2023/06/15

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол Улс БНХАУ-ын Цаофэйдиан боомт руу анх удаа төмөр замаар нүүрс тээвэрлэлээ.

  2. “Petro Matad” компани “Velociraptor-1” хайгуулын цооногийн өрөмдлөгийг эхлүүлснээ мэдээлэв.

  3. Холбооны нөөцийн банк инфляцыг сааруулахын тулд шаардлагатай үед бодлогын хүүгээ дахин өсгөх дохио өглөө.

Тийз хямдрав

Агаарын тээврийн либералчлалын бодлогын хүрээнд МИАТ ТӨХК-ийн орон нутгийн нислэгийн тийзний үнэ 2-2.5 дахин хямдарч, найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэхээр хуваарь тогтоожээ. Ингэснээр орон нутгийн нислэгүүдийн нэг талын тийзний НӨАТ ороогүй үнэ 250-450 мянгын хооронд болж өөрчлөгдөж байна.

2024, 2025 оны аяллын төлөвлөгөө, нисэх хуваарь, үнийн мэдээллээ одоогоос тодорхой болговол ирэх онд Монголд зочлох жуулчдын тоог зорьсон хэмжээнд хүрэх боломжтойг “Discover Mongolia & Development”-ийн захирал Ж.Соёлмаа онцолж байв.

Байр суурь

“Эхний шатанд Brain Drain-ээс зайлсхийх гээд хэрэггүй. Яагаад гэвэл чадварлаг хүмүүсээ бүгдийг нь хадгалж үлдэх боломж бараг үгүй. Хадгалж үлдэж чадах байсан ч улсаа дэлхийн зах зээлээс хөндийрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр миний аргумент бол тэднийг зүгээр л явуул. Хүний нөөцөө алдахаас айх хэрэггүй. Харин үүнийг “Brain Circulation” эсвэл “Brain Linkage” болгон хувиргахыг оролдох хэрэгтэй” хэмээн Стэнфордын их сургуулийн профессор Жи Вук Шин “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцлов.

Шинэ чиглэл

Улаанбаатар хотоос БНХАУ-ын умард хэсгийн Цаофэйдиан боомт руу төмөр замаар нүүрс тээвэрлэсэн нь Монголын нүүрсний экспортын шинэ чиглэл боллоо. Тодруулбал 98 задгай чингэлгээр 3100 тонн түүхий нүүрс тээвэрлэж, зургаадугаар сарын 11-ний өдөр боомтод хүргэсэн байна. Цаофэйдиан боомт нь дэлхийн нүүрсний хуримтлал, түгээлтийн хамгийн том зангилаа төвд тооцогддог юм.

Монгол улс 2023 онд 50 сая тн нүүрс экспортлох зорилт тавиад байгаа. Энэ оны эхний таван сарын байдлаар 23.06 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300 гаруй хувиар өссөн дүн болж байна.

Өрөмдлөг эхлүүлэв

Газрын тосны хайгуулын “Petro Matad” компани Монголын төв хэсэгт байрлах төслийнхөө “Velociraptor-1” хайгуулын цооногийн өрөмдлөгийг эхлүүлснээ мэдээллээ. Сар орчим хугацаанд үргэлжлэх энэхүү өрөмдлөгөөр 1500 метр гүнд өрөмдөхөөр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь 200 сая баррель газрын тос болон байгалийн хийн нөөц илрүүлэх боломжтойг онцолжээ.

Зогсолт биш завсарлага

Хүлээлтийн дагуу Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 5-5.25 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргаж, 15 сар үргэлжилсэн чанга бодлогын циклээ завсарлуулсан ч инфляцыг сааруулахын тулд шаардлагатай үед нь дахин өсгөх дохиог өглөө. АНУ-ын Төв банкны эдийн засагчдын өөрсдийнх нь төсөөллөөр он дуусахаас өмнө дахин хоёр удаа 25 суурь нэгжээр, эсвэл нэг удаа 50 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөх магадлал өндөр байна. "Инфляцын дарамт өндөр түвшинд хадгалагдаж, зорилтот 2 хувийн түвшинд буцаан авчрахад хол хэвээр байна. Мөнгөний чанга бодлогын нөлөө бүрэн мэдрэгдэх хараахан болоогүй" хэмээн Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгджээ.

Баячуудын тоонд ороход…

Өөрийгөө чинээлэг нэгэн гэж үзэхэд танд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? Тэгвэл АНУ-д чинээлэг байхын тулд танд хамгийн багадаа 2.2 сая ам.доллар хэрэгтэйг "Charles Schwab"-аас нийтэлсэн "Орчин үеийн хөрөнгийн судалгаа 2023"-т онцолжээ. Түүнчлэн миллениалууд болон “Z” үеийнхэн өөрсдийгөө чинээлэгт тооцох нь хамгийн түгээмэл байсан нь өнөө цагт залуу иргэд мөнгөний асуудалд хамгийн их орж байна гэсэн ойлголттой эсрэгцсэн байна.

Шинэ Зеландын уналт

Шинэ Зеландын эдийн засаг хоёр дахь улиралдаа дараалан агшсанаар тус улс албан ёсоор эдийн засгийн уналтад орлоо. Нэгдүгээр улиралд Шинэ Зеландын ДНБ өмнөх улирлаас 0.1 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн нь эдийн засагчдын медиан төсөөлөл болох 2.6 хувьд хүрээгүй аж. Инфляцыг хяналтдаа оруулахын тулд тус улсын төв банк бодлогын хүүгээ өндөр эрчимтэй нэмэгдүүлснээр эдийн засаг нь суларсны зэрэгцээ гамшгийн хэмжээнд хүрсэн циклон үзэгдлийн нөлөөгөөр нэгдүгээр улирлын эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ.

Дубайн гантиг харш

Версалийн ордныг санагдуулам гантиг чулуун харш өдгөө ид цойлж буй Дубайн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр үнэтэй орон сууцад тооцогдож байна. “Эмиратын толгод” хэмээх үнэтэй хороололд байрлалтай, 5500 м.кв талбайтай, таван унтлагын өрөөтэй тус орон сууцыг “Sotheby’s"-ийн охин компани 750 сая дирхам буюу 204 сая ам.долларын үнээр худалдаанд гаргажээ. Харшийг барихад ашигласан чулуунуудад л гэхэд ойролцоогоор 80-100 сая дирхам зарцуулснаас гадна одоогийн эзэмшигчийнх нь 400 орчим урлагийн бүтээлийн хувийн цуглуулга өрөө, танхимуудыг нь чимдэг байна.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • "Samsung Electronics" ажилтнууддаа сар бүрийн нэг баасан гарагт цалинтай чөлөө олгоно

  • ЗГ: Боловсролын зээлийн сангаар дамжуулан нэгдсэн сонгон шалгаруулалт явуулахаар тогтов

Онцлох чарт

Дэлхий нийтийг хамарсан хиймэл оюуны тэсрэлт нь өндөр эрчимт бүтээмжийн эрин үеийг түүчээлж, оюуны хөдөлмөр эрхлэгсдэд гүн гүнзгий нөлөө үзүүлэхийг "McKinsey&Co" шинэ тайландаа онцолжээ. Бизнесийн бүхий л үйл ажиллагаа программ хангамжаас улам хамааралтай болсны үр дүнд 4.4 их наяд хүртэлх ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болох төлөвтэй аж. Гэхдээ энэхүү шилжилт нь ажиллах хүч, тэр дундаа автоматжуулалтад өртөх эрсдэл харьцангуй багатайд өмнө нь тооцогддог байсан өндөр цалинтай мэргэжилтнүүдэд ихээхэн дарамт болохыг тайланд дурдсан байна.