2023/06/13

Гурван өгүүлбэрээр

  1. Угаасан ноолуурын экспорт 2023 оны I-V сард 2022 оныхоос 59.4 хувиар буурав.

  2. "Apple"-ийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрч, зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларт дөхлөө.

  3. С.Дөлбадрах: Эдийн засгийн энэ тэлэлтийн үед ЗГ зардлаа улам тэлэхийн оронд хумих ёстой.

Ноолуурын экспорт буурав

Монгол Улс оны эхний таван сард 6.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргаснаас уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод ноолуурын экспорт гол жин даржээ. Дээрх хугацаанд 1,000 гаруй тонн ямааны угаасан ноолуур экспортолсон ч энэ нь 2021 оны мөн үеэс 54.9 хувиар, 2022 оны мөн үеэс 59.4 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Байр суурь

“Монголын эдийн засаг хэдхэн зүйлсээс хамаардаг болохоор унахдаа хурдан, буцаад сэргэхдээ ч хурдан байдаг онцлогтой. Үүний нэг жишээ нь одоо үргэлжилж байна. Нүүрсний үнэ өсөж, экспорт нэмэгдсэнээр орлого сайжирч байна. Онолын хувьд ийм тэлэлтийн үед ЗГ зардлаа хумих ёстой. Жам ёсоороо эдийн засаг тэлж, сэргэж байхад заавал ЗГ оролцож, улам тэлэх шаардлагагүй. Харин эрэлтийн талын тэлэлтийг хангахын тулд нийлүүлэлтэд анхаарах ёстой. Мэдээж улс төр, шийдвэр гаргалтын асуудал хүндрэл учруулдаг. Үүнийг л даван туулчих хэрэгтэй” хэмээн МУИС-ийн Дэд профессор С.Дөлбадрах “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцлов.

Нүүрсний үнэ ба төсөв

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж дуусгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Харин АН-ын бүлгийн зүгээс цалин тэтгэвэр нэмэх шаардлага байгаа ч сонгуулийн өмнө түр зуурын эдийн засгийн орлогоор цалин тэтгэвэр нэмэхэд болгоомжтой хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Google-ийн эд-тек Монголд

“Google” компанийн боловсролын нэгж (Google for Education) Боловсрол, шинжлэх ухааны яамтай хийж буй түншлэлийн хүрээнд Монголд томоохон хөрөнгө оруулалт хийхээр болсныг тус компанийн “ChromeOS Flex”-ийн Борлуулалт хариуцсан тэргүүн Тимоти Паолини мэдээллээ. Энэ хүрээнд “Chromebook” төхөөрөмжөө нийлүүлэхээс гадна “ChromeOS Flex” үйлдлийн системээ нэвтрүүлснээр Монгол Улс одоо байгаа төхөөрөмжөөрөө “Chrome”-ийн эко системд нэвтрэх боломжтой болох аж.

Берлускони таалал төгсөв

Дэлхийн II дайнаас хойш Итали улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хашсан нэрт улс төрч, хэвлэл мэдээллийн магнат Силвио Берлускони 86 насандаа таалал төгслөө. Сүүлийн гучаад жилийн хугацаанд Италийн улс төрд тодрон гарсан хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг болох түүний карьер олон тооны дуулиант явдал, авлига, татвартай холбоотой хэргүүдээр дүүрэн байсан юм. Бизнесийн талбарт тэрбээр улсынхаа хамгийн том арилжааны телевиз "Mediaset"-ийг байгуулснаас гадна 2017 он хүртэл хөлбөмбөгийн "AC Milan" клубийн эзэмшигч байсан бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар түүний хөрөнгийн хэмжээ 7.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж байв. Дональд Трамп, Борис Жонсоноос ч өмнө орчин үеийн улс төрийн баруун жигүүрийн хүчирхэг нүүр царай нь Берлускони байсныг "Bloomberg" онцолжээ.

Хэлцэл эцэслэгдэв

"UBS" банк "Credit Suisse"-ийг худалдан авах үйл явц эцэслэгдсэнээр дэлхийн хөрөнгийн менежментийн нэгэн аварга компани мэндэлж байна. Баасан гарагт тус банк "Credit Suisse"-ийн боломжит алдагдлыг даах 10 тэрбум ам.долларын баталгааны гэрээг Швейцарын ЗГ-тай байгуулаад байв. Банкны салбарт 2008 оны хямралаас хойших хамгийн томд тооцогдож буй уг хэлцэл амжилттай болсноор “Credit Suisse”-ийн 167 жилийн түүхтэй бие даасан байдал дуусгавар болохын сацуу “UBS”-ийн интеграцын бодлогын үр дүнд олон мянган ажилтан цомхотголд хамрагдахаар байгаа юм.

$3 их наяд руу

"Apple"-ийн хувьцаа бүх цаг үеийн хамгийн өндөр түвшиндээ хүрч өссөнөөр компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларт хүрэхэд тун ойртлоо. Он гарсаар 41 хувийн өсөлт үзүүлээд байгаа тус компанийн нэгж хувьцааны ханш өчигдрийн арилжаагаар 1.6 хувь өсөж 183.79 ам.долларт хаагджээ. Зах зээлийн ямар ч нөхцөлд "Apple"-ийн хувьцааг хөрөнгө оруулагчид ямагт илүүд үзсээр ирсэн нь сайн тайлан тэнцэл, өндөр өгөөж, орлогын тогтвортой урсгалтай холбоотой. Түүнчлэн компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээгээ шинэчлэн сайжруулах төлөвлөгөөнд хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгаа юм.

Tesla-ийн жинхэнэ амжилт

"Tesla" гэвэл мэдээж цахилгаан автомашин хамгийн түрүүнд санаанд орно. Илон Маскийн компани 2022 онд дэлхийн хэмжээнд 1.3 сая нэгж автомашин борлуулсан бол 2023 онд багадаа 1.8 саяыг борлуулах зорилт тавиад байна. Гэхдээ "Tesla"-ийн өөр нэг бүтээгдэхүүн болох "Supercharger" цэнэглэгч төхөөрөмж нь өнгөрсөн хугацаанд Хойд Америк, Ази, Европ, Ойрх дорнодыг чимээгүй мөртлөө эрчимтэй эзэлж, тус компанийн хамгийн холыг харсан, стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болжээ.

АНУ-д найдвартай, түргэн цэнэглэгч төхөөрөмжийн зах зээлд "Supercharger" хол илүү давамгайлж байгаад гайхах зүйлгүй. Нэгдүгээр улирлын эцсийн байдлаар тус компани дэлхий даяар 5,000 гаруй цэнэглэх станцтай болж, 45 мянга орчим цэнэглэгч төхөөрөмж суурилуулаад байгаагаа тайлагнажээ.

 BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт