2023/06/12

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол дахь ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлснийг ХЗДХ-ийн сайд мэдээлэв.

  2. Н.Учрал: Газрын станц байгуулах шаардлагыг цуцалснаар “Starlink” Монголд орох үүд хаалга нээгдсэн.

  3. BloombergNEF: 2032 он гэхэд дэлхий даяар нийт автобусны 50 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болох төлөвтэй.

Ил болсон эдийн засаг

Төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы үеэр хийсэн танилцуулгадаа онцоллоо. Цаашлаад энэ үзүүлэлт бүтэн жилийн дүнгээр 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгааг тэрбээр онцолж байв. Монголбанкны судлаачдын судалгаагаар Монгол Улсын сүүдрийн эдийн засгийн хэмжээ сүүлийн 13-20 жилийн дунджаар 32 хувьтай гарч байв. Сүүдрийн эдийн засаг үүсэх гол шалтгаан нь татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа дүрэм журам гэж тус судалгаанд дурджээ.

Түүнчлэн сүүдрийн эдийн засгийн хэмжээ нэмэгдэхэд мөнгө угаахтай холбоотой үйл ажиллагаа, авлигын түвшин нөлөөлсөн байх боломжтой гэж судлаачид үзэж байгаа юм. "Transparency International" байгууллагын судалгаагаар Монгол Улс 2022 оны "Авлигын төсөөллийн индекс"-ээр 33 оноо авч, 2017 оноос хойш энэ үзүүлэлтээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болоод байна.

Уран олборлолт урагшилна

Ураны үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилдээ 750 тонн, цаашлаад хүчин чадал нь үе шаттай нэмэгдсэнээр таван жилийн дараа жилд 2,500 тонн нунтаг уран олборлох боломжтойг Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Мөн энэ чиглэлд Франц улсын "Орано" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулж, ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн бөгөөд хаягдлыг нь импортлогч улс орнууд бүрэн хариуцахыг тэрбээр онцолжээ.

Шинэ ДЦС

Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийг ойрын хугацаанд зарлаж, ирэх намартаа багтаан компанийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгааг Эрчим хүчний сайд мэдээллээ. Зах зээлийн эдийн засагт шилжээгүй цорын ганц салбар болж үлдээд байгаа эрчим хүчний салбарт үнийг чөлөөлж, бүрэн либералчлах судалгаа тооцоо хийх, хуримтлуур ашиглалтад оруулах зэрэгт 4-5 жил шаардлагатай байгаа тул тэр хүртэл импортоор эрчим хүчээ хангаж, шинэ эх үүсвэр ашиглалтад оруулж холбох ажлуудаа хийх болохыг тэрбээр онцолж байв.

Байр суурь

“Заавал газрын станц байгуулах шаардлагыг цуцалснаар “Starlink” болон нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлдэг аль ч байгууллага Монголд орох үүд хаалга нээгдсэн. Лхагва гарагийн ЗГ-ын хуралдааны шийдвэрээр Харилцаа, холбооны хуулинд сансрын холбооны хиймэл дагуулын компаниудад интернэтийн болон сүлжээний үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг нээж өгсөн. Ингэснээр УИХ-аар энэ хууль батлагдвал “Старлинк Монголиа” компани зохицуулах хороонд хүсэлтээ хүргүүлээд шийдвэрлүүлэх боломжтой болно” хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлэв.

Цахилгаан автобуснууд

2032 он гэхэд дэлхий даяар нийт автобусны 50 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болох бол суудлын автомашины хувьд энэ босгыг давахад дахиад арван жил шаардлагатайг “BloombergNEF” тооцоолжээ. Нийтийн тээврийн автобус нь өндөр хурдтай давхих шаардлагагүй, тогтсон хуваарь цагаар зорчдог, мөн автобус бааздаа цэнэглэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар шийдэх боломжтой тул энэ төрлийн тээврийн “цахилгаанжуулалт” харьцангуй хялбар явагдаж байгаа аж.

Харин Монголд

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарын мэдээлснээр энэ онд 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан автобус байх аж.

Шинэ дүр

АНУ-ын банкнуудад удаан хугацаанд удирдах албан тушаал хашсан Хафиз Гае Эркан нь Режеп Таиип Эрдоаны шийдвэрээр Туркийн Төв банкны тэргүүнээр томилогдлоо. Ингэснээр бодлогын хүүг бууруулах аргаар инфляцтай тэмцэх Эрдоаны бодлогыг тууштай дэмжиж байсан Сахап Кавжиоглу албан тушаалаасаа бууж, Туркийн Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болж байна. Эркан нь "Goldman Sachs"-д арваад жил ажилласны сацуу өнгөрсөн тавдугаар сард уналтад орсон "First Republic" банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2022 он хүртэл хашиж байжээ. Туркийн Төв банкны уламжлалт бус бодлогын нөлөөгөөр тус улсад амьжиргааны өртгийн хямрал нүүрлэж, бондын болон хөрөнгийн зах зээлээс нь гадаадын хөрөнгө оруулагчид олон тэрбум ам.доллар буцаан татаад байгаа юм.

Амсхийх боломж

АНУ-ын Холбооны нөөцийн банк жил гаруйн турш бодлогын хүүгээ өсгөсний эцэст завсарлага авахад бэлэн болжээ. Энэ долоо хоногт болох хурлаараа бодлого тодорхойлогчид хүүгийн түвшинг 5-5.25 хувийн түвшинд хэвээр үлдээж, банкны салбарын хямралын дараах эдийн засгийн төлвийг тодорхойлох хугацааг өөрсдөдөө гаргаж өгөх хүлээлттэй байна. Гэхдээ Төв банк энэ удаагийн шийдвэртэй зэрэгцэн хэрэв шаардлагатай бол бодлогын хүүг цаашид дахин өсгөхөд бэлэн байгаа гэсэн дохио өгч магадгүйг шинжээчид онцолж байна.

Мөөг биднийг аврах уу?

Газар доор ургадаг мөөг, мөөгөнцрийн асар том сүлжээ нь манай гарагийг аврахад дэм болж магадгүйг цоо шинэ судалгааны үр дүн харууллаа. Шинжлэх ухааны "Cell Press" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар "mycorrhizae" хэмээх зүйлийн мөөгөнцрийн бүлэг нь жил бүр 13 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээж, хуримтлуулдаг болохыг тогтоосон байна. Энэ нь АНУ, БНХАУ-ын нэг жилд ялгаруулдаг нийт хүлэмжийн хийг нийлүүлэлсэнтэй бараг тэнцэхүйц тоо юм. Хүн төрөлхтний анхааралд төдийлөн өртөж байгаагүй тэрхүү нуугдмал мөөгний ертөнцийн ер бусын олон янз байдлыг сүүлийн үед эрдэмтэд гүнзгийрүүлэн судлах нь нэмэгдсээр байна.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • “Goldman Sachs” брент төрлийн газрын тосны үнийн төсөөллөө баррелийг нь $86 болгон бууруулав

  • “Porsche” бүрэн цахилгаан супер автомашинаа олонд толилуулав

Онцлох чарт