2023/06/22

Гурван өгүүлбэрээр

  1. Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо 2 өдөр дараалан 1,000 давлаа

  2. Жендерийн тэгш бус байдлын индексээр Монгол Улс 10 байраар ухарч, 146 орноос 80 дугаарт эрэмбэлэгдлээ.

  3. BI: БНХАУ-ын нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ энэ онд 5 хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрэх төлөвтэй

Нүүрсний экспорт ба үнэ

БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давж, экспорт эргэн сэргэлээ. Зургаадугаар сарын 19-ний өдөр тус боомтоор 1124 автомашин нэвтэрсэн нь энэ он гарснаас хойших дээд үзүүлэлт болж байгааг “SXCoal”-ийн статистик үзүүлэлт харуулж байна.

БНХАУ-ын Шаньси мужид нүүрсний уурхайд осол гарсны дараа уурхайнуудад шалгалт эхэлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь саатаад байгаа ч коксжих нүүрсний үнэ түр хугацаанд өсөөд эргэн буурч байна. Монголоос импортолсон V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ нь мөн унаж, өнгөрсөн долоо хоногийн дээд түвшнээсээ 150-200 юаниар буурчээ.

Биржийн хууль

Уул уурхайн биржийн болон биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагуудыг СЗХ танилцууллаа. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 20 тэрбум төгрөг байх, тусгай программ хангамжтай байх, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах нэгжтэй байх зэрэг шаардлагуудыг үүнд тусгажээ. Харин брокерт тавигдах шаардлагад хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 3.5 тэрбум төгрөг байхаар заасан байна. Уул уурхайн биржийн тухай хууль энэ сарын 30-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Байр суурь

“2022 оны сүүлийн хагасаас эхлээд зах зээлд нийлүүлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн тоо багасаж ирсэн. Барилгын компаниуд төслөө дуусгаж чадахгүй, мөн шинэ төслүүд эхлүүлэхэд санхүүжилтийн асуудалтай тулгарч байгаатай холбоотой. Нөгөө талд эрэлт өссөнөөр үнэ дагаад өсөж байна. Яармаг, Зайсан зэрэг бүсүүдэд нэг болон хоёр өрөө байрны үнэ багадаа 50-80 хувиар, зарим газар бүр 2-3 дахин өсөөд байгаа.

Ингэснээр залуу гэр бүлүүд өөрсдийн орлогоор байртай болоход улам хэцүү болж байна. Өргөн хүрээнд харвал шинэ барилга барьж, нийлүүлэлтийг хийх ажил Улаанбаатар хотын дэд бүтцийн нөөц бололцоогоор хязгаарлагддаг нь асуудал болдог” хэмээн “Re/Max Mongolia”-ийн Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Монгол Улс 10 байраар ухрав

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр танилцуулдаг Жендерийн тэгш бус байдлын индексд Монгол Улс 146 орноос 80 дугаарт эрэмбэлэгдэж, өнгөрсөн оноос 10 байраар ухарлаа. Гол үзүүлэлтүүдээс харвал улс төрийн оролцооны хүрээнд Монголд жендерийн тэгш байдал хамгийн тааруу буюу 1 оноо авах ёстойгоос 0.01 орчим оноо авч, дэлхийд 121 дүгээрт эрэмбэлэгджээ. Харин "Эдийн засгийн оролцоо ба боломж" ба "Боловсролын түвшин" үзүүлэлтээр 33 болон 67 дугаар байранд тус тус бичигдэж байна.

Чиглэл хаашаа вэ?

Цаашид бодлогын хүү өсөхгүй, орон зай үүсэх бүрд бодлогын хүүг аль болох бууруулах чиглэлд анхаарах болохыг Монголбанкны ажлын хэсэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд тайлангаа танилцуулахдаа онцоллоо.

Тэгвэл АНУ-ын Холбооны нөөцийн банк цаашид бодлогын хүүгээ нэмэгдүүлэх дохиог зах зээлд өгөөд байна. Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, инфляцыг сааруулах чиглэлд бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, гэхдээ цаашид илүү жигд дүнгээр нэмэгдүүлэх болохыг тус банкны тэргүүн Жером Пауэлл онцолсон. Ингэснээр ирэх саруудад АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар хоёр удаа өсгөнө гэсэн хүлээлт зах зээлд 80-аас дээш хувь болж нэмэгдээд байна.

Япон хувьцаа авах цаг

"Манай Абэномиксийг аваарай" хэмээн Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ 2013 онд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочилж, хонх цохих үедээ улсынхаа хөрөнгийн зах зээлийг сурталчилж байв. Түүнээс хойш 10 жилийн дараа хөрөнгө оруулагчид үнэхээр Японы хувьцааг авч эхэлж буй бололтой. Японы TOPIX индекс энэ он гарсаар 20 орчим хувиар өссөн бол S&P 500-ийн өсөлт 15 хувьд ч хүрэхгүй байна. Таван жилийн хугацаанд та АНУ-ын зах зээлээс 57 хувийн ашиг хүртэхээр байсан бол Японд 28 хувь байгаа нь чамлахааргүй үзүүлэлт.

Уоррен Баффет үүнийг аль хэдийн ойлгожээ. 2020 онд тэрбээр Японы арилжааны хэд хэдэн компанийн хувьцааг чанартай, хямдхан гэсэн үндэслэлээр худалдан авсан юм. Түүнээс хойш тэрбээр зарцуулсан дүнгээ нугалж олсон бөгөөд саяхан тэдгээр компаниудад эзэмшдэг хувьцаагаа нэмсэн билээ. Тэгвэл Япон компаниудын энэхүү гэнэтийн сайн гүйцэтгэлд юу түлхэц болж байна вэ?

CO2 дээд түвшиндээ

Урт бөгөөд илүү халуун зун, нүүрсний үнийн буурах трэнд хосолсноор БНХАУ-ын нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ 2023 онд 5 хувиар нэмэгдэж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрэх төлөвтэйг “Bloomberg Intelligence”-ийн судалгаанд онцолжээ. Тус улсад нүүрстөрөгчийн ялгаруулалт нэгдүгээр улиралд 4 хувиар өсөж 3.1 тэрбум тоннд хүрээд байсан бол он дуустал 5.1 хувиар өссөнөр 12.1 тэрбум тоннд хүрнэ гэж тооцоолсон байна.

БНХАУ-ын Эрчим хүчний зөвлөлийн мэдээлснээр 2023 онд тус улсад эрчим хүчний хэрэглээ зургаан хувиар буюу өмнөх онтой харьцуулахад бараг хоёр дахин өсөх төлөвтэй аж. Энэ нь Хятадын нүүрсний хэрэглээ 4.6 тэрбум тонн буюу рекорд дээд үзүүлэлтдээ хүрч магадгүй гэсэн таамаглалыг баталгаажуулж байгааг судалгаанд дурджээ.

Шумбагчийн мөрөөр

“Титаник” хөлгийн үлдэгдэл орчмоос гарч буйг илрүүлсэн сулхан чимээг далайн гүнд ор сураггүй болоод байгаа шумбагч хөлгийнх мөн гэж шууд холбож болохгүйг АНУ-ын Эргийн хамгаалалтын хүчин мэдэгджээ. Лхагва гарагт Канадын нисэх онгоц дууны локатор ашиглан тус чимээг илрүүлсний дараа тухайн бүс рүү алсын удирдлагатай шумбагч хөлгүүд илгээгээд байгаа аж. Таван хүнтэй аялалд гараад холбоо тасарсан “Титан” шумбагч хөлөгт одоогоор 10 гаруй цагийн хүчилтөрөгчийн нөөц үлджээ.

Топ авиа компаниуд

Агаарын тээврийн үйлчлүүлэгчид дунд жил бүр явуулдаг санал асуулгаар “Singapore Airlines” компани гол өрсөлдөгч “Qatar Airways”-ийг гүйцэн ардаа орхиж, 2023 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорчээ. Энэ оны “Skytrax World Airline Awards” жагсаалтад Ойрх Дорнодын тус компани хоёрдугаар байр руу ухарсан бол Японы “ANA”, “Japan Airlines” болон “Emirates” компаниуд эхний тавд багтсан байна. Гэхдээ “Qatar Airways” бизнес ангиллын шилдэг үйлчилгээ үзүүлэгч компаниар тодорч, гол хөзрийг дахин атгасан байна. Харин хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэгч шилдэг компаниар “AirAsia” нэрлэгджээ.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • Тансаг амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Сингапур анх удаа тэргүүлэв

  • Европ тив хамгийн эрчимтэй дулаарч буй бүс болж, хэт халалтын дээд үзүүлэлтийг эвдсээр байна

Онцлох чарт