- Business newsletter
- Posts
- 2023/06/23
2023/06/23
Гурван өгүүлбэрээр
Монголбанк бодлогын хүүгээ хэвээр үлдээх хүлээлт эдийн засагчдын дунд давамгайлж байна
“Xanadu Mines” компани “Хармагтай” зэс, алтны төслийн үйлдвэрлэлээ 2027 оны IV улиралд эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
"Титаник"-ийг зориод сураггүй болсон шумбагч онгоц далайн гүний өндөр даралтын улмаас сүйрчээ.
13%-д үлдэх үү?
Монголбанк мөнгөний бодлогын ээлжит шийдвэрээ өнөөдөр танилцуулна. Тэгвэл “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар төв банк энэ удаа бодлогын хүүг дахин хэвээр үлдээх таамаг давамгайлж байна. Санал асуулгад оролцсон 7 эдийн засагчийн 6 нь бодлогын хүүг 13 хувийн түвшинд хэвээр үлдээнэ гэж үзсэн бөгөөд үүнд инфляцын түвшин, улсын нэгдсэн төсвийн тэлэлт зэрэг хүчин зүйлс нөлөөлөхийг онцолжээ.
Төв банкны бодлогын шийдвэрээ зарлах хэвлэлийн хурлыг Bloomberg TV Mongolia шууд дамжуулна.
Нийлүүлэлт нэмэгдэнэ
“Rosneft” компани Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ хуваарьт засвар үйлчилгээ хийж байгаа ч ирэх саруудад Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээгээ нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Мөн төмөр замын тээврийн ачааллаас шалтгаалан хүргэгдээгүй түлшний хохирлыг барагдуулна гэдгийг тус компани тодотгосон байна. Монгол Улсын хувьд 2022 онд “Rosneft” компанитай хэлэлцээ хийж, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон юм.
Байр суурь
“Эх газрын Хятадад металлын биет эрэлт сэргэнэ гэсэн таамаг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш яригдаж байсан ч энэ оны эхний хагасын байдлаар энэ таамаг биеллээ олсонгүй. БНХАУ-ын ЗГ дотоодын аж үйлдвэрийн салбараа дэмжих цогц арга хэмжээ хэрэгжүүлж магадгүй гэх мэдээлэл цацагдсан ч албан мэдээлэл гараагүй байна. Санхүүгийн эрсдэл, төр, хувийн хэвшлийн өр зэрэг хүчин зүйлсийг тооцоод үзвэл ингэх боломж нь ч хязгаарлагдмал. Иймд металлын үнэ энэ онд доогуур байх бөгөөд оны 2 дугаар хагаст бага дүнгээр өснө гэж таамаглаж байна” хэмээн BMI-ийн Таваарын зах зээлийн судалгаа хариуцсан захирал Сабрин Чоудхури онцлов.
“Хармагтай”-н төлөвлөгөө
“Xanadu Mines” компани “Хармагтай” зэс, алтны төслийн үйлдвэрлэлээ 2027 оны дөрөвдүгээр улиралд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хөрөнгө оруулалтын шинэчилсэн танилцуулгадаа дурджээ. Уг төсөл одоогийн байдлаар дата мэдээлэл цуглуулах түвшинд явж байгаа бол энэ оны IV улиралд ашигт малтмалын нөөцийн тооцоог нь эцэслэн гаргаж, ирэх оны гуравдугаар улиралд урьдчилсан ТЭЗҮ-ийг нь гүйцэтгэхээр төлөвлөжээ. Харин 2026 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тооцоолсон байна.
Түншлэл бүгдийг шийднэ
Уул уурхайн бус гаралтай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихийн тулд гадаадад худалдааны төвүүд байгуулах шаардлагатайг МҮХАҮТ онцолж байна. Ингэснээр ченжүүд, худалдан авагчдын оролцоогүйгээр гадаад худалдаа хийх боломжтой болно гэж үзэж байна. Монгол улсын экспортын 5 хүрэхгүй хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар нийт ажлын байрны 70 хувийг бүрдүүлж байгаа нь анхаарах үзүүлэлт болж буй.
Нийслэл бонд гаргана
📌 Нийслэлийн үнэт цаас гаргах ажлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж дэмжлээ. Энэ хүрээнд Сангийн яамаар хянуулан дүгнэлт гаргах ажил үлдсэн бөгөөд үнэт цаас гаргахад “Евразиа Капитал Холдинг” болон “Блюскай Секьюритиз” ҮЦК-иуд хамтран ажиллахаар болсон аж.
📌 "Бичил 2" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэлжээ. Тус үнэт цаасыг 100 мянган төгрөг хүртэлх нэрлэсэн үнэтэй, жилийн 18.5 хувийн хүүтэйгээр тогтоож, 200 мянган ширхэгийг олон нийтэд нээлттэй санал болгосон. Захиалга эхлээд эхний дөрвөн цагт зорилтот 20 тэрбум төгрөгөө татаж, 123 хөрөнгө оруулагчаас захиалга аваад байна.
Цагаа олсон айлчлал
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн АНУ дахь айлчлалыг цагаа олсон гэж үнэлэхэд ч багадахаар байна. Ид "шижигнэж" буй эдийн засаг, рекорд түвшиндээ хүрээд буй хөрөнгийн захын үзүүлэлтүүд, эрчимтэй өсөж буй хэрэглээний зах зээл зэрэг бүгд нь түүнийг Америкийн компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагчдад улсынхаа потенциалыг таниулахад гайхалтай сурталчилгаа болж байна.
Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны уулзалтынхаа дараа хоёр улсын батлан хамгаалахын болон эдийн засгийн холбоо харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хэлцэл, гэрээ байгуулснаа зарлажээ. Тэр дундаа Энэтхэгт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ чиглэлд тус улсын ЗГ-аас олгох татаасыг давуу тал болгох хэлцлүүдэд гарын үсэг зурцгаасан байна.
Түүнчлэн "Tesla" Энэтхэгт томоохон хөрөнгө оруулалт хийж магадгүй байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск Н.Модитой уулзсаныхаа дараа мэдэгдээд байсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчид Энэтхэг компаниудын хувьцаа авахад гуравдугаар сараас хойш 8.7 тэрбум ам.доллар зарцуулсан нь улирлын дүнгээр 2020 оны сүүлээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болохоор байна.
Эмгэнэлт төгсгөл
"Титаник" хөлгийг зориод сураггүй болсон шумбагч онгоц далайн гүний өндөр даралтын улмаас сүйрч, аяллын багийн 5 гишүүн бүгд амиа алдсаныг АНУ-ын Эргийн хамгаалалтын хүчин мэдээлжээ. Аврах ажиллагаанд ашигласан алсын удирдлагатай машин 4 гаруй км-ийн гүнд, "Титаник"-ийн үлдэгдлээс 488 метрийн зайтай бүсээс сүйрсэн шумбагчийн конус хамар, даралт тохируулагч кабин зэргийн хэлтэрхийг олсны дараа дээрх дүгнэлтийг гаргасан байна. Одоогоор сүйрлийн илүү нарийн шалтгааныг тогтоох зорилготой эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Зэсийн үнийн төсөөлөл
“Fitch Ratings” агентлаг 2023 оны металл, түүхий эдийн үнийн шинэчлэгдсэн төсөөлөлдөө зэс, хөнгөн цагаан, цайр, дулааны нүүрсний үнийн төсөөллөө бууруулсан бол төмрийн хүдэр болон алтны үнийг нэмэгдүүлж тогтоожээ. Металлуудаас зэсийн энэ оны үнийг 8800 ам.доллароос 8600 ам.доллар болгон бууруулсан бол 2024 болон 2025 оны үнийн төсөөллийг 8000 ам.долларт хэвээр үлдээжээ.
Дэлхийн хэмжээнд боловсруулсан зэсийн хэрэглээ тогтвортой байхтай зэрэгцээд энэ оны эхээр саатаад байсан томоохон уурхайнуудын гарц нэмэгдэх төлөвтэй байгаа нь үнийн төсөөллөө бууруулахад гол нөлөө үзүүлсэн аж.
Бали дахь зуслан
Бали арал дээрх 90 га талбайтай, таван одтой амралтын газар байрлах зусланд хүүхдээ амраана гэвэл ямар санагдаж байна? Тус арлын "Ayana Estate" ресорт долоодугаар сарын 4-нөөс Зүүн Өмнөд Азидаа анхдагчид тооцогдох хүүхдийн зуслангийн хөтөлбөрөө санал болгохоор болжээ. Хөтөлбөрт хүүхдүүдийг насны хоёр ангилалд хувааж, дөрвөн долоо хоног хүртэлх хугацаанд өдөр бүр өөр өөр үйл ажиллагаанд хамруулах аж.
Үнийн хувьд дөрвөн хүнтэй гэр бүлд тохирсон энгийн өрөө 235 ам.доллароос эхлэх бол далай руу харсан цонхтой, хоёр унтлагын өрөөтэй вилла нь хоногийн 1000 ам.доллар орчим байна. Харин хүүхдээ зусланд явуулъя гэвэл нэмэлт төлбөр төлөх бөгөөд долоо хоногийн 600 хүртэлх ам.долларын үнэтэй багцуудыг "Ayana" санал болгох аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
2023 оны агаарын тээврийн "Шилдэг компани"-аар “Singapore Airlines” тодров
Лабораторид ургуулсан мах худалдахыг АНУ-д хуулиар зөвшөөрлөө