- Business newsletter
- Posts
- 2023/08/07
2023/08/07
Гурван өгүүлбэрээр
Оны эхний хагаст АПУ ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурав.
Монгол Улс урьдчилан таамаглахуйц, тогтвортой бизнесийн орчин бүрдүүлэх шаардлагатайг АНУ-ын Төрийн Департемент зөвлөжээ.
Монголд сүүлийн байдлаар 385 мянган жуулчин зочилсон нь цар тахлын өмнөх үеийнхээс давсан үзүүлэлт боллоо.
Хөрөнгийн зах I хагаст
Монголын хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд 2023 оны эхний хагас жилийн тайлангаа олон нийтэд танилцуулж эхлээд байна. Үйлдвэрлэгч компаниудын онцлох үзүүлэлтүүдээс харвал:
📌 АПУ ХК эхний хагас жилд 518 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 72 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан. Сүү сүүн бүтээгдэхүүн, "Дижитал Концепт" ХХК болоод экспортын борлуулалтын өсөлтөөс шалтгаалан өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого нь 32.4 хувиар өссөн бол цэвэр ашиг нь 13 хувиар буурчээ.
📌 Сүү ХК-ийн хувьд эхний хагас жилд 73.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 38 орчим хувиар өссөн үзүүлэлт болов. Мөн цэвэр ашиг нь тайлант хугацаанд 2.8 дахин өссөн байна.
📌 Газар шим үйлдвэр ХК-ийн борлуулалт эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 12 хувиар, цэвэр ашиг нь 7 хувиар өссөн байна.
Байр суурь
“Эрэлт нийлүүлэлтийн хувьд маш том зөрүү байгаа. Бусад компанийг худалдан авах нь шийдэл биш гэж харж байна. Яагаад гэхээр зэсийн нийлүүлэлт хэвээрээ л байна. Тийм учраас бид хайгуул хийх хэрэгтэй, уурхай болон процессыг хөгжүүлэх хэрэгтэй. Оюутолгойн жишээнээс их зүйл суралцаж болно. Дэлхий дээрх хамгийн нарийн, өндөр технологи шаардсан уул уурхайн төслүүдийн нэг гэж тайлбарладаг. Бид юу хийх ёстой вэ гэхээр, энэ төсөл аюулгүй, хөрөнгө оруулалтаасаа өгөөж авах боломжтой, мөн санаанд оромгүй маш гэнэтийн зүйл болохгүй гэдэг дээр Рио Тинточууд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах учиртай" хэмээн Rio Tinto группийн ТУЗ-ын дарга Доминик Бартон “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолж байв.
Хөрөнгө оруулалтын саадууд
Монгол Улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол их байгаа ч үүнийг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргах тал дээр сорилттой тулгардаг болохыг АНУ-ын Төрийн Департамент онцолжээ. Монголын зах зээл, ашигт малтмалын асар их нөөц нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг ч эдийн засаг, санхүүгийн гадаад шокт өртөмтгий, маргаан шийдвэрлэх, хууль тогтоомж боловсруулах явцад оролцогч талуудын оролцоо дутмаг зэрэг хүндрэлүүд гардаг тул хууль тогтоомжийг ил тод болгож, урьдчилан таамаглахуйц, тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж тайландаа дурдсан байна.
Үерийн хохирол
Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 5-нд орсон усархаг аадар борооны улмаас 282 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин үерт автсаныг ОБЕГ мэдээлээд байна. НЗДТГ-аас хохирол амссан иргэдэд хохирлыг барагдуулах арга хэмжээ авч, орон сууц, гэр олгохоор болсныг мэдэгдээд байгаа юм.
Жуулчдын урсгал
Монгол Улсад наймдугаар сарын 5-ны байдлаар 385,914 жуулчин зочилсноор түүхэндээ хамгийн олон тооны жуулчин хүлээн авч байсан 2019 оны эхний долоон сарын үзүүлэлтээс (318 мянга) давжээ. ЗГ-аас 2023 онд нэг сая жуулчин татах зорилт тавьсан бөгөөд одоогоор энэ нь 35.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Улсаар нь ангилж харвал нийт жуулчдын 40.8 хувь нь ОХУ-аас, 19.4 хувь нь БНСУ-аас, 16.9 хувь нь БНХАУ-аас иржээ.
Хүнд үе, шинэ iPhone
"iPhone 15" танилцуулагдахад зургаан долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед "Apple" компани илэрхий болоод удаж буй хатуу үнэнийг эцэст нь хүлээн зөвшөөрлөө. "АНУ-д ухаалаг утасны зах зээл сүүлийн хэдэн улирлын турш уналттай байгаа" хэмээн компани пүрэв гарагт тааруу үзүүлэлттэй тайлангаа танилцуулсны дараа мэдэгджээ. Өнгөрсөн улиралд "iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурч 39.7 тэрбум ам.доллар болсон нь Уолл Стритийн төсөөллөөс доогуур дүн болсон байна. Сүүлийн гурван жилийн хамгийн том шинэчлэлтийг авчирна гэгдэж буй шинэ "iPhone"-ийг багагүй сорилт хүлээж буй бололтой.
Есдүгээр сарын 22-нд танилцуулагдах товтой “iPhone 15”-ийн “Pro” хувилбар нь титан их биетэй, дэлгэцийн гадуурх хүрээ нь өмнөхөөсөө 30 хувиар нарийн, USB-C цэнэглэгчтэй, илүү хурдан процессортой байна гэсэн мэдээллүүд гараад байна.
Өрийн эрсдэл
"Fitch Ratings" агентлаг АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулж, "AAA"-аас "AA+" болгосон нь тус улсын өрийн эрсдэлтэй холбоотой болгоомжлолыг нэмэгдүүлээд байна. “Fitch”-ийн төсөөлснөөр 2025 он гэхэд АНУ-ын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүний 118 хувьтай тэнцэхээр байгаа аж. Энэ нь тус агентлагаас хамгийн өндөр буюу "AAA" зэрэглэл авсан орнуудын голч үзүүлэлтээс гурав дахин өндөр үзүүлэлт болж байна. Үүгээр зогсохгүй урт хугацаандаа энэ харьцаа улам нэмэгдэнэ гэсэн төсөөлөл байгаа тул Цагаан ордны ирээдүйн засаг захиргаанд шийдвэр гаргахад хүндрэл учруулах магадлалтайг шинжээчид онцолж байна.
Дайны уршиг нэмэгдсээр
Амралтын өдрүүдээр ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлөг болон газрын тос тээвэрлэгч хөлөг дроны цохилтод өртсөнөөр Украин дахь дайны хор уршиг эрчимтэй нэмэгдэж эхэллээ. Халдлагуудын улмаас Хар тэнгисээр дамжих Оросын түүхий эдийн экспорт анх удаа эрсдэлд ороод байна. ОХУ-ын дэлхийн зах зээлд өдөрт нийлүүлдэг үр тарианы дийлэнх хэсэг, мөн газрын тосны 15-20 хувь нь тус замаар дамждаг аж. Москвагийн хувьд тээвэрлэлт болон даатгалын зардал нь өсөх магадлалтай бол Европ болон дэлхийн зах зээлд ч тодорхой хэмжээний эрсдэл гарч ирэхээр байна.
Цагаан Lambo
"The Wolf of Wall Street" кинонд Леонардо ди Каприогийн жолооддог "Lamborghini Countach" автомашиныг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Анх 1971 онд танилцуулагдаж, 1974 онд худалдаанд гарч байсан уг загварын бүтэн цагаан өнгөтэй "1989 Lamborghini Countach 25th Anniversary" хувилбар АНУ-д ердөө 12 ширхэг нийлүүлэгдэж байсны нэг нь энэ аж. 12 дугаар сарын 8-нд Нью-Йорк хотноо Sotheby's-ийн зохион байгуулах дуудлага худалдаагаар уг автомашин 2 сая ам.долларын үнэ хүрэх таамагтай байна.
Энэ долоо хоногт
Даваа: Чили улсын зэсийн экспорт, худалдааны үзүүлэлтүүд гарна. “Saudi Aramco” борлуулалтын тайлангаа танилцуулна
Мягмар: ХБНГУ-ын инфляц, БНХАУ-ын гадаад худалдааны дүн мэдээлэл гарна. “Softbank”-ийн улирлын тайлан танилцуулагдана.
Лхагва: БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэгчийн үнийн индексийн дүн мэдээлэл танилцуулагдана. “Walt Disney”-ийн тайлан гарна.
Пүрэв: АНУ-ын долоодугаар сарын хэрэглээний үнийн индекс гарна. “Virgin Galactic” компани жуулчид тээвэрлэсэн сансрын аяллын хөлгөө анх удаа хөөргөхөөр товлосон.
Баасан: Францын хэрэглээний үнийн индекс, Хонгконг болон ОХУ-ын ДНБ танилцуулагдана.
Онцлох чарт
Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2023 оны эхний хагас жилд хамгийн ихдээ 40,386.51 нэгжид хүрч өссөн бол дундаж үзүүлэлт нь 37,315.18 нэгж байлаа. Харин зах зээлийн үнэлгээ зургаадугаар сарын 30-ны байдлаар 10.99 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.15 их наяд төгрөг буюу 127.26 хувиар, оны эхэнтэй харьцуулахад 4.2 их наяд төгрөг буюу 61.86 хувиар өссөн байна.