2023/06/27

Гурван өгүүлбэрээр

  1. Худалдаа, хөгжлийн банк Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны түнш боллоо.

  2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах саналыг Хятадын талд тавилаа.

  3. ХААН Банк ХК хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж 191.2 тэрбум төгрөгт хүргэв.

Түүхэн түншлэл

Худалдаа Хөгжлийн Банк Дэлхийн Эдийн Засгийн Форумын албан ёсны түншээр сонгогдож, даваа гарагт Тяньжинд гэрээнд гарын үсэг зурлаа. ДЭЗФ-ын албан ёсны түнш байгууллагаар сонгогдоход тухайн улсын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй хувь нэмэр, бүс нутаг болон дэлхий дахины компаниудтай хамтран ажиллаж, харилцан хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэх мэт маш өндөр шалгуурууд тавигддагийг ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолж байв.

Чухал санал

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах саналыг Хятадын талд тавилаа. Дэлхийд долоодугаарт эрэмбэлэгддэг тус боомтод Монголын эзэмшиж буй 10 га газрыг тээвэр логистикийн төв болгож, ашиглалтад оруулснаар 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэх аж. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Тяньжинд эхэлж буй “Зуны Давос-2023” чуулга уулзалтад оролцох юм.

Байр суурь

“Хөгжиж буй орнуудын хувьд хувьсан өөрчлөгдөж буй эдийн засгийн нөхцөл байдалд тааруулан дасан зохицох нь чухал юм. Худалдааны урсгалын чиглэлд гео-эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарч байгаа нь манай хэлэлцүүлгийн нэг хэсэг болно. Дэлхийн эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж буй нь хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөөлнө. Илүү тодорхой хэлбэл бид "Зуны Давос"-оор худалдааны асуудлыг онцлон авч үзнэ. Түүнчлэн уулзалтын үр дүнг нэгтгэсэн тайлан хөгжиж буй орнуудад төвлөрөхөөр байна" хэмээн Дэлхийн Эдийн Засгийн Форумын захирал Мирек Душек “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.

Дэлхийн Эдийн Засгийн Форумын "Шинэ Манлайлагчдын 14 дэх удаагийн чуулга уулзалт" буюу “Зуны Давос” БНХАУ-ын Тяньжин хотноо зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. "Зуны Давос" чуулганыг "Bloomberg TV Mongolia" газар дээрээс нь сурвалжилж, хамгийн гол мэдээллийг нөлөө бүхий зочдын байр суурийн хамт тусгай хөтөлбөрөөр хүргэх болно.

KHAN хувьцаагаа нэмэв

“ХААН Банк” ХК хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж 191.2 тэрбум төгрөгт хүргэснийг МХБ мэдээллээ. Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 191.2 сая ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлснээр компани нийт 1.9 тэрбум ширхэг энгийн хувьцаатай болж байна. Компанийн нэгж хувьцааны ханш хоёрдогч захын арилжаа эхэлснээс хойш 1,115-1,129 төгрөгийн хооронд тогтвортой арилжигдсан бөгөөд одоогоор зах зээлийн үнэлгээ нь 2.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

Үнэлгээг нягтлав

Олон улсын үнэлгээний “Moody's” байгууллага Монголын есөн банкны үнэлгээг хуваарийн дагуу дахин нягталж дуусгаснаа мэдэгдлээ. Банкнуудын одоогийн үнэлгээ нь тохиромжтой байгаа эсэх болон адил үнэлгээтэй өөр байгууллагуудтай санхүү, үйл ажиллагааг нь харьцуулсны үр дүнд үнэлгээнд өөрчлөлт оруулах боломжтой болсон аж. Одоогоор аль нэг байгууллагын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй, мөн ойрын хугацаанд гарна гэж баттай хэлэх боломжгүйг мэдэгдэлд тодотгожээ.

Сорилт ба гарц

"Дэлхийн экспортыг дэмжих форум-2023" арга хэмжээний эхний өдөр бүс нутгийн худалдааны холболт, тэр дундаа далайд гарцгүй орнуудын экспортын нөхцөл байдлын талаар "B2B" уулзалтыг зохион байгууллаа. Далайд гарцгүй орнуудын нэмүү өртгийн сүлжээн дэх жижиг компаниудад хөнгөлөлттэй санхүүжилтийг олгоход анхаарах шаардлагатай байгааг оролцогч талууд онцолж байв.

Ачаа эргэлтийн рекорд

БНХАУ-Монголыг холбосон хамгийн том хилийн боомт болох Ганцмод боомтоор өдөрт нэвтрүүлэх ачаа эргэлтийн хэмжээ рекорд дээд түвшинд хүрснийг тус боомтын захиргаа мэдээллээ. 2022 онд тус боомтоор нийт 19 сая гаруй тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оноос хоёр дахин их үзүүлэлт болж байсан юм.

Тэгвэл пүрэв гарагийн байдлаар тус боомтоор өдөрт нэвтрэх ачаа тээврийн хэмжээ 170 мянган тонныг давж, он гарсаар 15 сая гаруй тонн ачаа тээвэр нэвтрүүлээд байгаа аж. Гаалийн бүрдүүлэлтийг илүү ухаалаг, оновчтой болгосон нь үүнд гол нөлөө үзүүлснийг боомтын захиргаа онцолсон байна.

Шинэ хамтын ажиллагаа

Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг Энэтхэг-Номхон далайн бүсэд хамтран хөгжүүлэх санамж бичигт Монгол Улс болон АНУ-ын талууд гарын үсэг зурсныг АНУ-ын Төрийн департамент мэдэгдэлдээ дурджээ. Санамж бичигт Монгол Улсын эрдэс баялгийн салбартаа хөрөнгө оруулалтыг дэмжих чадавхыг сайжруулах, түүнд техникийн дэмжлэг үзүүлэхэд хоёр улс хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээг багтаасныг дурджээ.

Фридландын анхааруулга

Уул уурхайн салбар ирээдүйн эрэлтийг хангахуйц түвшинд тэлж чадахгүй байгаа энэ үед зэсийн үнэ лити гэх мэт бусад түүхий эдийн саяхны огцом өсөлтийг давтах төлөвтэйг “Ivanhoe Mines”-ийн Үүсгэн байгуулагч Роберт Фридланд анхаарууллаа. Улс орнууд цэвэр эрчим хүчийг зорилт болгож, хажуугаар нь өөрсдийн гэсэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь чухал түүхий эдийн эрэлтийг өсгөхөөр байна. Гэхдээ бусад хүчин зүйлсийг цогцоор нь харвал нийлүүлэлт үүнд хүчин мөхөстөхөөр байгааг тэрбээр онцолжээ. "Гарах гарцгүй байдал руу бид чиглэж байна. Би юунаас эмээж байна вэ гэхээр одоогийн анхааруулга эцэст нь биеллээ олох үед зэсийн үнэ 10 дахин өсөх боломжтой" гэж "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

В.Путины үг

Дэлхий дахины анхаарлыг Москвад төвлөрүүлсэн бослогын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа мэдэгдэл хийж, хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группын удирдлагыг эх орноосоо урвасан хэмээн буруутгав. Түүнээс хэдхэн цагийн өмнө “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин мөн мэдэгдэл хийхдээ түүний зорилго нь анхнаасаа В.Путины засаглалыг унагахад чиглээгүйг илэрхийлсний зэрэгцээ Вагнерын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Дахин нэг улс

Бельгийн эрх баригчид “Binance”-ийг тус улсад үйл ажиллагаагаа зогсоох үүрэг өгснөөр дэлхийн тэргүүлэх крипто биржийн эсрэг зохицуулалтын арга хэмжээ авсан улсуудын эгнээнд нэгдэж байна. Бельгийн Санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн удирдах газрын мэдэгдсэнээр “Binance” нь Европын Эдийн засгийн бүсэд багтдаггүй орнуудын арилжаа, цахим хэтэвчийн үйлчилгээг Бельгийн хэрэглэгчдэд үзүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон аж.

Утасгүй арал

"TikTok" дээр трэнд бичлэгийн сэдэв болох, бүр цаашилбал "Netflix"-ийн цувралын багийг авчрах нь аялал жуулчлалаас олох орлогоо нэмэгдүүлэхийг зорьж буй ихэнх улс, хотуудын хувьд мөрөөдөл гэхэд болно. Гэтэл Финландын зүүн өмнөд эргийн ойролцоох жижиг арлынхан энэхүү аргын яг эсрэгийг нь ашиглахаар болжээ. Финландын зүүн булангийн үндэсний паркт багтдаг бүлэг арлуудын нэг болох Улко-Таммиогийн аялал жуулчлалын албаныхан арлаа "утасгүй арал" болгох хүсэлтэйгээ илэрхийлж, тэнд зочилсон аялагчдыг "ухаалаг төхөөрөмжөө унтрааж, байгалийн үзэсгэлэнг жинхэнэ утгаар нь мэдрэх"-ийг уриалах болжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • Нейл Янг: Монголд том төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардагддаг нь давуу тал

  • СЗХ дотоодын зэрэглэл тогтоох компаниар зэрэглэл тогтоолгосон анхны компанийн бондыг бүртгэлээ

Онцлох чарт

БНХАУ нэгдүгээр улиралд гадаадад нийлүүлсэн автомашины тоогоор Японыг гүйцэж дэлхийд тэргүүлсэн нь ОХУ руу экспорт нь огцом өссөнтэй холбоотойг “Alix Partners” мэдээлэв. Тайлант хугацаанд тус улс нийт 1.07 сая нэгж автомашин экспортолсноос 112 мянгыг нь ОХУ-д нийлүүлжээ.