- Business newsletter
- Posts
- 2023/06/20
2023/06/20
Гурван өгүүлбэрээр
Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын үеэр тус улсын төв банктай байгуулсан своп хэлцлийг сунгаж магадгүй байна.
БНХАУ-ын Шаньси муж дахь уурхайд осол гарч, нийлүүлэлтийн асуудал үүссэнээр коксжих нүүрсний үнэ өслөө.
Уоррен Баффетын "Berkshire Hathaway" Японы таван арилжааны фирмд эзэмшдэг хувиа өсгөв.
Сарын I хагасын өсөлт
Зургаадугаар сарын арилжааны эхний хоёр долоо хоногт хөрөнгийн захаар 70 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өнгөрсөн сарын мөн үеэс 37.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд хийгдсэн арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 70 орчим хувийг нүүрсний цахим арилжаа бүрдүүлсэн бол зургаадугаар сарын 2-нд ХХБ-ны багц хувьцаа 9.7 тэрбум төгрөгөөр эргэлтэд орсон нь сарын эхний хагасын арилжааны 14 орчим хувийг бүрдүүлсэн онцлог үзүүлэлттэй байв.
Сарын эхний хагаст хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 11 их наяд төгрөг давсан. Харин “Топ 20” индекс энэ хугацаанд 0.8 хувь өссөн ч он гарсаар 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Своп хэлцлийг сунгах уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ сарын сүүлээр БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаар тус улсын Ардын банктай байгуулсан своп хэлцлийг сунгах хүлээлт өндөр байна. Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын тал своп хэлцлийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авна гэдгээ дахин илэрхийлснийг Сангийн сайд мэдээлж байв. Монгол Улсын хувьд своп хэлцлийн дагуу БНХАУ-д 2023 онд төлөх ёстой өрийн хэмжээ 1.8 тэрбум ам.доллар байгаа нь нийт эдийн засгийн 14 хувьтай тэнцэхээр байна.
Байр суурь
“Төсвийн гэнэтийн тэлэлт, мөнгөний бодлогын өөрчлөлтүүд бизнесийн орчинд шууд нөлөө үзүүлж байна. Одоогоор бид инфляцыг бууруулах зорилтоо л биелүүлэхийг хичээж байгаа учир төсвийн тэлэлт аль болох үүнийг тооцсон байх нь чухал. Дотоодын, уул уурхайн бус салбарын эдийн засгийн байдал ямар байгааг санах хэрэгтэй. Эдийн засгийн үзүүлэлт өндөр байна гээд тайвширч болохгүй, энэ бол түр зуурын үзэгдэл. Гадаад зах зээлийн таатай байдлаас орж ирсэн орлогыг тэр даруй хуваагаад зарцуулахаас илүүтэй бодит өсөлт, хөрөнгө оруулалт руу чиглүүлэх нь зүйтэй” хэмээн эдийн засагч Ч.Хашчулуун “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Тооцоолоогүй өсөлт
БНХАУ-ын Шаньси мужид уурхайн осол гарснаар нийлүүлэлтийн асуудал үүсэж, коксжих нүүрсний үнэ өслөө. Зургаадугаар сарын 15-ны өдөр гурван хүний аминд хүрсэн ослын дараа тус мужийн уурхайнуудад нэг сарын хугацаатай шалгалт хийхээр болж, осол гарсан уурхайн эзэмшигч компанийн зарим үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж. Ингэснээр 19-ний өдрийн байдлаар Шаньси мужид сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 1,683 юань болж өмнөх долоо хоногоосоо 22 юаниар өсөөд байна. Түүнчлэн Монголын 5-р ангиллын коксжих нүүрсний НӨАТ оруулаагүй үнэ тонн тутамдаа 1,150 юань болсон нь өнгөрсөн долоо хоногийн эцсээс 30-50 юаниар өссөн дүн болжээ.
ЭТТ-н үйлдвэр
“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орохоор байгааг ЗГ мэдээллээ. Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах тус үйлдвэр ашиглалтад орсноор тонн тутмаас 60-80 ам.долларын нэмэлт орлого олно гэж үзэж байгаа аж. ЗГ-аас онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилоод буй тус компани он гарсаар 11.5 сая тонн нүүрс борлуулж, 1.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
Барьцаа ахиулав
Уоррен Баффетын "Berkshire Hathaway" Японы таван арилжааны фирмд эзэмшдэг хувиа өсгөж, дундаж дүнгээр 8.5 хувь болгосон байна. Алдарт хөрөнгө оруулагчийн талтай ханддаг гэгддэг "Itochu", "Marubeni", "Mitsubishi", "Mitsui", "Sumitomo" гэсэн таван компанид "Berkshire" одоогоор хувь эзэмшиж байгаа юм. Дөрөвдүгээр сард Баффетт эдгээр компаниудын удирдлагатай анх удаагаа уулзахаар Японыг зорьсон бөгөөд дараалсан уулзалтуудыг талууд бүгд "маш амжилттай" хэмээн дүгнэж байв.
500 онгоцны хэлцэл
Агаарын тээврийн түүхэн дэх агаарын хөлгийн хамгийн өндөр дүнтэй захиалгыг “Airbus” хүлээн авлаа. Тус компани Энэтхэгийн дотоодын тэргүүлэх авиа компани "IndiGo"-д нарийн биет A320 цувралынхаа нийт 500 хөлгийг нийлүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү аварга хэлцэл нь хоёрдугаар сард "Air India" компани "Airbus" болон "Boeing"-оос 470 онгоц худалдан авсан рекорд үзүүлэлтийг эвдэж байгаа юм. Ирэх жилүүдэд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлэхээр төлөвлөсөн "IndiGo" 2030-2035 оны хооронд шинэ онгоцнуудаа хүлээн авахаар байгаа аж.
Чинээлэг 1%-ийн ялалт
Швейцарын хоёр дахь том хот Женевийн сонгогчид орлогын хэмжээгээр хотын нийт оршин суугчдын нэг хувийг эзэлдэг хамгийн чинээлэг бүлэгт ногдуулах татварын хувь хэмжээг нэмэх саналыг дэмжээгүй байна. Шууд ардчиллын зарчмын дагуу явуулсан уг санал хураалтын эцсийн үр дүнгээс харвал саналаа өгсөн иргэдийн 55.12 хувь нь дээрх арга хэмжээг "Дэмжихгүй" гэсэн байр суурь илэрхийлжээ. Гурван сая франк буюу 3.4 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй иргэдийн хөрөнгийн албан татварыг түр хугацаанд нэг хувиас 1.5 хувь болгож нэмэгдүүлэх тус төлөвлөгөөг зүүний үзэл баримтлалт улс төрчид, Үйлдвэрчний эвлэлүүд, активистуудын зүгээс анх гаргаж байсан юм.
Холыг харсан стратеги
Хиймэл оюуны халуурал дунд нэгэн хөрөнгө оруулалтын сан өвөрмөц, сонирхолтой санаануудыг тандан илрүүлэх замаар ихээхэн амжилт олж байна. "Fairlight Asset Management"-ийн Ник Креганы хувьд хиймэл оюуны ачаар өсөн дэвжих бололцоотой эсвэл хиймэл оюуны сөрөг үр дагавараас сайтар хамгаалагдсан гэж өөрийн үзсэн компаниудыг сонгон хөрөнгө оруулдаг. Энэхүү итгэл нь "Fairlight"-ийн бага, дунд хөрөнгөтэй компаниудад чиглэсэн сан жилийн хугацаанд 24 хувиар өсөж, нийт өрсөлдөгчдийнхөө 97 хувиас нь давахад гол түлхэц болсныг "Bloomberg" тооцоолжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Илон Маск: Супер хиймэл оюуны үзүүлэх бодит аюул, сөрөг үр нөлөө гэж бий
“Goldman Sachs” БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 5.4 хувь болгож бууруулав
“Netflix”-ийн ачаар Швейцарын бяцхан тосгон оршин суугчдаасаа олон жуулчин хүлээн авах болжээ