- Business newsletter
- Posts
- 2023/08/11
2023/08/11
Гурван өгүүлбэрээр
ERD-ийн цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өсөж, 2.5 сая ам.доллар болов.
“АПУ” ХК нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо.
“Rio Tinto” Канадын хамгийн том нарны цахилгаан станцыг барина.
Алдагдал ➡ Ашиг
Эхний хагас жилд төлбөрийн тэнцэл 474.9 сая ам.долларын ашигтай гарсныг ҮСХ мэдээллээ. Уг өсөлтөд хил боомтын нөхцөл байдал сайжирч, экспортын орох урсгал нэмэгдэж, тэр дундаа барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2 их наяд руу
Он гарсаар Монголын хөрөнгийн биржид нийт 2 их наяд төгрөгийн арилжаа хийгдээд буйг МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээллээ. Энэ онд системийн нөлөө бүхий банкнуудын IPO-оос гадна нүүрсний цахим арилжааны үнийн дүн өндөр байсан нь үүнд нөлөөлсөн гэж дүгнэж болохоор байна.
Оны эхний хагаст МХБ дээр өдөрт дунджаар 6.9 сая ширхэг үнэт цаасыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжиж байжээ. Түүнчлэн тайлант хугацаанд МХБ нүүрсний цахим арилжаагаар нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаалснаа мэдээлсэн юм.
Эдийн засагчийн байр суурь
“Инфляц нэг оронтой тоонд орж байгаа нь сайн хэрэг ч цаг хугацааны хувьд хүнсний ногооны үнэ хямдарч, хангамж сайжирдаг намрын улирал гэдгийг бодох ёстой. 2024 онд бид хүнсний инфляцаа тогтвортой байлгахад хамгийн гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, ялангуяа махны үнийн өсөлт инфляцад томоохон жин дардаг учраас ирэх өвөл, хавар нийслэлийн махны хэрэгцээг тасралтгүй ханган нийлүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай " хэмээн эдийн засагч Н.Энхбаяр “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолж байлаа.
Шинжээчийн байр суурь
“Ойрын хугацаандаа буюу тактикийн шинж чанартай багцын хувьд тодорхойгүй байдал маш их байх нь тодорхой. Үнийн хэлбэлзэл маш их байх нь тодорхой болж байна. Үүнийг дагаад шинэ мега трендүүд гарч ирж байна. Хиймэл оюун ухаан гээд хэсэг шуурлаа. АНУ, БНХАУ-ын геополитикийн хүчин зүйл, мөн ногоон эдийн засаг, дижитал эдийн засаг гэсэн том мега тренд явж байгаа. Хөгжингүй орнуудын хувьд хүн амын насжилт, түүнийг дагасан ажиллах хүчний дутагдал байгаа учраас цэнхэр захтны ажлуудыг яаж технологи руу шилжүүлэх вэ гэх мэт шилжилтүүд явагдаж байна. Тэрхүү технологийн шилжилтүүдээс ашиг хүртэж болохуйц компанийн хувьцаанууд их сонирхолтой харагдаж байна” хэмээн Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч Б.Хулан онцоллоо.
Ногдол ашиг тараана
“АПУ” ХК 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаа тус бүрт 45 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо. Энэ оны эхний хагас жилд тус компани 72 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаад байгаа юм. ҮЦТХТ-ийн мэдээллээс харвал “АПУ” компанийн 8.3 хувийг 19,053 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.
Засаглалын үзүүлэлт
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 108 хувьцаат компаниийн засаглалын кодексийн нөхцөл байдлын үнэлгээ 2023 оны II улирлын байдлаар 66 хувийн гүйцэтгэлтэй гарч, кодексийн хэрэгжилт дунджаар 12.7 хувиар өссөнийг СЗХ мэдээллээ.
Харин 100 тэрбум төгрөгөөс дээш үнэлгээтэй компанийн кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 87.9 хувьтай гарсан нь 100 тэрбумаас доош үнэлгээтэй компаниудаас 20 орчим хувиар өндөр үзүүлэлт болжээ.
ERD: Зардал өсөв
“Erdene Resource Development” компани II улиралд 2.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өссөн дүн болжээ. Компанийн ерөнхий ба захиргааны зардал тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 2.9 дахин өсөж 1.39 сая ам.долларт хүрсэн нь цалин, урамшууллын зардал болон MMC-тэй хийсэн түншлэлийн гэрээний хэлцлийн үеийн зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна.
Удаан хүлээсэн сэргэлт
“Alibaba” компани өнгөрсөн улиралд БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлийг үл харгалзан бүх салбартаа өсөлттэй ажилласнаар жил гаруй үргэлжилсэн уналтын мөчлөгтөө цэг тавилаа. Цахим худалдааны тэргүүлэгч тус компанийн борлуулалтын орлого хоёрдугаар улиралд 14 хувиар өссөнийг тайлагнасны дараа нэгж хувьцааны ханш нь 5.3 хувиар өсөж, 100 ам.долларт дөхсөн байна. Энэхүү эерэг үзүүлэлт нь “Alibaba”-ийн хамтран үүсгэн байгуулагчид болох Жозеф Цай, Эдди Ву нар ирэх есдүгээр сард компанийн удирдлагыг хүлээн авахад маш сайн суурь болж өгөх нь дамжиггүй юм.
Rio-ийн станц
“Rio Tinto” Канадын Баруун хойд нутагт орших Диавик очир эрдэнийн уурхайгаа эрчим хүчээр хангахаар тус улсын хамгийн том нарны цахилгаан станцыг барихаар болсноо мэдээллээ. 2024 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн шинэ станц нь жилд 4,200 мВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж уурхайн нийт хэрэгцээний 25 хувийг хангахыг зэрэгцээ дизель түлшний хэрэглээг жилд 1 сая гаруй литрээр, CO2 ялгаруулалтыг 2,900 тонноор бууруулах боломжтойг онцолжээ.
Цөлд ногоо тарина
Саудын Араб улс Нидерландын хүлэмжийн тариалалтын компанитай хамтарч "синтетик уур амьсгал" бий болгох замаар цөлийг ногооруулахаар болжээ. Энэ хүрээнд тус улсын шинээр босгож буй Неом хотын захад хөлбөмбөгийн 15 талбай нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй талбайг хагалж, хүлэмж доторх баянбүрд бүтээх юм байна. Бүхэлдээ хуурай газар нутаг, хэт халуун зуны улирлын нөлөөгөөр хүнсний нийлүүлэлтийн хувьд импортоос ихээхэн хамааралтай байдаг Саудын Арабын хувьд уг төсөл нь хүнсний технологийн салбартаа оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болох юм.
Өвөрмөц магнат
Тэрбээр банкнуудад "гологдсон" бага орлоготой зээлдэгчдэд мөнгө зээлж ихээхэн хөрөнгө босгосон нэгэн. Мөн тэрбээр өөрийн бараг бүх хөрөнгөө цөөхөн хэдэн ажилтнууддаа тарааж өгөөд жижигхэн байшин, 5,000 ам.долларын үнэтэй автомашиндаа сэтгэл хангалуун үлдсэн нэгэн. Энэтхэгийн ядууст ачааны машин, трактор болон бусад тээврийн хэрэгсэл авахад нь зээл олгож анх бизнесээ эхлүүлсэн Р.Тьягаражан бол дэлхийн хамгийн этгээд санхүүчдийн нэг гэхэд болно. Гэхдээ түүний олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх бизнес "Shriram Group" дэлхий даяар тоолшгүй олон компаниуд бүдэрсэн салбарт цойлж чадсан юм.
Бага орлоготой иргэдэд зээл олгох нь эрсдэлтэй гэх хэвшмэл ойлголтыг буруу гэж үздэг түүний карьерын сонирхолтой түүхийг дараах холбоосоор орж үргэлжлүүлэн уншаарай.
BloombergTV.mn танд санал болгож байна
“General Motors”-ийн $130 мянгын үнэтэй “Cadillac Escalade IQ” бүрэн цэнэглэлтээр 724 км зам туулна
Газрын тосны үнэ баррель нь $84 болж, сүүлийн 9 сарын дээд түвшинд хүрлээ
Онцлох чарт
АНУ-д хэрэглээний үнийн индексийн гол үзүүлэлт хоёр дахь сардаа дараалан маш бага хувиар буюу 0.2 хувиар өссөнөөр Холбооны нөөцийн банк эдийн засгийг уналтад оруулахгүйгээр инфляцыг хазаарлаж чадна гэсэн итгэл зах зээлд нэмэгдээд байна.