- Business newsletter
- Posts
- 2023/08/08
2023/08/08
Гурван өгүүлбэрээр
Инфляц 20 сарын дараа анх удаа нэг оронтой тоонд орсон ч эрсдэлүүд байсаар байна.
Гадаад худалдааны тэнцэл гурав дахь жилдээ дараалан сайжирсан үзүүлэлттэй гарч, ГВАН өмнөх оны мөн үеэс 33 хувиар өслөө.
“БиДиСек ҮЦК ХК”-ийн үйл ажиллагааны орлого өмнөх оноос бараг 5 дахин өсөхөд ХААН Банкны IPO-д андеррайтераар ажилласан нь нөлөөлжээ.
Нэг оронтой тоонд
2023 оны долоодугаар сард жилийн инфляц 9.2 хувь болсныг ҮСХ мэдээллээ. Ингэснээр инфляц 2021 оны 11 дүгээр сараас хойш анх удаа нэг оронтой тоонд орж, сүүлийн хоёр жил гаруй хугацааны доод түвшиндээ хүрээд байна. Хэдий тийм боловч УИХ төсвийн тодотголоор зарцуулалтыг тэлсэн нь бодлогын хүүг бууруулах орон зайг хумьж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, төсвийн тодотголоос үүдэн оны эцсээр 8.5 хувьд хүрэх төсөөлөлтэй байсан инфляц 10.5 хувь болж, 2 нэгж хувиар өдөөгдөх тооцоолол гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв.
Гадаад худалдаа ба ГВАН
2023 оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхтой харьцуулахад 22.2 хувиар өссөн бол тэнцэл 3.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Ийнхүү сүүлийн гурван жил дараалан гадаад худалдааны тэнцэл сайжирсан үзүүлэлттэй гарч байна. Түүхий эдийн үнэ өндөр, нүүрсний экспорт өсөлттэйгөөс гадна дотоодын эдийн засаг сэргэж байгаа нь үүнд гол жин дарж буй.
Тэгвэл гадаад валютын албан нөөц долоодугаар сарын байдлаар 3.83 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 32.96 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2023 онд Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийн дарамт үргэлжилсэн хэвээр байх бөгөөд үүнд импортын өсөлт зэрэг хүчин зүйлс ихээхэн нөлөөлнө гэж Дэлхийн Банк тооцоолжээ.
Байр суурь
“Ураны олборлолтын урт хугацааны төлөвийг бид эергээр харж байна. Эерэг байгаагийн шалтгаан нь ураны үнэ 2019 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн явдал. Ялангуяа Монгол зэрэг улсуудын хувьд ураны зах зээлийн өсөлтийн эхэн үед нь хөл тавих нөхцөл одоо бүрдэж эхэлж байна. Улаанбаатар шиг хотын хувьд том хэмжээний цөмийн эрчим хүчний станц хэрэггүй. Дунд, эсвэл бага оврын нэг реактор байхад хангалттай. Энэ төрлийн реактор одоохондоо зах зээлд гараагүй байгаа. Гарах нь гарна, гэхдээ хугацаа шаардагдана. Гэхдээ Монголд бидний хөгжүүлж байгаа Зөөвч-овоо төсөл маань энэ чиглэлд ахиц сайтай байна" хэмээн “Orano Group”-ийн Монгол дахь төлөөлөгч Оливье Түмир “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолж байв.
Андеррайтерын орлого
“БиДиСек ҮЦК” ХК-ийн үйл ажиллагааны орлого эхний хагас жилд 2.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.9 дахин өссөнийг тайландаа дурджээ. Орлогын огцом өсөлтөд компанийн брокерын үйл ажиллагаа болон үнэт цаасны арилжааны цэвэр орлого өссөн нь голлон нөлөөлсөн байна. ХААН Банкны IPO-д андеррайтераар ажилласан тус компанийн андеррайтерын үйл ажиллагааны орлого нь тайлант хугацаанд 26 хувиар өсөж, 472.6 сая төгрөгт хүрчээ.
ХХБ, Mitsui-ийн хамтрал
Худалдаа, хөгжлийн банк Японы “Mitsui” компанитай хамтран Монгол Улсын катодын зэсийн экспортыг дэмжих харилцагчийн төсөлд санхүүжилт олгожээ. Уг санхүүжилтийн төсөл нь катодын зэсийн үйлдвэрлэл болон экспортыг дэмжиж аж үйлдвэрийн олон улсын жишиг стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх, гадаад зах зээлд Монгол Улсыг таниулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой аж.
Зээлийн батлан даалт
Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага болох Зээлийн батлан даалтын сан нь байгуулагдсанаасаа хойш нийт 1,121 зээлдэгчдийн 325.7 тэрбум төгрөгийн зээлд 159.9 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргаснаа мэдээллээ. Батлан даалт гаргаж буй эдийн засгийн салбаруудаас боловсруулах үйлдвэр 34.2 хувь, бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа 29.8 хувийг эзэлж байгаа бол бусад салбаруудын эзлэх хувь маш бага байна.
1,000 км-ийн цэнэг хураагуур
Нэг цэнэглэлтээр 1,000 километр зам туулах боломжтой цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэдэг БНХАУ-ын компани хамгийн эртдээ 2025 онд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалж эхлэхээр төлөвлөжээ. "WeLion" нэрээрээ танигдсан тус компани одоогоор Хятадын цахилгаан автомашины стартап "Nio"-д 1,000 км-ийн хүчин чадал бүхий хагас хатуу төлөвт цэнэг хураагуур нийлүүлж байгаа аж.
Хатуу төлөвт цэнэг хураагуур нь өндөр хүчдэл, чадал бүхий катод үүсгэх боломжтой тул цэнэг хураагуурын хүчин чадал, гүйцэтгэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, цахилгаан автомашины зах зээлд хувьсгал хийх боломжтой гэж тооцогдож байна.
Илон Маскийн эргэн тойронд
Хүний тархинд чип бүхий имплант суулгах зорилготой Илон Маскийн "Neuralink" компани технологийн хөгжүүлэлтдээ зориулж 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлжээ. Мэдрэлийн технологийн салбар дахь стартапууд оны эхнээс зургаадугаар сарын 26 хүртэл нийт 143 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсаныг "PitchBook"-ийн тайлан харуулж байна. Харьцуулбал 2022 оны нийт дүнгээр энэ үзүүлэлт 278.1 сая ам.доллар байсан бол 2021 онд 518.9 сая ам.доллар байжээ. Илон Масктай холбоотой бусад мэдээлэл гэвэл Марк Закербергтэй хийх түүний халз тулаан баталгаатай болсон бөгөөд "X" платформоор тулаан шууд дамжуулагдахыг мөн мэдээлжээ.
“Пролон” хотууд
2012 онд Бээжинд болсон үерийн гамшгийн дараа Ерөнхийлөгч Ши Жиньпин "пролон шиг ус шингээдэг хотууд" барихыг уриалж, БНХАУ энэ хүрээнд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Уг санаачилга нь ерөнхийдөө их энгийн. Дээвэр дээрх ногоон байгууламж, ус шингээгч материалтай явган хүний зам, газар доорх усны нөөцлүүр болон их хэмжээний хур тунадасны усыг шингээж гол мөрөн, усан сангуудад нийлүүлэх бусад шийдлүүд байв. Түүнээс хойш Бээжин, Чунцин тэргүүтэй Хятадын 10 гаруй хот энэхүү өөрчлөлтийг бодит болгох амлалт өгчээ.
Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногт хойд Хятадыг хамарсан их үерт амиа алдагсдын тоо өссөөр байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж хүчтэй усархаг борооны давтамж нэмэгдсээр байгаа энэ үед дээрх тактик үнэхээр үр дүнтэй эсэхийг сорьсон сануулга болж байна. Тухайлбал, Жөнжоу хот сүүлийн жилүүдэд дэд бүтцээ шинэчилж, "пролон шиг" болгоход 53.5 тэрбум юань зарцуулжээ. Гэтэл 2021 онд тус хотод босон үерийн гамшиг 380 хүнийг амийг авч одож, 41 тэрбум юанийн эд хөрөнгийн хохирол учруулсан юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
Иргэдийн гадаад дахь зарцуулалт өндөр хэвээр байгааг аялал жуулчлалын салбарын орлого харуулж байна
БНХАУ бизнес ангиллын визийн шалгуураа хөнгөвчилж, олон дахин нэвтрэх боломжтой болгоно