- Business newsletter
- Posts
- 2023/06/09
2023/06/09
Гурван өгүүлбэрээр
Монгол Улсад ногоон бонд гаргах орчин бүрдэж буй ч төслүүд нь “ногооноороо” байна уу? /Нийтлэлийг энэ дугаараас уншаарай/
Экспортын орлогын 57.5 хувийг нүүрс дангаараа бүрдүүлж байна.
Б.Зандан: Хайгуулын компаниуд Монголд маш эрсдэлтэй бизнест тооцогдож байна.
Бух зах зээл рүү
Хөрөнгийн зах зээлд хачирхалтай зүйл тохиолдож байна. Эдийн засгийн төлөв бүрхэг байх мянган шалтгаан оршиж, тэр дундаа АНУ-ын эдийн засаг уналтын ирмэгт тулсан хэвээр байхад технологийн салбарын хувьцаанууд улам цойлох болов. Үүний шалтгаан нь мэдээж хиймэл оюун. Он гарсаар “Nasdaq 100” индекст багтдаг компаниудын зах зээлийн үнэлгээ 4 их наяд орчим ам.доллароор өссөн нь цар тахлын огцом өсөлтийн үеэс дутахааргүй өндөр тоо юм.
2023 онд тус индекс 31 хувиар өсөөд байгаа бол S&P 500 индекс 11 гаруй хувиар өсөхөд мөн технологийн хувьцаанууд гол жин даржээ. Сүүлийн байдлаар технологийн хувьцаануудын ногоон бүс дэх арилжаа үргэлжилснээр S&P 500 аравдугаар сарын доод цэгээсээ 20 хувиар буюу бух зах зээлийн босгыг давж өсөөд байна.
Харин Монголд…
Худалдаа хөгжлийн банк болон ХасБанк IPO хийснээрээ онцлогтой тавдугаар сард МХБ-ээр 296.6 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх сараасаа 6.3 дахин өссөн үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд 256.9 сая ширхэг үнэт цаас арилжигдсанаас үнийн дүнгийн 90 хувийг нь хувьцааны анхдагч зах зээл дээр хийжээ. Мөн Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх сараасаа 54.7 хувь өсөж, 10.2 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
Цахилгаан ирээдүй
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулахаар болсныг ЗГ мэдээллээ. Энэ хүрээнд цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг гаалийн албан татвар болон НӨАТ-аас, цахилгаан тэжээлт автомашиныг онцгой албан татвараас чөлөөлөх зэрэг ажлуудыг хийхээр болсон аж.
Байр суурь
“Компаниуд хайгуулын, олборлолтын лицензээ зарахад борлуулалтын үнэд биш, харин төслийн үнэлгээ, зардал зэрэг өөр өөр үнэлгээнд суурилсан татвар ногдуулдаг. Ингэснээр заримдаа хайгуулын лицензээ зарж буй төлбөрөөсөө илүү өндөр дүнтэй татвар төлөх тохиолдол гардаг. Үүнээс болж хайгуулын компаниуд Монголд маш эрсдэлтэй бизнест тооцогдож байна. Асар өндөр татвар ногдуулчихаар хайгуул хийх хүн Монголд орж ирэх үү гэдэг асуудал яригдана. Үүнээс гадна татвар авахдаа хайгуулын зардлыг хасахгүй, бохир ашгаас нь тооцож авдаг нь буруу гэж бид үзэж байгаа” хэмээн “ЕвроЧам Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б.Зандан “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө өгүүлэв.
Голлох экспортын өсөлт
Экспортын орлогын 57.5 хувийг буюу 3.6 тэрбум ам.долларыг нүүрс, 1 тэрбумыг зэсийн баяжмалын орлого дангаараа бүрдүүлж байна. Оны эхний таван сард уул уурхайн гол түүхий эдийн экспортын дүн 5.75 тэрбум ам.доллар хүрснээс чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өсжээ.
2023 онд уул уурхайн салбар сэргэж, дотоодын нийт бүтээгдэхүүн нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөөд байгаа. Хэдий тийм боловч төсөв тодотгож, зардлаа нэмэх гэж байгаа энэ үед түүхий эдийн зах зээлийн төлөв тааруу, ялангуяа нүүрсний хувьд нөхцөл байдал эгзэгтэй байгааг эдийн засагч Н.Энхбаяр анхааруулж байв.
MMC-ийн зэрэглэл буурах уу?
“Moody's” Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн зэрэглэлийг дахин үнэлж, бууруулж магадгүй байгааг мэдээллээ. MMC-ийн 2024 онд дуусах бондын эргэн төлөлтийн хугацаа дөхөж байгаатай зэрэгцээд компанийн хөрвөх чадварт эргэлзэж байгаагаа тус агентлаг мэдэгдсэн байна. Тодруулбал шинэ бонд гаргахаа зогсоосноор бондын эргэн төлөлтөө барагдуулахад хөрвөх чадвар нь сул байна гэж “Moody's”-ийн дэд Ерөнхийлөгч, Ахлах шинжээч Шаун Шион мэдэгджээ.
“Ногооноороо” төслүүд
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн үеийнхтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилтдоо хүрэхэд 11.7 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг Тогтвортой санхүүгийн үндэсний замын зурагт дурджээ. Энэ хүрээнд холбогдох төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилттэй холбоотой асуудал эн тэргүүний сорилт болж байгаа юм.
Хэдий Монгол Улсад ногоон санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд бий ч ногоон санхүүжилт авах төслүүд бэлэн биш байгаа тухай нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Tesla-ийн ялалт
“General Motors” компани цахилгаан автомашинуудаа “Tesla”-ийн “Supercharger” цэнэглэх станцад тааруулан өөрчлөх болсноор Илон Маскийн компанийн технологи АНУ даяар мөрдөх стандарт болох нь ерөнхийдөө баталгаажиж байна. “Ford”-ийг дагасан “GM”-ийн энэхүү алхам нь цаашид ямар стандартыг баримтлах талаар үйлдвэрлэгчид болон цэнэглэх станцын түншүүд хоорондын маргаанд цэг тавьж байгаа юм. АНУ-д төвтэй хамгийн том гурван компани ийнхүү хүчээ нэгтгэсэн нь бусад компаниуд өмнөх стандарт болох CSS-ийг халахад түлхэц болохоор байна.
Тооцоолоогүй шийдвэр
Энэ долоо хоногт томоохон хоёр Төв банк бодлогын хүүгээ өсгөх гэнэтийн шийдвэр гаргасан нь дэлхийн бондын зах зээлд ихээхэн хохирол дагууллаа. Австралийн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 4.1 хувьд хүргэсний дараа дийлэнх богино хугацаатай бондуудын өгөөж гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн бол Австралийн хоёр жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 10 жилийн дээд түвшинд дөхсөн байна. Харин Канадын Төв банк бодлогын хүүгээ 4.75 хувьд хүргэснээр зах зээлийнх нь хөдөлгөөн огцом урвуугаар эргэжээ. Уг шийдвэрийн дараа бондуудын ханш унаж, хоёр жилийн хугацаатай бондын өгөөж нь 4.584 хувь болсон 20 суурь нэгж орчмоор өссөн нь 2007 оны наймдугаар сараас хойших дээд түвшин болсон байна.
Франкенштейн цаг
“Omega”-ийн хуучин гурван ажилтан хуйвалдаж, хуурамч “Omega Speedmaster” цагийг дуудлага худалдаагаар 3 сая ам.долларын үнэ хүргэж зарсан гэж Швейцарын тансаг бугуйн цаг үйлдвэрлэгч тус компани үзжээ. 1957 онд үйлдвэрлэгдсэн “Speedmaster”-ийн өргөн зүүтэй хувилбар 2021 оны 11 дүгээр сард 3.3 сая ам.доллароор зарагдсан нь тус загварын цаг дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн рекорд тогтоож байв. Сонирхолтой нь “Omega” өөрсдөө тус цагийг цуглуулгадаа зориулж үнэ цохин худалдаж авсан аж. Гэвч үнэндээ тус цаг нь бусад цагнуудын оригиналь эд ангиудыг зүйн нийлүүлж бүтээсэн “франкенштейн” цаг байсныг илрүүлснээ “Omega” мэдээлсэн байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барив
Онцлох чарт
Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед хөрөнгө оруулагчид ирэх жилүүдэд зэсийн төслүүдэд ихээр хөрөнгө оруулахаар байгааг “Citigroup” мэдээллээ. Зэсийн үнэ ойрын хугацаанд уналттай байх ч ирэх 6-12 сард эрчимтэй өсөж, 2025 онд тонн нь 15 мянган ам.доллар давна гэж тэд тооцоолсон байна.