2023/08/15

Гурван өгүүлбэрээр

  1. “Инвескор” оны эхний хагаст цэвэр ашгаа 19 хувиар, зээлийн багцаа 40 хувиар өсгөжээ.

  2. SGR Монголын татварын албатай тохиролцоонд хүрч чадахгүй байвал дампуурал зарлах эрсдэлтэй гэв.

  3. Аргентины ЗГ песогийн ханшийг зориуд унагаснаар бараа, бүтээгдэхүүний үнэ нэг шөнийн дотор 20 хувиар нэмэгджээ.

Инвескор амжилтаа ахиулав

Зах зээлийнхээ 11.6 хувийг дангаараа бүрдүүлж буй “Инвескор ББСБ” ХК үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдээр цойлсон хагас жилийг үдэж байна.

Гол үзүүлэлтүүд: Компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар өсөж 18 тэрбум төгрөг, харин орлого нь 41 хувиар өсөж 58 тэрбум төгрөг болсон байна. Мөн харилцагчийн тоо нь 69 хувиар өсөж 197 мянгад хүрчээ.

Зээлийн багц: Нийт зээлийн багц нь 353 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэсээ 40 хувиар өсжээ. Чанаргүй зээлийн хувь 4.5 байгаа нь ББСБ-ын салбарын дундаж болох 7.6 хувьтай харьцуулахад сайн үзүүлэлт юм.

Хувьцаа: Он гарсаар “Инвескор”-ын хувьцааны ханш 10 орчим хувь, өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өсөөд байна. 2019 онд тус компани нийт хувьцааныхаа 20 орчим хувийг МХБ дээр нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд түүнээс хойш ханш нь 3.5 дахин өсжээ.

Санхүүжилт: Оны эхний хагаст компани ЕСБХБ-аас 5 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн урт хугацаат зээлийн санхүүжилт авах гэрээ байгуулсны зэрэгцээ АХБ-аас жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн багцаа санхүүжүүлэхээр 10 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт авчээ. Мөн “Инвескор бонд 2.0” хөтөлбөрөөр оны эхний хагаст 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Олон улсад: Компани одоогоор Киргиз, Казахстан, Узбекистан улсуудад охин компаниудаа байгуулж, олон улс дахь тэлэлтийн стратегиа эхлүүлээд байна.

Байр суурь

“Инээдтэй сонсогдож магадгүй, гэхдээ гадаадын аялагчдын хувьд автомашинаар хол явах дургүй байдаг. Нийтлэг жишгийг харахад тэд 8-9 цаг автомашинаар зорчихыг хүсдэггүй. Би нисэх буудлаас УБ орох гэж 55 км-ыг 3 цаг туулсан. Монголд авто замын асуудал тулгамдаж байна. Мөн аялал жуулчлалын улирал богиносож байна. Тэгэхээр салбарт тулгамдаж байгаа асуудал бол дотоодын нислэг. Жуулчдын тоог өсгөе гэвэл Монгол улс дотоодын нислэгийн тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй" хэмээн “Nomadic Expeditions”-ийн Гүйцэтгэх захирал Жалса Урубшуров “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.

Зорилтдоо хүрэхэд хол…

Сүүлийн статистикаар Монгол Улс 387 мянга гаруй жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд 10 дугаар сар гэхэд энэ тоо 500 мянга орчим болох төлөвтэй гэж тооцоолсон байна. Харин долоодугаар сард дотоодын нислэгүүд сэргэж эхэлснээс хойш 32 мянган хүн тээвэрлэсний дийлэнх нь гадаадын жуулчид байсныг ЗГ мөн мэдээлжээ.

SGR хэцүүдсэн үү?

"Southgobi Resources"-ийн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны алдагдал нь өмнөх оны мөн үеэс 15 дахин өсөж 40.5 сая ам.доллар болсон бөгөөд Монголын татварын тодорхойгүй, тогтворгүй орчин үүнд нөлөөлсөн болохыг тайландаа дурджээ. Сүүлийн байдлаар компанид шүүхийн зарга байхгүй ч цаашид татварын албатай тохиролцоонд хүрч чадахгүй байх гэх мэт хүндрэл үүсвэл дампуурал зарлах боломжтойг мөн онцолсон байна.

Өнгөрсөн улиралд Монголын татварын албанаас тус компанийн төлсөн АМНАТ, агаарын бохирдлын төлбөр зэрэгт үндэслэн 75 сая ам.долларын торгууль ногдуулсан аж.

Худалдааны салбарт

Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 оны эхний хагас жилд 21 хувиар өсөж 20.3 их наяд төгрөг болсныг ҮСХ мэдээлэв. Нийт орлогын 23.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.9 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ.

Хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оноос 20.4 хувиар өсөхөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа, шатахууны бөөний худалдаа нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн байна.

Анхаарч байх 10

Технологийн томчууд, венчур капиталистуудаас тэрбум тэрбумын санхүүжилт авч буй хиймэл оюуны стартапууд салбарынхаа сүүлийн үеийн бүхий л ололт амжилтыг хөтөлж, технологийн шинэ эрин үеийн суурийг тавьж буй нь үнэн. Ингээд энэ онд таны анхаарал хандуулж байх хэрэгтэй хамгийн том, нөлөө бүхий, хамгийн сайн санхүүжилттэй хиймэл оюуны стартапуудыг танилцуулъя.

Дараах холбоосоор орж стартап тус бүрийн мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаарай.

Эцсийн арга хэмжээ

Инфляцыг улам гааруулах, нэр хүндийг нь нэмж сэвтээх эрсдэлийг харгалзан мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг унагах арга хэмжээ авахаас зайлсхийж олон жил болсны эцэст Аргентины ЗГ бууж өглөө. Ням гарагт болсон сонгуулийн эхний шатанд ялагдал амсаад байгаа Ерөнхийлөгч Альберто Фернандез болон түүний засаг захиргаанаас бүрэн тогтворгүйжсэн песогийн ханшийг хамгаалах өөр сонголтгүй, мөнгө ч үгүй болсноо хүлээн зөвшөөрч дээрх шийдвэрийг гаргасан байна.

Песогийн ханшийг ийнхүү 18 хувиар зориуд унагаснаар ам.доллартай харьцах ханш нь 287-оос огцом өсөж 350 болсон байна. Үүнтэй зэрэгцэн Аргентины Төв банк бодлогын хүүгээ 21 нэгж хувиар өсгөж 118 хувь хүргэжээ.

Шийдвэрээсээ ухрав

Хөрөнгө оруулагч Майкл Бьюрригийн "Scion Asset Management" хэдхэн сарын өмнө сарын өмнө нэмж авч байсан "Alibaba" болон "JD.com"-ийн хувьцаагаа хоёрдугаар улиралд эргүүлэн заржээ. Хятадын технологийн хоёр аваргын хувьцаа тус компанийн багцын 20 хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ гуравдугаар сарын эцсийн байдлаар хамгийн өндөр дүн бүхий хөрөнгө оруулалт нь байсан юм.

Эрс шинэчлэл

"Apple" компани ухаалаг цагандаа огцом сайжруулалт хийхээр төлөвлөж байгаа ч энэ онд бид тэрхүү сүр дуулиантай шинэчлэлийг харахгүй нь. Харин ирэх сард "iPhone 15"-ийн хамт танилцуулагдах товтой 2023 оны "Series 9" загвар нь шинэ зүйлс багатай буюу сүүлийн жилүүдэд тус бүтээгдэхүүний онцлог болоод байгаа нэмэлт, жижиг шинэчлэлүүдийг л агуулсан байх аж.

Тэгвэл "Apple Watch"-ийн 10 жилийн ойд зориулагдан "хөшигний ард" хийгдэж буй “Watch X” загварт өнгө, тодролоор хол илүү microLED дэлгэц, цусны даралтыг хэмжих технологи зэрэг томоохон өөрчлөлтүүд хийгдэхээр байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • Газрын тосны эрэлт өдрийн дүнгээр 103 сая баррель болж, шинэ дээд түвшинд хүрэв

  • “Silver Elephant Mining” Канад дахь титаны төслөө “Cachee Gold Mines”-д худалдлаа

Онцлох чарт

Цар тахлын хатуу хязгаарлалт цуцлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч Хятадын хөрөнгийн зах зээл доогуур түвшинд хэвээр байна. Ялангуяа ДНБ-ээр 1/5-тай нь, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр 1/3-тай нь тэнцэх хөрш Энэтхэгийн хувьцаануудтай харьцуулбал ялгаа маш тод байгаа юм.