн байна.

Багш нарын хүртээмж

Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 4,800 багшийн сул орон тоо гарахаар байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Энэ онд шинээр батлагдсан хуульд дадлагажигч багшийг ажиллуулж болох зохицуулалт орсон байна. Ингэснээр багш бэлтгэдэг сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнуудыг шилжилт хөдөлгөөн их явагддаг хичээлийн жилийн эхэн үед сургууль, цэцэрлэгт дадлагажуулахаар болжээ.

Аваргуудын эгнээнд

Вьетнамын хамгийн чинээлэг эрхэм нийт хөрөнгөө 39 тэрбум ам.доллароор нэмэгдүүллээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” нээлттэй компани болсон эхний өдөр хувьцааны ханш нь 255 хүртэлх хувиар цойлж, зах зээлийн үнэлгээ нь 85 тэрбум ам.долларт хүрснээр "General Motors", "Mercedes-Benz" тэргүүтэй салбарын аваргуудыг давжээ. Харин компанийн ТУЗ-ийн дарга Фам Нят Выонгийн хөрөнгийн хэмжээ 44.3 тэрбум ам.долларт хүрснийг "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.

Алдагдал өндөртэй стартапуудад чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан энэ үед "Vinfast" энгийн IPO хийх төлөвлөгөөгөө цуцалж, SPAC буюу тусгай зориулалтын нэгдэн нийлэх хэлцлийн компаниар дамжуулан олон нийтэд нээлттэй болсон нь дээрх үр дүнд хүргэжээ.

Ташуур хэрэгтэй

Долоодугаар сарын эдийн засгийн сул үзүүлэлт, үл хөдлөхийн зах зээлийн уналтыг харгалзан “JPMorgan”, “Barclays” банкнууд БНХАУ-ын 2023 оны ДНБ-ийн төсөөллөө 5 хувиас доошлуулж тогтоожээ. Өчигдөр тус улсын Ардын Банк бодлогын хүүгээ 2020 оноос хойших хамгийн их дүнгээр бууруулж 2.5 хувьд хүргэсэн юм.

Үүний дараа оффшор юанийн ханш болон АНУ-д бүртгэлтэй Хятадын хувьцаанууд дахин унасан нь БНХАУ-ын эрх баригчдаас эдийн засгаа идэвхжүүлэх шийдэмгий дэмжлэгийн арга хэмжээ авна гэсэн хүлээлт зах зээлд өндөр байгааг харуулсан хариу үйлдэл боллоо гэж шинжээчид үзжээ.

Түрийвч нимгэрсээр

Өнгөрсөн онд дэлхий даяар өрхийн нийт хөрөнгийн хэмжээ 2008 оны хямралаас хойш анх удаа унасныг “Credit Suisse” жил бүр гаргадаг хувийн хөрөнгийн тайландаа дурджээ. Инфляц, ам.долларын чангарал хосолсноор өрхийн нийт хөрөнгөөс 11.3 их наяд ам.доллар арчигдсаны зэрэгцээ иргэдийн хувийн хөрөнгийн цэвэр дүн 2.4 хувиар буурч 454.4 их наяд ам.доллар болсон байна.

Бууралтын дийлэнх хувийг Хойд Америк, Европын өрхүүд бүрдүүлсэн бол ОХУ, Латин Америкт хөрөнгийн хэмжээ өссөн үзүүлэлт гарчээ.

Ээжүүдийн цалин

Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 52 минутыг хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүддээ зарцуулдаг бол эрэгтэйчүүд ойролцоогоор 26 минут зарцуулдгийг саяхны нэгэн судалгаанд дурджээ. Ээжүүдийн хүүхдэдээ зориулсан цагийг АНУ дахь хүүхэд асрагч эсвэл асаргааны ажилтны нэг цагийн цалин болох 14.55 ам.доллароор үнэлбэл америк ээж жилдээ 4,600 ам.долларын цалин авахаар байгаа юм. Харин аавуудад 2,300 ам.долларын цалин олгогдохоор байна. АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд хүйсийн ялгаатай цалингийн хэмжээг халахад урт хугацаа шаардагдахаар байгаа аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 3.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгов

  • "Богд банк" ХК: Оны эхний хагаст цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн

Онцлох чарт

БНХАУ-ын зах зээлд "Tesla"-ийн эхлүүлсэн үнийн дайны үр дүнд цахилгаан автомашинууд үнээрээ өрсөлдөхүйц байр суурь руу шилжсэн нь анхаарал татаж байна. "Tesla"-ийн "Model 3" л гэхэд өмнө нь "BMW AG 3" зэрэг төстэй суудлын автомашинуудаас хоёр дахин өндөр үнээр зарагддаг байсан бол одоо илүү боломжийн үнэтэй сонголт нь болжээ. Нийтлэлийн дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үргэлжлүүлэн уншаарай.