2023/06/14

Гурван өгүүлбэрээр

  1. З.Нарантуяа: Хөрөнгө оруулалтын орчин хумигдаж, хөрөнгө оруулагчид шахагдах тал руугаа орж байна.

  2. “Aranjin Resources” дундын брокергүйгээр нэг сая ам.доллар босгож, Монгол дахь хайгуулын хөтөлбөрөө санхүүжүүлнэ.

  3. Жуулчид Монголыг зориход нислэгийн тийз үнэтэй тусаж байна, VIP аялагчдад хүртэл… (Нийтлэлийн дэлгэрэнгүйг уншаарай)

Төсвийн тэлэлт

2023 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж эхэллээ. Төсөвт тодотгол хийхдээ төсвийн давж биелсэн орлогоос санхүүжүүлж, таван төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Тодотголын үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдэж 20.8 их наяд төгрөг, нийт зарлага 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж 22.4 их наяд төгрөг болох аж.

Байр суурь

“Төсвийн үрэлгэн зардлаас болж хөрөнгө оруулалтын орчин хумигдаж, хөрөнгө оруулагчид шахагдах тал руугаа орж байна. Эдийн засаг 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрлээ гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ бүх тоонууд бодит байдал дээр хөрөнгө оруулалтын таатай орчин, бидний хийж бүтээсэн зүйлсийн үр дүн гэж хэлэхэд хангалттай биш. Үнэндээ экспортын гол түүхий эд, бүтээгдэхүүний биет хэмжээ улирлын шинжтэйгээр өссөнтэй холбоотой орлого. ЗГ урт хугацааны аж үйлдвэржилтийн бодлого, том төслүүдийг төлөвлөж болно. Гэхдээ тухайн төслүүд өнөөдрийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлага мөн үү, хямралын суурь хүчин зүйлсэд эргээд сөргөөр нөлөөлөх зардал гаргах уу гэдэгт маш сайн анализ хийх хэрэгтэй” хэмээн эдийн засагч, хуульч З.Нарантуяа “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцлов.

Aranjin-гийн төлөвлөгөө

“Aranjin Resources” компани тус бүр нь 0.02 ам.долларын үнэтэй нэгж эрх арилжиж, дундын брокергүйгээр нэг сая ам.доллар босгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Нэгж эрх бүр нь нэг энгийн хувьцаа, мөн нэг энгийн хувьцаа эзэмших эрх агуулж байгаа аж. Компани босгосон хөрөнгөөрөө Монгол дахь “Victory” никелийн ордод хийж буй хайгуулын хөтөлбөрөө голлон санхүүжүүлэхээр байгаа аж. Түүнчлэн "Баян-Өндөр" зэсийн төслийн гүний өрөмдлөгийг хийж дуусгахаар төлөвлөсөн байна.

Шинэ өрөмдлөг

“Elixir Energy” компани “Номгон” талбайн туршилтын үйлдвэрлэлийн үйлдвэрээс зүүн зүгт 18 километрийн зайд “Bluebill-1S” хайгуулын цооног өрөмдөж эхэлжээ. Энэ нь 2023 онд бага зардлаар хийх хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийнх нь анхны цооног болж байна. Энэ онд нүүрсний давхаргын метан хийн 9 цооног өрөмдөхөө зарласан тус компанийн “Номгон” талбайн өргөтгөсөн туршилтын хөтөлбөр үргэлжилж байгаа бөгөөд одоогоор хийн гарц нь хараахан тогтворжоогүй байгаа аж.

VIP аялагчдад ч үнэтэй…

"Нэг сая жуулчин орж ирснээр 3.4 сая монголчууд хэсэгхэн хугацаанд ч болов 4.4 саяулаа болно. Жуулчид бидэнтэй адилхан л дэлгүүрээр явж, үзвэр үйлчилгээ үзнэ. Үр дүнд нь үйлчилгээний байгууллагуудын орлого өснө” хэмээн “Дисковер Монголия Трэйвэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Барсболд онцолж байна. Дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2022 онд гурван байр ахиж, 90 дүгээрт эрэмбэлэгдэж буй Монгол Улсын хувьд энэ салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг нь нислэгийн тийзний үнэ болох тухай тухай нийтлэлийг bloombergtv.mn-ээс үргэлжлүүлэн уншаарай.

Банкнуудын эргэн тойронд

ХААН Банк дотоодын зах зээлд анхны ногоон бонд гаргах зөвшөөрлөө СЗХ-оос авлаа. Ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ өндөр байгаа энэ үед тус банк байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжих урт хугацаат эх үүсвэрийг татахаар ногоон бонд гаргаснаа онцолж байв.

Тэгвэл ХасБанк ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "XAC" үсгэн кодтойгоор өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо. Ингэснээр хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх үүсэж байгааг МХБ мэдээлжээ.

Ногоон төслүүд “ногооноороо“

Нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 59.5 тэрбум төгрөгийн ногоон зээл олгогдсоныг Монголбанк мэдээллээ. Тайлант хугацаанд 72.2 тэрбум төгрөгийн ногоон зээл эргэн төлөгдсөнөөр нийт ногоон зээлийн үлдэгдэл 301.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийн үлдэгдлээс 20.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Монгол Улсад ногоон санхүүжилттэй холбоотой эрх зүйн орчин бүрдэж буй ч ногоон санхүүжилт авах төслүүд бэлэн биш байгаа тухай нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Ковид, дайн, дараа нь…

Хэт халуун агаарын урсгал, ган гачиг, хүчтэй салхи шуурга дагуулж, дэлхийн эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой сөрөг нөлөө учруулдаг цаг уурын Эль Ниньо үзэгдэл энэ онд эргэн ирэхээр байна. Далайн гадаргын усны хэм дулаарснаар үүдэн бий болдог энэ үзэгдэл зургаадугаар сард эхэлж, 12 дугаар сард болон ирэх оны нэгдүгээр сард оргилдоо хүрэх төлөвтэй аж. “Bloomberg Economics”-ийн тооцооллоор өмнөх Эль Ниньо үзэгдлүүд дэлхийн инфляц багагүй хувиар өсөхөд нөлөөлсөн бөгөөд тэр дундаа эрчим хүчний бус түүхий эдийн үнийг 3.9 хувиар, газрын тосны үнийг 3.5 хувиар өсгөж байжээ.

Завсарлах орон зай

АНУ-д инфляц дахин буурснаар Холбооны нөөцийн банканд өнөөдөр болох хурлаараа бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх орон зай олгож байна. Хэрэглээний үнийн индекс тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 4 хувийн өсөлттэй гарсан нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага өсөлт болсон бол сарын дүнгээр 0.1 хувь болон саарчээ. Инфляц зорилтот түвшин болох 2 хувиас нэлээн дээгүүр хадгалагдахаар байгааг АНУ-ын Төв банк хүлээн зөвшөөрсөн ч энэ удаа бодлогын хүүгийн өсөлтийг завсарлуулах дохиогоо өөрчлөөгүй байна.

Гэнэтийн шийдвэр

БНХАУ-ын Ардын банк богино хугацаатай зээлийн хүүгээ 10 суурь нэгжээр бууруулж, 1.9 хувьд хүргэх гэнэтийн шийдвэр гаргаснаар нэг жилийн хугацаатай бодлогын хүүгээ пүрэв гарагт мөн бууруулах магадлал улам нэмэгдэж байна. Тус улс эдийн засгийн өсөлтөө сэргээх дэмжлэгийн бодлогоо эрчимжүүлж байгаа ч зээлийн огцом өсөлт, санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой болгоомжлолын нөлөөгөөр энэ удаагийн арга хэмжээ нь өмнөх дэмжлэгийн багцуудыг бодвол хязгаарлагдмал байх төлөвтэй.

Битлз+AI

Хиймэл оюуны тусламжтайгаар Битлз хамтлагийн сүүлчийн уран бүтээлийг энэ онд гаргахаар болжээ. Нэрт найруулагч Питер Жексон хиймэл оюунт технологи ашиглан Жон Ленноны хоолойг хуучин ноорог бичлэгнээс салгаж авч, нэмэлт боловсруулалт хийснээр орчин үеийн дуу бичлэгт ашиглах түвшний чанартай болгосныг хамтлагийн гишүүн Пол Маккартни BBC-д мэдээлсэн байна. BBC-ийн зүгээс тус уран бүтээл нь 1978 онд Жон Ленноны зохиож байсан “Now and Then” нэртэй дуу байх гэж таамаглажээ.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • Жи Вук Шин: “Brain Drain”-ээс зайлсхийх гээд хэрэггүй. Харин үүнийг “Brain Circulation” болгон хувиргах хэрэгтэй

  • "Tesla"-ийн стратегийн гол бүтээгдэхүүн нь "Supercharger" цэнэглэгч болж таарч байна

Онцлох чарт

БНХАУ-ын шинэхэн “экспорт” нь саятнууд болжээ. Ерөнхийлөгч Ши Жиньпиний “хамтын хөгжил цэцэглэл”-ийн бодлогын нөлөөгөөр тус улсын чинээлэг иргэд Сингапур тэргүүтэй өөрсдөд нь илүү найрсаг хандах орнуудыг зорих болсон байна. “Henley”-ийн тооцоолсноор энэ онд 1 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй 13,500 иргэн БНХАУ-ыг орхихоор байгаа аж.