- Business newsletter
- Posts
- 2023/06/16
2023/06/16
Гурван өгүүлбэрээр
Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн Таксономи”-ийг баталлаа.
“Microsoft”-ийн хувьцааны ханш 3.2 хувиар өсөж, 348.10 ам.долларт хаагдсан нь рекорд дээд үзүүлэлт боллоо.
Mөнгөний чанга бодлогоос эдийн засагт учруулах хохирол хэтрэх вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдэв.
Төсвийн тодотгол
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, мөн 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
2023 оны төсвийн тодотголоор 217,700 Төрийн албан хаагчийн цалинг нэмэхээр тусгасан нь онцлог болж байна. Үүнд Төрийн тусгай алба хаагчдын цалинг нэг ангилалтай болгох, үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгох зэрэг таван багц нэмэгдэл багтжээ.
Шинэ таксономи батлагдав
Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудын санхүүжилтийн Таксономи”-ийг “Тогтвортой Санхүүгийн долоо хоног” арга хэмжээний үеэр баталж, танилцууллаа. Монгол Улс Үндэсний ногоон Таксономийг 2019 онд анх боловсруулж, баталж байсан бол энэ удаа ТХЗ-уудын санхүүжилтийн Таксономи баталснаар аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын ТХЗ-д оруулж буй хувь нэмрийг бүртгэх, тайлагнах, гадна дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх эхлэл тавигдаж байгааг арга хэмжээний үеэр онцолж байв.
Байр суурь
“Ногоон зээлийн үлдэгдлийн хэмжээгээр дэлхийн улс орнуудаас БНХАУ хамгийн өндөрт, ногоон бондын зах зээлээр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Эдгээр санхүүжилтийн хэрэгслүүд БНХАУ-ыг сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан автомашины хамгийн том хөрөнгө оруулагч орон болоход хамгийн гол нөлөө үзүүлсэн. Хятад улс 2013 оноос хойш ногоон таксономийг банкны салбарт хөгжүүлсээр ирсэн. 2015 онд ногоон бондод, 2019 онд бүх төрлийн ногоон төслүүдэд хөгжүүлсээр ирсэн гэж хэлж болно. Харин Монгол Улс хоёр ч таксономитой болж байгаад би тун баяртай байна” хэмээн БНХАУ-ын Ногоон Санхүүгийн Үндэсний Зөвлөлийн дарга Ма Жүн “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Анхаарах тоо
Тавдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 24.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаагаас анхаарал хандуулах болон чанаргүй зээл 14.8 хувийг бүрдүүлснийг ҮСХ мэдээллээ. Тэр дундаа анхаарал хандуулах шаардлагатай зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Геополитик ба Монгол
“Security Threats Index” буюу Аюулгүй байдалд заналхийлэх аюулын индексээр Монгол Улсын үзүүлэлт 2011 оноос хойш ахисан дүнтэй байгааг “Global Economy”-ийн тайлангаас харж болохоор байна. Индексийг халдлага, бөмбөгдөлт, тулалдаантай холбоотойгоор амь насаа алдах, мөн бослого хөдөлгөөн, төрийн эргэлт, терроризм зэрэг үзүүлэлтээр дүгнэдэг аж. Тэгвэл бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлын асуудал тогтворгүй байгаатай холбоотойгоор нэг улс биш бүс нутгаараа аюулгүй байдлаа хангах нь чухал болохыг "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын VIII бага хуралд оролцогчид онцолж байв.
Хаалтын төлөвлөгөө
Салхитын алт, мөнгөний ордны ТЭЗҮ-ээр батлагдсан геологийн нөөц нь 2025 онд бүрэн дуусаж, уурхайн үйл ажиллагааг хаахаар тооцоолж байна. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь “Салхит” тусгай зөвшөөрлийн тус талбайн ордын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ. Олон улсын жишгээр уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг батлах үед хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хаалтын зардлыг тооцоолох туршлага Монголын хувьд сул байгааг төслийн багийн зөвлөхүүд онцолсон байна.
Бух хаа сайгүй
Хиймэл оюуны халуурал технологийн салбараас хальснаас үүдэн хувьцаанууд огцом өссөнөөр “overbought” буюу хэтэрсэн худалдан авалтын бүс рүү орох болгоомжлол үүсгээд байна. “S&P 500” индекс 4,400 нэгжийг давж, зургаа дахь өдрөө дараалан өссөн нь 2021 оны 11 дүгээр сараас хойших хамгийн сайн үзүүлэлт болов. Түүнчлэн өчигдрийн арилжаагаар “Microsoft”-ийн хувьцааны ханш 3.2 хувиар цойлж, 348.10 ам.долларт хаагдсан нь рекорд дээд үзүүлэлт болж, энэ онд “Nvidia”, “Apple”-ийн дараа ханшийн шинэ өндөрлөгт хүрсэн гурав дахь технологийн аварга боллоо.
Сансрын аялал тун удахгүй
Тэрбумтан Ричард Брэнсоны сансрын аялал жуулчлалын компани “Virgin Galactic” энэ сарын 27-нд зорчигч тээвэрлэсэн анхны хөлгөө сансарт хөөргөхөөр товложээ. “Galactic 01” нэртэй тус нислэг нь компанийн олон удаа хойшлуулаад байсан бизнесийн үйл ажиллагааны эхлэлийг тавьж, зургаан оронтой тоо бүхий үнэтэй сансрын аяллын тасалбарыг нь худалдан аваад байгаа 800 гаруй жуулчинд мөрөөдлөө биелүүлэх боломжийг нь олгох юм. Уг мэдээлэл гарсны дараа “Virgin Galactic”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 28 хувиар өсжээ.
Бейонсе инфляц хөөргөдөв
Бейонсе дэлхийг тойрсон аялан тоглолтоо Шведээс эхлүүлсэн нь тус улсын инфляцын дүн мэдээлэл төсөөллөөс зөрсний шалтгаан байж болзошгүй аж. “Renaissance” аялан тоглолтын эхний хоёр үдэш Бейонсегийн фэнүүд Стокхольмийг доргиохтой зэрэгцэн Шведийн суурь инфляц тавдугаар сард өмнөх төсөөллөөс сул дүнгээр саарсан тайлан гарчээ. “Danske Bank”-ийн ахлах эдийн засагчийн үзсэнээр энэхүү тоглолт нь зочид буудал, амралт зугаалгын үнэ тооцоолоогүй өндөр өсөлтийг үзүүлэхэд нөлөөлсөн байж магадгүй гэсэн бол “Swedbank” мөн уг таамгийг бататгажээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Европын Төв банк бодлогын хүүгээ дахин 25 суурь нэгжээр өсгөж, 3.5 хувьд хүргэв
McKinsey: Хиймэл оюуны тэсрэлтээс цагаан захтнууд хамгийн том хохирол амсана
Иений ханш өнгөрсөн оны XI сараас хойших доод түвшинд хүрч, уналаа
Онцлох чарт
Энэ долоо хоногт томоохон Төв банкнууд бодлогын хүүгийн өсөлтийн дараагийн "раунд" эхлэхийг баталснаар мөнгөний чанга бодлогоос эдийн засагт учруулах хохирол хэтрэх вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдэж байна. АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүг дахин 50 суурь нэгжээр өсгөх өндөр магадлалтай гэсэн бол Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард ирэх сард мөн 25 суурь нэгжээр өсгөхөөр байгааг илэрхийлээд байна. Тэгвэл пүрэв гарагт Европын Төв банк ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 3.5 хувьд хүргэсэн нь сүүлийн 20 гаруй жилийн хамгийн өндөр түвшин боллоо.