- Business newsletter
- Posts
- 2023/06/26
2023/06/26
Гурван өгүүлбэрээр
IPO хийхээр төлөвлөж буй “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгох хувьцааг СЗХ бүртгэв.
“Silver Elephant” компани 2.5 сая нэгж эрх гаргаж, 750 мянган ам.долларын санхүүжилт босгоно.
В.Путины 20 гаруй жилийн засаглалд хамгийн том заналхийлэл авчирсан зэвсэгт бослого эхэлсэн шигээ гэнэт өндөрлөлөө.
13%-д хадгалав
Монголбанкны мөнгөний бодлогын хороо энэ оны хоёр дахь хурлаараа бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байгаагийн дээр төсвийн зардал нэмэгдэхээр байгаа нь энэ удаагийн шийдвэрт голчлон нөлөөлсөн байна. Төсвийн тодотголын хамгийн том нөлөөлөл энэ оны төгсгөл, ирэх оны эхээр мэдрэгдэнэ гэж үзэж байгаагаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэрээ танилцуулах үедээ онцолж байв.
Шинэ тоглогчид
IPO хийхээр төлөвлөж буйгаа тавдугаар сард мэдэгдэж байсан “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгох хувьцааг бүртгэснийг СЗХ мэдээллээ.
Мөн СЗХ ээлжит хурлаараа “Ашид Капитал” ББСБ ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэсэн байна. Тус бонд нь дотоодын зэрэглэл тогтоох компаниар зэрэглэл тогтоолгосон анхны компанийн бонд болох аж.
“Инвескор Ассет Менежмент” ҮЦК ХХК-ийн үүсгэн байгуулж байгаа “Инвескор Глобал Кью” хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан бүртгэгджээ. Энэхүү сан нь ангилалдаа мөн л анхдагч болж байгаа юм.
Байр суурь
“Монголд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлээд дараа нь том хэмжээний төсөл эхлүүлэх боломжтой байдаг нь нэг давуу тал. Австрали, Чили, Намиби зэрэг өрсөлдөгч орнуудад хэрэгжиж буй төслүүд зөвхөн усан онгоцоор л экспорт хийх боломжтой байдаг. Усан онгоцоор тээвэрлэж байгаа нөхцөлд их хэмжээгээр үйлдвэрлэхээс өөр ямар ч аргагүй. Тэгэхээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүснэ. Монголд бол 100 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж болно. Энэ нь том хөрөнгө орууулалт хэдий ч өрсөлдөгч орнуудад шаардагдах хэдэн тэрбум ам.долларын санхүүжилттэй харьцуулахад бага дүн юм” хэмээн “Elixir Energy” компанийн Гүйцэтгэх захирал Нейл Янг “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Махны экспорт, нэг цонх
Махны экспортын гэрчилгээг нэг цонхны цахим системд нэвтрүүлж эхэлснийг МҮХАҮТ мэдээллээ. Мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан бичиг баримт бүрдүүлж, багадаа 13 хоног зарцуулдаг байсан бол цахим системд шилжсэнээр энэ хугацаа дөрөв хоног болж буурахыг онцолж байв. Экспортын зөвшөөрөл авах хүсэлтэй 60 гаруй үйлдвэр байдгаас 16 нь БНХАУ руу хүсэлтээ цахимаар илэрхийлсэн ч зөвхөн хоёр үйлдвэр нь хүсэлтээ бүртгүүлж чадсаныг МҮХАҮТ-ын дарга мэдээлсэн юм.
Хөрөнгө босголт
“Silver Elephant” компани 2.5 сая нэгж эрхийг тус бүр нь 0.3 ам.долларын үнэтэй гаргаж, 750 мянган ам.доллар хүртэлх хөрөнгө босгохоор зорьж байна. Нэгж эрх бүрд нэг хувьцаа, нэг хувьцааны хагасыг авах эрх багтахаас гадна энэхүү хөрөнгө оруулалтаар авах үнэт цаасыг хөрөнгө оруулагч дөрвөн сар, нэг хоногийн хугацаанд хадгалах үүрэг хүлээх аж. Нийт санхүүжилтийг Боливи улсад хийх хайгуул, Монголын Улаан-Овоо төслийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх зэрэгт зарцуулна гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
Шуурганы дараах нам гүм
Владимир Путины 20 гаруй жилийн засаглалд хамгийн том заналхийллийг авчирсан зэвсэгт бослого эхэлсэн шигээ гэнэт дууссаны дараа Орос оронд ер бусын нам гүм байдал ноёрхож байна. Хувийн зэвсэгт хүчний "Вагнер" бүлгийн удирдагч Евгений Пригожин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн зуучилсан тохиролцооны дагуу Москваг чиглэсэн цэргүүдийнхээ давшилтыг зогсоож, аливаа ял шийтгэл амсалгүйгээр бослогыг дуусгахаар болсон юм.
Эгзэгтэй байдал өндөрлөснөөс хойш В.Путин ч, Е.Пригожин ч олны өмнө гараагүй хэвээр байна. Дараалж, даамжирсан энэхүү гэнэтийн үйл явдлууд нь В.Путины дийлдэшгүй удирдагч гэсэн нэр хүндэд сэв суулгасны зэрэгцээ бослогын дараах улс төрийн үр дагавар юу байх нь АНУ, Европын эрх баригчдын тархийг гашилгах болов.
Үйл явдлын эргэн тойронд:
📌 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тус бослого нь ОХУ-ын удирдагчид “шууд сорилт” болсны зэрэгцээ Украинд дайны талбарын давуу байдал авчирсныг онцлов.
📌 АНУ-ын тагнуулын агентлагууд Пригожин эрс арга хэмжээ авахаар бэлтгэж буй тухай мэдээллийг эрх баригчдад лхагва гарагт дамжуулжээ.
📌 БНХАУ-ын зүгээс ОХУ-ын үндэсний тогтвортой байдлаа хангах арга хэмжээг дэмжихээ илэрхийлэв.
📌 Даваа гарагт Москвагийн хөрөнгийн биржийн арилжаа хэвийн үргэлжлэхийг ОХУ-ын Төв банк мэдээлжээ.
Аваргууд Энэтхэгт
Технологийн аварга компаниудын өсөлтийн алсын хараа Энэтхэгийг чиглээд буй энэ үед "Amazon", "Google" компаниуд тус улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр боллоо. Өнгөрсөн долоо хоногт БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон технологийн компаниудын удирдлагуудтай хийсэн уулзалтын дараа дээрх шийдвэр гарсан байна.
“Amazon" компани 2030 он гэхэд тус улсад нэмэлтээр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан бөгөөд үүнд Энэтхэгт үүлэн технологийн дэд бүтэц хөгжүүлэх 12.7 тэрбум ам.долларын төлөвлөгөө багтжээ. Харин Google компани Н.Модигийн төрөлх Гужарат мужид босож буй "Gujarat International Finance Tec-City" бизнесийн дүүрэгт олон улсын финтекийн төв нээхээр болсныг "Alphabet"-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдээлжээ.
Z үеийнхэнд итгэж болно
"Мянганыхан" буюу 1981-1996 оны хооронд төрөгсдийн хувьд нэгэн гашуун үнэнтэй тулгарснаа саяхан л ухаарцгаалаа. Дунд нас хаалгыг нь тогшиж эхэлжээ. Гэнэт өвдгөөр хатгуулах нь энэхүү шилжилтийг сануулж буй цор ганц дохио биш. Байгууллагынхаа эрэмбэд шат ахиж, түүнийхээ хажуугаар Z үеийнхний ааш араншинг шогшрон хараад "өнөөгийн залуус ч дээ" гэж үглэх сэдэл төрж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мянганыхан Z үеийнхний залхуу хойрго, эрх дураараа байдлыг шүүмжилсэн хатуу үгс харамгүй шидсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд доод үеийнхэн маань хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, үр шимийг нь бид бүгдээрээ хүртэх болохыг “Bloomberg”-ийн тоймч Эрин Лоури онцолжээ.
Хил хязгаарыг шинэчлэн тогтоож буй Z үеийнхэн эерэг өөрчлөлтийг авчрах хүч болж магадгүй тухай нийтлэлийг ЭНД дарж үргэлжлүүлэн уншаарай.
Энэ долоо хоногт
Даваа: “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023” Улаанбаатар хотноо эхэлж, энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь анхны албан ёсны айлчлал эхэлнэ.
Мягмар: Дэлхийн Эдийн Засгийн Форумын 14 дэх удаагийн "Зуны Давос" чуулган БНХАУ-ын Тяньжин хотод эхэлнэ. Энэхүү үйл явдлыг Bloomberg TV Mongolia газар дээрээс нь сурвалжилж, хамгийн гол мэдээллийг нөлөө бүхий зочдын байр суурийн хамт тусгай хөтөлбөрөөр хүргэх болно.
Пүрэв: Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдана
Баасан: МХБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж, компанийн хяналтын зөвлөлийн болон ТУЗ-ийн гишүүдийг сонгоно.
Онцлох чарт
Норвегийн гарц удаан хугацаанд тасалдсан нь нийлүүлэлтийн эрсдэл авчирч, арилжаалагчид сул эрэлтийг тэнцвэржүүлэх шаардлага үүссэнээр Европт байгалийн хийн үнийн хэлбэлзэл эрчимжлээ. Зургаадугаар сарын эхээр байгалийн хийн үнэ хоёр жилийн доод түвшиндээ хүрч унаснаасаа хойш 40 гаруй хувиар өсөөд байна.