- Business newsletter
- Posts
- 2023/08/14
2023/08/14
Гурван өгүүлбэрээр
ХААН Банк ХК-ийн ногоон зээл өмнөх оноос 2.3 дахин өсөв.
Гуравдагч зах зээлд нүүрсээ нийлүүлэх боломж бий юу? (Байр суурь хэсгээс уншаарай)
Япон улс таны бодсоноос ч олон гадаадын иргэнийг хүлээн авч байна. Онцлох чарт хэсэгт тоон мэдээллийг оруулав.
Өсөлттэй хагас жил
2023 оны эхний хагаст “ХААН Банк” ХК 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн дүн болсныг тайлагналаа. Нийт ашгийн хэмжээгээрээ банкны системийн 44.4 хувийг эзэлж буй тус банк мөн зээлийн багцаа оны эхнээс 16.2 хувь өсгөж 9.2 их наяд төгрөгт хүргэжээ.
Энэ онд “ХААН Банк” 60 сая ам.долларын анхны ногоон бонд олон улсын зах зээлд гаргасны зэрэгцээ дотоодын ногоон бондын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрлөө аваад байгаа. Тэгвэл тус банкны зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувь 2.6-д хүрч, өмнөх оноос 2.3 дахин өсөн 243.5 тэрбум төгрөг болжээ.
Байр суурь
“Монголын нүүрс гуравдагч зах зээлд гарвал мэдээж хэрэгтэй, гэхдээ маш хүнд асуудал. БНХАУ-ын эдийн засаг нь өндөр хөгжсөн зүүн бүсэд нэгж эзлэхүүнд ногдох ачааны үнэ цэн өндөр байж л тээвэрлэнэ. Нүүрс, баяжмал, түүхий эдийн овор хэмжээ том учраас компьютер, iPhone гэх мэт ширхэг нь 1,000 ам.доллар давдаг бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжгүй. Харин үүний оронд нэг тонн нь 100, 200 бус 1,000-2,000 ам.доллар байдаг бүтээгдэхүүнийг Монгол Улс дэлхийн хаашаа ч гаргаж болно. Нүүрсний гүн боловсруулалт, химийн үйлдвэрлэл хөгжүүлсэн цагт л гуравдагч орон руу нүүрсэнд тулгуурласан бүтээгдэхүүн гаргах боломжтой болно" хэмээн Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Барилга ба зээл олголт
ҮСХ-ны мэдээлснээр оны эхний хагаст барилга угсралт, засварын компаниуд гурван их наяд төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Сүүлийн 18 сарын хугацаанд арилжааны банкнууд дотоодын барилгын салбарт олгох зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, сард дунджаар 100-130 тэрбум төгрөгийн зээл гаргасныг Монголбанкны статистикт дурдсан байна.
Шинэ хөлөг
292 хүний суудалтай, зогсолтгүй 14 мянга гаруй километр зай туулах чадвартай “Boeing 787-9 Dreamliner” загварын “Хубилай хаан” агаарын хөлгөө МИАТ ТӨХК хүлээн авлаа. Шинэ хөлгөөр 2024 оны II улиралд багтан АНУ-ын руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөсөн бол хоёр дахь “Boeing 787-9” хөлгийг ирэх оны эхний улиралд хүлээн авахаар байгааг компани мэдээлсэн байна.
Бяслагийн үйлдвэр
“АПУ” ХК 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай "Монгол бяслаг, сархад"-ын үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Тус компани импортын дуураймал бяслагийн хамааралтай байдлыг бууруулж, дотоодын зах зээлийн 30 хувийг органик бяслагаар хангахаар зорьж байгаа аж.
Монос Хүнс гадаад зах зээлд
ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Киргиз улсын зах зээлд нэвтрэхээр төвлөрч буй “Монос хүнс” ХК эхний хагас жилд борлуулалтын орлогоо 19 хувиар өсгөж, 16.4 тэрбум төгрөгт хүргэжээ. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, хоёр тэрбум төгрөгт болсон байна. Сүүлд “Монос хүнс” Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ дахь салбарын захиалгаар “Милино” брэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна.
Зууны гамшиг
Хавайн Мауи аралд хурдацтай тархаж буй түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 93-т хүрснээр АНУ-ын сүүлийн 100 гаруй жилийн түүхэн дэх хамгийн хохиролтой түймрийн гамшиг болж байна. Албаныхан эрлийн болон аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч түймэрт нэрвэгдсэн нутгийн ердөө 3 хувьд ажиллагаа явагдсаныг мэдээлсэн тул амиа алдагсдын тоо цаашид ч өсөх төлөвтэй байгаа аж.
Арлын баруун хэсэгт 2,200 орчим байгууламж сүйрч, 878 гаруй гектар газар түймэрт шатсанаар эдийн засгийн хохирлын хэмжээ 6 тэрбум ам.доллар болсныг тооцоолжээ.
Бууралт ирэх оноос
Холбооны нөөцийн банк ирэх оны зургаадугаар сараас бодлогын хүүгээ улирал тутам 25 суурь нэгжээр бууруулж эхэлнэ гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид таамаглажээ. Тухайлбал инфляц зорилтот түвшинд ойртох үед бодлогын хүүг хатуугаас хэвийн түвшинд аваачих шаардлага гарна гэж үзэж байгаа аж.
АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын хороо ирэх сард бодлогын хүүгээ ирэх сард хэвээр үлдээж, 11 дүгээр сарын хурлаараа суурь инфляцын трэндийг харгалзан эцсийн удаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх дохио өгөөд байгаа юм.
"Амралт л бол амралт”
Удаан хүлээсэн амралтынхаа дундуур ажлынхаа хүнээс дуудлага хүлээн авахыг хэн ч хүсэхгүй. Тэгвэл Энэтхэгийн нэгэн компани амралтыг "ажлаас бүрэн ангид бүс" болгохоор шийдэмгий арга хэмжээ авч байна. Спорт фантази тоглоомын платформ "Dream11"-ийн ажилтнууд хэрэв ажлын хамтрагчтайгаа амралт авсан үеэр нь холбогдвол 100 мянган рупи буюу 1,200 ам.долларын торгууль төлөх ёстой болохыг компанийн Үүсгэн байгуулагч Бхавит Шет мэдээлжээ. 2008 онд байгуулагдсан тус компани бүх ажилтнуудаа жилд дор хаяж долоо хоногийн амралт авах ёстойг журамласан байдаг аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
МХБ-д бүртгэлтэй 108 ХК-ийн кодексийн хэрэгжилт II улиралд 12.7 хувиар өсжээ
“Rio Tinto” Канадын хамгийн том нарны цахилгаан станцыг босгож, уурхайгаа эрчим хүчээр хангана
Онцлох чарт
Япон улс таны бодсоноос ч олон гадаадын иргэнийг хүлээн авч байна. Буурч буй хүн амын тоо нь халуун сэдэв болохтой зэрэгцэн тус улс цагаачлал огцом өсөх он жилүүдэд чимээгүйхэн бэлтгэж эхэлжээ.