- Business newsletter
- Posts
- 2023/08/10
2023/08/10
Гурван өгүүлбэрээр
“Гурвантэс XXXV” төслийн гурван цооног бүгд хийн тасралтгүй урсгалтай болжээ.
“Шарын гол” ХК энэ оны эхний хагаст нэг тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Азид цагаан будааны үнэ 15 гаруй жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрлээ.
Тасралтгүй урсгал
Нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийн Lucky Fox-1, Lucky Fox-2, Lucky Fox-3 цооногууд бүгд хийн тасралтгүй урсгалтай болсныг “Talon Energy” компани мэдээллээ. Одоогоор цооног тус бүрээс гарах хийг бамбардахын зэрэгцээ давхаргын усыг шавхах ажил үргэлжилж байгааг мөн онцолсон байна.
Гурван долоо хоногийн шавхалтын ажил эхэлснээс хойш гурван цооногоос өдөрт дунджаар 600 баррель ус гаргаж, шингэний түвшинг тогтмол бууруулж байгаа аж. Тиймээс хийн урсгал хэр хэмжээтэй байгааг тогтооход дахин хэдэн долоо хоног шаардагдах юм байна. 5.9 их наяд куб фут нөөцтэй нь тогтоогдсон “Гурвантэс XXXV” төслийн талбай Монгол Улс болон БНХАУ-ын хилээс 20 км-ийн зайтай, 8,400 км.кв талбайг хамран оршдог бөгөөд 66 хувийг нь “TMK Energy”, 33 хувийг “Talon Energy” компани эзэмшдэг.
Олборлогчдын тайлан
📌 “Шарын гол” ХК эхний хагас жилд 49.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 36.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Өнгөрсөн оны эхний хагаст тус компани 148.8 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ онд нэг тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Шарын голын нүүрсний уурхай төмөр замын үндсэн сүлжээнд 65 км төмөр замаар холбогдсноороо тээвэрлэлтийн зардлыг эрс бууруулж чаджээ.
📌 “Адуунчулуун” ХК-ийн хувьд эхний хоёр улиралд 3.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 45.9 хувиар өссөн дүн болов. 2022 оны хоёрдугаар хагасаас эхлээд бүтээгдэхүүний үнэ 35 гаруй хувиар өссөн нь үүнд голлон нөлөөлжээ.
Байр суурь
“Эрх зүйн хүрээнд ногоон санхүүжилт авах шаардлага хангах эсэхийг тогтоож, үнэхээр ногоон эсэхийг нягтлах тал дээр нэлээд анхаарч байх шиг байна. Гэхдээ нэг том алхмаар шууд үүнд хүрнэ гэдэг нэлээд төвөгтэй зүйл. Ялангуяа Монгол мэтийн хөгжиж буй орны зах зээлд. Тэгэхээр нэг ёсондоо шилжилтийн үеийн арга барилаар ажиллах нь зүйтэй гэж бодогдож байна. Одоогоос 2030 он хүртэл, эсвэл одоогоос 2050 он хүртэл гэх мэтээр том зорилтууд тавиад байдаг. Тэдгээрийг яаж биелүүлэх вэ? Энэ асуудалд хоосон лоозондсон, догматик байдлаар хандаж болохгүй. Зорьсон цэгт маань аваачих прагматик алхмууд хэрэгтэй" хэмээн ХХБ-ны Ерөнхийлөгч Ран Вүүд “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Ногоон зээлийн зорилт
2021 оны байдлаар 28 банк бус санхүүгийн байгууллага 115 орчим тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй гарсан нь нийт ББСБ-ын олгосон зээлийн үлдэгдлийн 4 хувийг эзэлжээ. Энэ нь 2030 он хүртэл дэвшүүлсэн зорилтдоо хүрэх боломж өндөр болохыг харуулж байна гэж СЗХ-ноос ACSIS хурлын үеэр онцоллоо. 2022 онд батлагдсан Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн хүрээнд 2030 он хүртэл банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн 10 хувийг, ББСБ-ийн зээлийн үлдэгдлийн 5 хувийг ногоон зээлийн багцаас бүрдүүлэх зорилт тавьсан юм.
Нийслэлийн үнэт цаас
НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг дэмжсэнээр Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргахаар боллоо. Үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг сургууль, цэцэрлэг, инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, замын байгууламжийн сүлжээг сайжруулах зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах юм байна.
Ж.Байдены шийдвэр
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ыг чиглэсэн АНУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлах захирамжид гарын үсэг зурж, Бээжингийн батлан хамгаалах болон тагнуулын технологи хөгжүүлэх бололцоог багасгах хүчин чармайлтаа ахиуллаа. Энэ хүрээнд мөрдөх шинэ журам одоогоор дэлгэрэнгүй тодорхой болоогүй байгаа ч Хятадын хагас дамжуулагч, квантын тооцоолол, хиймэл оюуны компаниудад хийх хөрөнгө оруулалтад зохицуулалт, хяналт тавихаар болж байна. Гэхдээ журам ретроактив байдлаар буюу буцан үйлчлэх нөхцөлгүй, мөн биотехнологи зэрэг салбаруудад хамаарахгүй учир энэ удаагийн тогтоолын хамрах хүрээ хумигдмал байхаар байна.
Сайн талаас нь харвал…
АНУ-ын дээрх алхамтай зэрэгцэн БНХАУ-ын хэрэглээний болон үйлдвэрлэгчийн үнийн индекс VII сард буурснаар тус улс 2020 оноос хойш анх удаа дефляцад орж байна. Хэдий энэ нь Хятадын бодлого тогтоогчдод мөнгөний болон төсвийн дэмжлэгээ нэмэгдүүлэх шахалт болох ч бусад орнуудын Төв банкнуудад инфляцтай тэмцэхэд нь дэм болох магадлалтай байна. БНХАУ-д хэрэглэгчийн эрэлт саарсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сул үзүүлэлт, экспортын эрчимтэй бууралттай давхацсанаар Хятадын үйлдвэрлэгчдэд илүүдэл нөөцөө багасгахын тулд үнээ буулгах шаардлага үүсэж буй аж.
Tом тоо
Нийлүүлэлтийн эрсдэлээс шалтгаалан Европт байгалийн хийн фьючерс үнэ 28 хувиар өсөж, бараг 40 еврод хүрсэн нь 2022 оны гуравдугаар сараас хойших дээд үзүүлэлт болов. Австрали дахь “Chevron” болон “Woodside”-ийн үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаж, улмаар экспортын тасалдал үүсгэж магадгүй болсон нь үүнд нөлөөлжээ.
Халшрал эргэн ирэв
Ажлын байрны "хортой" уур амьсгал, ковидын урт хугацааны сөрөг үр дагавар зэргийг арилгая гэвэл ажлын таатай орчны ойлголт шинэчлэгдэх шаардлагатай болжээ. Их Британид 2021-2022 оны хооронд бүтээмжээр тооцвол 30 сая ажлын өдөр үр ашиггүй алдагдсан бөгөөд үүний нэг сая гаруй нь ажилтай холбоотой стресс, сэтгэл гутрал, түгшүүрээс улбаалсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр стресс ба сэтгэл түгших эмгэг цар тахлаас хойш дэлхий даяар 25 хувиар нэмэгдсэн байна.
"Бүхий л ажил 'байнгын идэвхтэй' горимд шилжиж, сул зай олдох л юм бол таны ажлын хуваарийг хэн нэгэн хөндлөнгөөс бөглөчихдөг болж байна. Зөөврийн компьютероосоо холдох нь гэмтэй мэт санагддаг болсон" хэмээн Их Британийн "Virgin Money" банкны Хүний нөөц хариуцсан захирал Сирета Браун өгүүлж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдов
ЗГ: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа
Онцлох чарт
Азид цагаан будааны үнэ 15 гаруй жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Тайландад хуурай цаг агаар тариалалтад нөлөөлж, Энэтхэг зарим сортын будааны экспортдоо хориг тавьсан нь дэлхий даяар нийлүүлэлттэй холбоотой эрсдэлийн болгоомжлолыг нэмэгдүүлжээ. Азийн жишиг Тай сортын цагаан будааны үнэ тонн нь 648 ам.доллар болсон нь өнгөрсөн оныхоос бараг 50 хувиар өссөн дүн аж.